Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/876

 

      2023         08           29                                         2023/ДШМ/876

Г.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/1027 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Билгүүний бичсэн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Г.Тд холбогдох 2205 03149 0147 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ийн Т, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ХХК-ны захирал ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... хотхоны ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “140.000.000 төгрөгөөр “Mercedes benz G class 350” маркийн автомашиныг чинь худалдаж авъя, мөнгөн дүнгийн 15.000.000 төгрөгөнд “Hyundai Starex” маркийн автомашин өгөөд үлдэгдэл 125.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгье” гэж хуурч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Н.Бгийн эзэмшлийн “Mercedes benz G class 350” маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 87.667.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд “Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “140.000.000 төгрөгөөр “Mercedes benz G class 350” маркийн автомашиныг чинь худалдаж авъя, мөнгөн дүнгийн 15.000.000 төгрөгөнд “Hyundai Starex” маркийн автомашин өгөөд үлдэгдэл 125.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгье” гэж хуурч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Н.Бгийн эзэмшлийн “Mercedes benz G class 350” маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 87.667.000 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд автомашин аль дүүрэгт байснаас үл шалтгаалан хаана өмчлөгчийг “Залилах” үйлдэл үйлдсэн газар нь гэмт хэрэг гарсан газар гэж үзэх бөгөөд прокуророос “Залилах” үйлдэл гарсан гэх газрыг биш автомашин байсан газрыг гэмт хэрэг гарсан газар гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ талаар яллагдагчийн өмгөөлөгчөөс “ ...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээг байгуулахдаа Баянзүрх дүүргийн 25 хороо, Сансар худалдааны төвийн 1 давхарт байрлах нотариат М.Алтанцэцэг үйлджээ. ...Иймд харъяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлж өгнө үү.” гэсэн гомдол гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан газрыг зөв тогтоож, харьяалах шүүхэд нь хэргийг хүргүүлэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг мөрдөн байцаалтын явцад нотлоогүй буюу гэмт хэрэг төгссөн газрыг тогтоогоогүй байна.

2. Мөн мөрдөн байцаалтын явцад мөрдөгч нь эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсоны дагуу шинжээч 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг гаргажээ. /хх 81-84/

Уг дүгнэлтэд “Mercedes benz G class 350” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 1 дүгээр сарын 23, 3 дугаар сарын 31, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрүүдийн зах зээлийн дундаж үнэ ханшаар тогтоож гаргасан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй гэж үзнэ. Учир нь, гэмт хэрэг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарсан гэж дүгнэсэн боловч хохирлын үнэлгээг өөр цаг хугацаагаар тооцож гаргасан нь хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж үзэх үндэслэл болно.

3. Түүнчлэн, яллагдагч Г.Тын үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжүүдийн алинд нь хамаарч байгаа талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст /хх 129/ яллагдагч Г.Тыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн талаар бүртгэгдсэн байхад тус шүүхийн шийдвэр болон тухайн шийдвэр биелэгдсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд яллагдагч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Яллагдагч Г.Тын эхнэр Сэлэнгэ болон Чойдор нар нь “Мерседес бенз Жи класс-350” загварын тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулсан байх боловч тухайн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт биет байдлаар хүлээлгэн өгч тухайн тээврийн хэрэгслийг ашиглах, захиран зарцуулах, зарж борлуулах эрх нь нээгдсэн, тухайн гэмт хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг нь тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалагдах шүүхэд шилжүүлнэ.” гэж хуульчилсан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн гэмт хэргийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн, тухайн шүүхийн харьяаллын бус хэрэг гэж үзлээ гэхэд шүүгчийн шийдвэрээр хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх бүрэн боломжтой байсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд яллагдагч Г.Т болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн харьяаллын талаар маргаж, шат шатны прокурорын газарт гомдол гаргасан боловч “гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна” гэж үзээд прокурорын шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.

2. Хөрөнгө үнэлгээний компанийн шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн ханшийг тогтоож дүгнэлт гаргасан. Уг үнэлгээг гаргахдаа хэрхэн ямар аргаар гаргадаг эсэхийг шүүх, прокурор тогтоох, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор мөрдөгч шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргаж ...нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэжээ. Хэрэв шүүхээс тухайн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн бол нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой, хуулиар шүүхэд эрх хэмжээ олгогдсон.

Түүнчлэн хэргийн оролцогч болох хохирогч Н.Б, яллагдагч Г.Т нар танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэргийн оролцогч нарын хэн алины зүгээс гомдол гаргаагүй бөгөөд яллагдагч Г.Т нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнэлгээг хохирогчид бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Н.Б нь хохирлоо бүрэн барагдуулж авсан. Түүний хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан” зэргийг хамаардаг. Г.Тд холбогдох хэргийн яллах дүгнэлтийн хэргийн товч агуулга болон тогтоох хэсэгт “Яллагдагч Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “140.000.000 төгрөгөөр “Жи класс 350” загварын машиныг чинь худалдаж авья, мөнгөн дүнгийн 15.000.000 төгрөгөнд “Старекс” загварын машин өгөөд үлдэгдэл 125.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгье” гэж хууран...” гэж дүгнэсэн байхад залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийн алинд хамаарч байгаа талаар дүгнээгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.  Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/1027 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Тыг “2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “140.000.000 төгрөгөөр “Mercedes benz G class 350” маркийн автомашиныг чинь худалдаж авъя, мөнгөн дүнгийн 15.000.000 төгрөгөнд “Hyundai Starex” маркийн автомашин өгөөд үлдэгдэл 125.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгье” гэж хуурч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Н.Бгийн эзэмшлийн “Mercedes benz G class 350” маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 87.667.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...“Mercedes benz G class 350” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 1 дүгээр сарын 23, 3 дугаар сарын 31, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрүүдийн зах зээлийн дундаж үнэ ханшаар тогтоож гаргасан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй гэж үзнэ. Учир нь, гэмт хэрэг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарсан гэж дүгнэсэн боловч хохирлын үнэлгээг өөр цаг хугацаагаар тооцож гаргасан нь хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй байна.

...Яллагдагч Г.Тын үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжүүдийн алинд нь хамаарч байгаа талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст /хх 129/ яллагдагч Г.Тыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн талаар бүртгэгдсэн байхад тус шүүхийн шийдвэр болон тухайн шийдвэр биелэгдсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна. ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тухайн “Mercedes benz G class 350” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг 2021 оны 1, 3, 4 дүгээр саруудад зарагдаж байсан үнийн дүнгийн дунджаар тогтоосон байх бөгөөд энэхүү гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сард үйлдэгдсэн тул үйл баримт болсон цаг хугацааны зах зээлийн ханшаар тооцож, хохирлын үнэлгээг үнэн бодитой тогтоох шаардлагатай.

Ингэснээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн яллагдагч Г.Тын өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн талаарх шүүхийн шийдвэр болон энэхүү ял биелэгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд дээрх баримтыг үндэслэж ял нэмж нэгтгэх асуудал хөндөгдөх тул энэ талаар зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяалалын талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх бөгөөд энэ ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүхийн харьяалал зөрчигдсөн гэж үзвэл харьяалах шүүхэд шилжүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, яллагдагч Г.Тд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/1027 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсэг буюу “хэргийн харьяалалтай холбоотой” хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/1027 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Билгүүний бичсэн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийн “хэргийн харьяалалтай холбоотой” хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ