Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00046

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00046

 

 

Г банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03203 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Гбанк ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э-, Ө.Г- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 100 685 018,25 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Э- 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1905131679 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг жилийн 25 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний барьцаанд Ө.Г-гийн өмчлөлийн Ү2201004296 Ж.Э-ын өмчлөлийн Ү-2205003998 зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 01-ны дуусах боловч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй байна. Иймд Гбанк ХХК-аас зээлийн гэрээг хугацаанаас нь цуцалж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 89 959 923,74 төгрөг, зээлийн хүү 9 877 817,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 542 950,33 төгрөг, даатгалын төлбөр 304 326,61 төгрөг, нийт 100 685 018,25 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон Ө.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г банкнаас авсан 100 000 000 төгрөгийн зээлээ эргэн төлөлтийн графикийн дагуу тогтмол хугацаанд хэвийн төлж ирсэн, Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сард 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас болж бизнес минь зогсонги байдалд орсон. Банк зээлдэгчээ анхаарч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгнө гэж их найдсан. Гэтэл цар тахал гарч дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орсон энэ үед зээлдэгч надад боломж олгохгүй, барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хилийн хорио цуцлагдаж дотоодын бизнес хэвийн горимд ортол зээлийн эргэн төлөлтийг зогсоож өгвөл миний зүгээс зээлээ тохиролцсоны дагуу хэвийн төлөх бүрэн боломжтой, Иймд гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг дангаар цуцалж байгаа Г банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ж.Э-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 100 685 018 төгрөг 25 мөнгө гаргуулан нэхэмжлэгч Гбанк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч Ө.Г-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004296 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 407 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө, Ж.Э-ын өмчлөлийн Y-2205003998 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 11 байр 01 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661 376, 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 661 376, 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талууд зээл болон барьцааны гэрээ, төлбөр төлсөн эсэх тал дээр маргадаггүй. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас болж бизнес нь зогсонги байдалд орсон. Эдийн засгийн хямралд орсон энэ үед зээлдэгчид боломж олгохгүй, нэхэмжлэл гаргасанг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөггүй. Нийтийн хөл хорионоос болж жижиг бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хүндрэл учирсан. Төр, засгаас ч гэсэн үүнийг анхаарч үзэхийг банк болон түрээслүүлэгч нарт уриалга гаргасан. Гэрээг дангаар цуцалж байгаа нь зүйд нийцэхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Гбанк ХХК нь хариуцагч Ж.Э-, Ө.Г- нарт нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 100 685 018,25 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргажээ.

 Гбанк ХХК болон Ж.Э- нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1905131679 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ж.Э- нь  Гбанк ХХК-аас 100 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэн авсан болох нь хэрэг авагдсан бичмэл нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 9-13 /

Зээлдүүлэгч  Гбанк ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр /хх-ийн 25 / Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Ө.Г-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004296 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 407 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Ж.Э-ын өмчлөлийн Y-2205003998 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 11 байр 01 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан ипотекийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан. /хх-ийн 14-23 /

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааг бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь гэрээ болон хуульд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй ЗГ1905131679 тоот зээлийг 300 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул анхан шатны шүүх ЗГ1905131679 тоот гэрээг зээлдүүлэгч талаас цуцалж, гэрээний үндсэн төлбөр 89 959 923,74 төгрөг, зээлийн хүү 9 877 817,57 төрөг, нэмэгдүүлсэн хүү 542 950,33 төгрөг, нийт 100 685 018,25 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас болж бизнес нь зогсонги байдалд орсон гэж тайлбар гаргаж байгаа боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь 2019 оны 8 сараас зөрчигдсөн тул цар тахлын улмаас үүргийн зөрчил үүссэн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна хариуцагч тайлбараа нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлыг өөрөө нотлох үүрэгтэй ба хариуцагч тал тайлбар болон гомдолдоо дурдагдаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 731 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ