Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин мехнизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 2,  өвөөгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух,  улсаас авсан гавъяа  шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар  шүүхийн 2012 оны 02 сарын 17-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт А.Б-д холбогдох эрүүгийн 201710010104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар  /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Болсон хэргийн талаар хэрэгт тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орой Б-н гэрт очсон тэнд очиход Э, Б, Ч, Б нар байсан бөгөөд тэд нар архи уусан бололтой байсан. Очих замдаа нилээн төөрсөн. Тэгээд Б архи хийж өгөхөөр нь би уугаагүй, намайг архи уусангүй гээд маргалдсан. Б-с гарч яваад  замдаа Б намайг үзэлцэе гээд над руу дайраад бид машинаас буусан. Тэгээд намайг заамдаад нүүр рүү цохихоор нь би нүүр рүү нь цохиж газарт унагаад нүүр рүү өшиглөж, бас дээрээс нь нэг дэвссэн. Хохирогчид  хохирол төлбөр төлөөгүй, Б-тэй уулзахад бидний хэн, хэнийх нь буруу байгаа учраас хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “.....Би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сум Х гэх газарт Б гэх айлаас Э бид хоёр мал авах гэж очоод Б, Ч бид гурав нийлж 0,75 литрийн Ерөөл архи 2 шилийг хувааж уусан. Архи ууж байхад буюу 01 цагийн орчим Б, Б-ны гэрийн утас руу залгаж сумын төвөөс очиж байна тосож аваарай гэхээр нь би найз Э-н хамт Б-г тосоход...Е гэх хүүхэдтэй хамт ирсэн ба намайг ямар удаан ирдэг юм замдаа төөрсөн, хурдан тосохгүй яасан юм гээд уурлаж байсан. Тэгээд Б-н гэрт Б бид хоёр ширээний хоёр талд сууж байсан...Б-тэй маргалдсан ба Б намайг хурдан тосож авсангүй гээд үг болон үйлдлээрээ илэрхийлэн хоорондоо маргалдсан...Б, Э бид хоёрыг салгаж одоо харь гээд гэрээсээ гаргасан, бид нар сумын төв рүү миний машинаар явцгаасан...явах замдаа Б зодолдох уу, чи барахгүй шүү гэх мэт үг хэллэг хэлж хоорондоо маргалдсан. Тэгээд Б бид хоёр машинаас буугаад нэг нэгийгээ заамдалцаад зогсож байсан... нэг сэрэхэд миний хамар, амнаас цус гарсан байсан... Миний  зүүн шанааны яс бяцарсан, доод талын урууландаа 3 оёдол тавиулсан,  эмчилгээний зардал 450,000 төгрөг  болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, яагаад гэвэл надад баримт байхгүй ”гэсэн мэдүүлэг /хx-ийн 21/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ 1. Б.Б-н  биед зүүн хацар яс, зүүн нүдний дотор ханын хугарал хамрын  таславчийн муруйлт, доод уруулын дотор салстын шарх, баруун зүүн нүдний дээд доод  зовхины цус хуралт зүүн шанаа, хамрын баруун хэсэг зүүн чихний доод хэсэг, доод уруулын  зулгаралт, зөөлөн  эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна “ гэсэн 158 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б жолоо бариад Б түүний хажууд сууж Ё бид хоёр машины ард нь суугаад Б ахын гэрийн гаднаас хөдлөөд нилээн явсан тэгэхэд Б, Б хоёрын нэг нь эр хүн шиг  сайхан үзэлцэх үү гэж хэлэхэд тэгье гээд машинаас бууцгаасан /би ард нь сууж явсан болохоор хэн нь хэндээ хандаж хэлснийг нь анзаарч мэдээгүй/ гадаа  харанхуй байсан болохоор юу болж байгаа талаар  нь харагдахгүй байсан харин  тэр хоёр хоорондоо хэрэлдэж , маргалдаж байгаа нь сонсогдож байсан би Ё-г буугаад юу болж байна хараадах наад хоёроо салга гэж хоёр удаа машинаас буулгасан тэр машинд эргэж орж ирж суугаад хоорондоо маргалдаад байна гэж хэлж байсан удалгүй Б чи хүн аллаа шдээ би үхлээ  гээд орилоход  нь Ё бид хоёр машинаас  буухад Б машинаас 7-8 метрийн зайтай  газар хэвтэж байсан Б, Ё-г дагуулаад явчихсан. Би Б-г татаж босгоод машины ард суулгаад түүн рүү утасны гэрэл тусгаж харахад нүүр нь цус болоод хавдчихсан байсан. Гадаа харанхуй байсан болохоор үйл явдал харагдаагүй хоорондоо хэрэлдэж байгаа нь сонсогдсон, бие рүү нь хөл гараараа цохих чимээ сонсогддож байсан. Б май чи гэж хэлэхэд цохих чимээ болон Б ёо ёо үхлээ шдээ  гэж хэлж байгаа нь сонсогдож байсан, тэр хоёр нэгнийгээ цохиж зодоод байсан” гэсэн мдүүлэг /хх-ийн 38/

Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны  өдрийн орой 21 цаг 50 минутын  орчим гэртээ ирэхэд манай нөхөр Б гэртээ байхгүй түүний гар утас нь холбогдохгүй байсан. Шөнө 04 цагийн орчим Б зодуулсан байдалтай ирсэн гэдгийг хадам аав, ээжээсээ  мэдээд хадмынхаа гэрт  яваад очиход тэр ухаангүй нүүр нь нилэнхүйдээ хавдаж, цус болсон байсан түүнээс би юу болсон талаар асуухад юу ч хариулахгүй  байсан тэгээд сумын эмнэлэг рүү дуудлага өгч дуудлагын эмч ирж үзээд сумын эмнэлэгт хүргэж анхны тусламж  үзүүлж өглөө 08  цагт аймгийн нэгдсэн эмнэлэгт  хүргэн мэс заслын тасагт 10 хоног орчим хэвтэж  эмчлүүлсэн биеийн байдал нь гайгүй болсоны дараа түүнээс юу болсон талаар асуухад найз Б-д зодуулж биедээ гэмтэл авсан гэж хэлсэн гэсэн” мэдүүлэг /хх-ийн 42/

Насанд хүрээгүй гэрч Э.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай хөрш Б ах аавын мотоциклийг гуйгаад юманд яваад ирье гэсэн аав, ээж хоёр намайг цуг яв гэсэн тэгээд Б ах бид хоёр аавын мотоциклтой дэлгүүрээс 2 шил архи аваад...Б ахын гэрт очсон тэнд очиход Э эгч, Б ах, Ч ах, Б ах нар байсан бөгөөд тэд нар архи уусан бололтой байсан Б ах бид хоёр сумын төвөөс авсан архиа өгчихөөд буцаад сумын төв рүү явж манай мотоциклийг гэрийн гадна үлдээчихээд Б ах явсан...Б ах дахиж аавын мотоциклыг гуйсан...Б ах бид хоёр Б ахын гэрлүү дахин явсан замаа олохгүй төөрч нилээн явсан тэгэхэд машины гэрлээр дохиод Б, Э нар Б-н машинтай өөдөөс хүрч ирсэн Б, Э нар согтуу байсан Б, Б ахад хандаж “ мотоциклио үлдээчих Б ахын гэр рүү миний машинтай явчихъя” гэсэн бид дөрөв Б ахын гэрт очиход Б, Ч нар согтоод унтчихсан байсан Б машин дотроосоо нэг шил архи гаргаж ирээд Б ах, Э эгч нар уусан Б ахад хийж өгөхөд тэр уухгүй байсан. Б ах Б ах хоёр хоорондоо муудалцаж Б ах Б ахыг заамдаад нүүрлүү нь 2, 3 удаа цохиод хоорондоо зууралдаад ноцолдсон тэгэхэд Ч ах босож ирээд тэр хоёрыг салгаад та нар гарцгаа гэж хөөсөн тэндээс гараад Б ахын машинтай мотоциклио үлдээсэн газар руу явж байх замдаа Б ах, Б ах хоёр дахин муудалцсан Б ах Б ахыг хоёулаа гараад эр хүн шиг сайхан зодолдчихъё гээд машинаас буусан тэр хоёр машинаас буугаад хоорондоо заамдалцахад нь би тэр хоёрыг салгах гэхэд дийлэхгүй байсан Б ах Б ахыг хоёр удаа цохиж байх шиг харагдсан тэгэхэд Б ах пизда минь гээд зөрүүлээд нүүр рүү нь цохиход Б ах газар унасан ба Б ах түүний нүүр рүү нь өшиглсөн Б ах намайг явъя гээд дагуулаад явсан...Б ах, Б ах нар хоорондоо муудалцаад зууралцаж, ноцолдож байгаад ширээг нь өшиглөөд унагаачихсан тэгэхэд Ч ах сэрээд явцгаа, гарцгаа гээд хөөгөөд байсан Ч ах тэр хоёрын дундуур орж салгасан түүнээс биш Б ахтай нийлж Б ахыг цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн /хx-ийн 45-46/

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар  шүүхийн 2012 оны 02 сарын 17-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан гэсэн шүүгдэгчийн ял шийтгэлийн байдлыг шалгасан тухай хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б, хохирогч Б.Б нар нь Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Б-ы гэрт 2017 оны 04 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө архи ууж байхдаа А.Б нь Б.Б-г тосож авсангүй, төөрч ирсэн гэдэг шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч нь хохирогч Б.Б-н нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаан, мөн нүүр рүү нь өшиглөж, хохирогчийн биед зүүн хацар яс, зүүн нүдний дотор ханын хугарал хамрын таславчийн муруйлт, доод уруулын дотор салстын шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт зүүн шанаа, хамрын баруун хэсэг зүүн чихний доод хэсэг, доод уруулын  зулгаралт, зөөлөн  эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б-н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Ц.Э, насанд хүрээгүй гэрч Э.Ё нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 158 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б уг гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй хэдий боловч хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөн шүүгдэгч нь өмнө нь энэ төрлийн хэрэгт шийтгүүлж байсан байдал, хохирогч Б.Б-т төлөх төлбөргүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Б-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.Ц