Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/907

 

      2023         09           07                                         2023/ДШМ/907

Г.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, О.Батнасан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Гт холбогдох 2106 01982 1246 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Г-ын Г, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ....дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Дорнод аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Г.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч О.Эд аялалын чиргүүл зарах зорилгогүй буюу хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон чиргүүлийн үнэ гэж Г.Номин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5779014273 тоот дансаар 6.000.000 төгрөг, Төрийн банкны 108100129033 тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Г-ын Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Гт 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 50.000.000 төгрөгийг хохирогч О.Эд төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г нь 2019 онд иргэн Н.Уламбатад аялалын чиргүүл зарсан. Н.Уламбат нь чиргүүлийн үнэнд өөрийн “Тоёота Ланд крузер 200” маркийн автомашиныг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед “Ланд крузер 200” маркийн автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан бөгөөд Н.Уламбат нь зээлийг төлж, “Ланд крукер 200” маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч 2021 оныг хүртэл зээлийг төлөөгүй, барьцаанаас чөлөөлөөгүй. Энэ хугацаанд Г.Г зээлийг төлж, автомашиныг барьцаанаас чөлөөлөхийг тогтмол шаардаж байсан. Улмаар Н.Уламбат нь Г.Гаас авсан чиргүүлээ худалдаж олсон орлогоороо “Ланд крузер 200” маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлөхөөр ярилцсан. Г.Г Н.Уламбатын чиргүүлийг худалдахаар тохиролцоод худалдсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Н.Уламбат нь “...чиргүүлээ өмнө худалдсанаасаа илүү үнээр худалдах боломж гарлаа” гээд чиргүүлийг худалдсан хүнээсээ буцааж аваад өндөр үнээр авах хүнд худалдах санал гаргасан. Г.Г нь чиргүүл худалдан авсан хүнээсээ чиргүүлээ буцаан авах санал тавихад буцаахгүй гэсэн хариу хэлсэн бөгөөд үүнийг нь Н.Уламбатад дамжуулан хэлсэн. /Энэ үед Н.Уламбатыг чиргүүл авсан хүнтэй өөрөө холбогдон гуйгаад үз гэж хэлсэн. Н.Уламбат холбогдсон/ Чиргүүлийг буцаан авах хүсэлтүүд амжилтгүй болсон. Гэвч Н.Уламбат буцаан авах хүсэлтэй байсан тул “...Бэлэн мөнгө барьж очоод гуйгаад үзвэл өмнөх санал нь өөрчлөгдөж магадгүй.” гэж Н.Уламбат, Г.Г нар ярилцсан. Улмаар Н.Уламбат 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Г.Гаас дансны дугаарыг нь авч 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлгүүдийн гүйлгээний утгаас харахад Н.Уламбатаас гүйлгээ хийсэн гэж ойлгогдохоор байсан. Н.Уламбатаас орж ирсэн 50.000.000 төгрөгийг авч, чиргүүл авсан хүнээс очиж гуйхад мөн л буцаахгүй гэж хэлсэн тул уг 50.000.000 төгрөгийг яах талаар Н.Уламбатаас асуухад Н.Уламбат “...Банк бус санхүүгийн байгууллагад төлж “Ланд крузер 200” маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлье” гэж хэлээд барьцаанаас чөлөөлөх автомашиныг Г.Гын нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагад өгсөн. Хохирогч О.Э үйл явдал болсноос хойш 3-4 хоногийн дараа холбогдсон, цагдаагийн байгууллагад 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө царай царайгаа харалцсан гэдгээ мэдүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тодруулбал хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчоор тогтоогдсон О.Эы 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл Г.Г нь О.Эаас 50.000.000 төгрөгийг нь авах санаатай, идэвхтэй үйлдэл хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч О.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Н.Уламбат ямар зорилгоор хохирогчийн 50.000.000 төгрөгийг Г.Гын хамаарал бүхий хүн рүү шилжүүлэхдээ “Уламбаяраас чиргүүлийн үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, мөн чиргүүлээ аваагүй байхад нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан автомашиныг Г.Гын нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг бичиж өгсөн зэрэг байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Г.Г тухайн машиныг хууль ёсны дагуу шилжүүлж авч байна гэж ойлгосон. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, Н.Уламбатын асуудал орхигдсон. Өөрөөр хэлбэл, Н.Уламбатын зээл 50.000.000 төгрөгийн асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй үлдэж байна. Шийтгэх тогтоолоос үзэхэд Н.Уламбат хожиж, огт харьцаагүй Г.Г гэм буруутайд тооцогдсон. Иймд Г.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

            Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г нь О.Эаас 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авахдаа хохирогчийг хуурч, буцааж өгөхүй гэсэн сэдэлт зорилгоор буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч О.Эд аялалын чиргүүл зарах зорилгогүй буюу хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон чиргүүлийн үнэ гэж Г.Номин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5779014273 тоот дансаар 6.000.000 төгрөг, Төрийн банкны 108100129033 тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Эы “...2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө зүс таних Уламбат над руу залгаад “аялалын цагаан өнгийн чиргүүлийг Г гээд миний таньдаг хүн 110.000.000 төгрөгөөр зарах гэж байна, авах уу” гэж асуусан. Би “авъя” гэхэд “урьдчилгаа гээд 50.000.000 төгрөгийг тус өдрийнхөө 11 цагаас өмнө шилжүүлчих, үлдэгдлийг нь чиргүүлээ авахдаа буюу нэрээ шилжүүлэх үедээ өгч болно” гэж байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас 50.000.000 төгрөгийг 3.000.000 төгрөгөөр 14 удаагийн гүйлгээгээр хийсэн. Тус өдрөө буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагт Хан-Уул дүүргийн Спорт комфлексийн үүдэнд уулзаад чиргүүлээ авахаар тохиролцсон. Тэгээд би 12 цагт товлосон газраа очтол ирээгүй. Тухайн үед надтай чиргүүл зарна гээд Г гэдэг хүн холбогдож байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 хоногийн дараа Г.Гтай уулзахад “аялалын чиргүүлээ барьцаанд тавиад мөнгө авсан байгаа, “Ланд крузейр 200” маркийн машинаа банк бусад тавиад чиргүүлээ барьцаанаас чөлөөлөөд өгнө” гэж ярьж байсан. ...” /1хх 26-27/,

гэрч Г.Номин-Эрдэнийн “...Миний нагац ах болох Г.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр над руу залгаад “Чиний Хаан банкны 5750434889 дугаарын данс руу одоо борлуулалтын орлого болох 50.000.000 төгрөг шилжүүлэгдэж орно шүү. Ах нь аялалын чиргүүл зарж байгаа юм.” гэсэн. Тэгээд тухайн өдөр миний данс руу Төрийн банкны банк хоорондын нийт 15 удаагийн шилжүүлгээр 44.000.000 төгрөг Хаан банкны данснаас 6.000.000 төгрөг мобайл банкаар шилжүүлэгдэн орж ирсэн. ...” /1хх 35-36/,

гэрч Н.Уламбатын “...Г.Г бид хоёр чиргүүл зарна гэж ярилцаад намар нь Г.Г “банк бусын наймааны зээлийг хаая” гэж хэлээд чиргүүлийг надаас аваад явсан. О.Эы шилжүүлсэн мөнгийг өмнө нь Налайх дүүрэгт шилжүүлэх гэхэд банкны дараалал ихтэй байсан. Г.Г “хурдан явуул” гээд яаруулаад байсан учир Хонхорын Төрийн банкаар шилжүүлэхээр очоод байхдаа О.Э миний гар утсаар Г.Гтай ярьсан. Г.Г мөнгөө шилжүүлсний дараа би яармагийн спорт цогцолбор дээр чиргүүлийг авчируулна гэж хэлсэн. Яармагийн цогцолбор дээр чиргүүлийг аваад ирнэ гэж хэлсэн болохоор тэнд очоод хүлээсэн. Тухайн үед Г.Г ирээгүй, утсаа авахгүй байсан. О.Э Г.Г руу 50.000.000 төгрөгийг шилжүүлснээс нэлээд хэд хоногийн дараа би Отгонжаргал гэх хүнд зарсан гэдгийг мэдсэн. Би Отгонжаргал гэх хүн рүү нь ярьсан чинь “би мөнгөө төлөөд авсан, асуудал байгаа бол Г.Гтай шийдвэрлээрэй” гэж хэлсэн. ...” /1хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Номин-Эрдэнийн Хаан банкны 5750434889 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 54-73/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 74-75/, фейсбүүк чатын хуулбар /1хх 114-115/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Гыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Г.Гын “О.Эд “аялалын чиргүүл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, Г.Номин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5779014273 тоот дансаар 6.000.000 төгрөг, Төрийн банкны 108100129033 тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан” үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Г.Гын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, идэвхитэй үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл Г.Г нь О.Эаас 50.000.000 төгрөгийг нь авах санаатай, идэвхитэй үйлдэл хийгээгүй” гэж тусгажээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эы “...2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө зүс таних Уламбат над руу залгаад “аялалын цагаан өнгийн чиргүүлийг Г гээд миний таньдаг хүн 110.000.000 төгрөгөөр зарах гэж байна авах уу” гэж асуусан. Би “авъя” гэхэд урьдчилгаа гээд 50.000.000 төгрөгийг тус өдрийнхөө 11 цагаас өмнө шилжүүлчих, үлдэгдлийг нь чиргүүлээ авахдаа буюу нэрээ шилжүүлэх үедээ өгч болно гэж байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас 50.000.000 төгрөгийг гурван саяар 14 удаагийн гүйлгээгээр хийсэн. Тус өдрөө буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагт Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын үүдэнд уулзаад чиргүүлээ авахаар тохиролцсон. Тэгээд би 12 цагт товлосон газраа очтол ирээгүй. Тухайн үед надтай “чиргүүл зарна” гээд Г гэдэг хүн холбогдож байсан юм. ...” /1хх 26-27/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Номин-Эрдэнийн “...Миний нагац ах болох Г нь 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр надруу залгаад “чиний Хаан банкны 5750434889 дугаарын дансруу одоо борлуулалтын орлого 50.000.000 төгрөг шилжүүлэгдэж орно шүү. Ах нь аялалын чиргүүл зарж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Уламбатын “...Г бид хоёр чиргүүлийг зарна гэж ярилцаад намар нь Г банк бусын наймааны зээлийг хаана гэж хэлээд чиргүүлийг надаас аваад явсан. Энхтайвангийн шилжүүлсэн мөнгийг өмнө нь Налайх дүүрэгт шилжүүлэх гэхэд банкны дараалал ихтэй байсан. Г яаруулаад байсан учир Хонхорын төрийн банкинд шилжүүлэх гэж байхад Энхтайван миний гар утсаар Гтай ярьсан. Г мөнгөө шилжүүлсний дараа би яармагийн спорт цогцолбор дээр чиргүүл авчируулна гэж хэлсэн. Яармагийн спорт цогцолбор дээр чиргүүлийг аваад ирнэ гэж хэлсэн болохоор тэнд очоод хүлээсэн. Тухайн үед Г ирээгүй. Утсаа авахгүй байсан. ...Энхтайван Г руу 50.000.000 төгтөг шилжүүлснээс нэлээд хэд хоногийн дараа би Отгонжаргал гэх хүнд зарсан гэдгийг мэдсэн. Би тухайн хүнрүү ярьсан чинь би мөнгөө төлөөд авсан. Асуудал байгаа бол Гтай шийдвэрлээрэй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг,

Г.Номин-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мессежний хуулбар зэрэг баримтуудаар тус тус Г.Гын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогч О.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Г нь аялалын чиргүүлээ хохирогч О.Эд зарахаас өмнө н.Отгонжаргал гэх хүнд зарсан байсан талаараа 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр талд тодорхой мэдүүлжээ.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ