Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/1054

 

    

 

 

 

 

 

 

      2024        12           19                                   128/ШШ2024/1054

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*******,

Хариуцагч: Ц******* Т.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Б.О*******, Э.Б******* нарын хоорондын сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны акттай холбогдох  маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Б.О*******, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Гаадамба нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

     Нэхэмжлэгч Д.Б******* “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Цагдаагийн дэслэгч цолыг сэргээлгэх, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодорхойлсон байна.

1. Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.С*******ын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны  зөвлөлд гомдол гаргаж, гомдлыг хангасан хариуг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүлээн авсан боловч Цагдаагийн ерөнхий газрын дарга  эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан акт гэсэн хариуг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны  зөвлөлд хүргүүлсэн тул 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1 Сахилгын шийтгэл нь Зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээнд тохироогүй, сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаагүй гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан үйлдлээ зөв гэж бол үзээгүй. Би энэ үйлдэлтэйгээ бол маргахгүй. Гол нь байгууллагын дотоод хяналт шалгалтаас хурандаа н.Ганбаяр намайг шалгасан. Тэр хүн надад “цагдаагийн байгууллагын нэр хүнд унавал яах вэ гэдэг үндэслэлээр чамайг 1 жилийн хугацаанд орж ирэхгүйгээр халах саналтайгаар Цагдаагийн ерөнхий газарт танилцуулна” гэсэн. Тэгээд би танилцуулгынх нь доор 3 сарын цалингийн 20% ч юм уу, намайг албан тушаал бууруулаад намайг ажилтай минь үлдээнэ үү. Би 3 хүүхэдтэй юм. Та нар миний асуудал шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл ийм арга хэмжээ авч өгнө үү гэж хариу тайлбараа би бичсэн. Өмнөх дээр нь би бичсэн байсан болохоор дарга нэмж санал байна уу гэхээр нь би байхгүй гэж бичсэн. Намайг ажилтай минь үлдээгээч, цолыг минь бууруулаад ажилтай үлдээгээд өгөөч гэж би хүссэн. Тэр хүн болохоор цахим орчинд тавиад цагдаагийн байгууллагын нэр хүнд унавал яах вэ? гэж надаас асуулт асуусан. Тэгвэл яагаад цагдаагийн байгууллагын нэр хүндээ бодож байгаа юм бол алба хаагчийг яагаад бодож болохгүй байгаа юм бэ? Цолыг бууруулаад ажилтай үлдээж болох уу, хувь хүний амьдрал явж байгаа. Би ер нь ойлгохгүй байна” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б******* нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан. Ямар үндэслэлээр вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 37.1.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж байна. Тэгэхээр 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ” гэж заасныг зөрчсөн гээд ёс зүйтэй холбож байна. 37.1.13-т “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж байна. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолтод юу гэж заасан байдаг вэ гэхээр энэ хүн ямар ажил үүрэг хүлээх гэдэг агуулга байна. Гэтэл энэ хүн ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ зөрчил, дутагдал гаргасан асуудал байна. Энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн учраас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4/1559 дүгээр албан бичгээр хууль бусаар ажлаас халсан байна, ажилд нь эргүүлж томил гэсэн хууль зүйн үндэслэлтэй хариуг Төрийн албаны зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн боловч Цагдаагийн ерөнхий газраас хүлээж аваагүй. Ингээд сахилгын шийтгэлтэй болоод явсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлийн хувьд Цагдаагийн албан хаагч ажил үүрэг гүйцэтгэж байхдаа ёс зүйн зөрчил гаргах, албан үүргээ гүйцэтгээгүй бусад үед ёс зүйн зөрчил гаргах хоёр асуудлыг тусад нь ялгаж, авч үзэж ойлгох ёстой байсан. Д.Б******* нь ажлын бус цагаар бол зөрчил дутагдал гаргасантай маргахгүй. Тэр нь гэмт хэрэг мөн үү, биш үү, гэм буруутай юу үгүй юү гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн шүүх энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Харин цагдаагийн дотоод хяналтын нэгж тогтоохгүй. Хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн хяналтын нэгж нь энэ хүн ийм буруутай байна гэдгийг тогтоож, сахилгын шийтгэл оногдуулах саналыг ерөнхий газрын даргад явуулсан. Тэгэхлээр гэм буруутайг тогтоодог байгууллага бол дотоод хяналтын нэгж биш юм. Шүүхэд гаргаж өгсөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам байна. Тэнд холбогдох хэсэг нь байгууллагын үйл ажиллагаа, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 112.2.6-д шалгалтын явцад зөрчил гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрвэл харьяаллын дагуу шилжүүлж шалгуулна гэж заасан. Тэгэхлээр харьяаллын дагуу Цагдаагийн байгууллага руу гэмт хэргийнх нь талаар шалгуулах ёстой болохоос биш дүгнэлт гаргаад, дүгнэлтдээ сахилгын шийтгэл оногдуулах санал гаргаж байгаа нь үйл ажиллагааныхаа журмыг зөрчиж байгаа үйлдэл юм. Тийм эрх хэмжээ дотоод хяналтын нэгжид байхгүй гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, мөн хуулийн 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3 дахь хэсэгт заасан ёс зүйн сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэх хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан байна. Тэгэхээр Д.Б******* нь цагдаагийн алба хаагчийнхаа үйл ажиллагааг явуулж байх үедээ алдаа дутагдал гаргасан бол энэ холбогдох заалт болон сахилгын шийтгэл хүлээх үндэслэл бүрдэх ёстой. Гэтэл Д.Б******* ажлын бус цагаараа зөрчил дутагдал гаргасан. Тэгээд цагдаагийн албаны тухай хуулийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хуульд өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сахилгын шийтгэл оногдуулна” гэж байна. Тэгэхлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдэгдсэний дараа энэ асуудлыг шийдэх тухай ойлголт байна. Гэтэл одоо ингээд шүүхээр явж байгаад гэм буруутай гээд эрүүгийн хариуцлага хүлээчих юм бол нэг үйлдэлд хоёр хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсчхээд байна. Энэ нь бас хариуцагчийн буруутай үйл ажиллагаа болно. Тэгэхлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81.8-д “Цагдаагийн албан хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүйн сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно гэж байна. Тэгэхлээр эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ийм зохицуулалт байна. Ямартай ч энэ хүн эрүүгийн хариуцлага хүлээх эсэхийг хүлээх ёстой байсан. Гэтэл шууд сахилгын шийтгэл оногдуулсан нь бас энэ хуулиа бол зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн үндсэн зарчмыг зааж өгсөн. Тэгэхлээр дотоод хяналтаас нь гэм буруутай гэж үзээд ажил олгогчоос нь дээрх дүгнэлтийг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу. Мөн ялгаж ойлгох ёстой нэг асуудал нь Цагдаагийн албаны тухай хуульд ч, Төрийн албаны тухай хуульд ч төрийн албанаас халах, сахилын шийтгэлээр албанаас халах гэсэн хоёр тусдаа ойлголт байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйлээр л зохицуулсан халах зохицуулалт байна. Сахилгын шийтгэлээр халах нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлээр зохицуулсан байна. Тэгэхлээр сахилгын шийтгэл бол албан хаагчийн ажил үүрэгтэйгээр холбоотойгоор дутагдал гаргахад сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Ажил үүрэгтэй холбоогүйгээр хувь хүн хувийнхаа амьдралд гэмт хэрэг, зөрчил гаргасан бол тэрэнд нь халах сахилгын шийтгэл биш, халах зохицуулалт үйлчлэх ёстой. Ингэж ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Хуульд яагаад энэ хоёрыг ингээд тусдаа зохицуулаад байгаа юм бэ гэдгийг бол ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь заалтад “Төрийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр төрийн албанаас хална” гэж байна. Энэ хүртэл өнөөдөр шүүхийн шийтгэх тогтоол гараагүй, энэ хүний гэм буруутай гэдэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад халсан. Төрийн албаны тухай хуулийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх халахыг хориглоно” гэсэн. Тэгэхээр энд зааснаас бусад тохиолдолд халахыг хориглоно гэж заасан байхад халсан нь үндэслэлгүй байна. Мөн ёс зүйн зөрчлийн талаар дотоод хяналтаас шалгаад гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шилжүүлнэ гэж түрүүн хэлсэн. Уг журмынхаа 112 дугаар зүйлийн 2.6-д заасан байна. Гэтэл харьяаллын дагуу шилжүүлээгүй, өөрсдөө гэм буруутай гэж тогтоогоод сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь Монгол Улсын Шүүхийн тогтолцоонд нийцэхгүй байна. Шүүх гэм буруутайг тогтоодог, дотоод хяналтын нэгж тогтоохгүй гэдэг үндэслэлийг тайлбарлая. Хариу тайлбараас харахад Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.4.1, 3.4.3-т заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж хариу тайлбартаа тайлбарлаж байна. Гэтэл сахилгын шийтгэл оногдуулсан энэ тушаалд ерөөсөө сахилгын шийтгэл оногдуулах журмуудыг зөрчсөн талаар дурдаагүй. Хариу тайлбар нь өөрөө үндэслэлгүй, тушаалынхаа үндэслэлээс хальж явж байна гэдгийг тайлбарлая. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байхдаа 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 04 дүгээр хороо Этүгэн зочид буудлын караокед согтууруулах ундаа хэрэглэж, хамт үйлчлүүлж байсан Х-тэй маргалдаж эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдаж зодсон нь тухайн үед болон одоо хамт байсан хүмүүсийн мэдүүлэг, хяналтын танхимын бичлэгээр тогтоогдсон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан нэхэмжлэгчийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 201 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.3-д заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн албаны хуулийн 81.4.5-д заасныг баримтлан Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж цолыг нь хураасан. Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулах ийм зохицуулалттай байна. Цагдаагийн алба нь бол өөрөө гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тусгай алба бөгөөд иргэд цагдаагийн албанд орж ажиллахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллахаа илэрхийлж тангараг өгдөг. Цагдаагийн байгууллагын үнэт зүйл нь эх орон, ард иргэддээ тангараг өргөдөг. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.4-т сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал, доор дурдсан тохиолдолд хамаарна. Зориуд санаатай зөрчил гаргасан, зөрчил нь байгууллагын дотоод гадаад үйл ажиллагаанд нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн бол сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болохоор тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд санаатайгаар бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдан зодсон үйлдэл нь Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг, эрхэм зорилго, үнэт зүйлд харшилсан үйлдэл тул зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзээгүй гэдэг нэхэмжлэгчийн тайлбар бол үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн цолтой холбоотой нэхэмжлэлд цол хурааж, давхар сахилгын шийтгэл оногдуулсан гэж гомдол гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулаад Цагдаагийн албаны тухай хуулийн 75.3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол бууруулах, хураан авах, сэргээх журам”-ыг баталсан. Цагдаагийн цол нь цагдаагийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг илэрхийлдэг бөгөөд энэ журмын 5.2.2-т Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халагдсан тохиолдолд тухайн алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтан уг шийдвэрээр нь хураах зохицуулалттай байдаг. Иймээс нэхэмжлэгчийн цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах, эрхэлж байгаа албан тушаалын илэрхийлэл болох цагдаагийн цолыг хураасан нь сахилгын шийтгэлд оногдуулах журам зөрчсөн гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчид явуулсан албаны шалгалтыг Цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгж болох Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас 2024 оны 03 дугаар сарын 16-28-ны өдрийн хооронд явуулж албаны шалгалтын материалд цугларсан баримтад үндэслэн 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргах гэж байгаа талаар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид биечлэн танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байдаг. Энэ талаарх баримт нь шалгалтын материалд авагдсан байдаг. Нэхэмжлэгч нь санаатайгаар бусдын биед халдан зодох, тэр цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг, эрхэм зорилго, үнэт зүйлд харшилсан үйлдэл гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн ярьж буй тухайн амарч байгаа үедээ асуудал гаргасан нь Цагдаагийн ёс зүйн хэм хэмжээ, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн алба нь зөвхөн ажлын 8 цагаар хязгаарлагдаж, дуусчихдаг алба биш. Бүтэн 24 цагийн турш үргэлжилж байх, бэлэн байдал хангаж ажилладаг ийм тусгай чиг үүрэгтэй. Ийм учраас одоо ингэж ажиллаж байгаагийнх нь төлөө цагдаагийн алба хаагчдад цалин хөлс, онцгой албаны нэмэгдэл гээд олгогддог. Тэгэхээр цагдаагийн алба хаагч нь амралтын өдрөөр араатан шиг аашлах, тэгээд ээлжид томилогдсон өдрөө цагдаагийн ажил хийгээд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцээд явах тухай ойлголт огт биш юм. 2022 онд батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ гэдэг тодорхойлолтыг энэ дүрмээр тогтоосон ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэр, түүнчлэн нийгэм хамт олон гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогц гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ ч гэсэн гэр бүл, нийгмийн харилцаанд оролцохдоо ч ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гэсэн ойлголт байдаг. Дотоод хяналтын нэгж нь тухайн нэхэмжлэгчийг гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсэхийг тогтоож харьяаллын дагуу шилжүүлэх чиг үүрэгтэй гэж байна. Албаны шалгалтын хүрээнд тухайн нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Төрийн албаны тухай хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар тогтоогдсон. Энэ хэм хэмжээг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь илэрхий тодорхой үйл баримт байсан учраас Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас тухайн иргэний биед гэмтэл учирсан үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд, энэ хэрэг нь прокурор, шүүхийн шатанд байна. Нэхэмжлэгчийн хувьд яагаад сахилгын шийтгэл оногдуулсан юм бэ гэхээр Төрийн албаны тухай хууль, тогтоомж болон ёс зүйн хэм хэмжээ, нийтээр дагах зан үйлийн хэм хэмжээг зөрчсөн учраас амарч байсан, ажиллаж байсан эсэхээс үл хамаарч сахилгын шийтгэл оногдуулсан.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгэхлээр Үндсэн хуульд Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх үндсэн зарчмыг тодорхойлж өгсөн байдаг. Түүгээрээ улбаалаад Б.О******* төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар цагдаагийн алба хаагчид нь өөрөө хууль сахиулагч юм. Хууль сахиулагч ямар байх ёстой вэ гэхээр цагдаагийн албаны 2022 оны Ёс зүйн дүрмээр баталж өгснөөр нийгэм болон хувийн амьдралдаа ч ёс зүйн хэм хэмжээг хамт баримтална гэж тогтоогоод өгчихсөн. Тэгэхлээр хууль сахиулагчийг өдөр тутмын үйл ажиллагаа нь гудамж талбай, нийгэмд болж байгаа хууль ёсыг зөрчигчтэй тэмцэх, нөгөө талаар хөндөгдсөн иргэнийхээ эрхийг сэргээн эдлүүлэх ийм үүргийг хүлээж байдаг. Ийм учраас Цагдаагийн төв байгууллагаас хууль сахиулагч болох цагдаагийн алба хаагчийг ажил болон амьдрал дээр ч хууль ёсыг дээдлэн хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн томьёоллыг хийж өгсөн. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 .1 дэх хэсэгт хууль бусаар хүний эрх эрх чөлөөнд халдахыг хориглосон, мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь хууль ёсыг дээдлэх үйл ажиллагаандаа зарчим болгон ажиллах хууль тогтоомж болон ардчилсан ёсны ийм зарчмуудыг зөрчсөн учраас Цагдаагийн төв байгууллага албаны шалгалт явуулаад сахилга, ёс зүйн дүрэм зөрчсөн учраас энэ алба хаагчийг ажлаас нь халсан” гэв.

            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.Б******* нь 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаад 2019 онд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар цагдаагийн дэслэгч цолыг хурааж, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр  сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмын 5 дугаар зүйлийн 5.2.2 дах хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын  нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Б******* нь ажлын бус цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Албан тушаалын тодорхойлолтын  3 дугаар зорилтын 3.4, 3.5 дах заалтыг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны  тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг  баримтлан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж “цагдаагийн дэслэгч”  цолыг хураах сахилгын шийтгэл оногдуулжээ.

3. Хариуцагчаас  “…согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан нэхэмжлэгчийн үйлдэл нь алба хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллахаа илэрхийлж, тангараг  өргөдөг тул цагдаагийн байгууллагын үнэт зүйлийг зөрчсөн, …цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахад цагдаагийн цолыг хураасан нь сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан гэх гомдол үндэслэлгүй…” гэж, нэхэмжлэгчээс “…ажлын бус цагаар зөрчил гаргасантай маргахгүй, гэм буруугийн талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа, энгийн хувцастайгаа, ажлын бус цагаар ёс зүйн дүрэм зөрчсөн гээд сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй…” гэж тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгч Д.Б*******ийн гаргасан гомдлын дагуу Төрийн албаны  зөвлөл шалган шийдвэрлэж,  2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр  албан бичгээр “…гомдол гаргагч  Д.Б*******ийн бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл гаргасныг эрх бүхий байгууллага шалган тогтоож байгаа бөгөөд шүүхээр нотлогдож эцэслэн шийдвэрлээгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаагийн албаны тухай хуульд заасан урьдчилсан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шууд сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг ногдуулж байгаа нь хууль тогтоомжид нийцээгүй тул гаргасан тушаалаа өөрчилж хариу ирүүлэх”-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдсэн байна.

5. Цагдаагийн ерөнхий газар Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Этүгэн зочид буудлын караокед 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн дэслэгч Д.Б******* иргэдтэй архидан согтуурч, бусдын эрх чөлөөнд халдсан” гэх мэдээллийг 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд албаны шалгалт явуулж, нэхэмжлэгч Д.Б*******эд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д зааснаар цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1-т “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж зааснаас үзвэл  цагдаагийн албан хаагчийн аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн болон сахилгын дүрэмд захирагдахаас гадна энэ нь зөвхөн ажлын цагт хамаарахаар ойлголт гэж үзэх боломжгүй  байна.

6. Учир нь тухайн тохиолдолд нэхэмжлэгч Д.Б******* нь ажлын бус цагаар архидан согтуурч, олон нийтийн газарт зохисгүй үйлдэл гаргаж бусдын биед халдсан нь албаны шалгалтаар тогтоогдож байгаа нь тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдоно. Харин  бусдын биед гэмтэл учруулсан болон гэм буруугийн хир хэмжээг шалган тогтоох нь эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх асуудал байх бөгөөд захиргааны байгууллага албаны шалгалт явуулахдаа цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа нь ёс зүйн болон сахилгын дүрмийг зөрчсөн эсэх талаарх цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

7. Нэхэмжлэгч нь нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчийн хувьд  ажлын болон ажлын бус цагаар ч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчих ёсгүй тул Цагдаагийн албан тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.3-д “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан тул тухайн тохиолдолд шүүхээс эрх бүхий албан тушаалтны оногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

9. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Цагдаагийн албаны тухай  хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно” гэж заасныг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгаж байгаа боловч хуулийн дээрх заалтын урьдчилсан нөхцөл нь цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд хэрэглэх, мөн эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэлийг оногдуулж болно гэж эрх олгосон гэж үзэхээр байх тул тухайн тохиолдолд  дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэх заалтууд нь тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй харин төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах тохиолдолд болон төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгаа хангагдаагүй тохиолдол хэрэглэгдэхээр байна.

Иймд захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу албаны шалгалт явуулж, зөрчлийг шалган тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1, 97 дугаар зүйлийн 97.1,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт заасныг туус тус баримтлан Д.Б*******ийн нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Цагдаагийн дэслэгч цолыг сэргээлгэх, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.     

  

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ