| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00215/И |
| Дугаар | 320/ШШ2025/00313 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/00313
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 320/ШШ2025/00313 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ХХҮГ*********
Хариуцагч: С. Ц-д холбогдох,
Зээлийн төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 320/2025/00215/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,500,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 2,500,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо 2022.06.23. Гэрээ дуусгавар болох огноо 2024.06.23. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн 1,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.06.24. Иргэн С.Ц- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ахмад ажилтны зөвлөх үйлчилгээг үзүүлэх хөтөлбөр-т хамрагдаж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ахмадын хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-г байгуулан, түүнд 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлүүлсэн. Гэвч С.Ц- нь зээлийн төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,500,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Ахмадын хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-ний үүрэгт 2,500,000 төгрөгийг С.Ц-гаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч С.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.М-ын ногоо тарьж байгаа, мөнгө дутсан, зээл авч өгөөч, намар ногоогоо хураахаар өгье гэж гуйсан учраас ХХҮГ*********-с 4,500,000 төгрөг авч өгсөн. Гэтэл тус зээлийг хааж өгөөгүй. Хойноос нь удаа дараа хөөцөлдөж байж 1,500,000 төгрөгийг төлүүлсэн. Түүнээс хойш говьд ажил хийж байгаа гээд холбоо барихгүй болсон. Нэгэнт би гэрээ хийж зээл авсан нь үнэн тул нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 17 дахь тал)
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Ц-гийн зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХҮГ************** нь хариуцагч С.Ц-д холбогдуулан зээлийн төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц- 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ...Б-ийн М-ын ногоо тарьж байгаа, мөнгө дутсан, зээл авч өгөөч, намар ногоогоо хураахаар өгье гэж гуйсан учраас ХХҮГ*********-с 4,500,000 төгрөг авч өгсөн. Гэтэл тус зээлийг хааж өгөөгүй. Хойноос нь удаа дараа хөөцөлдөж байж 1,500,000 төгрөгийг төлүүлсэн...Нэгэнт би гэрээ хийж зээл авсан нь үнэн тул нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хариуцагч С.Ц-гийн зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн 50 хувь болох 27,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХҮГ*********-с нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч С.Ц- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамж 27,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА