| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0030/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотын харъяат, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл замчид гудамжийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 150 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 сарын 10-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт Ц.Г-т холбогдох эрүүгийн 201710010139 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 05 дугаар сарын 16-ноос 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах “Э” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуугийн сендвичны төмрийг эвдэж орж 12 нэр төрлийн тамхи хулгайлж, 336,150 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 04 сарын эхээр би гэртээ байж байхад Замын-Үүд сумаас миний найз А надруу утсаар залгаад завтай байна уу, ажил төрөл юу хийж байна уу гэж асуусан. Би ажил төрөлгүй байгаа гэсэн гэтэл А Замын-Үүдэд хүрээд ирээч хоёр УАЗ-469 машин байна, янзлаад урагшаа цуг гаръя гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Замын-Үүдийн вагонд сууж Замын-Үүд суманд А-н гэрт очсон. Тухайн үед А-н аав нь ходоодны хорт хавдартай гээд ээж, аав хоёр нь хоёр хоноод Улаанбаатар хотруу явсан юм. Тэгээд би, А, дүү нь үлдсэн юм. Тухайн үед А-н машины тэргийг янзлаад Эрээн гарах гэтэл болохгүй байсан. Тэгээд А-н барьж байсан байшинг барилцаад тэднийд 20 гаруй хонож байтал А сүмийн цуглаантай гээд Сайншанд сумруу явсан. Тэгсэн манай эхнэр надруу залгаад ирэх болж байна уу, юу болж байна вэ гэж асуусан. Би хэдэн төгрөгтэй очих санаатай байна гэж хэлсэн. Тэгээд би А руу залгаад ирэх болж байна уу, эхнэр залгаад дуудаад байнаа гэхэд ирэх болоогүй сарын хугацаа болох юм шиг байна гэж хэлсэн. Ингээд явах гэхэд замын зардал байхгүй болохоор нь А-н гэрээс 2 гудамжны хойно байдаг Э дэлгүүрт очиж дээвэр дээр нь гарч хажуу талаар нь буугаад, хажуу талаас нь чулуугаар нүдэж, нимгэн төмрийг нь хуулаад дэлгүүрт орж мөнгөний кассыг нь үзтэл мөнгө байхгүй байхаар нь лангуунд нь байсан тамхинуудыг уутлаад аваад гарсан юм. Маргааш өглөө нь гудамжинд явж байсан хүнд хэдэн ширхэг тамхи зарж замын зардлаа хийж Улаанбаатар очсон. Улаанбаатарт очоод Саппоро дээр тамхи ширхэгээр зардаг хүмүүст тамхиа зарж эхнэр хүүхдүүддээ боорцог, гутал авч очсон юм. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчид 336,150 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. 134 ширхэг тамхи авсан, ямар нэгэн маргаан байхгүй. Ар гэрт маань надаас өөр ажил төрөл хийх хүн байхгүй учраас надад тэнсэнгийн хугацаа тогтоож өгнө үү ” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 05 дугаар сарын 17 ны өдөр 09-10 цагийн би өөрөө Э хүнсний дэлгүүрийг гаднаас онгойлгон дэлгүүрээ нээсэн. Тухайн үед дэлгүүрийн хаалгаар ороход өөдөөс салхи салхилаад байхаар нь гайхаад дэлгүүрээ шалгатал дэлгүүрийн зүүн хойд талын ханыг нилээн том хүн орох хэмжээтэй цоолсон байсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирсэний дараа дэлгүүрээс юу алдагдсан талаар шалгасан. Тэгэхэд манай дэлгүүрийн кассны хажууд тамхины тавиур байсан болон лангуунд байсан блоктой тамхи алдагдсан, өөр зүйл алдагдаагүй байсан. Би лангуу дээрээ авсан тамхиа задлаад өрдөг ба уг өрөгдсөн тамхинаас тал нь байхгүй, тамхины доор байх лангуунд блоктой тамхи байснаас 9 блоктой алдагдсан байсан. Үүнээс lounge LD тамхи 2 блок нэг блоктой 10 хайрцаг нийт үнэ нь 42.000 төгрөг, Esse тамхи 2 блок нэг блокондоо 10 хайрцаг нийт 60.000 төгрөг, Club LD тамхи 2 блок нэг блокондоо 10 хайрцаг нийт 44.000 төгрөг, mild Seven тамхи 15 хайрцаг 52.700, Улаан шонхор 1 блок блокондоо 10 хайрцаг нийт 17.000 төгрөг, Цагаан LD 10 хайрцаг нийт 10.000 төгрөг, Саарал LD 1 блок блокондоо 10 хайрцаг нийт 20.000 төгрөг, Bohem 5 хайрцаг нийт 13.000 төгрөг, Sigar 1 блок блокондоо 10 хайрцаг нийт 23.000 төгрөг, Dunhill тамхи 9 хайрцаг нийт 31.500 төгрөг, Ногоон эссэ 5 хайрцаг нийт 14.000 төгрөг Меveis 5 хайрцаг 14.000 төгрөгний нийт 341.200 төгрөгний тамхи алдагдсан байсан. Тухайн үед би Н дэлгүүрээс худалдан авсан баримтаа өгсөн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 онд Г 1-2 удаа явсан. Ямар ч байсан 2017 оны 04 дүгээр сард Замын-Үүд яваад 2017 оны 05 дугаар сард гэртээ ирсэн. Г-н найз А гэдэг хүний аав ээж нь Замын үүд суманд байдаг ба тэдний гэрт байрлаж автомашинтай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот-Замын Үүд сум хооронд ачаа зөөж хүн тээвэрлэн ажил хийх зорилгоор анх Г явсан. Тухайн үед би Замын Үүдэд ирээд автомашинтай Замын-Үүд-Эрээн хот хоёрын хооронд ачаа болон хүн зөөж ажил хийсэн талаар мэдэхгүй. Ямар ч байсан 20 гаруй хоног болчихоод гэртээ ирсэн. Г Замын-Үүдэд 20 гаруй хоног болчихоод гэртээ ирэхдээ мөнгө байхгүй харин 3 хүүхэдтэй чихэр боовтой, бага хүүхэдтэй гутал авчихсан ирсэн. Г бид хоёр 2010 онд хамтран амьдраад одоо дундаасаа 3 хүүхэдтэй. Гэр бүлийн баталгаа байхгүй. Г Улаанбаатар хотод барилгын компанид туслах ажилтангаар барилгын ажил хийдэг. Зан байдлын хувьд даруухан архи тамхи хэрэглэдэггүй, хүнд итгэмтгий хүний үгээр тусархаг зантай. Тухайн үед дэлгүүрээс хулгай хийснийг ойлгохгүй байна. Миний хувьд бодохдоо Г нь Замын-Үүд ажил хийнэ гэж яваад гэртээ 3 хүүхэд дээрээ хоосон ирэхээсээ ичсэн байх. Бид хоёр 1-6 насны 3 хүүхэдтэй би ажил хийдэггүй, манай гэрт Г л ганцаараа ажил хийж мөнгө олдог, нэн ядуу өрх гэр бүл байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 04 дүгээр сарын дундаар яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна найз Г руу утсаар ярьж Замын-Үүд суманд манай гэрт хүрээд ирээч энд манай байшиныг барингаа ажил хийе гэж хэлсэн. Тэгсэн Г-тай утсаар ярьсаны дараа маргааш нь ганцаараа Замын-Үүд суманд ирсэн. Аав ходооны хорт хавдартай эмчилгээнд явах шаардлага гарсан. Тухайн үед манайх амьдардаг байшингаа сунгах ажил хийж байсан болохоор Г бид хоёр уг ажлыг үргэлжлүүлэн хийсэн. Аав, ээж хоёр хамтдаа Улаанбаатар руу явсны дараа байшин сунгах барилгын материал дуусаж, Г бид хоёрын хийж байсан байшин сунгах ажил зогсож удалгүй би Сайншандад семанерт явах ажил гарч Сайншанд сум руу явч Г манай гэрт дүүтэй үлдсэн. Ингээд би 14 хоногийн дараа гэртээ ирэхэд Г Улаанбаатар хот руу явчихсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/
Шинжээч С.Э-н 2017 оны 05 сарын 19-ний өдрийн “ нэр бүхий 12 нэр төрлийн эд зүйл “ 1. LD Lounge тамхи 2 блок буюу 20 хайрцаг 42,000 төгрөг,
2. Эссэ тамхи 2 блок буюу 20 хайрцаг, 58,000 төгрөг
3. LD club тамхи 2 блок буюу 20 хайрцаг, 42,000 төгрөг
4. Mild seven тамхи 15 хайрцаг 54,000 төгрөг
5. Цагаан LD тамхи 5 хайрцаг, 9,750 төгрөг
6. Улаан шонхор тамхи 10 хайрцаг 15,950 төгрөг
7. Саарал LD тамхи 1 блок буюу 10 хайрцаг 20,600 төгрөг
8. Bohern тамхи 5 хайрцаг 12,500 төгрөг
9. Sigar тамхи 1 блок буюу 10 хайрцаг 22,600 төгрөг
10. Dunhil тамхи 9 хайрцаг 31,500 төгрөг
11. Ногоон Эссэ тамхи 5 хайрцаг 13,750 төгрөг
12. Mevies тамхи 5 хайрцаг 13,500 төгрөг нийт 336,150 төгрөгөөр үнэлсэн” 64 тоот дүгнэлт /хх-ийн 18/
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 22-ны өдрийн “ 1.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. 1 дугаартай туузан дах 1 ширхэг, 2 дугаартай туузан дахь 1 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3. 1 дугаартай туузан дахь 2 ширхэг гарын мөр нь Ц.Г-н баруун гарын эрхий болон дунд хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн 22 тоот дүгнэлт /хх-ийн 22/
Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэлтэй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 59/
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 сарын 10-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-64/
Хохирогч Ч.Б-н хохиролд 333,000 төгрөгийг ХААН банкны дансанд шүүгдэгч Ц.Г-с шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 78/
Хохирогч Ч.Б цагдаагийн байгууллагад өгсөн” хохирогч надад 12 нэр төрлийн 134 ширхэг тамхины үнэ болох 336,150 төгрөгийн хохирол гарсан бөгөөд хэргийн холбогдогч Г-с 333,000 төгрөгийг өөрийн дансаар, үлдэгдэл 3150 төгрөгийг бэлнээр хүлээн авав. Шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр бүрэн барагдсан тул нэхэмжлэх төлбөр болон гомдол саналгүй болно. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 82/
Шүүгдэгч Ц.Г цагдаагийн байгууллагад өгсөн “ Ц.Г нь миний бие ЭХ-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирогч Ч.Б-тэй сайн дураар эвлэрч хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг минь харгалзан үзэж хэргийг маань хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн тодорхойлолт /хх-ийн 83/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 багт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Э хүнсний дэлгүүрийн хажуу талын сэндвичны төмрийг эвдэн дотогш нэвтэрч 12 нэр төрлийн 134 хайрцаг тамхи хулгайлж, хохирогч Ч.Б-т 336,150 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Г агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44/, Шинжээч С.Э-н “ 2017 оны 05 сарын 19-ний өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай 64 тоот дүгнэлт /хх-ийн 18/, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 22-ны өдрийн “...1 дугаартай туузан дахь 2 ширхэг гарын мөр нь Ц.Г-н баруун гарын эрхий болон дунд хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн 22 тоот дүгнэлт /хх-ийн 22/, хохирогч Ч.Б-т хохиролд 333,000 төгрөгийг ХААН банкны дансанд шүүгдэгч Ц.Г-с шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 78/, 3150 төгрөгийг бэлнээр хүлэлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 82/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-н үйлдлийг Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх журмыг хэрэглэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Б-т учруулсан хохирол болох 336,150 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан хохирогчийн ХААН банкны дансанд 333,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, мөн хохирогч Ч.Б-н цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүхээс түүнд ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт холбогдуулан хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ц.Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Г-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт холбогдуулан хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасуай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц