| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2210014741135 |
| Дугаар | 2023/ДШМ/908 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/908
2023 09 07 2023/ДШМ/908
Л.Б, Л.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгч, хохирогч Л.Х, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Б, Л.Х нарт холбогдох 2210 01474 1135 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Л-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт ... дүүргийн .... дугаар хороо, ... гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .... дугаар хороо, .... байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../;
2. Б овгийн Л-ын Х, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Л.Б нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголика” амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үсдэж, хавирга руу нь өшиглөх, цохих зэргээр зодож Л.Хийн эрүүл мэндэд бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 10 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, духны зүүн хэсэг, зүүн хацар, шанаа, амны зүүн булан, зүүн хөх, мөр цээж, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Л.Х нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголика” амралтын газарт Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, маажих, хазах зэрэг байдлаар зодож, Л.Бын эрүүл мэндэд баруун доод зовхи, шанаа, зүүн зулай, дээд уруулд шарх, цус хуралт, зүүн шуу, даланд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Л.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Л-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, шүүгдэгч Б овгийн Л-ын Х-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овгийн Л-ын Б-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Л-ын Х-ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Л.Быг өөрийн оршин суух газар буюу бүртгэлтэй Б дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.Хийг өөрийн оршин суух С дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Л.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор шүүгдэгч Л.Б хохирогч Л.Хт, шүүгдэгч Л.Х хохирогч Л.Бт тус тус төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Х, Л.Б нар нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Б, Л.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Л.Хт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчмыг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, Л.Хийн хувьд Л.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдсан зэрэг нөхцөл байдлууд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тогтоогддог. Холбогдогч нарын мэдүүлгээр урьд нь Турк улсад Л.Х нь хүчирхийлэлд өртөж байсан нөхцөл байдал нь тогтоогдож дээрх хөнгөрүүлэн үзэх байдал байсан болох нь тодорхой харагддаг. Гэвч шүүх дүгнэхдээ түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцохдоо гаргаж буй хандлага, эрхэлсэн ажилгүй, цалин хөлс орлогогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Л.Хийн хувьд түүнд торгуулийн ял оногдуулахад төлж барагдуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байдаг. Гэтэл ийнхүү шийдвэрлэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй тухайн зүйл ангид заасан хамгийн хүнд санкцийг шүүхээс хэрэглэсэн нь дээрх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй. Эмнэлгийн байгууллагаар тогтмол үйлчлүүлэх нөхцөл байдал үүссэн. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах эрхэд нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/453 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр тогтоон торгох ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарын харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Шүүгдэгч Л.Хт оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголика” амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үсдэж, хавирга руу нь өшиглөх, цохих зэрэг байдлаар зодож, Л.Хийн эрүүл мэндэд “бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 10 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, духны зүүн хэсэг, зүүн хацар, шанаа, амны зүүн булан, зүүн хөх, мөр цээж, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.Х нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголика” амралтын газарт Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохих, маажих, хазах зэрэг байдлаар зодож, Л.Бын эрүүл мэндэд “баруун доод зовхи, шанаа, зүүн зулай, дээд уруулд шарх, цус хуралт, зүүн шуу, даланд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Л.Хийн “...2022 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Монголика” амралтын газрын 316 тоот өрөөнд найз залуу Л.Б намайг зодсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зодоон яг ямар асуудлаас болж эхэлснийг санахгүй байна. Намайг ухаан ороход үсдээд зодож байсан. Миний гар хөлийг мушгиад үсдээд зодож байхдаа үснээс татаж байгаад баруун хавирга руу өшиглөсөн. Б намайг алгадаж би газар унахад миний дээр гарч зодсон. Б миний гарыг бариад хөдөлгөхгүй байхаар нь түүний дагзны зүүн хэсэгт нь хазсан. Миний барьж байсан стакан угаалтуурт цохигдож хагарч гар зүсэгдсэн. Намайг зодуулж байхад Баяраа гэх найз нь гараад явсан. ...Миний нурууны 2 сэртэн яс хугарсан, баруун талын хавирга хугарсан тул амьсгалахад хүндрэлтэй байна. Нуруунаас болж хөдөлгөөн хязгаарлагдсан. Энэ гэмтлийг найз залуу Л.Б учруулсан. ...” /1хх 20/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8184 дугаартай “...Л.Хийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 10 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, духны зүүн хэсэг, зүүн хацар, шанаа, амны зүүн булан, зүүн хөх, мөр, цээж, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун бугалга тохой, шуу, сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 23-25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8140 дугаартай “...Л.Бт баруун доод зовхи, шанаа, зүүн зулай, дээд уруулд шарх, цус хуралт, зүүн шуу, даланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 29-30/ гэх дүгнэлтүүд,
гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-9/, хохирогч Л.Хийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-12/, хохирогч Л.Хээс гаргасан Л.Бт зодуулсан гэх фото зураг болон “Buya Vs Hosoo”, “alt Bymbaoyun” гэх фейсбүүк хаягтай харилцсан зурвасын хуулбарууд /1хх 82-108/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Л.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, шүүгдэгч Л.Хийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.Б, Л.Х нарын 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголика” амралтын газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч Л.Б нь хохирогч Л.Хийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Л.Х нь хохирогч Л.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан “...Л.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиг, мөн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал болон урьд Л.Бт зодуулж байсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Х өөрийн найз н.Бямба-Оюунтай фейсбүүкийн чатаар харилцаж байсан зурвас зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжээр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-ын Х-ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-ын Х-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудаас шүүгдэгч Л.Хтэй холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Хт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ