| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01325/И |
| Дугаар | 320/ШШ2025/00241 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2025/00241
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 320/ШШ2025/00241 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ****** дүүргийн *****дугаар хороо, *********** дугаар байрны ******** тоотод оршин суух, Д.М ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **** *** дугаар багийн **дугаар гудамжны ** тоотод байрлах Ш.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн *** орон сууцны өмчлөгч Д.М мөн болохыг тогтоолгох, тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгах тухай 155/2024/01325/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У ,
Хариуцагч Ш.Г -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь Ш.Г -д холбогдуулан Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багт байрлах **** дүгээр байрны ** давхар, ** тоотод байрлах **** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.М мөн болохыг тогтоолгох, тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн *** орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ж.А тай гэрээ байгуулж төлбөрөө 100 хувь төлж худалдаж авсан. Тухайн үед Ш.Г -ийн захирал З.Г гэж хүн ирээд хамт гэрээ байгуулсан. 2022 оны 5 дугаар сард ашиглалтад орно тэгээд байрандаа орж болно гэж хэлж байсан. Мөнгөө бүтэн төлчхөөд жил хүлээгээд байр маань ашиглалтад ороогүй. Бид тухайн байрны дотор заслыг өөрсдийн хөрөнгөөр хийж орсон. Байрын засал хийсэнтэй холбоотой зүйлсийг Ш.Г -д хэлээгүй. Одоо Ж.А ийм үйл явдал болж байгаа гэдгийг мэдээгүй. Өөрөө Улаанбаатар хотод амьдардаг учраас та нарыг ямар ч асуудалгүй байрандаа амьдраад байгаа гэж бодсон гэж надад хэлсэн. З.Г гэж хүнтэй утсаар яриад лавлахад манайх удахгүй улсын комисст хүлээлгэж өгнө гэж хэлсэн. З.Г ч мөн тэгж хэлсэн. Бид 2 жил хүлээсэн боловч уг байрыг улсын комисс хүлээж аваагүй тул өмчлөл тогтоолгох гэж шүүхэд хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн *** орон сууцны хууль ёсны өмчлөгч Д.М мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг ******** нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгаж өгнө үү...гэв.
Хариуцагч Ш.Г -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Уг ** дүгээр байр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад хөнгөлөлттэй олгогдсон байр. Манай Ш.Г нь Ж.А аас барилгын материал аваад бартер хийж тухайн 2 өрөө байрыг өгсөн байдаг. Ж.А нь өөрөө Улаанбаатар хотод амьдардаг. Уг байрыг бартер хийж авсан байраа Д.М т худалдсан бөгөөд төлбөр тооцоо нь Ж.А , Д.М нарын хооронд явагдсан. Манай компани хөндлөнгөөс оролцоогүй. Тухайн байрны барилгын ажил бүрэн дуусаагүй 7 дугаар давхар болон техникийн давхар засал хийгдээгүй тул улсын комисс хүлээж аваагүй байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байранд өмчлөл тогтоох нь хууль бус гэж бодож байна. Энэ барилгыг З.Г гэж ББСБ-ийн барьцаанд тавьж 380,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээл төлөгдөж дуусаагүй Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд уг маргаан явж байгаа. 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад З.Г ББСБ-д бүтнээр нь барьцаанд тавьсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 100 хувь манай компанийн нэр дээр гарсан. Улсын комисс хүлээж авсны дараа өмчлөлөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай компаниар гаргуулах боломжтой гэрээ байгуулсан. Наана нь өмчлөлөөр тогтоох боломжгүй. Ж.А тай манай Ш.Г нь төлбөр тооцооны асуудал бас байдаг. Үүнийг би өмнөх шүүх хуралдаанаар хэлж байсан. Энэ хүний төлбөр дуусаагүй байхад энэ хүнээс дамнаж авсан байрыг бусдад өмчлөлөөр тогтоох нь зохисгүй зүйл. Тийм учраас өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** бүртгэлийн дугаартай “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, * оны ** дүгээр сарын **-ны өдрийн **дугаартай ХААН банкны шилжүүлгийн баримтын хуулбар, ** оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** дугаартай ХААН банкны шилжүүлгийн баримтын хуулбар, Төлбөр хүлээн авсан тухай гэх толгой бичвэр бүхий “Иргэн Д.М нь Хөвсгөл аймагт баригдаж байгаа Ш.Г /***/-ны ** давхар орон сууцны ** давхарын *** хоёр өрөө байрны төлбөрийг 100% бүрэн төлж дууссан болно. Төлбөр хүлээн авсан Ж.А , төлбөр төлсөн ** 2022 оны 4 дүгээр сарын 14” гэх бичвэртэй баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №0696 дугаартай итгэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 3-13, 68 дугаар тал)
Хариуцагчаас ** оны ** дугаар сарын *-ны өдрийн *** дугаартай албан бичгээр Ш.Г -ийн дэд захирал *** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг, шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, ** эмнэлэгийн магадлагааны хуулбар, 0210 401 дугаартай өвчний түүх гэх баримтын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн. (хх-ийн 31, 76, 101-103 дугаар тал)
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх шүүх хуралдааны зар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 77-83 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөвсгөл аймгийн *** орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ж.А тай гэрээ байгуулж төлбөрөө 100 хувь төлж худалдаж авсан. Тухайн үед Ш.Г -ийн захирал З.Г гэж хүн ирээд хамт гэрээ байгуулсан. 2022 оны 5 дугаар сард ашиглалтад орно тэгээд байрандаа орж болно гэж хэлж байсан.
Энэ байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан. Өмчлөгчөөр тогтоолгож айдасгүй амьдармаар байна. 2022 оны 5 дугаар сард улсын комисст өгнө, асуудалгүй гэж байсан. Одоо хэзээ хүлээлгэн өгөх нь тодорхойгүй.
Иймд Хөвсгөл аймгийн *** орон сууцны өмчлөгч Д.М мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч Ш.Г -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай Ш.Г нь Ж.А аас барилгын материал аваад бартер хийж тухайн 2 өрөө байрыг өгсөн байдаг. Ж.А нь өөрөө Улаанбаатар хотод амьдардаг. Уг байрыг бартер хийж авсан байраа Д.М т худалдсан бөгөөд төлбөр тооцоо нь Ж.А , Д.М нарын хооронд явагдсан. Манай компани хөндлөнгөөс оролцоогүй. Манай компани Д.М ээс нэг ч төгрөг аваагүй. Улсын комисс маргаан бүхий байрыг хүлээж аваагүй тул өмчлөгчөөр тогтоолгохгүй. Манай компани маргаан бүхий байрны 75 хувьд нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Үүнийгээ барьцаанд тавьж Алаг уул ган банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Тухайн байрны барилгын ажил бүрэн дуусаагүй 7 дугаар давхар болон техникийн давхар засал хийгдээгүй тул улсын комисс хүлээж аваагүй байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байранд өмчлөл тогтоох нь хууль бус гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь Ш.Г -д холбогдуулан Хөвсгөл аймгийн *** орон сууцны өмчлөгч Д.М мөн болохыг тогтоолгох, тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш.Г нь иргэн Ж.А тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №*** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Ж.А нь 93,159,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хариуцагч Ш.Г -д нийлүүлэхээр, барилгын материалын төлбөрт хариуцагч Ш.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууц буюу 49 дүгээр байрны 7 давхарын 32 тоот, 2 өрөө, 56.46 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. (хх-ийн 5 дугаар тал)
Улмаар зарын дагуу нэхэмжлэгч Д.М нь маргаан бүхий орон сууцыг иргэн Ж.А аас 70,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1356 бүртгэлийн дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. (хх-ийн 7 дугаар тал)
Нэхэмжлэгч Д.М нь иргэн Ж.А т орон сууцны төлбөр болох 70,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 4 дүгээр сарын 7, 14-ний өдрүүдийн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, төлбөр хүлээн авсан тухай баримт зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 8-10 дугаар тал)
Нэхэмжлэгч нь 2023 оны 2 дугаар сараас эхлэн маргааны бүхий орон сууцанд амьдарч байх ба энэ талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлснөөр өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь захиалагчийн эрхийг шилжүүлэн авахад Ш.Г -ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай “Иргэн Ж.А нь Ш.Г /***/-ийн баригдаж байгаа *** хоёр өрөө байрыг худалдан авсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болно. Иргэн Ж.А нь тухайн орон сууцны захиалгын гэрээг бусдад шилжүүлж болно. Захирал З.Г ” гэх бичилттэй албан бичгийг үндэслэл болгожээ. (хх-ийн 7 дугаар тал)
Хариуцагч Ш.Г -ийн захирлын дээрх албан бичгийг үндэслэн гэрээ байгуулж буй үйл явдал нь нэхэмжлэгчийн хувьд түүний итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх нөхцөл байдал байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”, мөн зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.” гэж тус тус хуульчилсан.
Иргэн Ж.А нь орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлснийг хариуцагч Ш.Г нь мэдсэн болох нь Ш.Г -ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гал-Эрдэнийн “Мэдсэн” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Ж.А ын шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 давхарын 32 тоот, 56.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.М мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Харин маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах мэдүүлгийг нэхэмжлэгч гаргана. Энэ тохиолдолд Ш.Г нь компанийн зүгээс шаардагдах баримтыг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн улсын комисс хүлээн аваагүй байранд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үндэслэлгүй байх тул тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах ** дүгээр байрны ***давхарын ** тоот, ** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч * *** (****) мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626,245 (зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав) төгрөгөөс 578,150 (таван зуун далан мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 48,095 (дөчин найман мянга ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Г -иас Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний дүн болох 70,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 578,150 (таван зуун далан мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.М т олгохоор тогтов.
Харин хариуцагч Ш.Г нь уг маргааны бүхий орон сууцны төлбөртэй холбоотой шаардлагыг холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****дугаар багт байрлах **** дүгээр байрны ** давхарын ** тоот, ** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч **** мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус орон сууцны гэрчилгээг Д.М ийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г -д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626,245 (зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин тав) төгрөгөөс 578,150 (таван зуун далан мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 48,095 (дөчин найман мянга ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Г -иас улсын тэмдэгтийн хураамж 578,150 (таван зуун далан мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.М т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ