Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1820000000015 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын туслах машинчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, эгчийн хамт  Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим 52-44 ДГА улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгээ эрхэлж байхдаа машинд нь гээгдүүлсэн хохирогч Ө.А-н ягаан өнгийн түрийвч, уг түрийвчин дотор 306 юань, 4 ширхэг 20,000 төгрөг, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 1 ширхэг нийт 81,500 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны цалингийн карт, иргэний үнэмлэх, гоёлын хүзүүний зүүлт зэрэг эд зүйлээ гээсэн байсныг завшиж бага хэмжээнээс дээш буюу 476,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн эцэг Б, эгчийн хамт амьдардаг. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ээжийн төрсөн дүү М-н гэр бүлийн хамт амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өөрийн машинаар таксигаар үйлчилгээнд явахаар М эгчийн гэрт ирсэн. Ингээд би М эгчийн гэрт ирсэн өдрөөс тус суманд өөрийн машин болох 52-44 ДГА улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн машинаар такси үйлчилгээнд явж эхэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр 07 цагийн орчимд би таксинд явахаар өөрийнхөө машинтай гэрээсээ гарсан. 18 цагийн орчимд би үргэжлүүлэн такси үйлчилгээнд явж байтал Ч ХХК-ний орчимд замын хажууд 30 орчим насны эмэгтэй гар өргөн зогсож байхаар нь би машиндаа суулгасан. Дээрх эмэгтэй миний машин дуугаар надаар ногооны дэлгүүр орчихоод Хаан банкны үүдэнд буусан. 20 цагийн орчимд би М эгчийн гэрийн гадаа ирээд машинаа цэвэрлэсэн ба сандлын шалавчны завсар ягаан өнгийн түрүүвч байсан. Би уг түрүүвчийг авч доторхыг нь шалгатал иргэний үнэмлэх банкны виза карт, үүрэн холбооны дугаарын симний үүр, 4 ширхэг 20.000 төгрөгний дэвсгэр, 1 ширхэг 1000 төгрөг, 1 нэг ширхэг 500 төгрөг, эмэгтэй хүний хүзүүны хар зүүлт мөн 306 юань байсан. Би түрүүвчин дэх эд зүйлийг үзчихээд ягаан өнгийн түрүүвчийг эд зүйлийнх нь хамт машиндаа үлдээгээд М эгчийн гэрт орсон. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би такси үйлчилгээнд явсан боловч ягаан өнгийн түрүүвч болон доторх эд зүйлийг ашиглаагүй ба мөн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөгүй. Тухайн үед би хуулиа мэдэхгүй байсан болохоор өгөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 07 цагийн орчимд би такси үйлчилгээнд явахаар М эгчийн гэрээс гарсан. 12 цагийн орчимд би түрүүвчинд байсан 306 юаныг вокзал дээр зогсдог ченж нарт зарж 110,000 гаран төгрөг болгосон. Тэгээд түрүүвчин дэх эд зүйлийг дахин шалгаж байтал үүрэн холбооны газар болох Юнителийн дугаарын сим дээр 8 орон тоо байсан ба түрүүвчинд байсан виза картыг Төрийн банкны бэлэн мөнгөний ATM-д уншуулахад картны нууц оруулах шаардлага гарсан. Ингээд би дээрхи симний үүрэн дээр бичсэн байсан 8 оронтоо тооны сүүлийн 4 оронтоо тоо болох 0017 дугаарыг картны нууц дугаараар оруулж картан дахь үлдэгдэл мөнгийг шалгахад 175,000 төгрөг байсан ба 170,000 төгрөгийг нь зарлагаар гарган авсан. Тэгээд нийт түрүүвчинд байсан 81,500 төгрөг 306 юань солиулсан 110,000 төгрөг, картнаас зарлагаар авсан 60,000 төгрөгөөр машиндаа бинзен хийж, М эгчийн гэрт 50,000 төгрөгөөр хүнсний зүйл худалдан авсан, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Дорноговь аймгийн Сайншанд сум орох шаардлага гараад 80,000 төгрөгөнд машиндаа бинзен хийсэн. Маргааш нь би машинаа унан ЗамынҮүд суманд ирсэн. Үлдэгдэл 171,000 төгрөгийг өөрийнхөө түрүүвчинд хийж тухайн өдрөө ягаан өнгийн түрүүвчийг Замын-Үүд сумын 4 замын эмийн сангийн орчимд хаясан. Харин иргэний үнэмлэхийг виза карт эмэгтэй хүний хар өнгийн хүзүүний зүүлтийг өөртөө авч үлдсэн байсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр намайг цагдаагийн байгууллагаас дуудсан. Би миний машинд түрүүвчээ мартаж буусан Ө.А-д учирсан хохирлыг нөхөн барагдуулж бичиг баримт виза карт эмэгтэй хүний хүзүүний зүүлтийг буцаан өгсөн. Мөн түрүүвчинд байсан иргэний үнэмлэхний хүний нэрийг нь анзаарч хараагүй. Ямар ч байсан эмэгтэй хүний зураг л байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 28-30/,

- Хохирогч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд би гэрээсээ гараад такси бариад ногооны дэлгүүр орж хүнсний зүйл худалдан аваад буцаад таксиндаа суугаад Хаан банкны орчимд буусан. Би таксинаас буугаад Хаан банкны ATM орж түрүүвчнээсээ виза картаа авахдаа таксинд түрүүвчээ мартаад бууснаа санасан. Тухайн үед би өөрийнхөө салан байдлаас болж түрүүвчээ хаясан гэж бодоод ач холбогдол өгөөгүй. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 11 цаг 20 минутанд миний гар утсанд худалдаа хөгжлийн банкан дахь миний цалингийн данснаас 170,500 төгрөг зарлагаар уншигдсан мессеж ирсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед сууж явсан таксиныхаа улсын дугаарыг анзаарч хараагүй. Ямар ч байсан саарал өнгийн Тоёота приүс-20 маркийн машин байсан ба жолооч нь 25-28 орчим насны бор царайтай эрэгтэй байсан. Тухайн үед би гэрээсээ гараад таксигаар үйлчүүлэхдээ тухайн тээврийн хэрэгслийн хойд талын сандал дээр суусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17/,

- В ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 318-20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 18-25/,

- Хохирлын тооцооны хүснэгт /хх-ийн 43/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим 52-44 ДГА улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгээ эрхэлсэн ба иргэн Ө.А үйлчлүүлээд буухдаа машинд нь түрийвчээ гээсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г   2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим 52-44 ДГА улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгээ эрхэлж байхдаа машинд нь гээгдүүлсэн хохирогч Ө.А-н ягаан өнгийн түрийвч, уг түрийвчин дотор 306 юань, 4 ширхэг 20,000 төгрөг, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 1 ширхэг, нийт 81500 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны цалингийн карт, иргэний үнэмлэх, гоёлын хүзүүний зүүлт зэрэг эд зүйлээ гээсэн байсныг завшиж бага хэмжээнээс дээш буюу 476,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим автомашинаар таксины үйлчилгээ эрхэлж байхдаа хохирогч Ө.А-н гээгдүүлсэн ягаан өнгийн түрийвч, түрийвчин доторх эд зүйлийг завшиж бага хэмжээнээс дээш буюу 476,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Алтансувдын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б.Б-г гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б нь 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Б.НАРМАНДАХ