| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0874/З |
| Дугаар | 128/ШШ2024/0984 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0984
2024 12 20 128/ШШ2024/0984
Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудаст
өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдуулан бичсэн Улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн дүгнэлтээр хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* би, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* нь Экологийн цагдаагийн албанаас илрүүлж, шалгуулахаар шилжүүлсэн "...******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан." гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган 2024 оны 9 дүгээр сарын 16- ны өдөр А.Б*******г Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 1,640,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн ******* дугаартай материалыг шалгалтын явцад хянав.
Зөрчлийг шалгасан материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл (1-р хуудас), А.Б*******гээс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр холбогдогчоор авсан "... Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа замаасаа 2 ширхэг тарвага хүнээс 90,000 төгрөгөөр худалдаж авсан...ганцаараа гар өргөөд дайгдах гээд зогсож байхад энэ машинтай залуу хот орно гээд намайг суулгаад явсан." гэх мэдүүлэг (2-3-р хуудас), гэрч Н.Аын өгсөн "...хот руу хөдлөх гэж байхад бид хэдийн байж байсан цэцэг сумаас таних гүй 1 эгч хот оруулаад өгөөч ээ гэж хэлээд суусан." гэх мэдүүлэг (4-5-р хуудас) эрх бүхий албан тушаалтны баримт бичиг хураан авсан тогтоол (6-р хуудас), эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7, 9-10-р хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, мэрэгч амьтны дуудлагад үйлчилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10-12-p хуудас), Экологийн цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас (8-р хуудас). А.Б*******гийн өөрийн гараар бичиж өгсөн тайлбар (9-р хуудас), баримт бичиг буцаан олгосон тухай тэмдэглэл, ******* дугаартай шийтгэлийн хуудас (17-р хуудас) зэрэг баримтуудаар:
А.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр бусдаас 2 ширхэг тарвага худалдан авч, улмаар Ховд аймгаас ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайгдаж сууж, зорчин Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дахь хяналтын постод 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэж ирсэн болох тогтоогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалаар монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаагаар хориглосон байсан бөгөөд энэ хугацаа нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.
Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.3 дахь заалтад "урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл" хугацаанд агнах, барихыг хориглосон ба уг 10 сарын хугацаанд тарвага агнах хориотой үе байх бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан "... амьтныг агнах хориотой үед..." хамаарч, амьтныг барьсан, агнасан болон тээвэрлэсэн үйлдлүүд байхаар,
харин жил бүрийн 08 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үргэлжлэх 2 сарын хугацаанд тарвага агнахыг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ Амьтны тухай хууль болон холбогдох журамд зааснаар төлбөр, хураамжийг төлж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч, улмаар тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолттойгоор худалдах, худалдан авах талаар хуульд заасан ба энэ цаг хугацаанд:
агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан зөрчил болохоор хуульд заажээ.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь 1 ширхэг тарвагыг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шийдвэрлэх ёстой зөрчилд холбогдогч А.Б*******д "...зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарвага тээвэрлэсэн" гэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан байна.
Энэ нь "Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******гийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт "...А.Б******* нь ...Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан... болох нь... А.Б*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...." гэж шийдвэрлэх нь хэсэгт “...А.Б*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай...” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******гаас гаргасан А.Б*******д холбогдох хориглосон газарт 2 ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтаар зөвтгөх дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 35 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ.
Тухайн зөрчлийн хэргийн хувьд Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* нь “зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарвага тээвэрлэсэн” гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ******* регистрийн дугаартай А*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль, 1,640,000 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл ногдуулжээ.
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* нь зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулсан нь Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно”, 9.1.3-т " урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл" гэж тус тус заасныг зөрчиж торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичжээ.
Тодруулбал Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.3 дахь заалтад "урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл" хугацаанд агнах, барихыг хориглосон ба уг 10 сарын хугацаанд тарвага агнах хориотой үе байх бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан "... амьтныг агнах хориотой үед..." хамаарч, амьтныг барьсан, агнасан болон тээвэрлэсэн үйлдлүүд байхаар, харин жил бүрийн 08 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үргэлжлэх 2 сарын хугацаанд тарвага агнахыг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ Амьтны тухай хууль болон холбогдох журамд зааснаар төлбөр, хураамжийг төлж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч, улмаар тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолттойгоор худалдах, худалдан авах талаар хуульд заасан ба энэ цаг хугацаанд агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан зөрчил болохоор хуульд заасан.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь 1 ширхэг тарвагыг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шийдвэрлэх ёстой зөрчилд холбогдогч А.Б*******д "...зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарвага тээвэрлэсэн" гэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь "Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Зөрчилд холбогдогч А.Б*******д холбогдох зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-д “.Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр байна.
Тиймээс ч прокурор дүгнэлт бичиж, прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтээр Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж, энэ захиргааны хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА