Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/759

 

           

 

 

 

 

 

 

 

2023           7             25                                              2023/ДШМ/759

 

 

 

М.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/934 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхтариагийн гаргасан давж заалдах гомдлоор яллагдагч М.Бод холбогдох 2303001430175 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

М.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, Нью Улаанбаатар интернейшнэл эйр порт ХХК-д цахилгаан хангамжийн ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 23-2 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Яллагдагч М.Б нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 10 орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө “Эрэл” банкны урд замд М.П\/П маркийн 46-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлтэд 2023 оны 02 дугаар сарын 28-н өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг яллах баримтад тооцон дүгнэлт хийсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтгүй гэжээ. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Эрэл банкны урд замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийн хяналтын камерын бичлэгийг хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй нь өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч М.Бод холбогдох эрүүгийн 2303001430175 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, прокурорт очтол яллагдагч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.   

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хянавал шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу “...явган зорчигч Н.О машинд мөргүүлж эрүүл мэндэд нь хохирол учирсан” гэх гомдолд ахлах мөрдөгч Ц.Батбаяр нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг 50 минутад прокурорт утсаар урьдчилан мэдэгдэж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Эрэл” банкны урд талын замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 15 дахь тал/-ыг ирүүлсэн, саналыг прокурор хянаад “нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл үүсч болзошгүй” үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй”-д тооцсон 64 дугаартай прокурорын зөвшөөрлийг олгосон. Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...бичлэгийн 08 минут 28 дэх секундэд явган хүний зохицуулдаггүй гарцаар явган зорчигч нар зам хөндлөн алхаж яваа нь харагдах бөгөөд 08 минут 31 дэх секундэд цүнх үүрээд явсан явган зорчигчийн цүнх хэсгээс цаас гэмээр зүйл зорчих хэсэг дээр унаж байх ба явган зорчигч цааш алхан буцаж /бичлэгийн 08 минут 36 дэх секундэд/ эргэж алхан зам дээр унагаасан цаас гэмээр зүйлийг авч буцаад цааш алхах үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд зорчиж явсан автомашин явган зорчигчийг явган хүний гарц дээр мөргөж байгаа дүрс бичлэг байв...” гэж тусгасан. /хх-ийн 14 дэх тал/, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч С.Д “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” мөрдөгчийн санал гарган хэргийг прокурорт ирүүлэхдээ “эд мөрийн баримтаар осол болсон үеийн дүрс бичигдсэн 1 ширхэг СД хавсаргав” гэжээ /хх-ийн 136 дахь тал/. Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 201 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “эд мөрийн баримтгүй” гэж бичиж, техникийн шинжтэй алдааг гаргасан, прокурорын ажилтан нь М.Бод холбогдох эрүүгийн 2303001430175 дугаартай хэргийн эд мөрийн баримт болох ослын үеийн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг шүүхэд хүргүүлээгүй байна. Прокурорын зүгээс М.Бод холбогдох 2303001430175 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохдоо 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 201 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “...2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-06 тал/, “...2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн камерын бичлэг /хх-14 тал/ ...” зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэргийн материалаас шинжпэн судлуулахаар тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжпэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна. Ослын үеийн дүрс бичлэг бүхий СД-г шүүхэд хүргүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр хэргийг прокурорт буцаах заалтад хамаарахгүй бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн ...энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, мөн хуулийн 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай” гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна" гэсэн хуулийг хэрэглэх боломжтой байтал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 2023/ШЗ/934 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

            Хохирогч Н.Оийн өмгөөлөгч Р.Мөнхтариа давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:“...Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээ яллах баримтанд тооцон Прокурорын яллах дүгнэлтэндээ тодорхой бичиж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин яллах дүгнэлтийн хавсралтанд “Эд мөрийн баримтгүй” гэж бичсэн, бичлэгийн дүрсийг шүүхэд ирүүлээгүй нь бичиг техникийн алдаа гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслээд хэргийг шийдвэрэх боломжтой байхад ганц бичлэгийн сидийг ирүүлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг  хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авна уу...Тээврийн Цагдаагийн албаны баг хуульд заасан журмын дагуу хэргийн газарт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан...Яллагдагч М.Б “хохирогч буцан эргэж гүйгээд өөрөө машины урдуур орж мөргүүлсэн” гэж мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд мэдүүлсэн нь үндэслэлгүй...Би мөрдөгчөөс хэргийн газрын камерын бичлэгийг хуулж авсан боловч анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон тул камерын бичлэгийг шүүхэд өгч чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд камерын бичлэгийг үндэслэн хохирогчийн буруутай үйлдэл байхгүй болохыг прокурор яллах баримтад тооцон яллах дүгнэлтдээ дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хохирогч Н.Оийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар : Анхан шатны шүүх хуралдааны үед би төрөөд эмнэлэгт хэвтэж байсан тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Яллагдагч М.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй. Прокурор “прокурор хэрэгт камерын бичлэгийг хавсаргаагүй техникийн шинжтэй алдаа гаргасан. Уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, шүүх хуралдааны явцад гаргаж өгөх боломжтой” тайлбарласан нь үндэслэлгүй. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс “хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож шийдвэр гаргахад хэрэгт авагдсан нотлох барим нь хүрэлцээтэй нотлох баримт болж чадахгүй” гэж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хянаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан. Учир нь, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн агуулга нь камерын бичлэгээс эрс зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, уг зөрүүтэй байдлын улмаас мөрдөгчийн магадлагаа буруу гарсан. Мөрдөгчийн магадлагаа гаргасан мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Иймд уг мөрдөгчийн магадлагааг хуульд нийцсэн гэж үэзх боломжгүй...Явган зорчигч Н.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн б/-д “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;” гэж заасныг зөрчсөн. Энэ талаар мөрдөгчид тайлбарласан боловч мөрдөгч уг хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн. Би дахин прокурорт дээрх асуудлаар хүсэлт гаргасан боловч прокурор хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоолдоо ямар үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ тодорхой дурдаагүй. Зөвхөн “эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна” гэж мөрдөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсний үр дүнд уг хэрэг үнэн, зөв шийдэгдэнэ. Миний үйлчлүүлэгчийг зөвхөн буруутай гэж үзэж байгаа мөрдөгчийн магадлагаа үндэслэлгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч М.Б шүүх хуралдаанд : Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартаа санал нэг байна. Нэмж хэлэх тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах эсэргүүцэл, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:

1. Хэргийн бодит байдлыг тогтооход нотолгооны шууд эх сурвалж болох “тусгай мэдлэгийн” хүрээнд хийгдэх асуудлыг эргэлзээгүй бөгөөд бодитой шалгахгүйгээр   яллагдагчид холбогдох хэргийн зарим нотлох баримтыг тусгай мэдлэгтэй этгээд гаргасан эсэх нь эргэлзээтэй байхад эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй.  

Тус хэрэгт мөрдөгч магадлагаа гаргасан боловч яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, техникийн тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах талаарх удаа дараагийн хүсэлтийг мөрдөгч, прокурор тухай бүр тодорхой үндэслэл дурдахгүйгээр хэрэгсэхгүй болгосон /хх-105, 120-125, 137-147/ байгааг зөвтгөх боломжгүй.   

Учир нь, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн эсэх баримтаа гаргаагүй буюу хавсаргаагүй  байхаас /хх-103/ гадна мөрдөгч, прокурор нь тухайн хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг бүхий нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд учраас мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай оролцогчийн хүсэлтийг хүлээн авахаас тухай бүр татгалзсан нь мөрдөгчийн магадлагааны үндэслэлийг үгүйсгэх, бодитой эргэлзээ, ашиг сонирхлын зөрчилтэй мэт ойлгогдохуйц байдлыг үүсгэсэн байна.   

Мөрдөгчийн магадлагаа нь нотлох баримтын давуу талтай эх сурвалж бишээс гадна  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “яллагдагчиийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй” учраас хэргийн оролцогчоос мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй тухай хүсэлт гаргасан л бол  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд тухайн хүсэлтийг шууд үндэслэн шинжээч томилох  шаардлагатай болохыг анхаарах нь зүйтэй.   

2. Албан ёсны эх хувиас нь хуулбарлан авсан гэх бичлэгийг эрүүгийн хэрэгт хавсарган ирүүлээгүй тухайн тохиолдолд “камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь дүрс бичлэгтэйгээ тохирохгүй, дүрс бичлэгийг тэмдэглэлдээ бүрэн тусгаагүй” тухай яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг таамаглан шийдвэрлэх, түүнчлэн шүүх хуралдаанаас дутуу баримтыг дахин бүрдүүлж, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй хянагдаж, засагдах ёстой.     

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх үндэслэлд хамаарах дээрх нотолбол зохих тусгай мэдлэгийн асуудлыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/934 дугаар захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/934 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн  гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

                               ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР