| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00093/И |
| Дугаар | 319/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2025/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оны 08 сарын 27-нд төрсөн. Одоо 52 настай. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. 1981-1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд орж суралцан 8-р анги төгссөн. 8-р ангиа төгсөөд Эвлэлийн илгээлтээр тус сумын "Оч" нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар томилогдон хуваарилагдан ажиллаж байгаад 1992 онд нэгдэл тарж улмаар малчин болж тус сумандаа мал маллан амьдарч байна. Нөхөр Ж.Жамбалдоржтой 2003 онд гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн он жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* овогтой ******* намайг 1989 оны 06 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын "Оч" нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******гийн 1989 оны 06 сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын "Оч" нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү
3. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1.Хүсэлт гаргагч Д.*******гоос иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн *******, ******* нарын тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, итгэмжлэл зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,
3.2. Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, гэрч *******, ******* нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын "Оч" нэгдлийн үйлдвэр бригадад 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.
5. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын “Оч” нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаар тушаалаар тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн Д.*******г нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар томилж ажиллуулсан байна.
******* сумын “Оч” нэгдлийн захиргаанаас хүсэлт гаргагч Д.*******д 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээж, олгосон хөдөлмөрийн дэвтрийн эрхэлсэн ажлын мэдээлэл бичигдэх хэсэгт “Нэгдлийн даргын 1989.06.10-ны өдрийн 19 тоот тушаалаар 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үйлдвэр бригадад ажилчнаар ажиллуулсан” гэж бичигдэж, 1989 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн хөлс олгосон талаар бичилт хийгдэж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Д.******* нь 1991-2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.
Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолтод “******* овогтой Цэндсүрэн нь тус сургуулийг 1989 онд М.Алтанцэцэг багштай 8-р ангид суралцаж төгссөн нь үнэн болно.” гэжээ.
Гэрч *******гийн “...Д.******* нь 8 дугаар анги 1989 онд төгсөөд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн үйлдвэрийн бригадад ажиллаж эхэлсэн. Тухайн үед нэгдлийн ямар ажил хий гэнэ тэр бүхнийг хийдэг байсан. Хашаа барихаас эхлүүлээд тогооч хүртэл хийж явсан. Тэрээр 1991 он хүртэл ажилласан бөгөөд 1991 оноос Оч нэгдэл тарсан. Нэгдэл тарснаас хойш тэрээр хувиараа мал малласан. Одоо тэрээр ******* суманд мал маллаж байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч *******ын “...Намайг Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн үйлдвэрийн бригадад ажиллаж байхад Д.******* нь 1 жилийн дараа туслах ажилтнаар ажилд орсон. Ажилд орохоосоо өмнө сургуульд сурч байсан байх. Бид нэг нутаг усны хүмүүс учир нэгнээ зүс таньж сайн мэднэ. Тэрээр надтай хамт үйлдвэр бригадад 3-4 жил хамт ажилласан санагдаж байна...” гэсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь 8 дугаар ангиа төгссөн жил буюу 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
6. Гэрч *******, ******* нарын “нэгдэлд туслах ажилтнаар бид хоёртой хамт ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
7. Шүүх хэрэгт цугларсан дээрх гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******гийн Ховд аймгийн ******* сумын "Оч" нэгдлийн үйлдвэр бригадад 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт *******гийн *******гийн Ховд аймгийн ******* сумын "Оч" нэгдлийн үйлдвэр бригадад 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК