Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.О,

Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.У-д холбогдох эрүүгийн 201701000085 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой,  эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, 2 настай хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7 дугаар хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.У,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг “Ж” зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис 30,6 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 сард гэртээ засвар хийхээр барилгын материал авахаар Бээжин явсан. Засвар хийх бүх зүйлээ аваад гэр лүүгээ явуулчихаад өөрөө 27-ны өдөр Замын-Үүдэд ирээд вокзалын ойролцоо буугаад “Ж” хийдэг гэх эмээгийн цайны газрыг хайгаад хойшоо зам дагаад алхаж байтал автозасварын газар бололтой нэг газар /хар тамхи худалдаж авсан газар/ 30-40 орчим насны үл таних Өвөр Монгол эрэгтэй хүнтэй тааралдсан. Тэгсэн тэр хүн миний өмссөн зүйснийг хараад Монгол хэлээр “чи юу хийж яваа юм, надаас юм сонирхох уу” гэхээр нь “юу юм” гээд гайхаад асуусан чинь цамцны халааснаасаа улаан өнгийн уутанд хийж цаасанд ороосон цагаан өнгийн нунтаг зүйл гаргаж ирсэн, тэгэхээр нь би сонирхоод “наадах чинь тэгээд юу юм” гэхэд Монголоор “Мөс байна, хямдхан авах уу, чиний байгаа мөнгөнд чинь өгчихье” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь байсан мөнгөө үзсэн чинь халаасанд 320,000 төгрөг бэлэн байхаар нь уг мөнгөө түүнд өгсөн. Тэгээд би хэдэн грамм байгаа юм бол гээд гадна харагдах байдлаар харсан чинь зип лок түгжээ бүхий уутанд хийсэн 3 уут цагаан өнгийн талстлаг хэлбэртэй нунтаг зүйл байсан ба уутан дотор нь дээрхи зүйлээс гадна 4 ширхэг шилэн гаанс, 1 ширхэг шилэн бортог, 2 ширхэг гуурс байсан. Урьд нь би “Мөс” гэх хар тамхийг Улаанбаатар хотод хэрэглэж үзсэн болохоор тэр үедээ сонирхол татаад худалдаж авсан, тэрнээс надад бусдад зарж борлуулах ямар нэгэн санаа зорилго огт байгаагүй ээ, ингээд би тэр залуутай өөр юм ярилгүй шууд салж яваад “Мөс” мөн эсэхийг нь шалгахаар тухайн газрын ойролцоо байсан нийтийн 00-ын газар ороод шилэн бортогонд нь нэг ууттай зүйлээс нь хийгээд доороос нь асуугуураар халаагаад шилэн дотроос нь гарч буй утааг нь сорж үзэхэд Мөс мөн болохыг мэдээд үс рүүгээ 3 ууттай Мөсөө хийж нуусан. Тэгээд би үлдсэн зүйлээ гар паскандаа хийгээд хоол идэх газар хайж яваад буцаад Замын-Үүд сумын төв талбай дээр ирээд Улаанбаатар хот руу явах машин олсон, тухайн үед машины жолооч нь 50 орчим насны ахимаг хүн байсан бөгөөд “хүн нь бүрдээгүй байна, бага зэрэг хүлээх байх шүү” гэхээр нь хоол идэхээр болсон. Ингээд би хажууд нь байсан М гэх нэртэй хоолны газар ороод өөртөө хоол авч идээд хажуу дэлгүүрээс нь нойтон салфетка худалдаж аваад буцаад цайны газарт ороод суусан чинь цайны газарт байсан хэдэн хүмүүс над руу чиглээд хараад байхаар нь санаа зовоод хот руу явах машин руугаа яараад суусан чинь цайны газарт байсан залуу ардаас гүүж гарч ирээд намайг харснаа буцаад явсан. Намайг машинд суусны дараа жолооч шууд Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд миний араас дагаад байсан хүмүүс манай машиныг зам дээр зогсоогоод хамт сууж байсан хүмүүсийн ачаа тээшийг шалгаад намайг ганцааранг нь хил рүү дагуулж явсан, энэ үед би буруу зүйл худалдаж авсан болохоо мэдсэн. Тухайн үед би айж сандараад хууль бусаар хар тамхи хүнээс худалдаж авсан гээд бүүр илүү их асуудалд орох юм болов уу гэж бодоод хэлж чадаагүй өнгөрсөн, цаг тухайд нь хэлж шалгуулаагүй нь миний буруу болж байна. Би анх өгсөн тайлбар дээрээ яагаад тийм зүйл ярьснаа өөрөө ч мэдэхгүй байна, их айж сандараад ийм зүйл санаагаасаа зохиогоод ярьсан байна. Би Б гэж хүнтэй уулзаагүй, Н гэх хүнээс хар тамхи болон өсгөгч хөгжим аваагүй, Эрээн хотод 2 хоноод шууд хилээр гарч ирсэн. Би Бээжин хотоос барилгын материал буюу эмульс, обой, барилгын дотор засал чимэглэлийн туслах багаж зэргийг худалдаж аваад ямар нэгэн нотлох баримт бичиггүйгээр Улаанбаатар хотод хүргэж өгдөг каргоны газар аавынхаа дугаарын гар утсыг тэмдэглүүлээд замын зардал гэж 350 юан өгсөн, 2-т хүүхэддээ авсан резинен шалавч, хайрцагтай тоглоом, жижиг сажиг хувцаснуудаа гааль дээр үлдээгээд явсан, тийм болохоор би дээрхи зүйлсийг биедээ авч яваагүй юм. Автозасварын ойролцоо байдаг нийтийн 00-д хэрэглэж үзсэн нь үнэн, дараагийн өгөх мэдүүлэгт өөрчлөгдөх зүйл байхгүй, энүүгээр явна. Миний одоо санаж байгаагаар улсын хилээр 10 цагт орж ирээд вокзалын ойролцоо машинаас буусан, тэгээд Ж хийдэг хоолон гэр хайж яваад Замын-Үүд сумын төв талбайгаас хойш 1 км орчим яваад автозасварын ойролцоо Өвөр Монгол хүнтэй тааралдсан, ингээд би тэр хүнээс Мөс гэх хар тамхийг худалдаж аваад хажуу 00-д нь хэрэглэж үзээд буцаад ирсэн замаараа алхаад төв талбай дээр ирсэн, энэ хооронд ойролцоогоор 1 цаг гарангын хугацаа заруулсан бөгөөд замаараа өөр газраар яваагүй, таньж мэдэх хүн байхгүй. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, өөртөө дүгнэлт хийж, ажил төрөл хийе гээд ажилд орсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /2хх-ийн 62-64/, 

- Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4491 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

2. “...Э У 30 нас эм 2017.04.27” гэж хаяглаж авсан шээсэнд метамфетамин /MAMP/-ы агууламж тус тус илрэв.

3. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин /MAMP/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /1хх-ийн 105/,

- Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4490 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 11 гэж дугаарласан цагаан талстлаг мөс мэт зүйл, 22 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 33 гэж дугаарласан цагаан талстлаг мөс мэт зүйл, 1 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 2 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 3 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 4 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 5 гэж дугаарласан шилэн бонго мэт зүйл, 6 гэж дугаарласан резинэн гуурс, 7 гэж дугаарласан резинэн гуурс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 11 гэж дугаарласан цагаан талстлаг мөс мэт зүйл, 22 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 33 гэж дугаарласан цагаан талстлаг мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 6 гэж дугаарласан резинэн гуурс, 7 гэж дугаарласан резинэн гуурсанд метамфетамины агууламж илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 2 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 3 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, 5 гэж дугаарласан шилэн бонго мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 109-110/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад авсан гэрэл зургууд /1хх-ийн 9-14/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-25/,

- Эд мөрийн баримтыг хүлээн авч үзлэг хийж мансууруулух сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай эсэхийг багаж ашиглан шалгасан тухай тэмдэгдэл, үзлэгийн явцад авсан гэрэл зургууд /1хх-ийн 28-29/,

- Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /1хх-ийн 63-67/,

- Эд мөрийн баримтаар тооцож, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 88-103/,   

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 170/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг “Ж” зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис 30,6 граммыг аваад үсэндээ хийж нууж хадгалсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.У-г   2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг “Ж” зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис 30,6 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.У нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис 30,6 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4491 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4490 дугаартай дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хүлээн авч үзлэг хийж мансууруулух сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай эсэхийг багаж ашиглан шалгасан тухай тэмдэгдэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс Э.У-д холбогдох хэргийн зүйлчилэл тохирсон гэж үзэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.У-н үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчилж зүйлчлэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Мөн шүүгдэгч Э.У нь 2 насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн гаанс 5 ширхэг, резинэн гуурс 4 ширхэг, метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис 30,6 грамм, хуйлж базсан тугалган цаас 1 ширхэг, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 5 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хуйлсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөгийг шүүгдэгч Э.У-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.У-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн гаанс 5 ширхэг, резинэн гуурс 4 ширхэг, метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис 30,6 грамм, хуйлж базсан тугалган цаас 1 ширхэг, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 5 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хуйлсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөгийг шүүгдэгч Э.У-д буцаан олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ