Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02348

 

МАГАДЛАЛ

2020.12.14. Дугаар 2348

 

 

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03061 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Э-д холбогдох, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 51 784 650 төгрөгийг тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э-той 2016 оноос хамтран ажиллахаар тохиролцож, Худалдаа хөгжлийн банкны активын хэлтэст зээлийн барьцаанд хураагдсан Баянгол дүүргийн 18-р хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 35г байрны зоорийн давхарт байрлах 297.27 м.кв талбайтай 000406591 гэрчилгээний дугаартай, Ү-2205035306 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авч Фитнесийн зориулалтаар ажиллуулахаар тохиролцсон. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 158 115 384 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулсны дараа уг үл хөдлөх эд хөрөнгийг Х.Э, Б.Гнар эзэмшилдээ авч засвар үйлчилгээ хийж фитнесийн зориулалтаар ашиглаад 3 жил өнгөрсөн ч заалны урьдчилгаа 30 хувийг бүрэн төлж барагдуулахад хүндрэлтэй болсон. 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл урьдчилгаанд 47 100 000 төгрөг төлсөн ба Х.Эдангаараа фитнесийг үйл ажиллагааг явуулах, Б.Г-ын оруулсан хөрөнгө оруулалт буюу мөнгийг Х.Энь Б.Г-д төлөхөөр тохиролцсон. Гэвч тухайн үед Б.Г-ын оруулсан хөрөнгө нийт 35 260 000 төгрөгийг бэлнээр боломжгүй тул зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч мөнгө дансаар болон бэлнээр аваагүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн. 2015 оноос хойш фитнесийн үйл ажиллагаа явуулахад зориулж хөрөнгө оруулалт хийсэн. Хөөрөг барьцаалж 12 000 000 төгрөг зээлснээс 10 000 000 төгрөгийг Б.Гантулга, Х.Энэрээр Худалдаа хөгжлийн банкинд төлсөн. Иймд хамтран ажиллах явцад гарсан зардал болох үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 30 100 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 8 105 750 төгрөг, хариуцагчийн өмнөөс Г.Ариунжаргалд төлсөн зээлийн төлбөр 3 050 000 төгрөг, хөөрөг барьцаалж зээл авсны хүүгийн төлбөр 504 900 төгрөг нийт 41 760 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Худалдаа хөгжлийн банкнаас үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед бэлтгэл хийж байсан тамирчдад энэ заалыг худалдаж авах талаар санал тавихад Б.Гхангалттай хэмжээгээр хөрөнгө оруулаад явна гэсэн учраас бид хоёр Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Нийт 158 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож

10 000 000 төгрөг нь манай эцгийн хөөргийг барьцаалж 12 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг Б.Г-д бүхэлд нь өгсөн. Б.Г2017 оны 5 дугаар сард дулааны цахилгааны станц компаниас цахилгааны шийд нийлүүлэх ажил авсан, урьдчилгааны төлбөр хэрэгтэй гэж миний байрыг 40 000 000 төгрөгөөр барьцаалуулсан. Энэ ажлаа дуусгаад байрыг чөлөөлж өгнө, чөлөөлтлөө Худалдаа хөгжлийн банкны зээлийн хүүг хариуцаад төлнө гэж тохиролцоод зээлийн гэрээг н.Ариунжаргалтай байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7 000 000 төгрөг төлөөд Худалдаа хөгжлийн банкинд төлөх гэрээний төлбөрийн 30 хувь бүрдсэн. Худалдаа хөгжлийн банкинд төлсөн 47 100 000 төгрөг нь Х.Эминий мөнгө болох талаар нэхэмжлэгч тодорхойлолт бичиж өгсөн. Худалдаа хөгжлийн банкинд төлсөн төлбөрийг миний бие төлсөн. Б.Гантулгатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Засвар үйлчилгээ хийх шаардлагагүй байр байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Э-оос 26 750 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 034 525 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гулсын тэмдэгтийн хураамжид 475 290 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 58 417 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагч Х.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 291 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Ззээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн 37 582 950 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж, 25 885 050 төгрөгийг ямар үндэслэлээр багасгаж байгаагаа тайлбарлаагүй нэхэмжлэлийн шаардлагаа дахин ихэсгэн 51 784 650 төгрөг болгосон ба үндэслэл, шаардлагаа тодруулаагүй. Хариуцагчаас зээлийн үүрэг эсхүл хамтран ажиллах гэрээний үүрэг шаардаж байгаа нь ойлгомжгүй. Хариуцагч миний зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд болох 2019 оны 9 дүгээр сарын З0-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Билэгнасан банк бус санхүүгийн байгууллагаас гаргаж өгсөн нотариатаар гэрчлэгдсэн тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкид Б.Г-гаас бичиж өгсөн нотариатаар гэрчлэгдсэн тодорхойлолт, Х.Э-ын Хаан банкны хуулга 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 30 000 000 төгрөгийн бэлнээр авсан баримт, эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар үндэслэх хэсэгт нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж дээрх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, баримтуудыг эргэлзээгүй бүх талаас нь үнэлээгүй нэхэмжлэгч талд ашигтайгаар буруу үнэлсэн. Шүүхээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн ба фитнессийн үйл ажиллагаа явуулах зорилгоор баянгол дүүргийн 18 дугаар хороо, жалханц хутагт дамдинбазарын гудамж, 35г дугаар байрны, зоорийн давхарт байрлах 297.27 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 158 115 384 төгрөгийг худалдагч талд төлөх үүргийг хамтран хүлээсэн байна гэж дүгнэсэн боловч уг гэрээг хэзээ байгуулагдсан, хэн хэн ямар үүрэгтэй байсан, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байгаа эсэх, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан дуусгавар болсон, гэрээний талууд үүргээ хэрхэн биелүүлэхээр тохиролцсон, гэрээний талууд үүргээ зохих ёсоор биелүүлж байсан зэргийг т тодруулаагүй. Хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байна гэж дүгнэсэн боловч тухайн хамтран ажиллах гэрээний гол зорилго нь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж худалдан авах зорилготой байсан уу, эсхүл хамтраад фитнесс ажиллуулах зорилготой байсан эсэхийг огт тодруулаагүй. Худалдаа хөгжлийн банктай хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээнээс аль нэг тал татгалзсан дуусгавар болсон эсэхийг шалгаагүй. Учир нь тухайн гэрээнээс Худалдаа хөгжлийн банк гэрээний үүргээ буюу тус гэрээний 3.1-д заасан төлбөр төлөх хуваарын дагуу төлөлт хийгдэж чадахгүй байдал бий болсноор татгалзсан. Б.Гогт төлбөр төлөөгүй. Үүнээс үүдэн худалдаа хөгжлийн банк тухайн зээлийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шаардаж эхэлсэн ба урьдчилгаанд төлсөн 47 100 000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэсэн учир Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг дахин байгуулсан. Худалдаа хөгжлийн банкны тусгай активын дансанд Б.Г-ын дансаар хариуцагч, Х.Э-ын мөнгө төлөгдөж байсныг нотлох баримтуудаа болон тайлбараа, шүүхэд гаргаж өгсөн ба Б.Г-ын гэрчилж тодорхойлсон нотариатаар гэрчлэгдсэн бичмэл нотлох баримт, "Билэг-насан" банк бус санхүүгийн байгууллагаас гаргаж өгсөн тодорхойлт, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №184/11132020/11484 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд Б.Г-ын шүүхэд гаргасан тайлбар болох Х.Э-ын эцгийн хөөргийг барыдаалж 12 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн, тэр мөнгийг Худалдаа хөгжлийн банкинд урьдчилгаа төлбөр болгож тушаасан гэх тайлбар, Х.Эн.Ариунжаргалаас авсан 30 000 000 төгрөг над руу шилжүүлсэн, зааланд оруулсан гэх тайлбараар, тухайн Худалдаа хөгжлийн банкны урьдчилгаанд төлсөн 47 100 000 төгрөг нь Х.Э-ын мөнгө гэдгийг нотлох баримтаар болон Б.Гөөрөө нотолдог боловч, үүнийг шүүх огт үнэлээгүй орхигдуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч Х.Э-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ цуцлагдсны улмаас хамтын үйл ажиллагаанд зориулж төлсөн хураамж буюу 51 784 650 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 41 760 650 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хариуцагч Х.ЭБидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, засвар үйлчилгээ хийх шаардлагагүй байр байсан, одоо Бүрэнтөгстэй хамтраад банкинд үлдэгдэл төлбөрөө төлж, байраа чөлөөлөн фитнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлан маргаж байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, хамтран ажиллах гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон эсэх, гэрээ дуусгавар болсон эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Талууд Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 35г байрны зоорийн давхарт байрлах 297.27 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 158 115 384 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, уг хөрөнгийг фитнесийн зориулалтаар 3 жил ашиглаж хөрөнгө зардал, төлбөр тооцоогоо хамтран хариуцаж байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Нөгөө талаар Худалдаа хөгжлийн банк ХХК-д 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Х.Э, Б.Гнарын гаргасан тодорхойлолт, тус банктай хариуцагч Х.Эболон П.Бүрэнтөгс нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Б.Гнь хамтран ажиллах ажиллах гэрээнээс гарч, хариуцагч Х.Энь фитнесийн үйл ажиллагааг өөр этгээдтэй хамтран явуулж байсан үйл баримтыг үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж зохицуулсан бөгөөд Х.Э, Б.Гнар хамтын үйл ажиллагааг үргэлжлэх хугацааны талаар тохиролцоогүй, талууд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсноос хариуцагч өөр этгээдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан, Б.Ггэрээнээс гарснаар хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, мөнгөн хөрөнгө шилжсэн эсэх, уг мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн эсэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд харин талууд бусдаас хамтран зээл авсан асуудал энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарт дурдсан Г.Ариунжаргалаас зээлсэн 30 000 000 төгрөгийн талаарх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, уг зээлийг хариуцагч захиран зарцуулсан эсэхийг энэ маргаанд хамааралгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. /хх1хав-20-23,/

 

Иймд анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй дүгнэжээ.. /хх-20-23х/

 

Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцахаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээнээс гарах хүртэл хугацаанд төлсөн хураамжийг тэнцүү хувааж авахаар шаардах эрхтэй.

 

Талууд фитнессийн үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зорилгоор 297.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдан авч, түүнтэй холбоотой гарсан зардал, төлбөр тооцоогоо хамтран хариуцаж, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлснийг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд 53 500 250 төгрөгөөр тооцон дүгнэж, талуудад хуваан хариуцуулсныг нэхэмжлэгч маргаагүй.

 

Харин хариуцагч ...Б.Г-ын нэр дээр банкинд төлөгдсөн 40 000 000 төгрөгийг миний бие төлсөн, мөн тэрээр миний байрыг барьцаалж 30 000 000 төгрөг, эцгийн хөөргийг барьцаалж 10 000 000 төгрөг надаас авсан гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй,

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Ггэрээнээс гарснаар талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн дээр дурдснаар нэг тал нь гэрээнээс гарсан боловч үлдсэн тал хамтын үйл ажиллагааг үргэжлүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч уг гэрээний өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй.

 

Гэрээний нэг тал гэрээнээс гарсан бол түүнд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгохоор заасны дагуу талуудын гэрээний урьдчилгаанд төлсөн 47 100 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 6 400 250 төгрөг нийт 53 500 250 төгрөгийг дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэн, түүний 50 хувь буюу 26 705 125 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 291 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БАЙГАЛМАА