Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/916

 

  2023            9             13                                         2023/ДШМ/916

 

А.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

яллагдагч А.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/1269 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр прокурорын эсэргүүцлээр А.О-д холбогдох 2208 00000 1089 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

С овгийн А-н О, 19.. оны .. дугаар сарын 3-ны өдөр .............. төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  хамтран амьдрагчийн хамт ........................тоотод оршин суух, /РД: .............../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 1 жил 6 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

  Шүүгдэгч А.О нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................ дугаар гудамжид “Г.О-г өмөөрлөө” гэх шалтгаанаар иргэн Б.Ө-н толгойн тус газарт гараараа болон чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан алсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ............. автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг “Б ү” худалдааны төвд хууль бусаар нэвтрэн орж, тус газарт лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Т.Р-н лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан 15 ширхэг савхин бээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 415.000 төгрөгийн, хохирогч П.Б-н лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан бренд нь тодорхойгүй 1 хос түрийтэй гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 110.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч нарт нийт 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.О-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хүсэлтээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд: Яллагдагч А.О-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2417 дугаартай захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр прокурорт буцаасан. /3 хх 57-63/ Гэтэл уг шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй, захирамжид заасан асуудлыг бүрэн шалгах ажиллагаа явуулаагүй, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгчийн захирамжаар 6 асуудлыг нягтлан шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан байхад уг захирамжийн үндэслэлд дурдсан 1, 2, 6 дахь асуудлуудыг агуулгын хувьд бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Хэрэг учрал болсон 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 117 дугаар цэцэрлэгийн урд байрлах гудамжид нэр бүхий хохирогч, гэрч, яллагдагч нар буюу М..ж, М.. с, О, Ө, О, С, Ц, Х, М, А, Ө, Д нарын хүмүүс хамт архидан согтуурсан байх ба маргааш өглөө нь хохирогч Ө тухайн газарт нас барсан байдалтай байжээ. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх дээрх гэрчүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөр хоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлснээс хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. Тодруулбал, яллагдагч А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан Хүний амьд явах эрхийн эсрэг хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх тул мөрдөн шалгах ажиллагаагаар яллаж байгаа гэмт үйлдлийг буюу хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, бүрэн тогтоох шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, яллагдагч О талийгаач Ө руу чиглэсэн ямар үйлдэл хийснийг буюу чулуу авч шидсэн, чулуугаар цохисон эсэх алин болох, эсхүл гараараа цохиж гэмтэл учруулсан эсэх талаар гэрчүүд яагаад ийм зөрүүтэй мэдүүлж байгаа, ямар учраас талийгаачийг орхиж явах болсон, талийгаачийг үлдээгээд явахад ямархуу нөхцөл байдалтай байсан, мөн тухайн өдөр амь хохирогчийн биед байсан банкны картыг хэн, хэзээ, яаж авсан, энэ үед хохирогч ямар нөхцөл байдалтай байсан болохыг тогтоосноор хэргийн бодит байдал нотлогдохоор байна.

Амь хохирогчийн картыг А орой нь буцаж очоод аваад ахыгаа залилсан, мөн талийгаачийн биед халдсан талаар гэрч Н.Ө..ц “...өөрийн найз А луу утсаар ярьж мөнгө байна уу, байвал 100.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь дансны дугаараа явуулчих гэхээр нь карттай хүн байна уу гэхэд тэнд байсан талийгаач болсон гэх хүн картаа өгсөн, мөн дансны дугаараа, нууц дугаараа өгсөн. Би карт аваад дансны дугаарыг А-т өгсөн. А яриад “дансанд алга, бэлнээр аваачаад өгье” гэхээр нь “за за” гэж хэлээд А хүрээд ирсэн. А-г ирэхээр нь архи аваад ир, надад нэг кола аваарай гэж хэлээд нөгөө хүний картыг өгч, нууц дугаарыг нь хэлсэн. А архи авч ирэх гэж яваад булан тойроод удалгүй, над руу залгаж “дансанд мөнгө хийнэ гэсэн хийсэнгүй” гээд бэлэн 25000 төгрөг, талийгаачийн карттай хамт өгсөн. Талийгаачийн картыг тэр ахад өгсөн. Бүгд харж байсан. ...О Ка Мөөгийн нөхрийг цохиж унагахад талийгаач сууж байгаад арагшаа савж унасан байх, нарийн санахгүй байна. ...Талийгаачийг зүгээр сууж байхад нь О гараараа толгой хэсэг рүү нь цохиж авахад талийгаач арагшаа савж, арынхаа байшингийн ханыг мөргөсөн. Талийгаач тэр үед Отгоо “яагаад байна дүү” гэж хэлээд өөр юм ярихгүй байсан. Хажуугаас нь М ах наад хүн чинь ингэж явах хүн биш, өндөр боловсролтой, бид нарын дунд байх хүн биш гэхээр нь би хажуугаас нь зүгээр байгаа хүнийг цохиж зодлоо, шар Отгоо гэж атаман сонсоогүй шүү гөлөг минь боль гэсэн. ...Зодоон болж байх үеэр О чулуу авч шидсэн, тэр чулуу нь бутарч газар унасан, намайг хэлтэрхий нь оносон болохоор би уурласан. Гэхдээ талийгаачийн сууж байсан шатны арын хананд чулуу нь цохигдож бутарсан, тэр чулуу талийгаачийг оносон эсэхийг мэдэхгүй. ...Би талийгаачийн картыг дахиж аваагүй, өөр хүн авсан эсэхийг мэдэхгүй. ...Тухайн өдрөөс 2-3 хоногийн дараа А-тай уулзахад ахыгаа 10 сая төгрөг ахаасаа залилсан, нөгөө хүний картаар гэж хэлсэн. Тэгэхээр нь юу хуцаад байгаа юм нөгөө хүн чинь үхсэн гэж хэлсэн чинь буцаж очоод халааснаас нь авсан гэж надад хэлсэн...” гэж өөр, өөрөөр мэдүүлсэн. Түүний мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, тогтоох ажиллагаа хийх боломжтой буюу энэ талаар хамт байсан гэрчүүдээс тодруулах замаар бусад нотлох баримтаар давхар нотолсон тохиолдолд нотолгооны ач холбогдолтой болохоор байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хамт архи уусан гэх гэрчүүдээс Х, А, М гэх хүмүүсээс хэргийн нөхцөл байдлын талаар огт мэдүүлэг аваагүй, мэдүүлэг өгсөн бусад гэрчүүдийн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн, өөр хоорондоо болон бусад гэрч нарын мэдүүлэгтэй нийцэхгүй, харилцан зөрүүтэй байхад тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийн аль хэсгийг яагаад үнэн зөв гэж үзэж яллах талын нотлох баримтаар тусгасан талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй ба худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх этгээд юм. Иймд хэрэг учрал болсон өдөр хамт байсан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ авах, хүнд гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан, тусламж үзүүлэхгүй орхисон зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн хамтран үйлдсэн шинж гэрч нарын үйлдэлд бий эсэх, хохирогчийн картыг авсан нөхцөл байдал тухайн хэргийн үйл баримттай холбоотой эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг хөтөлбөргүй, эргэлзээгүй тогтоох ажиллагааг хуульд заасан бүх арга хэрэгслээр хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хэрэгжих юм. Мөн 2417 дугаартай шүүгчийн захирамжийн 5 дахь үндэслэл хангагдаагүй байна.

Шүүгчийн захирамжийн дагуу 3 дахь хавтаст хэргийн 118 дугаар талд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 хэлтсийн “...А.О-н зорчих эрхийг хязгаарлах ял биелсэн эсэх, хэрхэн биелэгдсэн талаарх мэдээллийг гаргаж ирүүлнэ үү...” гэх албан бичиг явуулсан хэдий ч энэ албан бичгийн хариу ирээгүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Дээрх үндэслэлүүд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-д “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2- д заасан “гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-ыг нотлох үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадаагүй, үүнийг шүүхийн шатанд зөвтгөх, засах боломжгүй байна гэж шүүх дүгнэв. Түүнчлэн, яллах дүгнэлт прокуророос гарч буй эрхийн акт болохын хувьд хуульд заасан шаардлагад нийцсэн, яллаж буй гэмт хэргийн хэргийн товч агуулга нь хэргийн үйл баримттай бүрэн нийцэж, харилцан хамаарал бүхий нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудад үндэслэгдсэн, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байвал зохихыг тэмдэглэх шаардлагатай байна. Иймд хэргийг прокурорт буцаах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр яллагдагч А.О-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн.

1. Шүүх гэмт хэрэг гарсан болон талийгаачийг нас барсан өдрийг дүгнэхдээ “2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр... хүмүүс архидан согтуурсан байх ба маргааш өглөө нь хохирогч Ө тухайн газарт нас барсан байдалтай байжээ” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар талийгаач Б.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бусдад толгойн тус газраа чулуугаар цохиулж, нүүрэн тус газраа цохиулж, архи уусан газраа буюу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 117 дугаар цэцэрлэгийн урд байрлах гудамжид унасан байдаг. Хэрэг учрал болсны маргааш буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэр бүхий гэрч нар болох Э.М, Г.О, Э.С нарыг ирэхэд архи уусан газраа хэвтэж байсан гэдэг. Улмаар 103 түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийгдэж байгаад нас барсан үйл баримт тогтоогддог. Гэтэл шүүх талийгаачийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр архидан согтуурсан газраа нас барсан мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

2. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх гэрчүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөр хоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлснээс хэргийг, үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тогтоож чадаагүй гэжээ. Гэтэл гэрчүүдээс хууль сануулан мэдүүлэг авахад гэмт хэрэг болох цаг хугацаанд өөрсдийн харсан хүрээнд мэдүүлгийг өгсөн байдаг. Гэрчүүдийн хооронд мэдүүлгийн ноцтой зөрүү гараагүй бөгөөд гэрч Э.М “Ө-н араас газраас чулуу авч шидэхэд толгойн ар дагз хэсэгт оноход доош тонгойгоод суугаад байсан. Би нөхрөө аваад явсан. Өглөө нь ирэхэд Ө өчигдөр архи уусан газраа ганцаараа хэвтэж байсан...” гэж, гэрч Г.О “... Шар Отгоо эхлээд би шийдсэн хулгайч гээд намайг зодоход бусад нь өмөөрөхөд Ө-н толгой руу том чулуу авч шидээд бид нар тараад явахад Ө үлдсэн ба 5 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед цэцэрлэгийн хажууд Ө-г хэвтэж байна гэхээр нь эхнэрийн хамт ирэхэд Ө газар хэвтэж байсан... Ө-н толгой руу О чулуугаар цохисон” гэж, гэрч Д.Д “...А.О К Мөөгийгийн /Э.М/ нөхөртэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгачхаад Өл бид хоёр явсан. ...буцаад ирэхэд бүгд согтчихсон талийгаач Б.Ө газарт унасан хэвтэж байсан. Архиндаа тасарсан юм уу зодуулаад ухаан алдсан юм уу мэдээгүй, цус гарсан зүйл анзаараагүй...” гэж, гэрч Г.Ө-д “Би тухайн үед Б.Ө-г А.О цохиж гэмтээсэн байж магадгүй гэж бодож байна. Хүн хүн рүү чулуу шидээд байсан. Нэг чулуу нь хананд цохигдож намайг хэлтэрхий нь оночихоор нь би уурласан. Тэр үед талийгаач сууж л байсан. Тэгээд А.О К Мөөгийгийн нөхрийг цохиж унагахад талийгаач сууж байгаад арагшаа савж унасан байх. Нарийн санахгүй байна. ...талийгаачийг зүгээр сууж байхад А.О гараараа толгой хэсэг рүү нь цохиж авахад талийгаач арагшаа савж арынхаа байшингийн ханыг мөргөсөн. Талийгаач тэр үед “О яагаад байна дүү” гэж хэлээд өөр юм ярихгүй байсан... А.О талийгаачийг нэг удаа цохихдоо зүүн талын шанаа дээд хэсэгт цохиж авсан чинь талийгаач арагшаа байшингийн хана мөргөсөн. Бас чулуу шидэх үед оносон эсэхийг мэдэхгүй байна. Мангар том тоосго шиг чулуу байсан...” гэж тус тус тухайн үед байсан болон үйл явдал болсны дараа ирсэн гэрчүүд өөрсдийн харсан зүйлсийг мэдүүлдэг бөгөөд талийгаач Б.Ө-г чулуу шидэхийг харсан оносон эсэхийг мэдэхгүй талаар мэдүүлсэн нь бусад гэрчүүд болох Г.О, Э.М нарын “А.О-н шидсэн чулуу талийгаач Б.Ө-н толгойг оносон” гэх мэдүүлэгтэй зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүх хэрэг болох үед хамт байсан гэрчүүдээс буюу Х, А, М гэх хүмүүсээс хэргийн нөхцөл байдлын талаар огт мэдүүлэг аваагүй гэж дурдсан боловч гэрч Э.С “...Баянхошууны эцэст Мө, Өн, Ц ах, Од, Мөөгий, шар Отгоо /......./ нарын хамт сургуулийн арын станцтай гудамжинд архи ууж Ц ах бид хоёр түрүүлээд явсан” гэж, гэрч Э.М “...гудамжид нөхөр О, шар Отгоо, Ц, С, Ө нарын хамт архи уусан...” гэж, гэрч Г.О “...Ө, С, Ц, М, Шар Отгоо нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи уусан...” гэж, гэрч Б.М “...С, Ө, Ц ах, О, К.Мөөгий, шар Отгоо бид нар нэг шил архи хувааж уугаад ...” гэж тус тус мэдүүлсэн зэргээр хэрэг болсон цаг хугацаанд шүүгчийн захирамжид дурдсан А, М гэх хүмүүс огт дурдагдаагүй буюу тухайн үед байгаагүй харин Х гэгч нь тухайн үед байсан хэдий ч архи уусан, тасарсан болсон үйл явцыг мэдээгүй талаар гэрч, яллагдагч нар мэдүүлдэг. Амь хохирогчийн картыг ашигласан байж болзошгүй А гэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан боловч М-Э гэх үеэл ахыгаа залилаагүй талаар мэдүүлдэг бөгөөд “М-Э” залилуулсан гэх Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж буй хэргээс холбогдох материалыг авч хэрэгт хавсаргасан болно. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч А.О нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул хэрэг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс “О-н зорчих эрх хязгаарлах ял биелсэн эсэх, хэрхэн биелэгдсэн талаарх мэдээллийг гаргаж ирүүлнэ үү” гэх албан бичгийг хүргүүлж хариуг авсан бөгөөд шүүх хуралдааны явцад хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгнө. Иймд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/1269 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч А.О-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэрчүүд нь хоорондоо нөхцөл байдлуудын талаар, үзсэн зүйлийн агуулга, шинж чанарын хувьд зөрүүтэй мэдүүлж ирсэн. Гэрч М, О, М нарын удаа дараагийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байхаас гадна хамтран амьдрагчид тус тусдаа ноцтой байдлуудын талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Анхан шатны шүүхээс энэ байдлыг тодруулж, нэмэлт ажиллагаа хийхийг даалгасан боловч тогтоож чадаагүй. Гэрч Х, А, М гэх хүмүүс нь хэргийн нөхцөл байдлын талаар мэдэх хүмүүс. ... Мөн гэрчүүдээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны гол зорилго нь мэдүүлгийн зөрүүг арилгасан байхыг шаарддаг. Хэрэв арилаагүй бол хуульд заасан өөр арга хэрэгслээр аль гэрч үнэн зөв мэдүүлэг өгч байгааг магадлах замаар мэдүүлгийн зөрүүг тогтоох нь зүйтэй. ... Шинжээчийн мэдүүлэг зөрүүтэй бөгөөд өөрийн гаргасан дүгнэлттэйгээ уялддаггүй. Учир нь, шинжээч дүгнэлтдээ “Тухайн гэмтэл нь унах цохихын аль алинаар үүсэж болно” гэдэг. Гэтэл гэрчүүд “Цемент шидээд бутарсан”, зарим гэрчүүд “чулуу шидсэн”, “амь хохирогчийн толгой руу цохисон” зэргээр өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгсөөр ирсэн. Дээрх баримтаас үзэхэд амь хохирогч унах, цохихын аль гэмтлээс шалтгаалж амь эрсэдсэн гэдгийг тодруулах шаардлагатай. ... Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь зүйтэй. ... Хэргийн газраас хураагдаж авсан эд мөрийн баримтын шинж чанарын зөрүүг тогтоох нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед А.О нь зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байсан атлаа яагаад хаа байгаа газраас ирж миний нөхрийг цохиод байгаа юм. Үүнийг санаатай үйлдэл гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Миний хувьд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.О нь гэрчүүдийг дарамтлаад үг хэлүүлдэггүй. Энэ хэрэг нь шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байна. Хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон тул прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс “... А.О-д холбогдох хэргийг урьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж биелэгдээгүй, яллагдагч О талийгаач Ө руу чиглэсэн ямар үйлдэл хийснийг тогтоох, хамт архи уусан болон амь хохирогчийн талаар мэдэж байж болзошгүй гэх гэрчүүдээс Х, А, М нараас хэргийн нөхцөл байдлын талаар огт мэдүүлэг аваагүй, мэдүүлэг өгсөн бусад гэрчүүдийн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн, өөр хоорондоо болон бусад гэрч нарын мэдүүлэгтэй нийцэхгүй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоогоогүй...” гэсэн үндэслэлээр яллагдагч А.О-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий гарчээ.

Яллагдагч А.О-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “... гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь хэсэг заасан “... гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” 1.6 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй болохыг тус тус хуульчилсан.

Хэрэг учрал болох үед хамт байсан гэрч нарын заримыг мэдүүлэг өгөх чадваргүй болтлоо согтуурсан байсан, зарим нь тухайн үйл явцыг хараагүй мэдээгүй, гэрчээр асуух шаардлагагүй гэх шалтгаанаар тэднээс мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтод нийцээгүй байна.  

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Гэтэл мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж, тогтоох ажиллагааг хийгээгүй буюу хэргийн үйл баримтын талаар мэдэж болохуйц гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Үүнээс гадна, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

Гэвч дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг А.О нь биечлэн эдэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаарх дүгнэлт хийх боломжгүй байх тул уг асуудлыг тодорхой болгох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж шалгаж тогтоох, хэрэв энэ ажиллагаа урьд хийгдээгүй бол аль шатанд хийгдээгүй талаар, мөн албан тушаалтны буруутай үйлдэл байгаа эсэхийг тус тус шалгах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/1269 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР