| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00269/И |
| Дугаар | 320/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00255
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00255 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00269/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: М ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,027,749 (нэг сая хорин долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.Б нь М ББСБ-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 140000495553 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9*** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Т.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2 удаагийн хүсэлтээр нийт 590,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
М ББСБ-ын зүгээс Т.Б аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Т.Б ын зээлийн гэрээний үүрэг нийт 1,027,749 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 590,000 төгрөг, зээлийн хүү 368,318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,431 төгрөг байгааг зээл тус бүрээр тодруулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 6/15/2023 | 260,000 | 556 | 260,000 | 165,252 | 31,136 | 456,388 |
| 6/15/2023 | 330,000 | 556 | 330,000 | 203,066 | 38,295 | 571,361 |
| Нийт дүн | 590,000 |
| 590,000 | 368,318 | 69,431 | 1,027,749 |
Т.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,027,749 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Хариуцагч Т.Б нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд: Миний бие Т.Б нь М ББСБ-аас 2023 оны 6 дугаар 15-ны өдөр 2 удаагийн хүсэлтээр 590,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Мөн зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж 1,027,749 төгрөг зээлийг төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,027,749 (нэг сая хорин долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч Т.Б аас 14,608 төгрөгийг, улсын орлогоос 14,608 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,027,749 (нэг сая хорин долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Б аас 14,608 төгрөгийг, улсын орлогоос 14,608 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА