| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00152/И |
| Дугаар | 320/ШШ2025/00262 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00262
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00262 | Х аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00152/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.С-д холбогдох гэм хорын хохиролд 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.Н би Б овогтой Ц ын ээж нь юм. Миний хүү Б.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д цогболбор сургуулийн сурагч 14 нас 6 сартай Г.Б-д зодуулж, зүүн атгаалж чөмөг ясанд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Үүний улмаас Улаанбаатар хотруу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр явж, Гэмтэл согог үндэсний төвд очиж үзүүлэн хэвтэж, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугарлыг ил аргаар эвлүүлэх, ган шөргөөр бэхлэх мэс засалд орсон. Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гараад М суманд ирсэн юм. Гэнэтийн энэ явдалд миний бие Н болон манай гэр бүлийн хүн Ө.Н бид хоёр ажлаасаа цалингүй чөлөө авч, хүүгээ аван хот явсан. Гэтэл Х аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Г.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор нь эмчилгээний зардал болон бусад холбогдон гарсан зардлаа шүүхэд хандан Г.Б-ы асран хамгаалагч Г.С-аас нэхэмжилж шийдвэрлүүлээрэй гэсэн. Дараах зардал гарсан: Үүнд:
Нэг. Эхний удаа Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад:
1. М -УБ, УБ-М явсан бензин авахад 73900+ 98200+ 86170+ 94974 353,244 төгрөг, (нэг талдаа 2 удаа бензин хийсэн),
2. Байр 7 хоног *70,000 =490,000 төгрөг,
3. Эм, боолт авсан 74,460+20,000=94,460 төгрөг,
4. Хоол унд (эмнэлгийн хоол цай) 78,000 төгрөг,
5. Цалин Т.Н 8 хоног*75,000=600,000 төгрөг,
6. Цалин Ө.Н 9 хоног*195,000=1,755,000 төгрөг,
7. Бусад зардал 399,800 төгрөг.
Нийт 3,770,504 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 500,000 төгрөг Г.С- өгсөн. 3,770,504 - 500,000 = 3,270,504 төгрөг.
Г.Б-ы ээж Г.С- нь хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй байна.
Иймд Г.С-аас гэм хор учруулсны улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 3,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хоёр: Хоёр дахь удаа Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад Гэмтэл согог үндэсний төвд очиж 2 хадаас авахуулахдаа хүү Б.Ц ын хамт хүн тээврийн автобусаар явсан, ирсэн замын зардалд Г.Б-ы ээж Г.С-ын тухайн үед өгсөн 300,000 төгрөгийг тооцож, илүү гарсан зардлыг нэхэмжлээгүй болно. гэжээ.
Хариуцагч Г.С- нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд: Т.Н нь С надаас хүү Б.Ц ын эмчилгээний зардал нийт 3,270,504 төгрөгийг нэхэмжилжээ. Миний бие доорх гарсан зардлуудыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. М -Улаанбаатар, Улаанбаатар-М явсан бензен 353,244 төгрөг
2. Байрны 490,000 төгрөг
3. Эм боолт авсан 94,460 төгрөг
4. Эмнэлэг хоол ундны мөнгө 78,000 төгрөг
5. Г.Н гийн цалин -600,000 төгрөг нийт 1,615,704 төгрөгийг төлөхийг
зөвшөөрч байна. Харин Ө.Н гэдэг хүн ямар хамааралтай болох талаар тодорхой баримтгүй учир түүний цалин 1,755,000 төгрөг, мөн бусад зардал 399,800 төгрөг нь тодохойгүй байх тул 2,154,800 төгрөгийг төлөх боломжгүй байна. Хохирогч Ц ын овог нь Б гэдэг хүн байх тул би дээрх Ө.Н ын цалин бусад зардлыг төлөхгүй. гэх ирүүлсэн хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Н нь Г.С-д холбогдуулан гэм хорын хохирол 3,270,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргуулсан. Г.С- нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 3,270,000 төгрөгнөөс 1,615,704 төгрөгийг авахыг зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх тайлбарыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Г.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,615,704 (нэг сая зургаан зуун арван таван мянга долоон зуун дөрөв) төгрөг болгон багасгаж, хариуцагч Г.С- нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч тус тусын тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлага болох 3,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 67,270 төгрөгийн 50 хувь болох 33,635 төгрөгийг хариуцагч Г.С-аас, 50 хувь болох 33,635 төгрөг, илүү төлөгдсөн 8 төгрөг, нийт 33,643 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Н д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Н гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С-д холбогдох гэм хорын хохиролд 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд 1,615,704 (нэг сая зургаан зуун арван таван мянга долоон зуун дөрөв) төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.С-аас 33,635 (гучин гурван мянга зургаан зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 33,643 (гучин гурван мянга зургаан зуун дөчин гурав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Н д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА