Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн 1820000030008 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч-эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2-25 насны хоёр хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд найрамдах Хятад ард улсаас орж ирэх чиглэлд 93-85 ДГА улсын дугаартай УАЗ-315132 маркийн авто машин ашиглан, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 6 хайрцаг пиротехникийн хэрэгслийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2008 оноос хойш хувиараа БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд сумын хооронд хүн ба ачаа тээвэрлэж байна. Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод байрлах Тунда зочид буудлаас ачаатай 4 хүнийг авсан. Тухайн үед би хүний захисан захиасыг авах гээд зах дээр завгүй явж байсан тул тэр ачааг өөрөө ачаагүй. Уг ачааг зочид буудлын ачигч БНХАУ-ын иргэн ачсан. Тухайн үед миний машинд ачсан ачаа нь 10 гаруй хэсэг зүйлүүд байсан. Ачигч залуу надад 500 юань өгөөд “энэ 4 хүний ачаа болон зардлын мөнгө. Таны автомашинд суусан хүмүүс хил дээр штамбаа даруулаад түрүүлээд цааш явна. Тэгээд 3-ын хаалтан дээр очиход чинь ачаагаа тосож авна” гэж хэлсэн. Ингээд би тэдгээр хүмүүсийг суулгаад оройны 18 цаг болж байхад Монголын хил дээр ирж хяналт шалгалтанд орсон. Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч миний автомашинд ачсан ачааг шалгаж байгаад салют илрүүлсэн. Тухайн салют нь миний автомашинд сууж явсан хүмүүсийн ачаа эсвэл өөр хүний ачаа гэдгийг би огт мэдээгүй. Би зорчигчдодоо “та нарын ачаанаас салют гараад ирлээ” гэтэл “бид нарын ачаанд салют гээд байх сүртэй зүйл байхгүй. Ёолкны гэрэл, цацруулагч гэх мэт хэрэгцээндээ авсан зүйл л байгаа” гэж хэлсэн. Тэгээд “бид нар холоос явж байгаа хүмүүс” гэж хэлээд өөрсдийнхөө гар тээшийг аваад явцгаасан. Ингээд удалгүй хил хааж, миний автомашиныг хил дээр хонуулсон. Маргааш нь би хил дээр очиж Т.Э гэх байцаагчтай уулзахад “та автомашинаа аваад яв. Харин салютыг чинь хурааж аваад, цагдаа руу шилжүүлнэ” гэж хэлсэн. Тунда зочид буудлаас 4 зорчигч авсан. Тэр 4 хүнийг ачааны хамт нийтэд нь 500 юаниар авсан, ганц пиротехникийн хэрэгслийг үнэлж ачсан зүйл байхгүй. Тэр хэрэгсэл нь хэний ачаа гэдгийг би мэдэхгүй. Тухайн үед миний автомашинд суусан 4 хүний ачаа мөн эсэхийг нь ч мэдэхгүй байна. Би тэр хүмүүсээ одоо танихгүй. Утасны дугаар болон гэрийн хаягийг нь мэдэхгүй. Тухайн үед Дархан-Уул аймгийн хүмүүс гэж ярьж байсан. Тухайн өдөр би зах дээр явж байсан тул зочид буудлын ачигчаар ачуулсан. Яг ямар ачаа байсныг нь хараагүй. Салютыг хилээр нэвтрүүлж болохгүй гэдгийг мэднэ. Тэгэхээс яг хуулийн зүйл заалтыг нарийн мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй оруулдаг бараа гэдгийг үүнээс хойш мэдэж авсан. Зочид буудлын ачигч надад нийт 4 хүн болон ачааны зардал гэж 500 юань өгсөн. Уг ачаа нь миний машинд суусан 4 зорчигчийн ачаа үгүйг би мэдэхгүй байна. Уг автомашин нь Б гэх хүний нэр дээр байдаг. Энэ хүн хаана амьдардаг хүн гэдгийг би мэдэхгүй. 2 жилийн өмнө Р гэх хүн уг автомашиныг зарахаар Замын-Үүд суманд ирэхэд нь би түүнээс 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед Р нь Б-с нэрээ шилжүүлж аваагүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 47-48/,

- Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын АЗШНБ-ын импортын суудлын тэрэг шалгах хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. Оройны 16 цаг 30 минутын орчимд 93-85 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашины ачаа барааг шалгасан. Эхлээд урд талын хайрцагтай барааг шалгатал пиротехникийн хэрэгсэл гарч ирсэн. Тэгэхээр нь ард талын ачаа барааг буулгуулж үзэхэд бэлэн хувцастай хайрцагны доод талд пиротехникийн хэрэгсэлтэй хайрцагнууд байсан. Нийт 6 хайрцагт 210 ширхэг хэрэгсэл байсан. Тэгээд жолооч Э-с “энэ таны авч яваа эд зүйл мөн үү?” гэж асуухад “ачааны эзэн нь хамт явж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та тэгвэл энэ ачааны эзнийг дуудаад ир” гэтэл хэсэг хугацааны дараа ирээд “эзэн нь явчихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед цаг орой болж хил хаах болсон тул автомашиныг хилийн цогцолборын хашаанд хонуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б нь миний нөхөр байгаа юм бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Б нь Мандах сумын 5-р багт амьдарч байгаа. 2010 оны хавьцаа яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна Мандах сумын захиргаанаас актлагдсан машин 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба 2014 онд миний төрсөн дүү болох П.А-д 1,500,000 төгрөгөөр зарсан юм. Машинаа зарчихаад А-н нэр дээр нь одоог болтол шилжүүлж өгөөгүй юм. 2017 оны хавар манай дүү А Замын-Үүд сум руу Э гэх хүнд зарсан гэж би сонссон. Бид хоёр 2014 онд миний төрсөн дүү болох А-д 1,500,000 төгрөгөөр зарсан юм. Тэр талаар би сайн мэдэхгүй байна тухайн үедээ мөнгө төгрөгөө авчихаад шилжүүлээгүй орхисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,

- Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд: Уг пиротехникийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Пиротехникийн хэрэгсэл нь улсын хилээр нэврүүлэхийг хориглосон, хүний эрүүл мэндэд хортой, гарал үүслийн бичиггүй байх тул улсын орлогод оруулалгүй, зохих байгууллагаар устгуулах саналтай байна. Улсаас ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-11/,

- Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэнд:

-  Химийн найрлагыг манай лабораторид тодорхойлох боломжгүй.

- Химийн аюултай бодисын ангилалд хамаарна.

- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль ЗГ-ын 2006 оны 149 дүгээр тогтоол. Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

- Баяр ёслолын арга хэмжээнд ашиглах зориулалттай.

- Дагалдах бичиг баримтгүй учир стандартын шаардлага хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй.

- Дээрх 6 хайрцаг перотехникийн хэрэгслийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Орон тооны бус захиргааны зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,

- Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэнд:

- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг,

- Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадаглах /газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/ ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэнэ.

- Нэмж дүгнэлтэнд тусгах зүйл байхгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/,

  - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-84/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 8/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 90/,

- Эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/, 

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад ард улсаас орж ирэх чиглэлд 93-85 ДГА улсын дугаартай УАЗ-315132 маркийн авто машинд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох пиротехникийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Э нь тэсэрч дэлбэрэх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.Э-н ... Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын АЗШНБ-ын импортын суудлын тэрэг шалгах хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. Оройны 16 цаг 30 минутын орчимд 93-85 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашины ачаа барааг шалгасан. Эхлээд урд талын хайрцагтай барааг шалгатал пиротехникийн хэрэгсэл гарч ирсэн... гэсэн мэдүүлэг   болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарласан бараа болох тэсэрч дэлбэрэх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн шүүгдэгч Ц.Э нь 2 нас 3 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 хайрцаг буюу 209 ширхэг пиротехникийн хэрэгсэлийг улсын орлого болгохоор Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 1,500,000 төгрөгний үнэ бүхийн 93-85 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч Ц.Э-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх ба шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ц.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан хязгаарласан бараа болох тэсэрч дэлбэрэх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Э-г 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 хайрцаг буюу 209 ширхэг пиротехникийн хэрэгсэлийг улсын орлого болгохоор Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 1,500,000 төгрөгний үнэ бүхийн УАЗ 31512 маркийн 93-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.Н