Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/909

 

      2023         09           07                                         2023/ДШМ/909

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч О.Санчирбал,

хохирогч П.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бд холбогдох 2205 0290 0395 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Б, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт .... дүүргийн .... дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “ах нь өөрийн ажиллаж байгаа “Наранфүүдс” ХХК-д өртэй болчихлоо” гэж хохирогч П.Бийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны 29 дүгээр байр, 2-19 тоот гэртээ байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6 удаагийн гүйлгээгээр нийт 34.835.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д-ийн Б-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас нийт 22.949.000 төгрөг гаргуулан хохирогч П.Бт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Учир нь, өөрийн хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн хохирлоос тодорхой хэсгийг төлсөн /10.050.000 төгрөг/. Мөн цаашид үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгааг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль буруу тайлбарласан. Д.Б нь П.Боос 2021 оны 8 дугаар сард 3.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 30.000.000 төгрөгийг тус тус зээлсэн үйл баримт хэргийн материалд авагдсан. П.Б нь Д.Бд мөнгө зээлэхдээ өөрийн сайн дураар, түүнд туслах зорилгоор зээлсэн болох нь П.Бийн “2021 оны 8 дугаар сард надаас 3.000.000 төгрөг, 11 сард нэмээд 31.000.000 төгрөг, 5 дугаар сард 1.800.000 төгрөг зээлж аваад одоо хүртэл өгөхгүй байна. Зээлсэн мөнгөнөөсөө 7.050.000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 27.785.200 төгрөгийг өгөөгүй байгаа. 2021 оны 8 дугаар сард Наранфүүдсийн нягтлан бодогч Баярмаа миний 88119422 дугаарын утас руу залгаж “Б ах чинь Наранфүүдст 38.000.000 төгрөгийн өртэй, тэгээд зугтаагаад ажилдаа ирэхгүй байна, ирж тооцоогоо хий гээд хэлээд өгөөч” гэж байсан” гэх мэдүүлэг /хх 33/,

            “Б надаас 3.000.000 төгрөг 2021 оны 7 сард зээлээд хугацаандаа эргүүлэн өгсөн. Түүний дараа 2021 оны 8 дугаар сард 3.000.000 төгрөг зээлээд 11 сард нэмээд 30.000.000 төгрөг зээлсэн. Дахиад 2022 оны 5 дугаар сард 1.800.000 төгрөг, нийт 34.800.000 төгрөг надаас зээлсэн. Мөнгө зээлсэн шалтгаан нь “Наран группэд өртэй болсон тул тухайн мөнгөө өгөхгүй бол хамт олны өмнө буруутан болох гээд байна” гэж надаас анх 2021 оны 11 сард мөнгө зээлсэн. Тэрнээс хойш өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. 7.050.000 төгрөгийг эргүүлэн төлсөн.” гэх мэдүүлэг /хх 36-37/,

            гэрч Э.Болортуяагийн “...Б нь 2020-2021 онуудад бөөний төвүүдээс хэд хэдэн удаа бараа мөнгийг нь өгөөгүй увуулж цувуулж төлж яваад 2021 оны 11 сард сүүлийн 3.000.000 төгрөгийг бөөний төвд төлж байсан.” гэх мэдүүлэг,

            Д.Бын “...Би Батзоригоос 34.835.200 төгрөгийг зээлсэн. ...Би тухайн мөнгийг “Наран группэд барааны дутагдлын өрөнд орсон. Чи надад мөнгө зээлээч” гэж хэлж авсан. Би энэ мөнгийг хүнээс мөнгө зээлж авч өгөх гэсэн боловч боломжгүй болоод мөнгөө өгч чадаагүй. ...Би борлуулагч Батцэцэгээс 10 гаран сая төгрөгийн бараа, Бодьнасан гэх борлуулагчаас 8.000.000 төгрөгийн бараа авсан байснаа Батзоригоос авсан мөнгөнөөсөө төлсөн.” гэх мэдүүлэг /хх 41/,

            гэрч н.Батцэцэгийн “...2021 оны 8 сард Д.Б надаас 18 сая төгрөгийн бараа аваад 8 сарын сүүлээр 7 сая төгрөгийг өгөөд 11 сарын дундуур нэхэж байж 11 сая төгрөгийг төлсөн.” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд П.Б нь Д.Быг бусдад өртэй байсан гэдгийг мэдсэн, түүнд туслах гэж мөнгө зээлсэн болох нь тогтоогдож байна. Д.Б нь “Наранфүүдс” ХХК-д өртэй байсан гэдэг нь гэрч Э.Болортуяагийн мэдүүлэг, борлуулагч Бодьнасан, Батцэцэг нарт өртэй байсан гэдэг нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон.

            Хохирогч П.Б нь Д.Бд туслах зорилгоор мөнгө зээлсэн, тухайн мөнгөнөөсөө 7.050.000 төгрөгийг буцааж авсан, мөнгөө буцааж өгч чадахгүй болохоор нь түүний ломбарданд тавьсан байсан эцэг эхээс нь өвлөж ирсэн хуучны шүрэн толгойтой халтар манан хөөргийг ломбарданд тавьсан үнэ болох 1.800.000 төгрөгийг нь төлж хөөргийг өөртөө авсан. П.Б нь зээлсэн мөнгө болон түүний үнийн дүнд дүйцэхүйц хөрөнгийг өөрийн мэдэлд байлгаж эрсдлээ арилгасан болох нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон. Дээрхээс дүгнэхэд П.Б, Д.Б нарын хоорондох харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэх гэрээний харилцаа байсан.

            Д.Б нь зээлээ хугацаанд нь буцааж өгөөгүй асуудал нь гэрээний үүргийн зөрчил бөгөөд П.Б энэ харилцааг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан юм. Гэтэл шүүхээс дээрх харилцааг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж илт буруу дүгнэлт хийн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод бусад баримтаар тогтоодоогүй. Д.Батзориг нь мөнгө зээлсэн гэдгээ удаа дараа илэрхийлж, бусдад өртэй байсан гэдгийг лавлаж асууж мэдсээр байж мөнгө зээлсэн энэ үйл баримт нь иргэд хоорондын зээлийн гэрээ гэдгийг бататгаж байна. Д.Б П.Боос авсан мөнгөнөөсөө Наранфүүдсийн өрөнд, түүний борлуулагч Бодьнасан, Батцэцэг нарт өгсөн болох нь тогтоогдсоор байхад шүүх гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй. Энэ мэтчилэн харилцааг залилах гэмт хэрэг гэж дүгнээд байх юм бол зээлийн гэрээ гэх агуулга байхгүй болж бүгдийг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох хууль бус жишиг тогтоно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдолд нэмэлт тайлбар хэлье. Миний үйлчлүүлэгч хэргийн үйл баримт дээр маргадаггүй. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч П.Бт 10.500.000 төгрөгийг төлсөн болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь, давж заалдах шатны шүүхэд шинээр гарган өгч буй шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолтоор Д.Б болон түүний эхнэр цалин авдаг, орлоготой болох нь тогтоогдож байгаа бөгөөд хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулсан тохиолдолд төлж барагдуулах боломжтой болохыг илэрхийлж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.” гэв.

            Хохирогч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч бусдаас зээлсэн өр төлбөрөө барагдуулж байгаа мэдээлэл хүлээн авсан. “Наранфүүдс” ХХК-д 15.000.000 төгрөгийн өртэй байсан боловч хоёр 7 хоногийн өмнө төлж барагдуулсан мөртлөө миний төлбөрийг өдийг хүртэл барагдуулаагүй байгаа учир хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгдэгчийн эхнэр Ундрал ажил хийдэг бөгөөд миний бие шүүгдэгчид “эхнэрийнхээ нэр дээр зээл аваад хохирол барагдуулаад өгөөч” гэж удаа дараа хүсэлт тавьж байсан ч өдийг хүртэл хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгч буй ажлын байрны тодорхойлолтыг халхавч төдий зүйл гэж үзэж байна. Мөн шүүгдэгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа гэсэн боловч 2022 оны 6 дугаар сараас хойш надтай нэг ч удаа холбогдоогүй, зурвас бичихэд хариу өгдөггүй, гэрт нь очиход гэртээ байдаггүй зугтаасаар өдий хүрлээ. Үнэхээр төлбөр барагдуулах хүсэлтэй байсан бол бага хэмжээгээр ч болов төлөөд, надтай уулзаад, ярилцаад явах боломжтой байсан. Анхан шатны шүүхэд ч төлбөр төлөхөө илэрхийлсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй.” гэв.

            Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б, хохирогч П.Б нар “Наранфүүдс” ХХК-д хамт ажиллаж байхдаа танилцсан. Хүмүүсийн ярьдгаар хуурай ах дүүсийн харилцаатай, олон жил хамтран ажилласан хүмүүс юм. Шүүгдэгч Д.Б энэ итгэл дээр тулгуурлан анх хохирогчоос 3.000.000 төгрөг аваад тохирсон хугацаандаа төлсөн байдаг. Дараа нь байгууллагадаа өртэй болчихлоо хэмээн хохирогчоос 6 удаагийн гүйлгээгээр мөнгө зээлсэн байдаг. Шүүгдэгч дээрх мөнгийг авахдаа “7 хоногийн дараа буцааж өгнө. Би хүргэн дүүтэйгээ хамтарч Баянхонгор аймагт алтны уурхайд зориулж тоног төхөөрөмж худалдан авсан. Алт ухна” гэж итгүүлсэн. Энэ нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болж байгаа. Шүүгдэгч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлөх боломжоор хангаж байсан боловч хохирогчтой холбогдоогүй нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд прокурорын зүгээс ял шийтгэл дээр тусгайлан гаргах саналгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “ах нь өөрийн ажиллаж байгаа “Наранфүүдс” ХХК-д өртэй болчихлоо” гэж хохирогч П.Бийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны 29 дүгээр байр, 2-19 тоот гэртээ байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6 удаагийн гүйлгээгээр нийт 34.835.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Бийн “...2021 оны 8 дугаар сард надаас 3.000.000 төгрөг, 11 дүгээр сард нэмээд 30.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 1.800.000 төгрөгийг нийт 6 удаагийн үйлдлээр 34.835.200 төгрөг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Зээлсэн мөнгөнөөсөө 7.050.000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 27.785.200 төгрөг өгөөгүй байгаа. Утсаар холбогдож “мөнгөө авъя” гэхээр “маргааш өгнө, 7 хоногийн дараа өгнө, Баянхонгор аймагт хүргэн дүүтэйгээ нийлээд алтны уурхайн лиценз тоног төхөөрөмж худалдаж авсан, хүргэн дүү банкнаас зээл авах гэж байна, зээл бүтэхээр өгнө” гэх мэтээр худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Д.Б надаас мөнгө зээлэхдээ “Наран группэд өртэй болсон тул мөнгийг нь төлөхгүй бол болохгүй байна, шүүх цагдаа болмооргүй байна, мөн олон жил ажилласан компаниасаа муу нэртэй, өр ширтэй халагдаж гармааргүй байна” гээд байхаар нь би ах дүү шиг нөхөрлөж байсан болохоор итгээд зээлийн алтан картнаасаа мөнгө авч өгсөн. Картнаас зээл авахад 2.5 хувийн хүүтэй байдаг юм. ...2022 оны 5 дугаар сарын эхээр Д.Бтай мөнгөө авахаар очиж уулзахад “мөнгө байхгүй аавын нэг хөөрөг байгаа, тэр хөөргийг ломбарданд тавьсан байгаа, түр авч байгаач би мөнгөтэй болохоороо буцааж авъя” гэж хэлсэн. Би тэр хөөргийг ломбарднаас 1.836.200 төгрөг төлж авсан. Тэр хөөрөг одоо надад байгаа. Одоо зээлийн хүүд 10 гаран сая төгрөг төлөөд хохирч байна. ...” /хх 32-34/,

гэрч Э.Болортуяагийн “...Би 2019 оноос хойш “Наранфүүдс” ХХК-д ерөнхий нягтлан бодогч хийж байгаа. Д.Б нь “Наранфүүдс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн дутаасан, мөнгө төлбөрийн асуудал байгаагүй. Д.Б нь хамт ажилладаг хүмүүсээс бараа бүтээгдэхүүн аваад мөнгийг нь хэсэг хугацааны дараа өгсөн хэд хэдэн асуудал байсныг ажлаас гарсны дараа мэдсэн. Манай ажилтан н.Халиунаас 10 гаран сая төгрөгийн бараа аваад мөнгөө өгөөгүй асуудал гарсныг шалгуулж байгааг мэдсэн. ...” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч П.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12-16/, фейсбүүк чатын хуулбар /хх 18-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Д.Быг “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Бын үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Бын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Д.Бын хохирогчийг мөнгөө авъя гэхээр “маргааш өгнө, 7 хоногийн дараа өгнө, Баянхонгор аймагт хүргэн дүүтэйгээ нийлээд алтны уурхайн лиценз тоног төхөөрөмж худалдаж авсан, хүргэн дүү банкнаас зээл авах гэж байна, зээл бүтэхээр өгнө” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6 удаагийн гүйлгээгээр нийт 34.835.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, хохирогчид мөнгийг нь буцааж өгөөгүй байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байх тул шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Н.Энхжаргалын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 7-ны энэ өдрийг хүртэл 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ