Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02346

 

МАГАДЛАЛ

2020.12.14 Дугаа 2346

 

 

 

 

 

 

Ц.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02793 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.З-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо төмөр замын 47 байрны 42 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Х.З-д 140 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Х.З нь 2018 оны 7 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэд 95 000 000 төгрөг төлсөн тул Ц.Э нь Ариг банкны барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж Х.З-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Х.З нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 25 000 000 төгрөг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 125 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон боловч 125 000 000 төгрөгөөр гэрээ байгуулагдаагүй. Ц.Э-гийн санаачилгаар гэрээний үнийг 10 000 000 төгрөгөөр байгуулсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 10 000 000 төгрөгөөр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө гэрээний дагуу шилжсэн. 140 000 000 төгрөгийн гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас үнийг төлөх боломжгүй. Талууд харилцан тохиролцож төлбөрийн тооцоо дууссан учраас татвараас зайлсхийх зорилгоор нэхэмжлэгчийн санаачилгаар 10 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан байхад 140 000 000 төгрөгөөр байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Иймд Ц.Э болон Х.З нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Х.З худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулна гэж Ц.Э-гийн Дрийгаа дрим ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 100 хувийн хувьцааг компани эрх шилжүүлж авсан. Мөн түүнчлэн хариуцагч А.Зулхүү нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Төрийн банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 235 000 000 төгрөгийн зээл авч улмаар уг үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Үүнтэй холбоотой 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу А.Зулхүү нь хүсэл зоригоо илэрхийлж 140 000 000 төгрөгөөс 115 000 000 төгрөг төлсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Х.З нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Згээс энэхүү худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э-гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Х.З-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 857 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан хэлцэл бодитоор хэрэгжээгүй, уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, өмчлөх эрх энэхүү гэрээ болон хуулийн дагуу худалдан авагч Х.Згийн өмчлөлд шилжээгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээ, талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 сарын 19-ны өдрийн Ц.Э, Х.З нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Гэрээний үүрэг шаардах эрх буюу үл хөдлөх хөрөнгийн үнийн үлдэгдэл 25 000 000 төгрөг шаардах эрх 2017 оны 12 сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хуулийн дагуу худалдагч буюу ЦЭнхтуяад үүсээгүй тул Х.Згээс 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Х.Згийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн. Х.З нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 42 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан "Төрийн банк" ХХК-аас 235 000 000 төгрөгийн зээл авсан. Ц.Эд Х.З нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 95 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 20 000 000 төгрөг төлсөн. Х.З нь гэрээний нөхцөл, үнийн дүнг хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаартогтоогдоно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Х.Злд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ц.Э нь Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байр 42 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Х.З нь орон сууцны үнэд 140 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноор тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-6/

 

Дээрх гэрээний дагуу Х.З нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 95 000 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөгийг худалдагч тал болох Ц.Эд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд 140 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч орон сууцны үнэд 115 000 000 төлсөн, үлдэгдэл 25 000 000 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан. /хх72/

 

Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, уг гэрээний 2.1-т Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж заажээ. /хх-70/

 

Худалдагч тал болох Ц.Э нь дээрх гэрээний дагуу Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байр 42 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон түүнийг өмчлөх эрхийг худалдан авагч тал болох Х.З-д шилжүүлэн өгсөн болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

Харин талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмнө нь байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үнийг өөрчилсөн үзэх үндэслэлгүй байна. Учир нь: Ц.Э, Х.З нар гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ улсад төлөх татварын хэмжээг багасгах зорилгоор гэрээний үнийг багасгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох зохигчийн тайлбар, дээрх гэрээ зэргээр тогтоогджээ.

 

Мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр өмнөх гэрээгээр тохиролцсон 140 000 000 төгрөгийн хэмжээг багасгаж 10 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж хариуцагч маргасан атлаа гэрээний үнэд нийт 115 000 000 төгрөг төлсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банк ХХК-д 235 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд Х.З барьцаалсан зэргээр дүгнэхэд талууд гэрээний үнийн дүнг багасгасан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Х.Згээс 25 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх талууд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ бодитоор хэрэгжээгүй, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, өмчлөх эрх гэрээ болон хуулийн худалдан авагч Х.Згийн өмчлөлд шилжээгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Х.Згээс 25 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч Х.Згийн нэхэмжлэгч Ц.Эд холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 857 950 төгрөг гаргуулан хариуцагчид болгосугай гэснийг ...хариуцагчаас 282 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 144 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БАЙГАЛМАА