Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/930

 

      2023         09           14                                         2023/ДШМ/930

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзаяа,

өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Д.Эд холбогдох 2311 00000 0837  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Д-ын Э, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

Өсвөр насны шүүгдэгч Д.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Бийг нүүрэн тус газарт цохиж, биед нь “үүдэн дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй  дүүргийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч О овгийн Д-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Эг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Эг Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, өсвөр насны шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, өсвөр насны шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хонгоггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, энэхүү шийтгэл тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч Д.Эд оногдуулсан 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялын хоёр дахин багасгана.” гэж заасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гаргахгүй байхаар тогтоох”, ялыг 2 дахин багасгах тухай өөрчлөлт оруулуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр буюу шүүгдэгчийн оршин сууж буй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү гэсэн ялын саналыг дэвшүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгах заалттай байтал шууд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан. Миний үйлчлүүлэгч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг боловч Хан-Уул дүүрэгт байрлалтай коллежид суралцдаг бөгөөд коллежоос жилийн чөлөө авсан байх хугацаандаа уг гэмт хэрэгт холбогдсон. Сургалтын төлбөрөө олохын тулд өөрөө жилийн хугацаанд барилгын ажил хийсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2 дахин багасгах ёстой байсан гэсэн эсэргүүцлийн үндэслэлтэй санал нэгтэй байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан 2 дахин багасгаж 15 хоног болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэг өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүлэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Д.Э нь 17 настай ба арван найман насанд хүрээгүй нь батлагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “өсвөр насны шүүгдэгч Д.Эд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Эг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Мөн түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Д.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хүрээг Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хэт өргөн хүрээгээр буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ