| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0639/З |
| Дугаар | 128/ШШ2024/1009 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/1009
2024 12 05 128/ШШ2024/1009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б,
Хариуцагч: Б*******,*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э нарын хоорондын Б*******, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олгосон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрыг хүчингүй болгосонтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Б*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Б*******, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалын “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.
1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* тоот албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авч, шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1 Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Б*******, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 27875 метр квадрат талбай бүхий газрыг аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авсан.
2.2 Ингээд Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах №******* тоот гэрчилгээг олгосон,
2.3 Бид газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газрын координатаа батлуулсны дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран газар ашиглах гуравласан гэрээ байгуулах гэсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс үндэслэлгүй шаардлага тавьж, гэрээ байгуулахаас татгалзсан,
2.4 Дээрх шалтгаанаас үүдэн газар ашиглах гэрээг үндэслэн гардаг төрийн эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрлүүд гаралгүй, тухайн газартаа төлөвлөөд байсан төслөө хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн,
2.5 Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын зүгээс манай дархан цаазат газрын зарим хэсэг Хан-Уул дүүргийн газартай давхацсан байна гэдэг тайлбарыг өгсөөр ирсэн,
2.6 Хан-Уул дүүргийн Засаг даргын энэхүү тайлбар нь үндэслэлгүй юм, учир нь бид тусгай хамгаалалттай газар нутгийн батлагдсан солбицлын дагуу кадастрын зураглал үйлдэж, батлуулан, газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан бөгөөд Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн хилийн цэс нь 1997 онд Юнискогийн дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд давхар бүртгэгдсэн байдаг,
2.7 Гэтэл Б*******, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалын хавсралтаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,
2.8 Газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40.1.3 дахь хэсэг, 39.1.4, Монгол Улсын Их хурлын Б******* хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол зэргийг үндэслэл болгожээ.
2.9 Б*******, аялал жуулчлалын сайд манай компанид газар ашиглах эрх олгох шийдвэр гаргаад газрын төлбөрөө төлүүлсэн, компанийн зүгээс тухайн газарт их хэмжээний зардал гаргаж хэрэгжүүлэх төслөө баталсны дараа ямар нэгэн мэдээлэл өгөлгүй газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2020 оны 3 дугаар сараас эхэлж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаад хандаж эхэлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б*******, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Санал хүргүүлэх тухай” албан бичигт “Би Жи Раннер консалтинг” ХХК-ийн газар ашиглахаар хүсээд байгаа газар нь дархан цаазат газарт хамааралтай газар тул шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байдлаар Б******* аялал, жуулчлалын яамны Үнэлгээний аудитын хэлтэст хүргүүлсэн байдаг. Төрийн захиргааны төв байгууллага өөрөө манай компанид дархан цаазат газрын тусгай хязгаарлалтын бүсэд байгаа газрыг 5 жилийн хугацаатай олгоод, манай компаниас 13 сая төгрөгийн газрын төлбөр авсан. Өөрсдөө гуравласан гэрээгээ гаргаад гарын үсэг зураад, харин Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй зүйл байгаа. Бид газрыг ашиглах бүх зураг төслөө батлуулаад өгсөн. Хилийн цэс өөрчлөгдсөн, алдааг нь засаж байна гэдэг утгаар тайлбарлаад байгаа боловч 1995-2022 оны хооронд солбицол үйлдсэн зургаар явж байгаа газар. Алдааг нь засаж байна гэдэг утгаар хилийн цэсийг өөрчилж байгаа юм. Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал, хуульд маш тодорхой заасан байна. Хилийн цэсийг нь өөрчлөөд өгсөн байгаа учраас алдаатай захиргааны акт гарсан учраас хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б*******, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний хүрээ гэж байдаг. Тусгай хамгаалалтын бүсэд байгаа газрыг тодорхой хугацаанд ашиглах эрхийг сайд олгодог.
5. Тухайн газар нь Б*******,*******ын өөрийн эрх хэмжээний хүрээнээс хэтэрсэн асуудал байна. Хилийн цэсийн өөрчлөлт хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын мэдээллийн санд орохдоо алдаатай орсон байгаа юм. Тухайн үеийн мэдээллийн санд “Би Жи Раннер консалтинг” ХХК-ийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн эргэлтийн цэгт орохдоо алдаатай тусгагдсан байсан. Иймд Улсын Их Хурлын байнгын хорооноос тодорхойлоод дахин нарийвчлан хил заагийн тодорхой алдаагүй болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх ажлыг хийсэн байдаг. Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын хурлын тогтоолоор хил заагийг тодорхой болгох асуудлууд хийгдсэн. Тухайн хил заагийг тодорхой болгоод алдааг нь залруулахад тухайн газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд багтсан.
6. Алдаатай мэдээллийн сангаас бусдад газар олгосон бол шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. 59 аж ахуй нэгжийн газрыг хүчингүй болгосон байдаг. “Би Жи Раннер консалтинг” ХХК нь хэрвээ энэ газраа цааш эзэмших хүсэлтэй байгаа бол Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргах эрхтэй. Энэ газар нь бусдын газартай давхацсан нөхцөл байдал байхгүй. Нийслэл рүү шилжсэн ч тухайн газар одоогийн байдлаар бусдын газартай давхцаагүй байгаа. Нийслэлийн Засаг даргад хандаад цааш газар ашиглах, эзэмших эрх нь нээлттэй байгаа.
7. Энэ маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор цаашид ямар үр дагавар үүсэх вэ. Ашиглах эрх нээгдэх үү, үгүй гэдэг асуудал байна. Тусгай хамгаалалттай газраас гарч, Нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд шилжсэн газар учир Б*******, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгохоор өөр эрх бүхий албан тушаалтны эрхэд халдсан байдлаар шийдвэр гарсан болоод, өөрөө хууль зөрчсөн ноцтой үр дагавар үүснэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна,
8. Хилийн цэс алдаатай байсан гэдгийг 30 жилийн өмнөх зөв гэж тайлбарлаад байх шиг байна. Үүнийг ямар нэгэн байдлаар баталсан зүйл дурдсангүй. Алдаатай байсан гэдгийг Нийслэлийн Засаг дарга, Б*******, аялал жуулчлалын яам харилцан хүлээн зөвшөөрөөд хилийн цэсийг тогтоосон байгаа. Хилийн цэсийн талаар Захиргааны хэргийн шүүх 2018 оны 02 дугаар 18-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр хилийн цэсийг тогтоож байсан. Кадастрын зураг хилийн цэсийн зурагтай таарч байна гэж харж байгаа юм. Хилийн цэсийн холбогдолтой асуудлаар 30 жилийн өмнө байсан асуудал нь шүүхийн шийдвэр, яам, нийслэл харилцан зөвшөөрөөд гарсан учраас үнэн бодитой гэж үзэж байна. Алдаатай гарсан талаар тухайн үед ямар нэгэн байгууллагад огт хандаагүй. Сайдын тушаалын холбогдох хэсэг хүчингүй боллоо гээд тооцоход сэргээсэн тушаал гаргая гэхээр Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд халдана, дахин маргаантай асуудал үүснэ гэж үзэж байна. Иймд сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Анх “Б*******” ХХК нь Б*******, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хан-уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ташгайн ам нэртэй газарт 27875 метр квадрат талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авч ******* тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай авч, газрын координатаа батлуулж,
2. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гуравласан гэрээ байгуулах гэсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээ байгуулахаас татгалзаж, гэрээнд гарын үсэг зураагүй учраас газар ашиглах гэрээг үндэслэн гардаг төрийн эрх бүхий байгууллагын бусад зөвшөөрөл олгогдолгүй, тухайн газартаа төлөвлөөд байсан төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс үндэслэлгүй шаардлага тавьж гуравласан гэрээг байгуулахаас татгалзаж, гэрээг буцаагаад эс үйлдэхүй гаргаж байгаа нь цаашид газраа зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон,
4. Б******* аялал жуулчлалын сайд хуулийн этгээдэд газар олгохдоо тухайн газрын координат буюу солбицлыг тогтоож, кадастрын зураг үйлдсэний дараа шийдвэрээ гаргасан,
5. Тиймээс “Б*******, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаартай тушаалын “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...манай компанид газар ашиглах эрх олгох шийдвэр гаргаад, газрын төлбөрт 13 сая төгрөгийг төлүүлээд, мөн манай компанийн зүгээс тухайн газарт их хэмжээний зардал гаргаж хэрэгжүүлэх төслөө батлуулсны дараа ямар нэгэн мэдээлэл өгөлгүй газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж, бидний газар эзэмших эрхийг зөрчиж байна...” гэж, хариуцагчаас “…Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын ташгайн аманд байрлах газрыг Б*******, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар бүхий тушаалаар авсан нь хууль зөрчсөн төдийгүй маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар нутагт харьяалагддаг тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчөөгүй...” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
6. Хавтаст хэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон “Б*******” ХХК-ийн захирлын гарын үсэгтэй 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргаас баталгаажуулж гарын үсэг зураагүй баримт байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор б*******д сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан нэмэлт өөрчлөлтөөр гуравласан гэрээг хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг дарга байгуулахаар заасан боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга уг гэрээнд гарын үсэг зураагүй байгаа нь хариуцагч гуравласан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
7. Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Б*******, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дах заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын Б*******, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Б*******, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны ******* дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Б*******, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, хавсралтын 51 дэх хэсэгт нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн Ташгайн амны ашиглах эрх бүхий 27875,7 м.кв газар орсон байна.
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана” гээд мөн зүйлийн 3-д “ хязгаарлалтын бүс”, 25 дугаар зүйлд “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2 дахь хэсэгт “... дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж зааснаас үзвэл дархан цаазат газар нь тодорхой бүсүүдэд хуваагдах бөгөөд дархан цаазат газарт хамаарах хилийн заагийг Улсын Их Хурлын баталснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Б*******, аялал жуулчлалын яамнаас тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох, мөн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрх хэмжээ, чиг үүргийг хуулиар тогтоосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байх бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
9. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоохдоо тухайн уулын өндөрлөгөөр баримжаалан хилийн заагийг тогтоосон байх бөгөөд түүнд ...Айц уул /1735,2/, түүнээс хойш оргих 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын урьд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон ... гэх зэргээр зааснаас үндэслэн Б*******, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/429 дугаартай Тусгай хамгаалалтын газар нутгийн дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал мөн тус яамны сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал гарч, уулын өндөрлөгөөр баримжаалан тогтоосон хилийн заагийг хязгаарлалтын бүс, онгон бүс гэх зэрэг ангиллаар тогтоожээ.
10. Харин Б*******, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4014 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, мөн тус яамны гаргасан нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын лавлагаагаар маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар тайлбарлаж байсан атлаа “… Б*******, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг даргаас ажлын хэсэг гараад хил заагийг нарийвчлан тогтоогоод, хамаарал бүхий газруудыг тусгай хамгаалалттай газар, Нийслэлд хамаарах газар гэдэг агуулгатайгаар ажлын хэсэг гаргаад, “Б*******” ХХК-ийн газар нь нийслэлийн Засаг даргад хамааралтай газарт хамаарч, улсын тусгай хамгаалалттай газраас гарч байна...” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 27.9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус хуульчилсан.
12. Монгол Улсын Их хурлын Б*******, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Б*******, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны ******* дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсан гэх баримтууд хавтаст хэрэгт байгаа боловч энэхүү хилийн цэсийн өөрчлөлтийг Улсын Их хурлаар оруулж хэлэлцүүлэн батлуулаагүй байх тул дээрх захиргааны байгууллагуудыг Улсын Их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
13. Нөгөөтэйгөөр Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосон хилийн цэсийг зөвтгөж дахин 2023 онд залруулсан гэсэн үндэслэлээр 2020 онд буюу хилийн цэст залруулга хийхээс өмнө ашиглах эрх авсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
14. Маргаан бүхий газрыг дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байршилтай гэж үзээд хууль журамд заасны дагуу 2020 онд олгогдсон газрыг дээрх захиргааны байгууллагуудын 2023 онд гаргасан шийдвэрийг үндэслэн цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
15. Учир нь нэхэмжлэгч “Б*******” ХХК-д маргаан бүхий газрыг ашиглах эрхийг захиргааны байгууллага олгосноор түүнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна.
16. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосноос хойш 2023 он хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн цэст оруулж эрх бүхий захиргааны байгууллагаас энэ хугацаанд ашиглах эрх авсан газрыг Улсын Их хурлын тогтоол гаргаагүй байхад Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол, Б*******, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрсөн, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны ******* дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
17. Иймд Б*******, аялал жуулчлалын яам нь Б*******, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 27875.7 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосны дагуу нэхэмжлэгч “Б*******” ХХК-тай гуравласан гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравласан гэрээг хууль журамд заасны дагуу байгуулж, Б*******, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаартай тушаалын “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б*******, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн А/******* дугаартай тушаалын “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
.