Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 318/ШШ2025/00126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б-ын,

Хариуцагч: ББЭХС ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх цалин нийт 27,212,995 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг тус тус нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга,

Хариуагч: ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч талаас ББЭХС ТӨХК-иас ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх цалин нийт 27,212,995 төгрөг, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлнэ гэв.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс буюу 2024 оны 5 дугаар сарын 16н өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацаа өнгөрсөн гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1. Нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэрээр хүчингүй болгожээ.

Тус анхан шатны шүүхийн шийдвэрийг Увс аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 224/МА2024/00018 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/00586 дугаартай тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ж.Быг өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 152/ШШ2024/00062 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.2. Хариуцагч ББЭХС ТӨХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сэргээсэн болох нь хэрэгт авагдсан ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/211 дүгээр тушаалаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Бын, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/00586 дугаартай тогтоол гарснаас хойш 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж маргасан.

Энэ тохиолдолд, хариуцагч хуулийн этгээд нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхэлсэн үеэс нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Ж.Б нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй ба 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

4.3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын дагуу олгоно.

Тус журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Ж.Бд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд олговол зохих өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг түүний 2023 оны 5,6,7 дугаар сард авсан цалин хөлсний дунджаар тооцно.

Хэрэгт авагдсан, ББЭХС ТӨХК-ийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан “цалингийн дэлгэрэнгүй” гэх баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Б нь 2023 оны 5 дугаар сард нийт 1,066,924 төгрөг, 2023 оны 6 дугаар сард 1,368,718 төгрөг, 2023 оны 7 дугаар сард 1,102,467 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын 1.5-д “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.Бын 2023 оны 5,6,7 дугаар сарын цалин хөлсний бүрэлдэхүүнээс 2023 оны 5 дугаар сард авсан хоолны үнийн хөнгөлөлт 80,500 төгрөг, 2023 оны 6 дугаар сард 73,500 төгрөг, 2023 оны 7 дугаар сард 56,000 төгрөгийг тус тус хасч тооцов.

Ийнхүү нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдахаас өмнөх нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлбол, (986,524+1,295,218+1,046,467)/3=1,109,369.6 төгрөг байна.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 2023 оны 5,6,7 дугаар сард авсан нийт цалин хөлс 3,328,109 төгрөгийг тухайн саруудад ажиллавал зохих 60 ажлын өдөрт хувааж тооцвол 55,468.4 төгрөг байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь 2023 оны 8 дугаар сард ажлын 21 өдөр, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал нийт 15 сар, 2024 оны 12 дугаар сард ажлын 10 өдөр ажилгүй байсан тул дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 18,360,067 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

4.4. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны жилийн үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл 2,718,057 төгрөг, сарын үр дүнгийн нэмэгдэл 5,223,754 төгрөг, 2024 оны 8 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны удаан жил ажилласны нэмэгдэл 540,388 төгрөг, хоолны мөнгө 1,730,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард цалин 20 хувиар нэмэгдсэний зөрүү 2,161,548 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, ийнхүү нөхөн олговор олгохдоо тухайн ажилтны ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх буюу сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар нэг сарын цалин хөлсийг тооцож олгохоор зохицуулсан.

Иймд нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг тооцож олгохдоо түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдаагүй бол авах байсан урамшуулал, нэмэгдэл, хоолны хөнгөлөлт зэргийг тооцож олгох боломжгүй байна.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иймд хариуцагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7-д заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй.

4.6. Нэхэмжлэгч нь хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хариуцагч хуулийн этгээд хариуцах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна” гэж заасан ба нэхэмжлэгч нь өөрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй.

Харин хариуцагч хуулийн этгээд нь татвар суутган төлөгч болохын хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан журмын дагуу нэхэмжлэгчид олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хуульд заасан хувь хэмжээгээр хувь хүний орлогын албан татвар ногдуулан, холбогдох төсөвт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 249,750 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ББЭХС ТӨХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,360,067 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,852,928 төгрөг гаргуулах тухай хэсгийгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ж.Бын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлснөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлөхийг хариуцагч ББЭХС ТӨХК-д даалгаж, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэл нь улсын тэмдэг хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 249,750 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Я.УРНАА