| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00060/и |
| Дугаар | 318/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00127
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Б-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 60 настай. Би цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 сарын 01-ний өдөр Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар ажилд орсон. Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар ажиллаж байгаад 1991 оны 12 сарын 31-нд гэрэл зургийн газар хувьчлагдаж тул үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний бие Увс аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1986 оны 07 сарын 31-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Мөн миний бие 1982 оны 6 дугаар сараас Усны аж ахуйг удирдах газарт сантехникчээр ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарл цэрэгт татагдсан тул дээрх хугацааг нэмж тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын ахуйн үйлчилгээний хэлтсийн даргын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай тушаалын хуулбар, гэрэл зургууд, гэрч Ц.Пын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ё.Дгийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Б.Бийн хүсэлтээр Ё.Д, Ц.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Бийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас №7 баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1986-1992 оны тушаалын болон цалингийн баримтаас Б.Бид холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд хандаж Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1982 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг хүртэл сантехникчээр, Увс аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1986 оны 07 сарын 31-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Бийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Б.Б нь 1964 онд төрсөн. 1980 онд 8 дугаар анги төгсөөд, 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Өвөрхангай аймагт Усны аж ахуйн сургуульд суралцаж төгсөөд, 1982 оны 6 дугаар сараас Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт сантехникчээр ажиллаж эхэлсэн. Тус газарт 1983 оны 6 дугаар сарыг хүртэл ажиллаад цэргийн албанд татагдсан.
1986 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гэрэл зургийн лаборантаар ажилд орж, 1991 оныг дуустал хугацаанд ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1982-1983 оны хооронд, 1986-1991 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Бид холбогдох, хаягийн хуудас №7 баримтыг 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Б.Бийг Усны аж ахуйг удирдах газарт сантехникч ажилтай гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн, Б.Б нь 1980 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан ХААТР-1 маягт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн хаасны архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Хэдийгээр Б.Бид холбогдох, 1982-1983 оны хооронд Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллаж байсныг нотлох тушаалын болон цалингийн баримт хэрэгт авагдаагүй боловч түүний “Хаягийн хуудас №7” баримтад үндэслэн түүнийг 1982 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт сантехникээр ажиллаж байсан гэж дүгнэлээ.
4.2. Хэрэгт авагдсан Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаартай тушаалд “..цагаан хэрэглэлийн угаагч хийж байсан Б овогтой Бийг 1988 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн уг ажлаас нь өөрчилж, эрхлэгч, техникч н.А-д 1 сарын хугацаагаар дагалдуулан лаборантын мэргэжилд сургасугай” гэжээ.
Тус тушаалын баримт нь . Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээрх тушаалын баримт нь хүсэлт гаргагч Б.Б хэдэн оны хэдэн сарын өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж эхэлсэн болохыг тодорхой тусгаагүй боловч 1688 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хүсэлт гаргагч Б.Б нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан үйл баримтыг нотолж байна.
Түүнчлэн, гэрч Ё.Д, Ц.П нар нь хүсэлт гаргагч Б.Бийг “...гэрэл зургийн лаборант болохоос өмнө цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан. Түүний аав нь манай байгууллагад боловсон хүчнээр ажиллаж байсан. Б.Б 1991 онд гэрэл зургийн студи хувьчлагдах үед үргэлжлүүлэн лаборантаар ажиллаад үлдсэн” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд хүсэлт гаргагч Б.Бийг 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаад, 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тус газарт гэрэл зургийн лаборантаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэлээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан Б.Бид холбогдох ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Б.Бийг фото зурагт лаборант ажилтай гэж тэмдэглэжээ.
Улмаар хэрэгт авагдсан Увс аймгийн Ахуйн үйлчилгээний газрын даргын 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын ахуйн үйлчилгээний хэлтсийн даргын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай тушаал, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Б.Бийн 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гэрэл зургийн лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагч Б.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ц овогт Бгийн Бийн 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт сантехникчээр, 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт цагаан хэрэглэл угаагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус газарт гэрэл зургийн лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА