Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-д холбогдох эрүүгийн 1710008870231 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун /томилолтоор/, шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирээдүй” хотхоны А-3-13 тоотод оршин суух иргэн Б.М-ын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Ч.Б-г зодож, түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч Д.Ч-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед нийт 12 пиво уусан. Би эхнэр Удаанжаргалтайгаа 10 жилээсээ хойш үерхээд хамт амьдраад 6 жил болж байна. 5 настай хүүхэдтэй. Хохирогчид гэмтэл учруулах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Хохирогч Бг өмнө нь таньдаггүй байсан, тэр өдөр анх найзындаа хараад таних болсон. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, архи уухгүй, ингээд шүүх дээр зогсож байгаадаа өөрөөсөө ичиж байна.”гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710008870231 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-гийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим найз М-ын эхнэр О надруу “маргааш хүүхдийн төрсөн өдөр болно, чи манайд ирж хоол идээрэй” гэж фейсбүүкээр бичсэн байсан юм. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гадуур явж байгаад оройн 20:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүй хотхонд байх найз М-ын гэрт ирсэн. Намайг тэдний гэрт ирэх үед М, О, Ч, Х нар байсан. Тэгээд бид нар М-ын хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаад ойрд уулзалдаагүй гээд жоохон шар айраг ууцгаая гэж ярилцаад Сэрүүн нэртэй 2,5 литр савалгаатай шар айрагнаас 5 ширхэгийг хувааж уусан. Тэгээд бид нар бүгд согтоцгоосон ба М, Ч хоёр тамхи татахаар орцонд гарсан. Би удалгүй тэр хоёрын хойноос орцонд гарсан ба намайг очих үед Ч гэнэт л “чи явах юм уу, би эхнэр хүүхэдтэйгээ явах уу” гэж асуухаар нь би түүнд “согтуу машин барьж явахгүй, хоноод явна” гэж хэлсэн.

Тэгээд буцаад гэрт орсон. Коридорт зогсож байсан чинь Ч надруу дайрахад  нь би түүнийг дарж унагаагаад хөдөлгөөнгүй болгохын тулд дээр нь дараад хэвтсэн. Тэр үед найз М бид хоёрыг салгаад босгосон ба би буйдан дээр очоод сууж байтал Ч надруу дөхөж ирээд гар барих гэж байгаа юм шиг гараа сарвайхаар нь би гараа өгөлгүй сууж байсан чинь шууд л миний зүүн шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн.

Тэгсэн чинь миний хацарнаас цус гарч эхэлсэн юм. Тэгээд тухайн үед цагдаад мэдэгдье гэхэд Ч намайг “тохиролцъё, цагдаад хэлээд хэрэггүй” гэсэн учир би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан юм. Д.Ч надтай уулзаж миний хохирлыг барагдуулахгүй олон хоног болсон учраас би өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм.

Д.Ч миний нүүрэн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, өөр зодож цохисон асуудал байхгүй. Ямар шалтгаанаар намайг өшиглөсөнийг би мэдэхгүй байна. Гэнэт л өшиглөсөн. Одоо миний зүүн нүднээс нулимс байнга гарч байгаа, бас толгой өвдөж байгаа. Би нүдээ эмчлүүлэхэд гарах зардлыг Д.Ч-аар төлүүлмээр байна. Би Д.Ч-ыг цохиж зодсон асуудал байхгүй. Надруу дайраад байхаар нь дарж хэвтсэн.

Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг Д.Ч намайг миний нүүрэн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөснөөс үүссэн гэмтэл. Өөр хэн нэгэн намайг зодож гэмтээгээгүй. 2017 оны 11 сарын 22-ны өдөр Д.Ч нь надад эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлж, миний гомдлыг барагдуулсан. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр болсон. Надад өөр нэмж шалгуулах зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6х, 27х/,

 

2. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай хүү Э-ийн төрсөн өдөр болсон ба манай найзууд болох Д.Ч, У, Б нар  манай гэрт ирсэн. Тэгээд бид нар 2,5 литр савалгаатай Сэрүүн нэртэй шар айраг 5 ширхэгийг уусан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад, идэж уугаад сууж байсан ба Д.Ч бид хоёр тамхи татахаар орцонд гарсан. Тэр үед Д.Ч надад хандан “танай найз Б надад таалагдахгүй байна, би явах уу, Б явах уу” гэж асуусан ба энэ үед Б гарч ирсэн. Тэгсэн чинь Д.Ч Б-г хараад дахин “чи явах уу, би явах уу” гэж асуусан ба Б “би машинтай явж байгаа, уусан учраас явж чадахгүй” гэж хэлсэн.

Тэгсэн Д.Ч “за би явъя” гэж хэлээд гэрлүү орсон ба эхнэр У-ыг “хувцасаа өмс явъя” гэж хэлсэн. Тухайн үед нь би бие засах гээд жорлон орсон ба гэнэт хүмүүс орилолдохоор нь гарч ирээд хартал Б, Д.Ч хоёр ноцолдож байсан. Тэгээд тэр хоёр хэсэг хугацаанд ноцолдож байгаад том өрөөний шалан дээр Б Д.Ч-ыг дараад хэвтсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан.  Б том өрөөний буйдан дээр сууж байсан, харин Д.Ч явах гээд хувцасаа өмсөж байснаа гэнэт л Б-гийн нүдний доод хэсэгт нь гутлаараа нэг удаа өшиглөсөн, тэгээд эхнэр хүүхдээ аваад явсан. Тэр үед Б-гийн нүдний доод хэсгээс цус гарч байсан. Д.Ч Б-г хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Өөр яаж, хаана нь цохисныг мэдэхгүй байна. Намайг жорлонд байх үед гэнэт л шуугилдаад эхэлсэн ба гараад ирэхэд Б Д.Ч-ыг дараад хэвтэж байсан. Ер нь ноцолдоод л байсан болохоос цохиж зодолдсон юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

 

3. Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай хүү Э-ийн төрсөн өдөр болсон ба манай найзууд болох Д.Ч, У, Б нар манай гэрт ирсэн. Тэгээд бид нар 2,5 л савалгаатай Сэрүүн нэртэй шар айраг 5 ширхэгийг уусан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байсан ба нөхөр М, Д.Чын хамт тамхи татахаар орцонд гарсан. Тэр хоёрын араас удалгүй Б гарсан ба удалгүй буцаж орж ирэхдээ хоорондоо маргалдаад байсан.

Тэгээд Д.Ч гэрт орж ирчихээд эхнэр хүүхдээ аваад явлаа эсвэл чи яв гээд Б-тэй маргалдаад байсан. Тэгээд маргалдаж байгаад гэнэт л хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхэлсэн. Хоёр орчим минутын дараа Б Д.Ч-ыг шалан дээр унагаан хөдөлгөөнгүй тэврээд “одоо тайвшир” гэж хэлээд байсан. Тэр үед Д.Ч “намайг тавь” гээд орилж байсан ба Б тэр хоёрыг Мөнхөө салгаад, Б том өрөөний буйдан дээр суусан. Харин Д.Ч нь явах гээд хувцасаа өмссөн байсан. Тэгээд Д.Ч яг гарах гэж байснаа болиод Б-гийн урд очоод шууд л нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б нүүрээ гараараа дарсан ба нүүрнээс нь цус гарч байсан. Д.Ч Б-г өшиглөчихөөд гараад явсан.  Д.Ч Б-г хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Мөн хоорондоо ноцолдоод байсан ба тэр үедээ нэг нэгнээ биерүү нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг / хэргийн 13х /

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13924 тоот дүгнэлтэд:

1. Ч.Б-н биед тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,

 

5. Шүүгдэгч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо Ирээдүй хотхонд байх найз М-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних Ч.Б-тэй үл ялих зүйлээс маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Би Б-д эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг төлсөн. Би хийсэн үйлдэлдээ  маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 32х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №13924 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч Ч.Б, гэрч Б.М, Б.О нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон гэж үзлээ.  

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, шүүгдэгч Д.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.    

 

Хэрэгт гэрчээр асуугдсан Ж.У, шүүгдэгч Д.Ч нар нь гэр бүлийн амьдралаар хамтран амьдрах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнийг гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргээс Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...гэр бүлийн гишүүд”-ийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх эсэх талаар нь тухайлан тайлбарлан өгч тодруулж асуугаагүй, тухайн гэрч нь хуульд заасан энэхүү эрхээ эдлэхээс сайн дураар татгалзсан эсэх нь тодорхой бус, хэрэв уг эрхээ эдлэхээс сайн дураар татгалзсан тохиолдолд гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд шүүгдэгчтэй хамт байсан гэрчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүргийг хүлээх учиртай.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан шүүгдэгчийн эхнэр Ж.У-ын 2017 оны 11 сарын 10-ны өдөр /хэргийн 10-11х/, 2017 оны 12 сарын 05-ны өдөр /хэргийн 28х/ тус тус өгсөн хоёр удаагийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасан журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болохыг,

- мөн Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэргийн хохирогч Ч.Б-гийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтэд заагаагүй, хохирогчийн мэдүүлэгт дурьдагдаагүй, тогтоогдоогүй  “...эрүүнд цус хуралт” гэмтэл учирсан мэт дүгнэлт хийсэн нь нотлох баримтын эх сурвалжгүй, ойлгомжгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирээдүй” хотхоны А-3-13 тоотод оршин суух иргэн Б.М-ын гэрт түүний хүүхдийн төрсөн өдөрт уригдан ирж зочилж байхдаа шүүгдэгч Д.Ч нь хохирогч С.Б-д “чи явах уу, би явах уу” гэж хэлж маргалдан, улмаар шүүгдэгч нь эхнэрийн хамт явахаар гадуур хувцасаа өмссөн байхдаа буйдан дээр сууж байсан Ч.Б-гийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж зодсоноос хохирогч Ч.Б-н биед “тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Ч.Б, гэрч Б.М, Б.О нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13924 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Ч-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ч-ын хохирогч Ч.Б-гийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж  ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна. Хэргийн талаар шалгаж тогтоовол зохих байдлыг бүрэн шалгасан, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн байцаалтын явцад /хэргийн 32х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ч.Б-гийн биед учирсан “тархи доргилт, зүүн хацарт няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Ч түүнийг өшиглөсөн шууд санаатай гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ч.Б-гийн биед учирсан “хөнгөн гэмтэл” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар буюу хөнгөн хохирол, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан зайлшгүй бүх зардал нь хохирол учирсны улмаас шууд үүссэн хор уршиг болох юм.   

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба  гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч Ч.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Д.Ч нь 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт /хэргийн 27х/ болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн учир шүүгдэгч Д.Ч-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, төлөх төлбөргүй гэж үзнэ.   

 

  1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүхийн хэлэлцүүлгээр нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Д.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 42х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл  байдалд тооцогдоно.     

 

Шүүх, шүүгдэгч Д.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн болно.     

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Ч.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Д.Ч-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Ч.Б нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.                     

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАЗАРХАНД