Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 212/МА2021/00004  

 

    Т банкны “Баян-Өлгий” салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Е.А-, Р.Г-, Х.Г- нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Е.А-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Р.Г- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хурметхан, Х.Базарбек, хариуцагч Е.А-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Р.Г-, хариуцагч Х.Г-, түүний өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Е.А, Х.Г- нараас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, зээлийн хүү 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506368.51 төгрөг бүгд 25,844,213.36 төгрөг, Е.А, Х.Г-, Р.Г- нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, зээлийн хүү 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174749.30 төгрөг бүгд 26,326,728.13 төгрөг нийт 52,170,941.47 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Е.А, Х.Г- нар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай банктай 291400436927 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 35,000,000 (Гучин таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.0 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар барааны бөөний худалдааны зориулалтаар зээлдэж авсан. Е.А, Х.Г-, Р.Г- нар нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай банктай 291400461526 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 (Хорин сая) төгрөгийн зээлийг сарын 2.3 хувь, жилийн 27.60 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар зээлдэж авсан. Зээлийн барьцаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сум 5-р баг, ховд гол 1-46 тоот хаягт байршилтай Н.Е-, А.С-, И.П- нарын гурван хүний өмчлөлтэй 130м/кв талбайтай Ү-0213001010 улсын бүртгэлийн дугаартай 6 өрөө бүхий өвлийн сууц НТ№031300428 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй 672 м.кв газрын хамт, Өлгий сумын 11-р баг Б- 23-15в тоот хаягт байршилтай Е.А-ий өмчлөлд байгаа Ү-0213006939 улсын бүртгэлийн дугаартай 125,13 м.кв талбайтай үйлчилгээний подвал, Г-0213005887 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газрын хамт, Н.Е-, Р.Г- нарын өмчлөлд байгаа Өлгий сумын 11-р баг, Б- 23-15а тоотод байрлалтай 250,26 м.кв талбайтай хоёр давхар амины сууц, 572 мкв №031304122 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт, мөн 4694 БӨА улсын дугаартай Тоуоta Ist суудлын тэрэг, Өлгий сумын 2-р баг Г-0213005887 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхтэй 700 м.кв газар, гэрийн эд хогшил зэрэг барьцаа хөрөнгө барьцаалсан болно. Зээлдэгч Е.А, Х.Г-, Р.Г- нар нь тус банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, тухайлбал зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзсан, мэдэгдэх хуудас хүргүүлж зээлээ төлөх тухай мэдэгдсэн ч зээл, зээлийн хүүгээ төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Е.А, Х.Г-, Р.Г- нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1 6.2.3, 6.2.5 дэх заалтуудыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.2.1. 6.2.3, 6.2.5 дах заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Е.А, Х.Г- нар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай банктай 291400436927/1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж авсан 35,000.000 (Гучин таван сая) төгрөгөөс үндсэн зээлд 14.481,783.26 (Арван дөрвөн сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун наян гурван мянга 26 мөнгө), үндсэн хүүд 15.719,771.15 (Арван таван сая долоон зуун арван есөн мянга долоон зуун далан нэгэн төгрөг 15 мөнгө), нэмэгдүүлсэн хүүд 400,752.52 (Дөрвөн зуун мянга долоон зуун тавин хоёр төгрөг 52 мөнгө) нийт 30,602,307.11 (Гучин сая зургаан зуун хоёр мянга гурван зуун долоон төгрөг 11 мөнгө) төлөгдсөн. Зээл болон хүү нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 715 хоног хугацаа хэтэрч төлөгдөөгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 506,368.51 төгрөг, нийт төлөгдөхгүй байгаа дүн 25,844,213.36 төгрөг байна. Тухайн мөнгийг хариуцагч Е.А, Х.Г- нараас нэхэмжилж байна. Мөн зээлдэгч Е.А, Х.Г-, Р.Г- нар нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай банктай 291400461526 тоот барьцааг зээлийн гэрээ байгуулж авсан 20,000,000 (Хорин сая) төгрөгөөс үндсэн зээлд 1,927.886.15 (нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуун наян зургаан төгрөг 15 мөнгө), үндсэн хүүд 6.581.078.30 (зургаан сая таван зуун наян нэгэн мянга далан найман төгрөг 30 мөнгө), нэмэгдүүлсэн хүүд 90,004.26 (ерэн мянга дөрвөн төгрөг 26 мөнгө) нийт 8.598,968.71 (найман сая таван зуун ерэн найман мянга есөн зуун жаран найман төгрөг 71 мөнгө ) төлөгдсөн. Зээл болон хүү нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 768 хоног хугацаа хэтэрч төлөгдөөгүй, дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 174,749.30 төгрөг, нийт төлөгдөхгүй байгаа дүн 26,326,728.13 төгрөг байна. Тухайн мөнгийг хариуцагч Е.АХ.Г-, Р.Г- нараас нэхэмжилж байна.Зээлдэгч нараас хоёр удаагийн зээлийн төлбөрт нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч Х.Г-н тайлбарт: “...Миний бие Е.А-ээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд 2019 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргаж, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00027 дугаар шийдвэр гарснаар гэрлэлтээ цуцлуулах миний нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдсэн. ...Эдгээр зээлийг авах үед бид хоёр салаагүй эхнэр нөхөр хэвээр байсан. Е.А нь банк заавал гэр бүлийн хүнийг хамтран эзэмшигчээр гарын үсэг зуруулах юм байна. Чи гарын үсгээ зураад өгөөч гэсэн. Би зурахгүй гэхэд зээл авсан хүний эхнэр юм уу нөхөр нь заавал хамтран зээлдэгчээр гарын үсэг зурдаг юм байна. Тэгэхгүй бол зээл өгөхгүй юм байна. Тэртээ тэргүй банк зээлийн барьцаанд миний аав ээжийн байшинг барьцаалж байгаа юм чинь чамд ямар ч эрсдэлгүй. Бид зээлээ төлж чадахгүй бол банк барьцааны хөрөнгө буюу бидний байшинг л авна шүү дээ гэж намайг гуйсан. Тухайн үед би эхнэр нь байсан учраас би гарын үсгээ зурахгүй бол нөхөрт минь зээл өгөхгүй юм байна гэж гарцаагүй байдалд орсны улмаас хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсгээ зурж өгсөн. 2017 оны 02 дугаар сард авсан 35,0 сая төгрөгийн зээлийн барьцаанд аавын минь надад гэрлэхээс өмнө авч өгсөн машиныг тавина гэсэн. ... Е.А Т банк барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгөнөөс гадна туслах чанарын хөдлөх хөрөнгийг зүгээр үзэмжийн чанартай бичүүлээрэй, хөдлөх хөрөнгө бол барьцаа болохгүй гэсэн. Тэгээд би дэлгүүрт байгаа бараа болон чиний машиныг бичүүлсэн. ... Е.А, Г- нар 2017 оны 8 дугаар сарын 02-нд дахин 20,0 сая төгрөгийн зээл авахад өмнөх 35,0 сая төгрөгийн зээлийн барьцааны хөрөнгийг сүүлд авсан 20,0 сая төгрөгийн зээлийн барьцаанд дахин барьцаалсан. Ингэхдээ өмнөх зээлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг банк дахин үнэлж өмнөх 35,0 сая төгрөгийн зээлтэй нэгтгэж нийт 55,0 сая төгрөгийн зээлийн барьцааны гэрээ болгож шинэчилж хийсэн. Барьцааны гэрээг шинэчлэн хийсэн үед би машинаа барьцаанд бичүүлээгүй. Өмнөх барьцааны гэрээнд байсан миний машинаас бусад хөрөнгийг бүгдийг дахин үнэлж сүүлд шинэчлэн хийсэн барьцааны гэрээнд бичсэн. Т банк нэхэмжлэлдээ миний Тоуоtа-Ist маркийн 4694 БӨА дугаартай машин барьцаад байгаа гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Би машинаа 2019 оны 12-р сард М.Т- гэх хүнд худалдсан бөгөөд машин худалдан авах хүнтэй хамт очиж Т банкны эдийн засагч А-ээс миний машин барьцаанд байгаа эсэхийг асууж лавлахад чиний машин барьцаанд байхгүй, сүүлд 20,0 сая төгрөгийн зээл авахад барьцааны гэрээг өмнөх зээлтэй нэгтгэж дахин хийхдээ чиний машин бичигдээгүй байна. Тэгээд ч чиний машины барьцааны үнийн хэмжээнээс хэд дахин илүү зээлийн төлбөр аль хэдийн эргэн төлөгдсөн учир машинаа худалдаж болно гэсэн. Т банкнаас шүүхэд гаргасан нотлох баримт болох зээл, хүү тооцооллын хүснэгтэд 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл 14481646 төгрөгийн үндсэн зээл, 15719771 төгрөгийн үндсэн хүү, 400752 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийтдээ 30602170 төгрөг эргэн төлөгдсөн. Гэтэл миний машины барьцаа хангуулах үнэ гэрээнд 2400000 төгрөг байна. 30,6 сая төгрөг эргэн төлөгдсөн байхад 2,4 сая төгрөгийн үнэтэй миний машин барьцаанаас аль хэдийн чөлөөлөгдсөн байх ёстой. Үүнийг эдийн засагч А- өөрөө надад ярьсан. Т банк нэхэмжлэлдээ миний машиныг барьцаанд байгаа гэж бичиж байгаа нь огт үндэслэлгүй. Е.А ч гэсэн 21,8 сая төгрөгийн бараагаа дэлгүүртэй нь барьцаалсан байснаа өөр хүнд худалдсан байхад үүнийг нэхэмжлэлд бичихгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Банк зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалж гэрчилгээ, бичиг баримтыг нь хурааж авдаг. Би Е.А-ээс салахад охин бид хоёр тэдний хөрөнгөнөөс нэг ч төгрөг авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Бүх үл хөдлөх хөрөнгө, дэлгүүр, нарийн боовны цех, бусад хөрөнгө мөнгө нь аав, ээж, Е.А гуравт үлдсэн бөгөөд би аавын авч өгсөн өөрийн машинаа унаад охиноо аваад явсан. Одоо гэр бүлээ албан ёсоор цуцлуулж салсан учир банкны зээлийн асуудал нь надад ямар ч хамаагүй. Зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө дотор охин бид хоёрын өмчлөлтэй, эзэмшилтэй хөрөнгө байхгүй бөгөөд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болон барьцаанд байхгүй бусад хөрөнгөнөөс би юу ч аваагүй. Тийм учраас Т банк гэрчилгээ бичиг баримтаа хурааж авч албан ёсоор барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээр зээлээ төлүүлж авах нь зөв гэж үзэж байна. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.  1.Би Е.А-ээс салсан. Зээлийг Е.А авсан болохоос биш би аваагүй. Т банк зээлийн мөнгийг Е.А-ий дансанд хийж өгсөн. 2.Т банк энэ нэхэмжлэлээ шүүхэд анх 2020 оны 01 дүгээр сард гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед шүүхэд ирүүлсэн Т банкны хариуцагч тодорхойлох тухай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 50/99 дугаар албан бичигт Х.Г- Е.А-ээс гэрлэлтээ цуцлуулсан, барьцааны хөрөнгүүд бүгд Е.А, Х.Г-, Н.Е- нарын өмчлөл, эзэмшилд байгаа учраас Х.Г-г хариуцагчаас татгалзаж байна гэсэн байна. Т байгууллага өмнөх албан бичгээ үгүйсгэж дахин хариуцагчаар бичиж байгаа нь тоглоом юм уу, эсвэл хайхрамжгүй, хариуцлагагүй явдал гэж ойлгох уу. Т банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэсэн нэр томьёо байна. Үүний дагуу нөхөрт нь зээл өгөх гэж байгаа давуу байдлаа ашиглаж гарцаагүй байдалд оруулан, өгч байгаа зээлд нь ямар ч хамаагүй эхнэрээр нь гарын үсэг зуруулсан явдал нь өөрөө хууль бус үйлдэл. Ер нь нөхөрт зээл өгөхөд гэрт нь байгаа эхнэрийнхээ гарын үсгээ зуруулаад аваад ир гэж банк гэрээгээ өгөөд явуулдаг нь буруу. Тэгээд нөхөр нь ирээд эхнэртээ хамтран эзэмшигч гэдэг дээр гарын үсгээ зур гэж шаарддаг. Зурахгүй бол би зээл авах гэж байхад чи саад боллоо гэж хэрүүл маргаан гардаг. Би бас ийм байдалд орсон юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна”, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан. Зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн бүлэг, заалт, хэсэг дотор хамтран зээлдэгч гэсэн нэр томьёо огт байхгүй. Хуулиараа хамтран зээлдэгч гэж байх ёсгүй. Т банкны зээлийн гэрээний 3.2.10-т Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, зээлийн баталгаа гаргагч нь гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцаж барагдуулна гэсэн заалтад орсон хамтран зээлдэгч гэсэн үг нь, 3.3-т “Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ” гэсэн заалт нь хууль зөрчсөн хууль бус заалт байна. Хуулийн дагуу бол зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол батлан даагч төлөх ёстой. Хуулийн 23 дугаар зүйлийн 1-т “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө”, 2-т “Зээлийн хувийн хэрэг дараах бүрдүүлбэртэй байна” 1/зээл олгохыг хүссэн өргөдөл; 10/зээлдэгчийн орлогын талаар мэдээлэл.... г.м гэсэн байна. Тэгвэл би Т банканд надад зээл өгөөч гэж өргөдөл гаргаагүй. Т банк надад зээл өгсөн бол миний нэр дээр хуулийн дагуу хувийн хэрэг хөтөлж холбогдох материалыг бүрүүлэх ёстой. Тийм юм байхгүй байхад ямар ч үндэслэлгүй намайг хариуцагчаар бичиж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Миний бие энгийн логикоор бодоход хамтран зээлдэгч гэж тодорхой бизнес эрхэлдэг, барьцаанд тавьдаг үл хөдлөх хөрөнгөтэй, өөртөө ногдох зээлийг эргүүлэн төлөх чадвартай банкны тодорхой шалгуурыг хангасан, зээлээр авсан мөнгийг хувааж авч захиран зарцуулдаг эсвэл хамтарч бизнес хийж зээлээ төлж гарсан ашгийг хувааж авдаг хүнийг хэлэх байх гэж боддог. Тэрнээс биш аавынхаа авч өгсөн машинаас өөр хөрөнгөгүй, нялх хүүхдээ асрахаас өөр ажилгүй, аавынхаа өгдөг мөнгөнөөс өөр орлогогүй над шиг яаж хамтран зээлдэгч болох юм бэ. Ер нь Т банк ямар шалгуур үндэслэлээр намайг хамтран зээлдэгч болгосон, эхнэр нь байсны төлөө хамтран зээлдэгч болгосон уу гэдгийг шүүх Т банкнаас тодруулах шаардлагатай. Миний бие зээлдэгч Е.А-тэй хамтарч зээл авч бизнес хийгээгүй, тийм боломжгүй, авсан зээлээс нь нэг ч төгрөг аваагүй, бизнесийн үйл ажиллагаанаас ямар ч хувь хүртээгүй, хамтран зээлдэгч биш гэдгийг дараах байдлаар нотолж байна. Үүнд: 1.Е.А нь зээл авахаас өмнө болон зээл авсан үе болох 2017 оны 2, 8-р сард би Е.Атэй хамт зээл авч бизнес хийх ямар ч боломжгүй байсан. Учир нь би 2016 онд хөл хүнд байсан ба 2017 онд охин маань ой хүрээгүй нярай хүүхэд байсан. Би охиноо асраад гэрт байсан./Охины төрсний гэрчилгээний хуулбар, Ж- өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг хавсаргав/. 2.Е.А бид хоёр муудалдаж намайг зодсоны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн одоо хүртэл би төрхөмдөө буюу төрсөн аавын гэрт тусдаа амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс цаг хугацааны хувьд бодож үзэхэд би Е.Атэй хамтарч бизнес хийх боломжгүй байсан нь харагдаж байна. /Багийн Засаг даргын тодорхойлолтыг хавсаргав/ 3.Хэрэв би зээлийг хамтран авч Е.А-тэй хамтарч бизнес хийсэн бол салахдаа надад хамтарч хийсэн бизнесийн ашиг юм уу ногдох хувь өгөх ёстой. Тэгж өгсөн мөнгө юмуу хөрөнгө байвал Е.А нотлох баримтаа гаргаж ирэх хэрэгтэй. Миний бүх хэрэгцээний мөнгийг миний аав өгдөг байсан. 4.Е.А-ий ажиллуулдаг Малчин төвд байрлалтай Арзан нэртэй супермаркетын худалдагчийг 2016-2018 онуудад М.Х- гэдэг хүн хийдэг байсан бөгөөд ирсэн барааг хүлээн авч дэлгүүрийн борлуулалтын орлогыг өдөр бүр Е.А болон түүний ээжид хүлээлгэн өгдөг байсан нь миний тэдний бизнест оролцоогүйг нотолж байна./М.Х-ын тодорхойлолтыг хавсаргав/. 5.Супермаркет болон нарийн боовны цехээс бэлэн бусаар болон картаар хийсэн гүйлгээний орлого Е.А-ий Капитрон банкин дахь 30050006885 тоот дансанд, ХААН банкин дахь 51806006541 тоот дансанд орж Е.А захиран зарцуулж байсан нь банкнуудын хуулгаар нотлогдож байна. /Е.Аий Капитрон банкин дахь 30050006885 тоот дансны, ХААН банкин дахь 51806006541 тоот дансны хуулгыг хавсаргав/. 6.Нарийн боовны цехээс болон супермаркетаас сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудад бэлэн бусаар өгсөн барааны үнэ Е.А захиралтай Алтынбидай хоршооны Т банкин дахь 291400365848 тоот дансанд орж Е.А захиран зарцуулж байсан нь дансны хуулгаар нотлогдож байна. Алтынбидай хоршооны Т банкин дахь 291400365848 тоот дансны хуулгыг хавсаргав/ 7.Зээлээр авсан 35,0 сая болон 20,0 сая төгрөгийг Т банк зээлдэгч Е.А-ий хувийн дансанд хийж өгсөн бөгөөд үүнийг Е.А захиран зарцуулсан нь Т банкин дахь Е.Аий хувийн дансны хуулгаар нотлогдож байна. Е.А-ий хувийн дансны хамтран эзэмшигч нь Ж.Б- гэдэг хүн байна шүү дээ. Би Е.А-ий зээлийн мөнгө орсон дансны ядаж хамтран эзэмшигч биш. /Е.Аий Т банкин дахь 291400369957 тоот дансны хуулгыг хавсаргав/ 8.Е.А нь авсан зээлээр өмнөх зээлүүдээ төлсөн. Зөвхөн 2017 онд 35,0 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 13,7 сая төгрөгийг, 20,0 сая төгрөгийн эргэн төлөлтөд 2,4 сая төгрөгийг Г- Е- нарын 2013 онд авсан 70,0 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд сар бүр төлдөг байсан 1,5 сая төгрөгөөр бодоход 16,5 сая төгрөгийг, нийт 36,4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал: Е.А-ий Т банканд байгаа 291400369957 тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон зээлийн мөнгө болох 35,0 сая төгрөг орж ирсэн байна. Мөн өдөр 5,7 сая төгрөгийн зээл хаав гэж зарлага гаргасан байна. Зээл авсан өдөрт нь эргэн төлөлт хийгдэнэ гэж байхгүй бөгөөд энэ нь өмнөх 2013 онд ээж нь Г-ы авсан зээлийн үлдэгдлийг төлж байгаа нь юм. Энэ нь Т банкнаас гаргаж өгсөн зээл, хүү төлсөн жагсаалт, Е.Аий Т банк, ХААН банк, Капитрон банкин дахь харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 9.Е.А, ээж Р.Г- нар энэхүү зээлийн 15,0 сая төгрөгөөр нарийн боовны 2 зуух, гурил хөөлгөх төхөөрөмж болон бусад туслах тоног төхөөрөмж худалдаж авч нарийн боовны цех нээж ажиллуулсан. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь одоо тэдний байшингийн подвалд байрлалтай нарийн боовны цехэд байж л байгаа. 10. Е.А-ий авсан зээлээс би нэг ч төгрөг аваад зарцуулаагүй гэдэг нь миний хувийн дансны хуулгаар нотлогдож байна. Одоо цагт бэлэн мөнгө авч бэлэн мөнгөөр гүйлгээ хийнэ гэж байхгүй болсон. Миний банкны хуулганд А-ээс гэж орж ирсэн мөнгө юу ч байхгүй бөгөөд би ХААН банкин дахь харилцах дансны 2017,2018 хуулгаа нотлох баримтаар гаргаж өгч байна. Надад өөр банканд данс байхгүй. Үүнээс үзэхэд Т банк намайг хамтран зээлдэгч гэж хариуцагчаар тодорхойлох ямар ч үндэс байхгүй. Би Т банкны өмнөх нэхэмжлэлээр шүүхэд өгсөн нотлох баримтын үндсэн хувь болон шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудаа Шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж хуулбарлуулан авч өгч байгаа. Хэрэв танигдахгүй бүдэг зүйл байвал үндсэн хувь нь өмнөх хавтаст хэрэгт байгаа болно. Иймд шүүхээс Т банкны нэхэмжлэлийн намайг хариуцагчаар тодорхойлсон хэсэг болон миний бусдад худалдсан машиныг барьцаанд байгаа гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

            Хариуцагч Е.А-ий тайлбарт: “Би айлын ганц хүү нь болдог ба Х.Г- бид хоёр 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болоход эцэг эх маань ганц хүүдээ зориулж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хурим найрын цайллага хийж өгсөн. Энэ тухай Х.Г- болон хоёр талын эцэг эхчүүд, мөн бусад хамаатан төрөл садны хүмүүс бүгд мэднэ. Хоёр талын эцэг эхчүүд бүгд Х.Г- бид хоёрыг цаашид сайн сайхан амьдруулахын тулд чадах чинээгээр дэмжиж тусалж ирсэн. Тодруулбал, миний эцэх эхийн зүгээс X Г- бид хоёрын бизнесийг дэмжих зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас сарын 2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 35,000,000 төгрөгийн зээл гаргуулж бидэнд өгсөн. Х.Г- бид хоёр уг мөнгөөр тус сумын 4 дүгээр багт байрлах “Малчин төв”-ийн доод давхарт супермаркет нээн ажиллуулах болон дэлгүүрийн доторх эд барааг авахад зарцуулсан. Дараа нь уг бизнесийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахын тулд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас сарын 2,20%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан, түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сарын 2,30%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийн зээлийг дахиад нэмж авсан. Эдгээр зээлийг авахад олон барьцаа хөрөнгө шаардлагатай байсан ба Х.Г- бид хоёрын хувьд өөрсдөө байгаа хөрөнгөөр ийм хэмжээний зээлийг авах боломжгүй байсан. Иймээс дээр дурдсанчлан миний эцэг эх болон бусад Н.Е-, А.С-, И.П- нарын хүмүүс чухам бидний төлөө өөрсдийн хувийн эд хөрөнгүүд болох Ү-0213001010 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, 031300428 дугаартай эзэмшил газар, Г-0213005887 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар. Ү-0213005335 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, Ү- 0213006939 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцын подвал хэсэг. 031304122 дугаартай эзэмшил газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалан байж дээрх зээлийг авч Х.Г- бид хоёрт өгсөн. Энэ нь Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас Х.Г- бид хоёрт холбогдуулан гаргасан 44,323,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн хадам аав ээж Хуанган, Гүлшат нараас мөн Х.Г- бид хоёрын төлөө нийт 16,000,000 төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн Х.Г- бид хоёр эцэг эхийн тусламж дэмжлэгээр авсан эдгээр мөнгөөр 2 дэлгүүр ажиллуулж сайхан амьдарч байсан. Гэтэл удалгүй Х.Г- бид хоёрын хооронд үл ойлголцох асуудлууд гардаг болсон. Нэгэнт Х.Г- бид хоёрын хоорондын асуудал хурцдаж, Х.Г- надаас гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа учраас дээр дурдсан хөрөнгө буюу зээлийн талыг хариуцах ёстой. Т банкнаас 2019 оны 11 дүгээр сард холбогдох зээлийн гэрээнүүдийг цуцалж, улмаар зээлдэгч, хамтран зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлд 44,323,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Гэтэл Т банк энэ удаа 52,170,941.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсанчлан гэрээ цуцлагдсан байхад нэхэмжилж буй мөнгөн дүн өсөх ёсгүй. Нэмж тайлбарлахад Х.Г- бид хоёр банкнаас зээлээр авсан мөнгийг бизнест хөрөнгө оруулж 3 дэлгүүр ажиллуулсан боловч ашиг олоогүй дампуурсан, түүнчлэн Х.Г- бид хоёр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан байгаа, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг арай гэж төлж байгаа тул дээрх зээлийн үүргийн өөрт холбогдох хэсгийг биелүүлэхэд бэрхшээлтэй байна. Иймд үндсэн зээлд бодогдсон зээлийн хүүг 50 хувиар багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ цуцлагдах өдөр хүртэл бодогдсон үндсэн зээлийн үлдэгдлээс өөрт ногдох хэсэг 12,863,499 (35,590,497.10 / 3) төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 900,000 төгрөг нийт 13,763,4 төгрөгийг хуваарь гаргаж төлж өгье. Т банкнаас нэхэмжилж буй 52,170,941.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл дээрх байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

                Хариуцагч Р.Г-ы тайлбарт: “Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас бид нарт холбогдуулан гаргасан 52170941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүүгийн хувьд зөвшөөрөхгүй байна. Е.А- Х.Г- хоёр 2015 онд гэр бүлээд эцэг эхчүүд бид нар хоёр хүүхдээ дэмжиж тусалж ирсэн. 2017 онд Е.А- Х.Г- нар нь Т банкнаас 35 сая төгрөгийн зээл авсан. Дараа нь 10 сая төгрөгийн зээл авсан. Уг 10 сая төгрөгийн зээл авахдаа би хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. Яагаад гэвэл энэ хоёрын барьцаалах хөрөнгийн хэмжээ нь хүрэлцэхгүй байсан. Т банк уг 10 сая төгрөгийг нэхэмжлээгүй яагаад гэвэл би уг мөнгийг барагдуулж дуусгасан. 20 сая төгрөгийн зээл авах үед би бас хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. Нэгэнт бид нар Т банкнаас зээл аваад 3 супермаркетыг ажиллуулж байгаа юм чинь гэрээн дээр хамтран эзэмшигч, зээлдэгч хоёр адилхан үүрэгтэй гэж заасан учраас эрх үүргээ мэдээд төлөх ёстой. Гэхдээ надтай холбоотой 20 сая төгрөгийг Т банк анх нэхэмжлэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээгээ цуцлаад 22438864,5 төгрөг нэхсэн. Тэгээд дараа нь нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж тогтоогдож шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь дахиад нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Би надад холбогдох 22438864 төгрөгийн нэмэгдсэн хүүг бодоод 6761591 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн хүүг 50 хувиар бууруулаад 3 хүнд хуваагаад тэрнээс бодож үзэхэд нэг хүнд 6761591 төгрөг ноогдож байгаа. Би тэрийг сар болгон 5000000 төгрөгөөр төлөхөөр хүсэлт гаргаж байна. Харин 52170941 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би сая Т банк анх нэхэмжлэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээгээ цуцлаад 22438864,5 төгрөг нэхсэн гэж тайлбар хэлсэн. Учир нь 44323640 төгрөг бол 35 сая төгрөг болон 20 сая төгрөг зээлийн нийлбэр байсан. Тэрнээс надтай холбоотой нь 22438864 төгрөг. Нөгөө 35 сая төгрөг дээр би гарын үсэг зураагүй, Е.А- Х.Г- нар гарын үсэг зурсан тул надтай холбоогүй. Харин 20 сая төгрөг дээр би хамтран эзэмшигч гэдгээр гарын үсэг зурсан тул надтай холбоотой хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиад нэмж хэлэхэд Т банкны барьцаа хөрөнгөөр хангуулах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тэр үед зээлийн барьцаанд 3 супермаркет ажиллуулна гээд баахан барьцаа хөрөнгө тавьсан байна. Тэрийг бид нар ч анзаараагүй. Тухайн үед ийм асуудал болно гэдгийг бид нар мэдээгүй. Тэр үед 3 супермаркет сайн ажиллаж ашгаа олж байсан, хоёр хүүхдийн маань ч хоорондох харилцаа нь сайн байсан. Гэнэт 2 хүүхдийн маань хооронд маргаан гараад нэг нь төрхөмдөө яваад нэг нь Казахстан яваад 3 супермаркет нь хараа хяналтгүй үлдсэн. Эзэн нь байхгүй болоод сүүлд 2 супермаркет нь дампуурсан. Гэр бүлийн маргаан гарахаас өмнө зээлийг төлөөд явж байсан. Е.А- нөхөр бид хоёрын ганц хүүхэд болохоор бид хоёр учрыг олохгүй баахан зүйл болсон. Нэхэмжлэгч байгууллага гэрээ цуцлагдсанаас хойш хүү бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ители ахбахты овогт Е.А-ээс 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 25,844,213.36 төгрөг, хариуцагч Ители ахбахты овогт Е.А-, Секел азан овогт Р.Г- нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 26,326,728.13 төгрөг нийт 52,170,941.47 (25,844,213.36+ 26,326,728.13) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэгч банкнаас хариуцагч Х.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Е.А, Х.Г- нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Н.Е-, А.С-, И.П- нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг Ховд гол 1-46 тоот байршилтай Y-0213001010 улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий өвлийн сууц мөн Н.Е-гийн эзэмшлийн 031300428 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 672 м.кв талбайтай газар, Е.Аий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213005887 дугаартай , Өлгий сумын 2-р баг Цагаан эрэг хаягт байршилтай 031301005 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 700м.кв газар, Н.Е-, Х.Г- нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р Б- баг 23-15 а тоот хаягт байршилтай, Y-0213005335 улсын бүртгэлийн дугаартай 250.26 м.кв талбайтай, хоёр давхар амины сууц мөн Н.Е-ын эзэмшлийн 031304122 нэгж талбарын Өлгий сумын 4-р баг МСҮ-ийн төвийн зүүн талд байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 572м.кв газар, Е.А-ий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213006939 дугаартай , Өлгий сумын 11-р баг Б- 23-15в тоот хаягт байршилтай 125.13 м.кв талбайтай үйлчилгээний подвалын хэсгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох 46-94 БӨА улсын дугаартай Toyota Ist маркийн машин, гэрийн эд хогшлоор хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Е.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хэрэгт цугларсан 291400436927 тоот зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч Т банк, нөгөө талаас зээлдэгч Е.А, Х.Г-, Р.Г- нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 60 сарын хугацаатай байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл зээлдэгчид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэхэд уг зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн байх үүрэг хүлээсэн.

2. Түүнчлэн, хэрэгт цугларсан 291400461526 тоот зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч Т банк, нөгөө талаас зээлдэгч Е.А, Х.Г- нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд зээлдэгчид 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэхэд уг зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн байх үүрэг хүлээсэн.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Т банкнаас зээлдэгч нарт хандаж зээл төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсний эцэст 291400436927 тоот зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 291400461526 тоот зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр нэг талын санаачилгаар цуцалсан болохыг зээлдэгч нарт мэдэгдсэн ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 222.5-т заасанд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, Е.А-ий зүгээс ийнхүү банкны зүгээс нэг талын гэрээ цуцалсныг зөвшөөрч байгаа. 291400436927 тоот зээлийн гэрээнээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 20,518,217 төгрөг, 291400461526 тоот зээлийн гэрээнээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар 18,072,114 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Т банк 2019 оны 11 дүгээр сарын 11, 20-ны өдөр хүртэлх зээлийн үлдэгдэл 38,590,331 /20,518,217 + 18,072,114/ төгрөг болон тухайн өдөр хүртэл бодогдсон хүүг зээлдэгч нараас нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл Т банк зээлийн гэрээг өөрсдөө нэг талын санаачилгаар цуцалчихсан боловч зээлийн гэрээний үлдэгдэл 38,590,331 /20,518,217+18,072,114/ төгрөгт өнөөдрийг хүртэл хүү бодож ирснийг зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлагдсаны дараа ямар нэгэн зээлийн гэрээ нэмж байгуулагдаагүй, хүү тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг маш ноцтой зөрчсөн явдал болсон. Хариуцагч Е.А-ий хувьд 291400436927 тоот зээлийн гэрээний үлдэгдэл " 20,518,217 төгрөгийн тал хувь болох 10,259,109 төгрөг, 291400461526 зээлийн гэрээний үлдэгдэл 18,072,114 төгрөгийн гуравны нэг хувь болох 6,024.02:! төгрөг буюу 16,283,147 төгрөгийг төлөх боломжтой болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Харин үндсэн зээлд бодогдсон хүүгийн хувьд хэлэхэд Е.А болон түүний эхнэр асан Х.Г- нар хамтын амьдралтай байсан хугацаанд /шүүхээс гэрлэлтээ цуцлуулах хүртэл/ банкнаас зээлдэж авсан мөнгөөр Арзан, Малчин төв, Перизат гэсэн 3 супермаркет ажиллуулахад хөрөнгө оруулалт хийсэн байсан. Дараа нь эдгээр супермаркетуудыг тус хэргийн зохигчид Е.А болон Х.Г- нараас шалтгаалж дампуурсан тул банкнаас авсан зээлийг хугацаандаа төлж чадаагүй байна. Цаашдаа ч гэсэн уг үлдэгдэл төлбөрүүдийг төлөхөд бэрхшээлтэй зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг хураалгаж болзошгүй байдал үүсээд байгаа. Тиймээс хариуцагч Е.А хүүгийн хэмжээнд маргаж шүүхээс бууруулж багасгаж өгөхийг хүссэн байна. Нэг үгээр хэлбэл Е.Аий хувьд 291400436927 тоот, 291400461526 тоот зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрт тус бүрд нь хүү болгож 1 000,000 төгрөгийг нэмж нийт 18,283,147 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Е.А нэхэмжлэлийн шаардлагаас 18,283,147 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч, харин нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 7,802,324 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Т банкнаас 291400461526 тоот зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьсан байсан Х.Г-гээс үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт төлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 108 дугаар зүйл, 126-128 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Р.Г-ы давж заалдах гомдолд: “Шүүхийн шийдвэрээр 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 291400461526 дугаар зээлийн гэрээний дагуу 26,326,728.13 төгрөгийн тал хувь болох 13,163,364 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, нэхэмжлэгч банкнаас хариуцагч Х.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Т банкны Гэрээний 3.3-д “Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ” гэсэн заалт байна. Тодруулбал, Банк уг зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нэг талын санаачилгаар цуцалсан болохыг зээлдэгч нарт мэдэгдсэн ба миний зүгээс ийнхүү гэрээ цуцалсныг зөвшөөрч байгаа. Банк 2019 оны 11 дүгээр сарын 20-ны хүртэлх зээлийн үлдэгдэл 18,072,114 төгрөг болон тухайн өдөр хүртэл бодогдсон хүүг зээлдэгч нараас нэхэмжлэх ёстой байсан. Банк зээлийн гэрээг өөрсдөө нэг талын санаачилгаар цуцалчихсан боловч өнөөдрийг хүртэл хүү бодож ирснийг зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлагдсаны дараа ямар нэгэн зээлийн гэрээ нэмж байгуулагдаагүй, хүү тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсан. Миний бие үлдэгдэл төлбөр болох 18,072,114 төгрөгийн гуравны нэг хувь болох 6,024,038 төгрөг дээр хүү болгож 1,000,000 төгрөгийг нэмж 7,024,038 төгрөгийг төлөх боломжтой болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл болох 7,024,038 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч, харин нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 6,139,327 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Е.А миний хүүхэд болдог ба бэр Х.Г- хоёр 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болоход нөхөр бид хоёр ганц хүүдээ зориулж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хурим найрын цайллага хийж өгсөн. Хоёр талын эцэг эхчүүд бүгд Е.А, Х.Г- хоёрыг цаашид сайн сайхан амьдруулахын тулд чадах чинээгээр дэмжиж тусалж ирсэн. Е.А, Х.Г- бизнесийг дэмжих зорилгоор 2017 оны 2-дугаар сарын 15-ны өдөр Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас сарын 2%-ийн хүүтэй, 36-сарын хугацаатай 35,000,000 төгрөгийг зээлээр авсан. Е.А, Х.Г- нар уг мөнгөөр тус сумын 4-дүгээр багт байрлах “Малчин төв”-ийн доод давхарт супермаркет нээн ажиллуулах болон дэлгүүрийн доторх эд барааг авахад зарцуулсан. Нөхөр бид хоёр Е.А, Х.Г- нарын бизнесийг дэмжих зорилгоор 2017 оны 8-дугаар сарын 07-ны өдөр Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас сарын 2,20%-ийн хүүтэй 40 сарын хугацаатай 10,000.0С'1 төгрөгийн зээл гаргуулж өгсөн. Дараа нь уг бизнесийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахын тулд 2017 оны 8-дугаар сарын 23-ны өдөр Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас сарын 2,30%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийн зээлийг дахиад нэмж авч тэр хоёрт өгсөн. Эдгээр зээлийг авахад олон барьцаа хөрөнгө шаардлагатай байсан ба Е.А, Х.Г- нарын хувьд тэдний хөрөнгийн хэмжээ ийм хэмжээний зээлийг авах боломжгүй байсан. Иймээс дурдсанчлан нөхөр бид хоёр болон бусад Н.Е, А.С-, И.П- нарын хүмүүс хүү бэр хоёрын сайн сайхны төлөө өөрсдийн хувийн эд хөрөнгүүд болох Ү-0213001010 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц. 031300428 дугаартай эзэмшил газар, Г-0213005887 улсын бүртгэлийн өмчлөлийн газар,Ү-0213005335 улсын бүртгэлийн өвлийн сууц, Ү-0213006939 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцын подвал хэсэг, 031304122 дугаартай эзэмшил газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалан байж дээрх зээлийг авч Е.А. Х.Г- хоёрт өгсөн. Энэ нь Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас Е.А, Х.Г- хоёрт холбогдуулан гаргасан 52,170,941.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.Түүнчлэн худ Хуанган, Гүлшат нараас мөн Е.А, Х.Г- нарын төлөө нийт 16,000,000 төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн юм. Е.А, Х.Г- хоёр эцэг эхийн тусламж дэмжлэгээр авсан эдгээр мөнгөөр “Арзан”, “Перизат”, “Малчин төв” гэсэн 3 дэлгүүр ажиллуулж сайхан амьдарч байсан. Өөрөөр хэлбэл зээлийн үр шимийг Е.А, Х.Г- нар хүртсэн үүнийг эдийн засагчид сайн мэдэж байгаа. Т банкнаас 2019 11 дүгээр сард холбогдох зээлийн гэрээнүүдийг цуцалж, улмаар зээлдэгч, хамтран зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлд 44,323,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Гэтэл Т банк энэ удаа 52,170,941,47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсанчлан гэрээ цуцлагдсан байхад нэхэмжилж буй мөнгөн дүн өсөх есгүй юм. Нэмж тайлбарлахад Е.А, Х.Г- нар банкнаас зээлээр авсан мөнгийг өөрсдөө бизнест хөрөнгө оруулж 3 дэлгүүр ажиллуулан боловч ашиг олоогүй дампууруулсан байх тул дээрх зээлийн үүргийн өөрт холбогдох хэсгийг биелүүлэхэд бэрхшээлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Т банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Е.А, Х.Г-, Р.Г- нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 52170941 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаат хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Е.А, Х.Г- нар Т банкны Баян-Өлгий салбараас 2017 оны 02 дугаар сарын 15-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн хүү 24 хувийн хүүтэй тохиролцож, барааны бөөний худалдааны зориулалтаар, Е.А, Х.Г-, Р.Г- нар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20000000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн хүү 27.60 хувиар тохиролцож, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус авч, Баян-Өлгий аймгийн Өлгий сум 5 дугаар баг, Ховд гол 1-46 тоот хаягт байршилтай Н.Е-, А.С-, И.П- нарын гурван хүний өмчлөлтэй 130 м.кв талбайтай, Ү-0213001010 улсын бүртгэлийн дугаартай 6 өрөө бүхий өвлийн сууц, НТ№031300428 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй 672 м.кв газрын хамт, Өлгий сумын 11 дүгээр  баг, Б- 23-15в тоот хаягт байршилтай Е.А-ий өмчлөлийн Ү-0213006939 улсын бүртгэлийн дугаартай,  125,13 м.кв талбайтай үйлчилгээний подвал, Г-0213005887 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газрын хамт, Н.Е-, Р.Г- нарын өмчлөлд байгаа Өлгий сумын 11-р баг, Б- 23-15а тоотод байрлалтай 250,26 м.кв талбайтай хоёр давхар амины сууц, 572 м.кв №031304122 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт, мөн 4694 БӨА улсын дугаартай Тоуоta Ist суудлын автомашин, Өлгий сумын 2-р баг Г-0213005887 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхтэй 700 м.кв газар, гэрийн эд хогшил зэрэг хөрөнгүүдийг барьцаалан, хүнсний худалдаа эрхлэх зориулалтаар зээл авсан байна.

 

Анхан шатны шүүх банкны үйл ажиллагаа эрхлэх этгээдээс зээл олгох үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, зохигчдын хооронд үүссэн маргаанд оновчтой хэрэглэсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд шүүх зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

            Хариуцагч Е.А, Р.Г- нар нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрсөн боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул шүүх хариуцагч Х.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 52170941 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа анхан шатны шүүх Иргэний хуулийн 174, 175, 451, 452, 453  дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив. 

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Т банкны Баян-Өлгий салбар болон Е.А, Х.Г-, Р.Г- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэх ёстой. 2017 оны 02 дугаар сарын 15-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн хүү 24 хувийн хүүтэй, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20000000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн хүү 27.60 хувийн хүүтэй зээлийг зээлдэгч шилжүүлж үүргээ биелүүлсэн бол зээлдэгч нар зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, 291400436927 дугаартай зээлийн гэрээний хугацаанд  үндсэн зээлд 14,481,783.26 төгрөг, хүүд 15,719,771.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 400,752.52 төгрөг нийт 30,602,307.11 төгрөгийг төлж, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй 715 хоног хугацаа хэтэрсэн, үндсэн зээлийн үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, зээлийн хүү 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506,368.51 төгрөг бүгд 25,844,213.36 төгрөгийн үлдэгдэлтэй, 291400461526 дугаартай зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1,927,886.15 төгрөг, хүүд 6,581,078.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 90,004.26 төгрөг нийт 8,598,968.71 төгрөгийг төлж, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй 768 хоног хугацаа хэтэрсэн, үндсэн зээлийн үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, зээлийн хүү 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174,749.30 төгрөг бүгд 26,326,728.13 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 52,170,941.47 төгрөгийг төлөх үүрэгтэй, анхан шатны шүүх хариуцагчийн хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т заасны дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

 

Хариуцагч Е.А, Р.Г- нар уг зээлийг авахдаа Х.Г- нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, зээлийг хамт авч дэлгүүр ажиллуулж байсан тул хамтран зээлдэгчийн хувьд гэрээнд заасан зээлийн өөрт ноогдох хэсгийг төлөх үүрэгтэй гэж маргах боловч Т банкны Баян-Өлгий салбар нь зээлийг хариуцагч Е.А-ий дансанд шилжүүлсэн, зээл авснаас хойш Е.А, Х.Г- нар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан,  хариуцагч Е.А-ий эзэмшлийн “Арзан”,  “Перизат” гэсэн дэлгүүрүүдийн пост машинаар уншуулсан өдрийн орлого нь Е.А-ий Капитрон болон ХААН банкин дахь данс руу орж, дэлгүүрийн орлогыг Е.А, Р.Г- нар захиран зарцуулдаг байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. Мөн зээлийн гэрээний 3.2.10-д заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул анхан шатны шүүх хамтран хариуцагч Х.Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нотлох баримтад үндэслэгдсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагч Е.А-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Р.Г- нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “Т банк зээлийн гэрээг өөрсдөө нэг талын санаачилгаар цуцалсан боловч зээлийн гэрээний үлдэгдэл 38.590.331 төгрөгт өнөөдрийг хүртэл хүү бодож ирснийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс хамтран зээлдэгч Х.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгосныг, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой” гэжээ.

                Нэхэмжлэгч Т банкнаас зээлдэгч Х.Г-, Е.А нарт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр,  мөн зээлдэгч Е.А, Р.Г- нарт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хүргүүлсэн “Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл”- үүдэд “... зээлдэгч “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх Зээлийн гэрээний үүргээ зөрчиж байгаа талаар мэдэгдэж,”Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл”-үүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ авч, үүргээ биелүүлээгүй тул Банк гэрээнд заасны дагуу нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө Зээлийн гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна. ...Шаардах эрхийн хүрээнд Банк шүүхийн журмаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүртэл арга хэмжээг авах болно. Үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох болно.” гэж бичигдсэн,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т банкны Баян-Өлгий салбарыг төлөөлж салбарын захирал Х.Жанузах, зээлийн ажилтан Ж.Ахху, зээлдэгч Е.А, Х.Г- нарын хооронд байгуулсан 291400436927 дугаартай зээлийн гэрээний Гурав. Зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрх, үүрэг, 3.2.10. Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах” гэж зааснаас тус тус  үзэхэд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 85400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Г- болон хариуцагч Е.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Е.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.788.00 төгрөгийг, хариуцагч Р.Г-ы  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.955.00 төгрөгийг тус тус Т сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                                              Д.КӨБЕШ