Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/948

 

      2023         09           26                                         2023/ДШМ/948

Б.Н, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч, хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

шүүгдэгч, хохирогч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Н, Д.Б нарт холбогдох 2209 02128 2016 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овгийн Б-ын Н, 19... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:......./;

2. Ө овгийн Д-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 788 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Б.Н нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Д.Быг “Хүүхэд машинаас буулгаж байхад толиндоо харж ухарсангүй” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Д.Бы биед “зүүн 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Б.Нг “Машин ухрахад саад боллоо” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Нгийн биед “баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун гарын алга, тохой, зүүн бугуйн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Н, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Б-ын Н, Ө овогт Д-ийн Б нарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус хугацааг тооцож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “хяналтын камерын бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Номин-Эрдэнэ, Н.Онжиймаа нарын мэдүүлэг” эдгээр нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд үзэхэд шүүгдэгч Д.Быг “...өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй байна” гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь, хохирогч Б.Н нь олон нийтийн газар соёлгүй зан гарган шүүгдэгч Д.Б руу дайрч довтлон, улмаар цохих болон өшиглөх үйлдэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан Сиди бичлэгээс маш тодорхой харагддаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, хохирогч Б.Нд учирсан гэмтлийг түүнийг газар унахдаа авсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч Д.Быг өшиглөхдөө унасны улмаас гэмтэл авсан болохыг тогтоосон. Миний үйлчлүүлэгч Д.Б нь шүүгдэгч, хохирогч Б.Нг хүч хэрэглэн газар унагаагүй. Тэрээр биеэ бусдын дайрч довтолсон халдлагаас өөрийнхөө бие эрхтнийг хамгаалах үүднээс өшиглөх үйлдлийн эсрэг хүний далд ухамсар буюу рефлексээр хамгаалах арга хэмжээг авсан нь бичлэгээс тодорхой харагддаг. Энэхүү үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч, хохирогч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл Д.Бы үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж агуулагдахгүй байх тул эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/655 тоот шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, шүүгдэгч Д.Быг цагаатгаж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Б.Нгийн биед учирсан гэмтлийг газар унахдаа өөртөө учруулсан гэмтэл гэж дүгнэсэн гэж өөрийнхөө бодлоороо дүгнээд гомдолд бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ингэж дүгнэсэн зүйл байхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг сайн харах юм бол Д.Б гэх хүн миний биед эхэлж халдаж байгаа нь харагддаг. Сүүдэр туссан хэсэгт миний гарыг мушгиж байгаа байдал тодорхой харагдана. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Торгуулийн ялыг ялгамжтай оногдуулсанд гомдолтой байсан хэдийч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч, хохирогч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатараас гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Д.Б нь аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал байдаггүй. Хохирогч, шүүгдэгч Б.Нгийн биед олон тооны шарх, гэмтэл учирсан байдаг. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэж дүгнэлтэд дурдсан. Иймд шүүгдэгч, хохирогч Д.Б нь Б.Н руу удаа дараагийн хууль бус үйлдлийг олон удаагийн давтамжтай хийсэн идэвхитэй үйлдэл байна гэж үзсэн. Аргагүй хамгаалалт хийсэн гэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин харилцан маргалдаж бие биенийхээ эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан санаатай үйлдэл байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Д.Быг “Хүүхэд машинаас буулгаж байхад толиндоо харж ухарсангүй” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Д.Бы биед “зүүн 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна хохирогч Б.Нг “Машин ухрахад саад боллоо” гэх шалтгаанаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Нгийн биед “баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун гарын алга, тохой, зүүн бугуйн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бы “...2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 16 цагийн үед Бэлх захын эцэс дээр байдаг эмийн сан руу орж эм авчихаад машиндаа суугаад хөдлөх гэхэд хойд талд цагаан өнгийн Лексус Ар экс загварын машин ирээд зогсчихсон байхаар нь “гаръя” гэж хэлтэл миний хажуугаар жижиг зайнд чихээд ороод ирсэн. Тэгээд би ухрах гэхэд ард дахиад нэг машин ирээд зогссон. Би хажууд орж ирсэн машин ухрах гэхэд саад болоод байсан тул хойшоо ухрахад 2 хүүхэд буулгаж таарсан. Машинаа урагшаа шахаад зогс гэхэд өөдөөс уурлаад байсан. Тэгээд миний машины хажуугаар гарахдаа зүүн талын урд бупер, кирло хэсэгт өшиглөсөн. Би бууж очоод “чи яагаад өшиглөөд байгаа юм” гэхэд тэр эмэгтэй миний толгой хэсэгт 4-5 удаа гараараа цохихоор нь би тэр хүүхнийг түлхээд холдуулсан. Би машиндаа суугаад хөдлөх гэхэд тэр хүүхэн миний машины копуд дээр бөмбөрдөж байгаа юм шиг цохисон. Би бууж очиход тэр эмэгтэйг холдуулах гэж оролдтол тэр эмэгтэй над руу дайраад байхаар нь манай эхнэр Отгонтуяа бууж очоод тэр эмэгтэйтэй барилцаад авахаар нь би салгах гэж оролдоход тэр танихгүй эмэгтэй над руу дайраад самардаад байсан. Миний цамцнаас зуураад боох гэхээр нь би гарыг нь тавиулах гээд хурууг нь мушгичихсан юм шиг байгаа юм, би өөрөө сайн мэдэхгүй байна. ...Миний зүрх өвдөөд болохгүй байна, зүрхний харалдаа хавирганд юм хавчуулагдсан юм шиг байна, хөдөлж болохгүй байгаа. Тэр хүүхэн дандаа гараараа цохиж байсан, бас өшиглөж байсан. ...Надад энэ гэмтэл өмнө нь байгаагүй. Тэр хүүхэн машинаас бууж ирээд учир зүггүй нүдсэн. Намайг нүдсэнээс болж энэ гэмтэл учирсан. Тухайн үед над руу дайраад, нүүр нүдгүй хаа хамаагүй цохиод байхаар нь өөрийгөө хамгаалж гараас нь барьж түлхэж холдуулаад явах гэхэд дахиж копут цохиод, шил рүү нулимаад байхаар нь манай эхнэр бууж очсон. Бас дайраад барилцаад авахаар нь би очиж салгаад явах гэхэд зодуулсан гээд машин таглаад цагдаа дуудсан. ...” /хх 38/,

хохирогч Б.Нгийн “...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх плазагийн үүдэнд би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулчихаад хойд хаалгаа онгойлгоод 2 хүүхэд буулгасан юм. Тэгтэл хажууд зогсож байсан тээврийн хэрэгсэл хөдлөөд арын онгорхой байсан хаалгыг шүргээд хүүхдийг хаалгаар хавчуулах гэж байсан. Тэгэхээр нь би “толиндоо хараач ээ, машины хаалга онгорхой байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл дотор нь зорчиж явсан нэг хүүхэн болон эмгэн нар цонхоо онгойлгоод хэл амаар доромжлоод байхаар нь би машиныг нь гараараа хажуу талын кирло хэсэгт нь цохисон. Тэгэхэд эрэгтэй жолооч нь бууж ирээд түлхэж унагаасан. Намайг янз бүрээр дуудаад байсан. Би босож ирээд тэр хүний гар хэсэгт гараараа 2-3 удаа алгадсан, надаас өндөр хүн байсан би гараас нь дээшээ ч гарахгүй байсан. Тэгтэл тэр хүн машиндаа суугаад би цаашаа явж байхад миний араас эргүү, тэнэг гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж ирээд гараараа машиных нь копудыг цохисон. Тэгтэл тэр 3 хүн бууж ирээд эрэгтэй нь миний баруун гарын эрхий хурууг мушгиж дараад, эмэгтэй нь болохоор гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд цагдаад манай дүү дуудлага өгсөн юм. Миний баруун гарын эрхий хуруу хугарчихсан юм шиг өвдөж байна, мөн мөр лүүгээ дагаж янгинаад, нүүр халуу шатаад байна. Нүүр лүү гараа атгаж байгаад 2 удаа шанаадсан. ...” /хх 29/,

гэрч С.Номин-Эрдэнийн “...Тэр машины жолооч бууж ирээд эгчийг бариад авсан. Тэгээд машины араар орсон. Машины ард юу болсныг бол би мэдэхгүй байна. Тэгээд эгч тэр хүний өөдөөс сарвалзаад Бэлх плазагийн урд талын шатны тэнд гарч ирсэн. ...Би харсан. Тэр хүн эгчтэй шатны тэнд маргалдаж байхдаа эгчийн гарыг мушгиж байгаа юм шиг болгоод унагасан. Тэгэхээр нь би буугаад очсон юм. Эгчийг хоёр ч удаа унагасан. ...” /хх 44/,

гэрч Н.Ожиймаагийн “...Манай охин бол тэр хүний эсрэг сарвалзаад л байсан. Тэр хүн манай охиноос өндөр биетэй хүн байсан. Тэгэхэд хажуугаас нь тэр хүний эхнэр нь бололтой хүн бас дайраад байсан. Тэр машины жолооч манай охин Нгийн гарыг нь мушгиад, цохиод байсан. Тэгэхэд манай охин Н “Миний эрхий хуруу хугарчих шиг боллоо” гээд машинд ирсэн. Тэгээд машинаа тэр хүний машины ард нь байрлуулж зогсоод цагдаа дуудсан юм. ...” /хх 46/,

гэрч С.Отгонтуяагийн “...Манай хүн тэр хүүхнийг машинаасаа холдуулчихаад эргэж ирээд машиндаа суугаад хөдлөх гэхэд тэр хүүхэн ирээд урд талын цонх руу нулимаад, нөгөө аймар үгээрээ хараагаад, цонх луу нүдээд байхаар нь манай хүн дахиж гараад 2 гараас нь барьж түлхэн холдуулсан. Тэгсэн чинь нөгөө машинаа ард тээглүүлж зогсоод цагдаа дуудсан. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 716 дугаартай “...Шинжлүүлэгч Б.Нгийн биед баруун гарын эрхий хурууны алганы ясны толгой хэсгийн зөрүүтэй хугарал, үзүүрийн шивнүүр ясны цууралт, баруун шуунд зулгаралт, баруун алга, тохой, зүүн бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. ...” /хх 61-62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10838 дугаартай “...Д.Бы биед зүүн 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 67-68/ гэх дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Н, Д.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Н, Д.Б нарын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх плаза” худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, бие биедээ хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатар “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, хохирогч Б.Нд учирсан гэмтлийг түүнийг газар унахдаа авсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч Д.Быг өшиглөхдөө унасны улмаас гэмтэл авсан болохыг тогтоосон. Миний үйлчлүүлэгч Д.Б нь шүүгдэгч, хохирогч Б.Нг хүч хэрэглэн газар унагаагүй. Тэрээр биеэ бусдын дайрч довтолсон халдлагаас өөрийнхөө бие эрхтнийг хамгаалах үүднээс өшиглөх үйлдлийн эсрэг хүний далд ухамсар буюу рефлексээр хамгаалах арга хэмжээг авсан нь бичлэгээс тодорхой харагддаг. ...анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/655 тоот шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, шүүгдэгч Д.Быг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Улаан өнгийн цамцтай эрэгтэй хүн машиндаа суух гэж байгаад болиод буцаж очиж машины голд байсан эмэгтэй хүнийг цааш нь түлхээд машины баруун урд талын дугуй луу өшиглөж байна”, “...маргалдаж байсан 2 эмэгтэй рүү ирээд өөртэй нь маргалдаж байсан эмэгтэйн нүүр хоолой хэсгээс нь бариад хойш нь машины хамарлуу түлхэхэд уг эмэгтэй босож ирээд уг хүний цээж хэсэг рүү түлхэж байна” гэж тусгагдсанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн “бусдын дайрч довтолсон халдлагаас өөрийнхөө бие эрхтнийг хамгаалах үүднээс өшиглөх үйлдлийн эсрэг хүний далд ухамсараар хамгаалах арга хэмжээ авсан” гэсэн гомдлын үндэслэл нь няцаагдаж байна.

Учир нь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдсэн нийгэмд аюултай үйлдэл түүнийг дагалдан бий болгож байгаа хор уршигт сэтгэхүйн хувьд хандаж байгаа хэлбэр юм.  Хавтаст хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд Д.Б, Б.Н нарын дунд маргаан өрнөж, хэн хэнийхээ эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийж, уг үйлдлийн улмаас үүсэх үр дагаварт зориуд хүсэж хүргэсэн нь харилцан бие биендээ хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээр илэрч байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ