Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С ХХК /РД:/,

Хариуцагч: Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Б нарын хоорондын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 0049 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э, Д.О, хариуцагч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч С ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбар хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өдрийн 0049 дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах-аар нарийвчлан тодруулсан, уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тогтоогдсон үйл баримтууд:

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Мын баталсан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/07 дугаар удирдамжаар...ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус...ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийх,...ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл авсан эсэх, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлсөн эсэх, худаг гаргах зөвшөөрөл авсан эсэх, тоолууржуулсан эсэх, ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлагын хэрэгжилт,...хууль бусаар ус ашиглалттай холбоотой...хяналт шалгалтын хүрээнд мөн өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гүйцэтгэхээр шийдвэрлэсний дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд орших С ХХК-нд хяналт шалгалт хийсэн.

2.2. Уг хяналт шалгалтын явцад, цанын бааз, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй С ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутад илрүүлснээр тэмдэглэл үйлдсэн,

2.3. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийж, Үйлдвэрлэлийн зориулалтаар 4 худаг ашигладаг. №47 53 29.173 Е107 2 13.165 худаг дээр усны тоолууртай, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулсан, унд ахуйн зориулалтаар 1 худаг ашигладаг. №47 53 29.100, E107 2 13.119 худаг дээр усны тоолууруудыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталгаажуулсан. 2023, 2024 онд ус ашиглах гэрээ зөвшөөрөлгүй үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан нөхцөл байдал...-ыг тогтоосон,

2.4. Эрх бүхий албан тушаалтны, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоолоор ...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, цааны бааз, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй С ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээг шинжилгээ хийлгэхээр Усны газрын Усны нөөцийн хэлтсийн усны үнэ, тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн А*******ыг шинжээчээр томилсон,

2.5. Усны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/825 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газарт ..."С" ХХК нь 2022 оноос хойш усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглаж үйл ажиллагаа явуулсан байна, иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу усны нөөцөд учирсан хохирлын үнэлэн хавсралтаар хүргүүлж байна. гээд Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ Χнт=0.9*1*8550 төг/м*146.4 м/хон*292 хоног = 328,952,016 төгрөг, Χнт-328,952,016 (Гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаан төгрөг)-ийн усны нөөцөд учирсан хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлнэ. Тайлбар: Зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээг ашиглаж байгаа тоолуурын заалт, ажилласан хоногийн тоог "Н" ХХК-ийн боловсруулсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийг тус тус үндэслэл болгов гэх хавсралтыг хүргүүлсэн,

2.6. Хариуцагч Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Б 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудсаар ...Холбогдогч С ХХК-ийн үйлдсэн усыг үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээ зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл ногдуулж, шийтгэлийн 5 000 000 төгрөгийг Төрийн сангийн 100 тоот дансанд, хохирол, шимтгэл, алданги нөхөн төлбөрийн 328 952 016 төгрөгийг 100тоот дансанд тушаахыг даалгаж шийдвэрлэжээ.

3. Гомдол гаргагч С ХХК-иас шүүхэд анх гаргасан гомдлын үндэслэлээ: ...Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 00049 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулж, Усны газрын 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 01/825 тоот албан бичгийн хавсралт Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-г үндэслэж 328,952,016 /гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаан/ төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

С ХХК-аас шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ: ...Нэг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б нь Салбарын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар 16-ны өдөр тус компани дээр хяналт шалгалт хийсэн. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 0049 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулж, Усны газрын 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 01/825 тоот албан бичгийн хавсралт Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-г үндэслэж 328,952,016 /гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаан/ төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус шийтгэлийн хуудсыг Улсын ахлах байцаагч Т.Б нь 2024 оны 07 сарын 22-ны өдөр манай компанид шуудангаар ирүүлснийг хүлээн авч, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэхийн яамны дагуу 2024 оны 08 сарын 21-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Салбар хяналтын газарт тус тус гомдол гаргасан.

Уг гомдолд дээд шатны байгууллага албан тушаалтнаас хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу 2024 оны 10 сарын 02-ны өдөр хуульд заасан хугацаанд маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын ногдуулсан 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 0049 дугаартай Шийтгэлийн хуудсын үндэслэл болж буй Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...усыг үйлдвэрийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ...ашигласан" гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал:

2015 оны 09 сарын 21-ний өдрийн Туул голын сав газрын захиргаатай байгуулсан дугаар 25 тоот Ус ашиглах гэрээ, 2016 оны 06 сарын 15-ны өдрийн А/22 тоот Туул голын сав газрын захиргааны даргын Зөвшөөрөл олгох тухай тушаал, 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Туул голын сав газрын захиргаатай байгуулсан Ус ашиглах гэрээ, 2017 оны 02 сарын 17-ны өдрийн А/08 тоот Туул голын сав газрын захиргааны даргын Зөвшөөрөл олгох тухай тушаал, 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Ус ашиглах гэрээ, 2018 оны 03 сарын 02-ны өдрийн дугаар 17 тоот Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газрын Ус ашиглуулах дүгнэлт, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн А/10 тоот Туул голын сав газрын захиргааны даргын Зөвшөөрөл олгох тухай тушаал, 2021 оны 03 сарын 17-ны өдрийн А/06 тоот Туул голын сав газрын захиргааны даргын Зөвшөөрөл олгох тухай" тушаал, 2021 оны 03 сарын 17-ны өдрийн УНТ21/04 тоот Ус ашиглах гэрээг тус тус байгуулж хуульд заасан ус ашиглагчийн эрх үүргээ биелүүлж ажиллаж ирсэн болно.

2022 оны 01 сарын 13-ны өдөр ус ашиглах дүгнэлтийг гаргуулахаар Усны газарт хүсэлт өгсөн боловч тус газрын 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 01/59 тоот албан бичгээр хуульд заасан баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаагүй буюу Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсэгт заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт ирүүлээгүй гэж үзэн материалыг буцаасан.

Гэтэл манай компани нь "С цанын бааз"-ын төслийг эхлүүлэхдээ 2007 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгүүлж 2014 онд тус компанийн охин компани болох Г" ХХК-ийн цанын бааз төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан, мөн охин компани болох "М*******" ХХК-ийн Богдхан уулын ДЦГ-ын Хүрхрээгийн аманд хэрэгжих Спорт, аялал жуулчлалын цогцолбор төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг тус тус хийлгүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаа албан бичгийн хавсралтаар өгсөн.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Энэ хуулийн 28.4-т заасан этгээд ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор дүгнэлт гаргана." 28.6 дахь хэсэгт Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоо метр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум дүүргийн засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.", 28.8 дахь хэсэгт Иргэн аж ахуй нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана." гэж зааснаар Усны газар манай компанид ус ашиглуулах дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн. Манай компани нь Ус ашиглах гэрээнд заасан ус ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй тул манай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор дүгнэлт гаргаж ус ашиглах зөвшөөрлийг олгох ёстой байсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын 4.14 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын 2.3.9-д тус тус зааснаар "Хэрэгжиж байгаа төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл шинэчлэгдэх, өргөтгөл хийх (техник, технологийг шинэчлэх, түүхий эд, байгалийн нөөц баялгийг ашиглах хэмжээ, хүчин чадал, газрын байрлал өөрчлөх болон байгаль орчны аудитын зөвлөмжөөр нэмэлт тодотгол хийлгэх шаардлагатай гэж үзсэн зэрэг) болон тухайн төсөлтэй холбогдох харилцааг зохицуулах эрхзүйн гол бичиг баримт өөрчлөлт орсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийнэ" гэж зааснаар манай компани байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг давтан болон нэмэлт тодотгол хийлгэх шаардлагагүй байсан.

Манай компанийн охин компани болох М******* ХХК болон Г ХХК-иудын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсан Н ХХК-иас Усны газарт 2023 болон 2024 оны 05 сарын 08-нд ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа хандсан боловч хариу ирүүлээгүй. Гэсэн хэдий ч бид ус ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ус ашигласны төлбөрийг тухай бүр төлсөн бөгөөд 2022, 2023 оны Хаягдал ус зайлуулах зөвшөөрөл, дүгнэлтийг Туул голын сав газрын захиргаанаас авч, холбогдох төлбөрийг мөн төлсөн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын ногдуулсан 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 0049 дугаартай Шийтгэлийн хуудсаар ногдуулсан Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ 328,952,016 /гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаан/ төгрөгийн нөхөн төлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалаар баталсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын 14 дүгээр заалтын 14.4.1 дэх хэсэгт заасан томъёоллоор тооцож ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал,

Дээрх аргачлалын 14.1 дэх хэсэгт Ус хангамжийн эх үүсвэр, усны барилга байгууламжийн тусламжтайгаар газрын доорх ус агуулагч үе, давхарга, бүрдэл, бүсийн зузааныг хэт багастал усны түвшинг бууруулан ус олборлосноос газрын доорх усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр нь чөлөөт гадаргат болон даралтад усны хувьд ижил байна." гэж зааснаас үзэхэд манай компанийг газрын доорх ус агуулагч үе, давхарга, бүрдэл, бүсийн зузааныг хэт багастал усны түвшинг бууруулан ус олборлож хохирол учруулсан мэтээр шууд нөхөн төлбөр тооцож гаргажээ.

Цанын баазын цас хийх систем нь газрын гүний болон гадаргын усыг хиймэл цас болгон байгальд шууд оруулж цанын зам хийхэд ашигладаг бөгөөд ямар нэг химийн элдэв найрлагад оруулалгүйгээр шууд байгальдаа цас болгон оруулж буй процесс юм. Гольфын талбайн усалгааны шугамын тусламжтайгаар гольфын талбайн усалгаанд гадаргын усыг нөөцлөн услахаас гадна гүний худгаас усалгаагаа хийдэг ч мөн л тухайн усны нөөцийг 100% хөрсөнд буцаан шингээж, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, байгаль орчныг арчлан хамгаалахад зориулагддаг онцлогтой үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа нь газрын доорхи усны түвшинг хэр хэмжээгээр бууруулж ямар хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг нарийн зөв тогтоолгүйгээр усны нөөцөд шууд хохирол учруулсан мэт дүгнэх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалаар баталсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын 3.1 дахь хэсэгт Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоход усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт, шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтлана." 3.2 дахь хэсэгт Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлсноор түүний шалтгаан, нөхцөл байдал, үр дагаврыг тогтоох, тэдгээрийг арилгах, усны сан бүхий газрыг зөрчил гарахаас өмнөх хэвийн байдалд буюу ажиглалтаар тогтоосон үзүүлэлт хүртэл нөхөн сэргээх, зарим үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." гэсэн заалтуудтай илт зөрчилдөхөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална" 4.2.5 дах хэсэгт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг баримтлаагүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-т ""байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй" гэж, 20 дугаар зүйлийн 20.1-т "Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор байгаль орчинд гаргах хортой, аюултай бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэм хэмжээ / цаашид "байгаль орчны чадавхийн хэм хэмжээ" гэх/-г дараахь үзүүлэлтээр тогтооно", 20.1.1-т "агаар, ус, хөрс дэх хими, биологийн хортой аюултай бодисын хүлцэх хэм хэмжээ;", 20,3-т Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлнө. гэж заасныг дурдах хэрэгтэй.

Иймд захиргааны хэрэг үүсгэн шалгаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "..Шийтгэлийн хуудсыг Улсын ахлах байцаагч Т.Б нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай компанид шуудангаар ирүүлснийг хүлээн авч хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газарт гомдол гаргасан ..." гэх тухайд, С ХХК-д холбогдуулан оногдуулсан 0049 дугаартай шийтгэлийн хуудсыг 240200 дугаартай хэрэгт оролцогч С ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бөд танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзаж, гарын үсэг зураагүй. Монголд шуудангаар (RD17 бүртгэлтэй) хүргүүлсэн ба тухайн аж ахуйн нэгжийн гаргасан нэхэмжлэлд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан тухай дурдсан байна. Энэ нь шийтгэлийн хуудсыг мэдэгдсэнд тооцох үндэслэлтэй, шийтгэлийн хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байна.

"... Уг гомдолд дээд шатны байгууллага албан тушаалтнаас хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ** гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуульд заасан хугацаанд маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ..." гэх тухайд,

Холбогдогч нь эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т (Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.1.5, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ) заасны дагуу гомдол гаргах эрхтэй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т (Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана) гэж хуульчлагдсан байна.

Тус компанийн инженер Д.Дад 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 19 минутад 88 дугаарын утсаар холбогдон зөрчлийн 240200 дугаартай хэрэгт холбогдогчоор оролцож байгаа талаар мэдэгдэж дуудсан бөгөөд С ХХК-ний гүйцэтгэх захирал А.Б 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр ХЖ регистрийн дугаартай Б.Б-д итгэмжлэл олгосон болно

Дээрх аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хуульд заасан арга хэмжээ авч байгаа болон хэргийн материалтай танилцах талаар 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж ажилласан бөгөөд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.

Хоёр. "... 2015 оны 09 сарын 21-ний өдрийн Туул голын сав газрын захиргаатай 25 тоот Ус ашиглах гэрээ, 2016 оны 06 сарын 15-ны өдрийн А/22 тоот Туул голын сав газрын захиргааны даргын "Зөвшөөрөл олгох тухай" тушаал, 2016 оны 06 сарын өдрийн Туул голын сав газрын захиргаатай байгуулсан Ус ашиглах гэрээ, 2017 сарын 17-ны өдрийн А/08 тоот Туул голын сав газрын захиргааны даргын "Зөвшөөрөл олгох тухай" тушаал. 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Ус ашиглах гэрээ, 2018 оны 03 сарын 02-ны өдрийн дугаар 17 тоот Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газрын Ус ашиглуулах дүгнэлт, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн А/10 тоот Туул голын сав газрын захиргааны даргын "Зөвшөөрөл олгох тухай" тушаал, 2021 оны 03 сарын 17-ны өдрийн УНТ21/04 тоот Ус ашиглах гэрээг тус тус байгуулж хуульд заасан ус ашиглагчийн эрх үүргээ биелүүлж ажиллаж ирсэн..." гэх тухайд,

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлд хоногт ашиглах усны хэмжээнээс хамаараад ус ашиглагчид зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулсан байдаг ба энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх /хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана/, 28.6 / Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ/ гэж заасан байна.

Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.27-д хоногт 50-100 шоометр ус ашиглах зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас, 1.28-д хоногт 100 шоометрээс их ус ашиглах зөвшөөрлийг Тухайн сав газрын захиргаанаас авахаар, 8.2 дугаар зүйлийн 1.14-д хоногт 50 шоометрээс бага ус ашиглах зөвшөөрлийг Тухайн сум, дүүргийн Засаг дарга олгохоор тус тус заасан.

С ХХК-д холбогдох 240200 дугаартай зөрчлийн хэрэг шалгах явцдаа эрх бүхий байгууллаас ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл авсан эсэхийг тогтоох зорилгоор Усны газарт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08/2614 дугаартай албан бичиг хүргүүлэн лавлагаа мэдээлэл авахад Усны газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/773 дугаартай албан бичгээр "... С ХХК нь Цанын бааз нэртэй спорт, аялал жуулчлалын цогцолбор төслийн ус ашиглуулах дүгнэлтийг 2019 онд Монгол-ус ТӨААТҮГ-р, 2020-2021 онд манай байгууллагаар гаргуулсан, 2022 онд 01/59 тоот албан бичгээр Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлтийг баримт бичгийн шаардлага хангаагүй тул материалыг буцаасан байна, 2023 он болон 2024 оны ус ашиглуулах дүгнэлт дүгнэлт гаргуулах хүсэлт манай байгууллагад ирүүлээгүй...." гэх хариу тайлбар, мэдээллийг ирүүлсэн. /Хэргийн материалын 44-р хуудас /

Мөн С ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бөөс мэдүүлэг авахад "...2021 онд ус ашиглах дүгнэлт зөвшөөрлийг холбогдох газруудаас авч байсан, үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 13-ны 011 тоот албан бичгээр Усны газарт хандсан боловч нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй учраас ус ашиглуулах дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа..." гэх мэдүүлэг өгсөн. /Хэргийн материал 32-р хуудас/-өөс үзэхэд С ХХК нь 2023, 2024 онд ус ашиглах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл аваагүй нөхцөл байдал тогтоогдсон ба Усны тухай 28 дугаар зүйлийн 28.18-д "Ус ашиглуулах холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглахыг хориглоно" гэж заасан.

"С цанын бааз"-ын төслийг эхлүүлэхдээ 2007 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгүүлж 2014 компанийн охин компани болох "Г" ХХК-ийн цанын бааз төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан, мөн охин компани болох "М*******" ХХК-ийн Богдхан уулын ДЦГ-ын Хүрхрээгийн аманд хэрэгжих "Спорт аялал жуулчлалын цогцолбор" төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг тус тус хийлгүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаа албан бичгийн хавсралтаар өгсөн..." гэх тухайд,

Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газарт дотоод албан бичгээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй эсэх лавлагааг гаргаж шаардлагатай мэдээллийг авахад 1. "Г*******" ХХК-ийн 2007 онд "О*******" ХХК-аар "Спорт аялал жуулчлалын төв байгуулах тухай, 2009 оны 12 дугаар сард мөн "О*******" ХХК-аар "Спорт аялал жуулчлалын төвийн төслийн нэмэлт тодотголыг тус тус хийлгэж батлуулсан. 2. "М*******" ХХК нь 2004 онд "Г*******" ХХК-аар "Аялал жуулчлалын бааз байгуулах" төсөл, 2009 онд "М*******э" ХХК-аар Аялал жуулчлалын цогцолбор" төсөл, 2009 онд "Г*******" ХХК-аар "М*******" ХХК-ийн жуулчны бааз байгуулах төсөл, 2014 онд "Б*******" ХХК-аар "Спорт аялал жуулчлалын цогцолбор" төслийг тус тус хийлгэж батлуулсан байна. 3. Дээрх компаниуд нь 2024 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгүүлэхээр хүсэлт ирүүлсэн бөгөөд "М*******" ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 12/658, "Г*******" ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12/867 дугаартай ерөнхий үнэлгээний дүгнэлтүүдийг гаргаж хүргүүлсэн. "Н" ХХК-аас тухайн төслүүдийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголыг хийж хянуулахаар цахимаар ирүүлсэн талаар мэдэгдсэн үүнээс хархад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй байхад үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн.

Усны тухай хуулийн 28 дугаар Устай холбоотой харилцааг Усны тухай хуулиар зохицуулах ба Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Усны тухай хууль тогтоомж нь Монгол улсын үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байдаг.

Усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа энэ зүйлд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалтай тул усны нөөцөд хохирол учруулсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгдсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон 240200 дугаартай зөрчлийн хэрэгт Усны газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/731 дугаартай албан бичгийг үндэслэн Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.А*******ыг шинжээчээр томилсон. Хэргийн материалын 34-36 дугаар хуудас/

Усны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны 01/825 дугаар албан тоот албан бичгээр *... Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт "С ХХК нь 2022 оноос хойш усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглаж үйл ажиллагаа явуулсан байна...." гэх хариу тайлбар ирүүлсэн.

Мөн тус газрын 01/825 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Б.А******* шинжээчийн дүгнэлтэд ".. Усны нөөцөд 328,952,016 /Гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаа/ төгрөгийн хохирол учруулсан.." гэх дүгнэлтийг ирүүлсэн. /Хэргийн материалын 38-р хуудас/

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт холбогдуулан С ХХК-д Б.А******* шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл, 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулсан болно.

С ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100 дугаартай дансанд "С ХХК, РД:/-0049 шийтг" гэх гүйлгээний утгатай, 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтан Б.Б миний бие нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах цанын бааз аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй С ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан" гэх зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 240200 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн, Прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллах ажиллагаа явуулсан ба С ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Прокурорт гомдол гаргаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн регистрийн дугаартай С ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгжээр торгох шийтгэл, 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулан Прокурорын хяналтад шилжүүлсэн болно.

С ХХК нь шийтгэврийн хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгасан боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтын дагуу 0049 дугаартай шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны 128/Ш32024/7505 дугаар шүүгчийн захирамжаар ".. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0049 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5,000,000 төгрөг, нөхөн төлбөрийн 328,952,016 төгрөгийг албадан гүйцэтгүүлэх-ээр шийдвэрлэсэн.

Иймээс Б.Б миний бие нь хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд С ХХК-д торгох шийтгэл оногдуулсан ба тус аж ахуйн нэгжийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, миний гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Гомдол гаргагч С ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбар хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах-аар тодруулсан, уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

3. Хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр...ашигласан зөрчил гаргасан гэж үзэж 328 952 016 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж 5000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

5. Гомдол гаргагч нь 5000 нэгжээр торгох захиргааны шийтгэлийг хүлээн зөвшөөрч төлсөн, энэ талаар маргаагүй, харин уг шийтгэлийн хуудасны хохирол, нөхөн төлбөр ногдуулсан гэх хэсгийг хүчингүй болгуулахаар ...учруулсан хохирол байдаггүй, холбогдох онуудад усны тусгай зөвшөөрлийг буюу ус ашиглах зөвшөөрөл авах, холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байсан боловч гэрээ байгуулагдаагүй, усны тоолуурын заалтаар сар бүр төлбөрөө төлж байсан, гэрээ үргэлжилж байгаа, хүчин төгөлдөр тоолуурын заалтаар усны төлбөрийг төлж байхад давхардуулан шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан, хариуцагч ...хуулиар олгосон эрхийн хүрээнд нөхөн төлбөр ногдуулсан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 59 дүгээр тушаалаар баталсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал-ын дагуу тооцсон нь зөв, усыг зөвшөөрөлгүйгээр ашигласан бол хохирол, нөхөн төлбөр тооцогдоно гэж тайлбарлав.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-д Холбогдогч дараахь эрхтэй:, 2.9-д зөрчлийн хэрэгтэй танилцах;, 2.10-д хуульд заасан бусад., 4.11 дүгээр зүйлийн 5-д Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно, 6.9 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:,1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж тус тус заасан.

7. Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллах үүрэгтэй ба энэ тохиолдолд Л.А*******ийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/825 дугаар албан бичгийн хавсралт Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ-ний талаархи шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гомдол гаргагч С ХХК-д 328 952 016 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан атлаа тухайн шинжээчийн дүгнэлтийг холбогдогчид танилцуулаагүй, түүнд гомдол гаргах эрхийг олгоогүй нь дээрхи журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

8. Тухайлбал, шийтгэлийн хуудаст заасан 328 952 016 төгрөг нь нөхөн төлбөр, хохирлын алин болохыг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн агуулгаас үзвэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд нөхөн төлбөр гаргуулахаар, хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учруулсан бол хохирол төлүүлэхээр ялгамжтай зохицуулсан байхад С ХХК-иас хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахын алин болохыг тодорхойлж тогтоогоогүйгээс шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

9. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар гомдол гаргагч бусдад /усны орчинд/ хохирол учруулсан гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй, мөн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийг ч шалгаж тогтоосон баримтгүй, энэ төрлийн зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад 328 952 016 төгрөгийг бүхэлдээ хохирол, нөхөн төлбөр гэж тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар бодитой биш, зайлшгүй ялгаж тогтоох шаардлагатай байсан гэж шүүх дүгнэв.

10. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч нь ус ашиглах гэрээ байгуулах болон дүгнэлт гаргуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 13, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд эрх бүхий байгууллагуудад хандаж байснаас гадна хамгийн сүүлд буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан УНТ-21/04 дүгээр Ус ашиглах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д Ус ашиглалтын тайланг үндэслэн гэрээ дүгнэсэн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн баталгаажуулах бөгөөд гэрээнд заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд дараа оны гэрээ хийгдэхгүй. гэж заасан, уг гэрээ талуудын хэн аль нь цуцлах хүсэлт гаргаагүй, түүнчлэн хугацааны хувьд дуусгавар болсон хэдий ч гомдол гаргагчаас гэрээнд заасан үүргийн дагуу ус ашигласны төлбөрөө 2022 онд 34 022 147 төгрөг, 2023 онд 20 084 686 төгрөг, 2024 онд 16 715 994 төгрөг төлж байсан болох нь тогтоогдсон болно.

11. Нөгөөтэйгүүр, уг гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасанчлан стандарт гэрээ болохын хувьд, мөн С ХХК-ийн ус ашиглаж явуулж буй үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа, түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудад зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан нь тус тус тогтоогдож байгаа нөхцөлд гэрээний нэг тал болох дан ганц гомдол гаргагчийг гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулах, улмаар зөрчил гаргасан гэж дүгнэн нөхөн төлбөр, хохирол тооцон гаргуулах хууль зүйн боломжгүй.

12. Иймд гомдол гаргагч байгууллагын тогтмол төлж ирсэн усны төлбөрийг гэрээ бичгээр байгуулагдаагүй хэдий ч гэрээний үүргээ биелүүлж хийсэн үйлдэл гэж үзэх эсэх, эсхүл талууд заавал урьдчилж гэрээ байгуулсны дараа төлбөр төлөх үүрэгтэй байсан эсэхийг тогтоогоогүй атлаа усны төлбөр төлсөн үйлдлийг нь буруу гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

13. Учир нь Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...аж ахуйн нэгж нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна 28 дугаар зүйлийн 28.4-д Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага...гаргана, 28.6-д Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ., 28.11-д Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар... ус ашиглах эрх үүснэ., 29 дүгээр зүйлийн 29.1-д Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна. гэж,

14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 59 дүгээр тушаалаар баталсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал-ын 1.2-д ...хууль тогтоомжийг зөрчсөний улмаас усны нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах, зөвшөөрөгдсөн хэмжээ, батлагдсан нөөцөөс хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан тохиолдолд энэхүү  аргачлалын дагуу хохирлыг үнэлж, нөхөн төлбөр тооцно., 1.3-д Энэхүү аргачлалаар гадаргын болон газрын доорх усны батлагдсан нөөцийг хэтрүүлсэн ашигласан, усны нөөцөд  учирсан хохирлын хэмжээг тооцоолно 3.1-д Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоход усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтлана гэж тус тус заасан.

15. Түүнчлэн, Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын 1.1-д Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол болон нөхөн төлбөрийг тогтоох...-д оршино., 2.2-д Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн, хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хавийн үйл ажиллагаа, төр, нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг, 2.3-д Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн, холбогдох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуy тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээг, 3.1-д ...хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээ авна, 3.12-д Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон баримт, шийдвэр, магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулан, гомдол гаргах эрхээр хангана гэж тус тус заасан.

16. Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн этгээдээс нөхөн төлбөр, хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн хохирол болон нөхөн төлбөрийг маш тодорхой ялгамжтайгаар, баримтаар тогтоох зарчмыг баримтлан үндэслэлтэй тогтоох шаардлагатай атал хариуцагч уг журмыг зөрчсөнөөс гадна шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргагчийн, 2022, 2023, 2024 онуудад гэрээний дагуу төлж байсан усны төлбөрийг хэрхэн тооцсон талаар орхигдуулсан байхад тухайн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шинжээчийн дүгнэлтээр нөхөн төлбөр, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзлээ.

17. Иймд Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын гаргасан, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудасны С ХХК-иас хохирол, нөхөн төлбөрт 328,952,016 гаргуулах хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан С ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын гаргасан, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0049 дугаар шийтгэлийн хуудасны С ХХК-иас хохирол, нөхөн төлбөрт 328,952,016 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН