| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2024/00018/И |
| Дугаар | 315/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ...-р багт оршин суух, утасны дугаар ...., ******* овогт ******* *******
цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид 1988 оны 10 сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 10 сарын 13-нд Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар цэргийн ангиас халагдсан. Тус анги нь хилийн нохой сургадаг анги байсан. Цэргийн алба хаах хугацаандаа нохой сургагч болж давхар үнэмлэхтэй халагдсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхэд цэргийн батлах дээр тамга дарагдаагүй учир цэргийн алба хаасан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд намайг Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар цэргийн ангид 1988 оны 10 сарын 15-ний өдрөөс 1990 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хааж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би Онгон сумын 0184 дүгээр ангид 1 сар болоод 0267 дугаар анги руу шилжсэн гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 656195 дугаартай цэргийн батлахын хуулбар, фото зураг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/3496 дугаартай хугацаат цэргийн албанд татагдсан лавлагаа, Ш.******* цэргийн алба хаасан талаарх тодорхойлолт, УЦСЕ газрын харъяа 0267 дугаар ангийн захирагчийн, 030 дугаартай үнэмлэхийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1988 оны 10 сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид цэргийн албанд татагдаж, 1 сарын дараа Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар анги руу шилжиж 1990 оны 10 сарын 13-нд Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар цэргийн ангиас халагдсан болох нь нэхэмжлэгчийн “...Би Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид 1988 оны 10 сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 сарын 13-нд Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар цэргийн ангиас халагдсан. Тус анги нь хилийн нохой сургадаг анги байсан. Цэргийн алба хаах хугацаандаа нохой сургагч болж давхар үнэмлэхтэй халагдсан” гэх тайлбар, 656195 дугаартай Ш.******* цэргийн батлахын хуулбар, Ш.******* цэргийн алба хааж байхдаа авахуулж байсан фото зураг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/3496 дугаартай хугацаат цэргийн албанд татагдсан лавлагаа, Ш.******* цэргийн алба хаасан талаарх УЦСЕГазрын харъяа 0267 дугаар ангийн захирагчийн тодорхойлолт, 030 дугаартай албаны нохой сургагчаар мэргэжил эзэмшсэн үнэмлэхийн хуулбар
5. Гэрч ******* шүүхэд өгсөн: “...******* бид хоёр хамт 1988 онд цэргийн албанд татагдаж, Сүхбаатар Онгон сумын хилийн цэргийн 0184 дүгээр ангид хувиарлагдан очсон. Тэгээд би Онгон сумын хилийн 0184 дүгээр ангийн Ламтын заставт хувиарлагдан алба хаасан. ******* нь Төв аймгийн Лүн сумын 0267 анги руу нохой сургагчийн курст суралцахаар хувиарлагдан явсан. Ингээд ******* нь Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар ангид цэргийн алба хааж түрүүч цолтой, нохой сургагчийн мэргэжил эзэмшин халагдаж байсан. Би *******тэй 1988 онд хамт цэргийн албанд татагдаж мөн 1990 онд цэргээс халагдаж байсан учраас цэргийн алба хааж байсан байдлыг сайн мэдэж байна. Хавтас хэрэгт авагдсан зурган дээр баруун гар талд зогсож байгаа нь ******* байна, цэргийн алба хааж байхдаа авахуулж байсан үеийн зураг байна” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1988 онд Сүхбаатар аймгийн Мөнхаан сумаас цэргийн албанд татагдаж, Сүхбаатар Онгон сумын хилийн цэргийн 0184 дүгээр ангид хувиарлагдан очсон. Ингээд ******* нь Онгон сумын хилийн цэргийн 0184 дүгээр ангиас Төв аймгийн Лүн сумын 0267 анги руу шилжин очиж тус анги цэргийн алба хаах хугацаандаа нохой сургагчаар сурч байсан. Тэгээд 1990 оны сүүлээр цэргийн албанаас халагдсан. Би 1988 онд *******тэй хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас цэргийн албанд татагдаж Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн 0184 дүгээр ангид хувиарлагдан цэргийн алба хааж 1990 онд хамт цэргээс халагдаж байсан учраас Ш.******* цэргийн алба хаасан байдлыг сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Ш.******* 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Лүн сумын 0267 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА