Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/933

 

 2023            9             14                                         2023/ДШМ/933

 

Т.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2302 00026 0138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Т-н О, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., дүү, .. хүүхдийн хамт ..................тоотод оршин суух хаягтай, /РД: ............/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;  

Шүүгдэгч Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн унаж явсан 3459 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.О-г Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн тогтоолыг хүчингүй болгож хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.О-н биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гялгар уутны хамт 0.7 грамм хэмжээтэй цагаан өнгийн нунтаг зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банкинд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Т.О-н төрсөн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 5-13 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би 4 хүүхдүүддээ сайн ээж байж, үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх үүргээ умартан том хариуцлага алдсандаа харамсаад барахгүй байна. Миний бие нүүр будалтын ажлаа тогтмол хийж үр хүүхдээ тэжээж өсгөж яваа. Цаашид эх байх үүргээ ухамсарлаж, хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөн хүмүүжүүлэхээ амлаж байгаагаа хэлмээр байна. Энд байх хугацаанд их зүйлийг бодож, хүүхдүүддээ санаа зовж байна. Иймд миний гэм буруугаа ухамсарлаж байгааг болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.О-н өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.О нь гэм буруугийн талаар маргахгүй. Давж заалдах гомдлыг нь дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, энэрэнгүй байх зарчмын хүрээнд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь, бага насны хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв. 

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч Т.О-д холбогдох хэргийг түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.О нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн учраас ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тэнссэн шийдвэр нь ямар нэгэн ял биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах...”-аар заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд өмнө ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээг тогтоох зохицуулалт юм. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-н 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон атлаа ялын хэмжээг тогтоохгүйгээр шууд хорих ял оногдуулах байдлаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Үүнээс гадна, шүүгдэгч Т.О-н биеийн байцаалтыг яллах дүгнэлтэд дутуу бичсэнийг анхан шатны шүүх нялтлалгүйгээр шууд хуулбарлах байдлаар бичсэнийг анхааруулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР