Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 119/ШШ2025/0002

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой **,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /**/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн **,

Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга **/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн **, Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан  “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** байрлах зуслангийн зориулалт бүхий газрыг 2016 оноос эхлэн эзэмшиж байгаа гэж маргаж байгаа бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтээ 2023 оны  6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа бичгээр гаргаж, өргөдлийн хариуг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 660 дугаар албан бичгээр өгсөн.

3. Нэхэмжлэгч ** нь анх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 119/ШЗ2024/0356 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэгч Баян-Өндөр сумын Засаг даргыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн тул нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4. Нэхэмжлэгч ** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Манай анх авсан жижиг цагаан бичиг гээгдсэн тул би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үнэн учраа хэлж асуухад бусад материалаа бүрдүүлээд өг гэсэн. Ингээд би 2023.06.19-ний өдөр “Их нэмүүн констракшн” ХХК- аар кадастрын зураг хийлгэсэн. Дараа нь би Баян-Өндөр сумын Засаг даргад өргөдөл, хүсэлтээ өгсөн. Миний энэ хүсэлт дээр “Газрын даамалд. Судалж, санал танилцуулах, 2024 оны төлөвлөгөөнд тусгах. ** 2023.06.26” гэсэн цохолт хийсэн байдаг. Гэтэл газрын даамал ** миний хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт хүлээн авсан огноо, цаг минутаар нь бүртгэлд оруулалгүй орхигдуулсан байсан. Газрын даамал ** надад “танай газар ** гэдэг хүний газартай давхацсан байна, энэ хүнтэйгээ өөрөө уулзаж, хоорондоо тохиролцож учраа ол” гэж хэлсэн. Би ** ыг хайж олоод уулзахад “миний газар эзэмших эрх шүүхийн шийдвэрээр цуцлагдсан, одоо надад энэ газрын асуудал хамаагүй“ гэсэн.

4.2. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамал нар нь газар эзэмших эрхийн яг адилхан цагаан бичигтэй байсан 3 айлаас манай 2 хөршийнд газрын гэрчилгээ шинэчлэн гаргаж өгсөн. Иймээс манай 649,7 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий, бусдад эзэмшүүлэхийг хориглосон газар биш гэж би үзэж байна. Гэтэл газрын даамал ** элдэв төрлийн хууль бус шалтаг шалтгаан хэлж, миний хүсэлтийг хуулийн дагуу бүртгэж, зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй.

4.3. Миний газрын асуудал шийдвэрлэгдээгүй учир би 2024.07.29-ний өдөр газрын албанд дахин өргөдөл гаргасан. Миний өргөдөлд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024.08.23-ны өдрийн 562 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан тоотод миний 2016 оноос хойш эзэмшиж байгаа боловч, өнөөг хүртэл газар эзэмших шинэчлэгдсэн гэрчилгээ гаргуулж, улмаар эзэмшлийн газраа хууль ёсоор ашиглаж чадахгүй байгаа асуудлыг, өргөдөл гаргасан огноо буюу 2024.07.29-ны өдөр л би газар эзэмших хүсэлт гаргасан мэт үндэслэлгүй хариу өгсөн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар миний 2023.06.21-ний өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг зохих ёсоор бүртгэлжүүлээгүй эс үйлдэхүйгээ Монгол улсын Засгийн газрын 2024.04.03-ны өдрийн 136 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 заалттай тус тус холбон тайлбарлаж надад газар эзэмших эрх үүссэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн нь бодит нөхцөл байдлаас хол зөрүүтэй, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй.

4.4. Би дээрх хариуг эс зөвшөөрч, өөрийн өмнө нь эзэмшиж, газар дээрээ байшин барьсан, одоогоор миний эзэмшилд байгаа газартаа эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай 2024.08.27-ны өдөр газрын албанд бас дахин өргөдөл гаргасан. Гэтэл миний өргөдлийн хариуд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024.09.12-ны өдрийн 660 тоот албан бичгээр өмнөх хариуг давтан хуулбарлаж өгсөн.

4.5. Газрын даамал ** нь Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ, газар эзэмших гэрчилгээ гаргуулахыг хүссэн миний олон удаагийн хүсэлтэд 2025 оны төлөвлөгөөнд тусгах тухай үндэслэлгүй хариу өгч, миний хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй, би газар эзэмших эрхийн бичиг гэрчилгээ авч чадаагүй хэвээр байна.

4.6. Ийнхүү манай зуслангийн 2 талын хөршүүдийн газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн мөртлөө нэгэн зэрэг газар эзэмших цагаан бичиг авсан 3 айлын дунд байрлалтай миний газрыг бусадтай давхацсан, эсхүл 2024, 2025 оны төлөвлөгөөнд тусгах гэх нэрийдлээр, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй, миний удаа дараагийн хүсэлт, бүрдүүлсэн бичиг баримтын дагуу манай эзэмшиж байгаа 649,7 м. кв газрыг надад олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжилж өгөхгүй байгаа хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ** 2016 онд угаасаа газар эзэмших нарийхан цагаан бичиг аваад тэрүүгээр чинь хүмүүс би газар эзэмших эрхтэй болчихсон гээд 21 аймгийн хүмүүс итгэл үнэмшилтэйгээр газар дээрээ зуслангийн ч бай, зуслангийн биш ч бай барилга байшин барьж байсан. Бүгдээрээ л ийм байсан. Тэгэхээр ингээд явж байсан учраас энэ хүн би газар эзэмших эрхтэй болсон, яагаад гэвэл надад цагаан бичиг байгаа гэсэн итгэлээр байшингаа барьсан боловч яг тухайн цаг үед нь газрын гэрчилгээгээ хөөцөлдөж аваагүй цаг хугацааны хувьд эс үйлдэхүй **т байна. Нөгөө талаас газрын албанд энэ хүний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд өгөх асуудал дээр шударга бус зүйл харагдаад байгаа. Яагаад гэвэл ** гэдэг хүний хувьд гурав дахь өөр газрын асуудал ч яригддаг. Тэгээд ирэнгүүт ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд тэр нөхцөл байдлаа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалтай явсаар байсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр газар зохион байгуулалт, газрын албаны өөрийнх нь эс үйлдэхүй байсан уу гэвэл байсан. Сүүлдээ эднийх 2023 оны 12 дугаар сарын 07-нд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдоод 2024 оны 2 дугаар сараас эхлээд 2024 оны төлөвлөгөөнд тусгах боломжтой гэдэг хариу өгөөд байсан боловч өнөөдөр 2024 он дуусчихаад байхад 2024 оныхоо төлөвлөгөөндөө ч тусгаагүй эс үйлдэхүй байгаад байгаа юм. Гэтэл энэ хүнд яагаад олон дахин 2024 оны төлөвлөгөөнд тусгах боломжтой гээд хариу өгч байснаа сүүлдээ болохоороо 2025 оны төлөвлөгөөнд тусгах боломжтой гээд хариу өгөөд байгаа вэ. Монголчуудын нийтлэг зүйл нь төрийн албан хаагч нарт маш их итгэдэг, нэг дарга үнэн гэж хэлсэн бол үнэн гэж бодож хүлээж авдаг. ** ч гэсэн ингээд болчихно гээд хэлэхээр болох юм байна аа гээд хүлээж авч байсан боловч сүүлдээ энэ хүний итгэл алдарсан. Олон дахин хэлээд байдаг шийдэгддэггүй, хоёр талынх нь хөрш нь гэрчилгээ нь гарчихаад байхад энэ хүн ганцаараа байхгүй байгаад байхаар энэ хүн чинь итгэл алдаж, бас хардах сэтгэл төрж байна шүү дээ. Яагаад минийх болохгүй байна, энэ хүмүүсийнх яагаад гарчихав, энэний цаана нэг асуултын тэмдэг байна, тэгэхээр миний асуудал угаасаа л шүүхээр шийдвэрлэгдэхгүй бол болохгүй юм байна гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Өнөөдөр хамгийн гол нь юу вэ гэхээр энэ төрийн албан хаагчдыг 2025 оны төлөвлөгөөндөө тусгаад ганцхан **ийн асуудал биш, маш олон хүний асуудал байгаа учраас нэг удаа шийдвэрлэж болно гэдэг байдлаар тусгачихсан байна. Ингээд 2025 онд тусгагдаад энэ хүмүүсээс хамааралгүйгээр цаанаасаа дээр дээрээсээ шийдвэр гарах юм бол болохоор байгаа юм байна гэж ойлгогдож байна. Газрын албанд ажиллаж байгаа хүмүүс маань төрийн албан хаагчид. Төрийн албан хаагчид маань Төрийн албаны тухай хуулиараа явах ёстой. Төрийн албаны тухай хууль дээр ард түмэндээ үйлчилж, төрд чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэг заалт байгаа. Жишээлбэл Төрийн албаны тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд хууль зүйн талаасаа эс үйлдэхүй байна уу гэвэл хангалттай байна. Хариуцагч манайх захирамж гаргадаггүй гээд байна. Засаг дарга өөрөө зүгээр нэг өргөдөл ороод ирэхээр нь захирамж гаргадаг хүн биш шүү дээ. Газрын албаар заавал ч үгүй дамжиж байж газар эзэмшвэл зохих материалыг газар эзэмшихийг хүсэж байгаа хүн бүрдүүлж байж тэрийгээ Засаг даргадаа уламжилж байж Засаг даргын захирамж гарна шүү дээ. Тэгэхээр газрын албанаасаа уламжлагдаж орж ирээгүй байхад Засаг дарга захирамж гаргах боломжгүй. Гэтэл газрын алба дангаараа энэ бүхнийг хийчхээд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрхгүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Газар эзэмшүүлэх эцсийн шийдвэр захирамжийг сумын Засаг дарга гаргадаг. Тийм учраас хоёр субъектийг хоёуланг нь хариуцагчаар татаад байгаа юм. Ерөнхийдөө эндээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн албан хаагчдын эс үйлдэхүй байсан уу гэвэл байсан. Газар эзэмшүүлэх тухай хууль болоод Төрийн албаны тухай хуулиудыг биелүүлээгүй эс үйлдэхүй байна. Тийм учраас шүүхийн шийдвэр гарснаараа хэн хэндээ амар хялбар болох учраас **ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь аль аль талдаа хоёуланд нь хэрэгтэй байна гэж үзэж байна.” гэв.

6. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16 дахь заалтын дагуу сумын Засаг дарга иргэдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу газар олгодог.

Баян-Өндөр сумын иргэн ** нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус сумын Засаг даргад газар эзэмших тухай өргөдлийг ирүүлж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой эсэх талаар судлан шийдвэрлүүлэх тухай цохолтыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Баян-Өндөр сум хариуцсан газрын даамал **д өргөдлийг шилжүүлсэн. Газрын даамал тухайн газрыг судалж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган танилцуулж батлагдсаны дагуу Сумын Засаг даргын захирамж гарч иргэдэд газрыг олгодог.

Иймд манай зүгээс хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласан бөгөөд тухайн А.**ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах тухай саналыг иргэнд хүргүүлсэн болно.” гэжээ.

7. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Өндөр сумын Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэх, эзэмших тухай захирамж гаргаснаар тухайн иргэн тухайн газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болдог. Тухайн онд иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн оны сүүлээр батлуулаад ирэх оных нь төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг иргэдэд олгодог байгаа. Энэ хууль дүрэм журмынхаа дагуу бид нар иргэнд газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэг. Иргэн ** анхнаасаа эзэмших гэрчилгээгүй газар дээр байшин бариад өөрийн эзэмшлийн гэж байгаа нь буруу зүйл гэж үзэж байна.” гэв.

8. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирсэн, явсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн иргэн **ийн өргөдлийг хүлээн авч, хариу өгсөн талаарх мэдээлэл:

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 214 бүртгэн, хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуг кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн ** утсаар өгсөн.

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 715 бүртгэн, хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газрын даамал ** амаар хариуг өгсөн.

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 1056 бүртгэн, өргөдлийг хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаар албан бичгээр хариуг өгсөн.

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 1228 бүртгэн, өргөдлийг хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаар албан бичгээр хариуг тус тус өгсөн байна.

Орхон аймгийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/559 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын ** багийн нутаг дахь ** байрлах 3 га газрыг иргэн **ад зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд иргэн **ийн зуслангийн зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан газартай байршлын хувьд давхцалтай байсан.

Улмаар иргэн ** нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй тул Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/532 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж заасан байдаг.

Иргэн **ийн давхацсан гэх газрыг Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/532 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн тул иргэн **ийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөлд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 562 дугаар албан бичгээр хариуг өгсөн бөгөөд тус хариунд 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгч холбогдох баримтыг бүрдүүлж өгөх талаар иргэнд хариуг өгсөн.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;” гэж заасны дагуу улсын хэмжээнд “Шинээр газар эзэмших хүсэлт”-ийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс /egazar.gov.mn/ цахим системээр хүлээн авч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлд: “Би анх 2016 онд ** багийн ** зуслангийн газар эзэмшихээр 2 хажуу хөршийнхөө хамтаар 3 айлын газрын цагаан бичиг газрын албанаас авсан ” гэх боловч хүсэлт гаргаж байгаа газрыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр олгосон зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг нотолсон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д 3Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”. 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул тус газарт эзэмших эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн мөн хариунд нь дурдаж өгсөн.

Иймд иргэн ** нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2-ийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

9. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 онд анх зуслангийн газар эзэмшсэн гэж яриад байгаа боловч 7 жилийн дараа 2023 онд хүсэлтээ гаргасан байгаа. Тэгээд бас цагаан хуудас олгосон гэж яриад байгаа боловч тэрийгээ нотлох баримтаар гаргаж өгөхгүй байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 27.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглоно гэдгийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Эс үйлдэхүй гээд байгаа. Манайд албан ёсоор бүртгэгдсэн 2024 оны 2 дугаар сарын 26, 6 дугаар сарын 03, 7 дугаар сарын 29, 8 дугаар сарын 27-нд ирсэн бичгүүдэд хариугаа өгсөн. Тэрийг албан бичгээр нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр хүсэлтийг уламжлаагүй ч юм уу энэ бичгийн талаар шийдвэрлээгүй гэсэн эс үйлдэхүй байхгүй юм” гэв.

10. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт өнөөдөр ямар нэгэн байдлаар иргэн **т газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж юм уу? ямарваа нэгэн шийдвэр байхгүй байхад иргэн ** миний эзэмшил газар гэж ярьж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшиж ашиглахыг хориглоно гэсэн заалт байгаа. Монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар давхардуулж газар эзэмших хуулийн заалт байхгүй. Гэтэл өнөөдөр кадастрын мэдээллийн санд шүүлт хийж үзэхэд иргэн **ийн нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй эзэмшихээр авсан бас нэг газар бүртгэгдсэн байна лээ. Хоёрдугаарт нь иргэн **тай манай байгууллагын зүгээс ямарваа нэгэн байдлаар Газрын тухай хуулийн дагуу **ын эзэмшиж байсан 3 га газар нь ямар нэгэн захиргааны акт гарч хүчингүй болоогүй. Тухайн үед иргэн **ийг маргаж байх үед хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байсан учраас манай байгууллагын зүгээс иргэн **ийн асуудлыг шийдвэрлэхэд хурдан учраас иргэн **тай харилцан тохиролцож газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ гэдэг зүйлийг хуулийн дагуу хийгээд ирэх юм бол шийдвэрлэх гарц, боломж байна аа гэдгийг манай байгууллагын зүгээс тайлбарлаж өгсөн. Гуравдугаарт иргэн **ийн 2023 онд гаргасан хүсэлтийг өнөөдөр 2024, 2025 онд мөрдөж байгаа журмаар шийдвэрлэх гэж байна гэдэг дээр тайлбар хэлмээр байна. Иргэний өгсөн хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд урьд онд өгсөн хүсэлтийг өнгөрөгч оных нь 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төлөвлөгөөнд оруулж шийдвэрлүүлж байж газар олгох эрх зүйн үндэслэл нь өөрөө Засаг даргад байгаа. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр газар эзэмших ямарваа нэгэн эрх олгохыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан байгаа. Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүйгээр газар олгохыг хориглож байна гэсэн үг. Тэгэхээр иргэн **ийн гаргаж байгаа асуудал боломжгүй. 2025 оны нэмэлт хуулиар шийдвэрлэх гээд байгаа юм биш. Аль болох энэ иргэний асуудлыг шийдвэрлэе гэдэг дээр явж байгаа юм. Гол нь өөрөө анхнаасаа энэ газар олголт эзэмшиж байгаа гээд байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр өөрөө дур мэдэн очоод тухайн газраа байшин барьчихсан юм уу? өнөөдөр хууль зөрчсөн хүн болгоны асуудлыг энэ байдлаар шийдвэрлэж явах юм уу гэдэг чинь өөрөө асуудал. Бид нар ямарваа нэгэн захиргааны акт байгаад энэ хүнд олгосон нь үндэслэлтэй байхад эс үйлдэхүйгээрээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Иргэн **ийн газрын албанд тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулах хүсэлт гаргах нь хуулиараа манай байгууллагын шийдвэрлэх асуудлын хүрээнд хамаарахгүй. Манайх зөвхөн мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг байгууллага болохоос биш ямар нэгэн байдлаар сумын Засаг даргын шийдвэрт нөлөөлөөд энэ газрыг энэ хүнд эзэмшүүлнэ, эзэмшүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргах боломжгүй байдаг гэдгийг бас ойлгоорой” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** “2023 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ авах талаар өргөдөл гаргасан. Энэ өргөдлийг бүртгэж авсан бүртгэлд үзлэг хийлгэх” хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Учир нь, ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад 2023 оны 6 сард зуслангийн 0.7 га газар эзэмших гэрчилгээ гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэн авч Засаг даргын зүгээс Газрын даамалд “судалж, санал танилцуулах, 2024 оны төлөвлөгөөнд тусгах” гэсэн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул үзлэг хийх шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

            3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.1. “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2024 оны 02 дугаар сарын 26, 2024 оны 06 дугаар сарын 03, 2024 оны 07 дугаар сарын 29, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, газар эзэмших талаар өргөдөл гаргаж байсан байх бөгөөд тухайн өргөдлүүдийг бүртгэн авч тус газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 562, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаартай албан бичгүүдээр болон холбогдох албан тушаалтнууд хариу өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 45-61, 72-80 дахь тал/

3.2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 /Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:.../-т аймгийн газрын албаны эрх хэмжээг зохицуулсан бөгөөд Газрын алба нь иргэний газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий сумын Засаг даргад уламжлан шийдвэр гаргуулах эрх хэмжээг хуулиар зохицуулаагүй.

3.3. Иймд **ийн газар эзэмших, газар эзэмших эрхийн гэрчилгээ авах талаар гаргасан хүсэлтүүдэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зохих ёсоор хуульд заасан журмын дагуу хариуг хүргүүлж байсан бөгөөд түүний гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу шийдвэр гаргуулахаар сумын Засаг даргад уламжлах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

3.4. “**т 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч нь “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад 2023 оны 6 сард зуслангийн 0.7 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэж маргаж байгаа бөгөөд **ийн 2023 оны 6 дугаар сард гаргасан хүсэлтийг бүртгэн авч, Засаг даргын зүгээс Газрын даамалд “судалж, санал танилцуулах, 2024 оны төлөвлөгөөнд тусгах” гэжээ. 

3.5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж зааснаар тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмшүүлэхээр хуульд заасан.

3.6. Мөн нөгөө талаас газар эзэмших хүсэлт гаргаж байгаа этгээд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй газрыг эзэмшихээр хүсэлт гаргахаар хуульчилсан.

3.7. Нэхэмжлэгч ** нь “2023 онд зуслангийн байшингаа барьж дуусаад 2023 онд Баян-Өндөр сумын Засаг даргад, 2024 онд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмших, эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргасан” гэж  маргаж байгаа бөгөөд түүний эзэмших хүсэлт гаргаж буй зуслангийн газар нь 2023, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байжээ.

3.8. Мөн тухайн эзэмших хүсэлт гаргасан газар нь Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/559 дугаар захирамжаар **ад зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дахь **байрлах 3 га газартай байршлын хувьд давхцалтай байсан байх бөгөөд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/532 дугаартай захирамжаар хүчингүй болгожээ. /Хавтаст хэргийн 62-63,81 дэх тал/

3.9. Иймд Газрын тухай хуульд заасан дээрх үндэслэлүүдээр **т газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үндэслэлгүй байсан нь нотлогдож байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргыг **т газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй орхигдуулсан гэж буруутгах үндэслэлгүй байна.  

3.10. ** нь “2016 онд уг газрыг цагаан хуудсаар авч, 2023 оноос эхлэн гэрчилгээ авахаар Баян-Өндөр сумын Засаг даргад, 2024 онд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл хүсэлт гаргасан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд газар дээр зуслангийн байшин буюу үл хөдлөх эд хөрөнгө барьсан, 2016 оноос хойш уг газрыг ашиглаж байгаа гэх үндэслэлээр түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

3.11. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх үүснэ.

3.12. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг захиргааны байгууллага нь нэхэмжлэгч **ийн газар эзэмших  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

3.13. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “**ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан. Засгийн газрын тогтоолоор тухайн жилд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээг баталдаг болсон тул энэхүү тогтоол гарсан тохиолдолд **ийн газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой.” гэж тайлбарлаж байх тул зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ