Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/771   

 

           

 

 

 

 

 

 

 

   2023           7        27                                                           2023/ДШМ/771     

 

С.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч С.А,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/290 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2202006080065 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.А, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 131-1-6 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:00000000/, урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 817 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 5 сарын хугацаагаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.А нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс их дэлгүүрийн урд талын авто замын гарцаар явганаар зорчиж байхдаа хохирогч Б.тын эзэмшлийн 66-46 УБП улсын дугаартай цагаан өнгийн Тоёота кровн 210 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гэрлийг хөлөөрөө өшиглөсний улмаас гэмтээж хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,85 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сарангэрэлийн С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялд дүйцүүлэн 3 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Аод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аод оногдуулсан 2 жил 2 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.А нь энэ хэрэгт 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн уутны хамт 0.2133 грамм ногоон өнгийн нунтагзүйлийгшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...С.А миний бие ээж С, дүү Э нарын хамт амьдардаг бөгөөд би өөрийн алдаагаа маш сайн ойлгож дахин гэмт хэрэг хийхгүй. Миний үргэлжлүүлэн сурч, боловсрох, ажил хийх, зэрэг эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн өгч, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү, ...миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан байдлуудыг минь харгалзаж хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ. “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзаж үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

  1. Хэргийн бодит байдлыг тогтоосон ажиллагаа              

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.       

Хэргийн бодит байдлыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.   

  1. Гэм буруу, хэргийн зүйлчлэл 

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч С.Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.                

Шүүгдэгч С.А нь :  

2.1. 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс их дэлгүүрийн урд талын авто замын гарцаар явганаар зорчиж байхдаа хохирогч Б.тын эзэмшлийн 66-46 УБП улсын дугаартай цагаан өнгийн Тоёота кровн 210 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гэрлийг хөлөөрөө өшиглөсний улмаас гэмтээж хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хохирогч Б.тын“...2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс дэлгүүрийн урд өөрийн эзэмшлийн 66-46 УБП улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота кровн 210” маркийн машинтайгаа 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарц дээр ирээд согтуу, дээгүүрээ цээж нүцгэн залууг гарцаар гаргах гэтэл миний автомашины баруун талын гэрэл рүү хөлөөрөө 2 удаа өшиглөснөөс их гэрэл цуурч, цайр нь хагарсан...Надад нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх 124-126/,

- гэрч В.М“...тухайн үед цээж нүцгэн залуу нь цагаан өнгийн кровн маркийн машины гэрлийг бас хагалсан гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх 128-129/,

- “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-140-146/,

- шүүгдэгчийн “...Би 2022 оны 9 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс их дэлгүүрийн урд замд хөндлөн гарч явахдаа 66-46 УБП улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашины их гэрлийг цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-169/ зэрэг нотлох баримтуудаар,

2.2. 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь :

- С.Аын биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл:...хар өнгийн ууттай, ногоон өнгийн нунтаг хэлбэрийн зүйл, гялгар цагаан өнгийн ууттай, ногоон өнгийн нунтаг зүйл...хураан авсан.../хх-12-17/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4755 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ...Хаягласан хар болон өнгөгүй ууттай 2 хэсэг өвс мэт зүйлсэд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannobil/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannobil / нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-35/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4754 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “С.А /00000000/ 2022.9.25” гэж хаягласан шээсний дээжинд тус тус тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн I жагсаалтанд багтдаг /хх-40-42/,

- шүүгдэгчийн...Би 2022 оны 9 сарын эхээр...Баянхошуунд байх гудамжны  айлуудын хашаан дунд ургасан өвс хэмээх нэршилтэй мансууруулах бодисыг гараараа түүж бэлтгэсэн, халаасандаа хийж хадгалсан. Дараа нь намайг цагдаагаас эрэн сурвалжилж байсан тул 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цагдаа нар баривчлахдаа нэгжлэг хийхэд өвс маань гарч ирсэн гэх мэдүүлэг...” /хх-64-65/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-63-65, 168-169/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувьд худалдаалахаас бусад сэдэлт, зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүх аргаар олж авсан, улмаар хадгалсан нь тогтоогдсон, тухайн 2 үйлдэл өөр хоорондоо салшгүй хамааралтай байхад прокуророос зөвхөн хадгалсан шинжээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэхгүйгээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.   

  1. Эрүүгийн хариуцлагын талаар             

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлийг хэрхэн сонгож, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.          

Шүүгдэгч нь сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, эд хөрөнгөгүй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларч /хх-45-46, 64, 67, 69, 76, 79, 80/ судлагдсан байна. 

Шүүгдэгч С.А нь 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн боловч ял шийтгэлгүйд хамаарах баримтууд байх /хх-80, 83-90/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус ял оногдуулж, улмаар биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоохдоо дээр дурдсанаар харгалзвал зохих цогц шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх ба түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн нийлмэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Түүнчлэн шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн /хх-92-101, 188-189/, тус шийтгэх тогтоол гарсны дараа түүний өмнө үйлдсэн хэргүүд нь илэрсэн байх тул өмнөх 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 2 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

Иймд хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах тухай шүүгдэгч С.Аын гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                  

Шүүгдэгч С.А нь шийтгэх тогтоол гарсан 2023.4.26-ны өдрөөс хойш 2023.7.27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 92 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/290 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Г.ГАНБААТАР