| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/01434/И |
| Дугаар | 192/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/00485
2025 01 21 192/ШШ2025/00485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:
хариуцагч:
112 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 112 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: ....нэхэмжлэгч *** нь ***-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 112,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Энэ нь юуны төлбөр вэ гэхээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 415-р худгаас Хүмүүнлэгийн сургууль хүртэлх *** компанийн өмчлөлийн хоёрдугаар дулааны худгаас гуравдугаар дулааны худаг хүртэл 166 метр 2f50 шугамыг f125 шугам болгон өсгөх ажлын зардал, мөн гуравдугаар дулааны худгаас улсын архивын баруун тал хүртэлх 32 метр дулааны шугам сүлжээг шинээр угсарч суурилуулахад гарсан зардлыг нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ ажлыг хийж гүйцэтгэх үед 2002 оны 09 дүгээр сар, 2005 оны 09 дүгээр сар тус тус уг ажлуудыг хийж гүйцэтгэж *** компанид хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн үед Улаанбаатар хотын хэмжээнд дулааны үр ашгийг сайжруулах, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх хэрэглэгчдийг хамааралгүй схемд шилжүүлэх энэ төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан. Уг ажил хийгдэж байх үед нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газар нутгаар тухайн шугам сүлжээ дайран өнгөрч, өргөтгөх шаардлагатай шугам сүлжээ байсан, шинээр зайлшгүй шугам тавигдах ийм асуудал яригдаад уг санхүүжилт Азийн хөгжлийн банкнаас болон Нийслэлээс шийдэгдээгүй байсан. Тухайн үед хариуцагч *** компанийн зүгээс эдгээр шугамыг өргөтгө, шинээр шугам тавь гэдэг шаардлага ирсэн байдаг. Уг тавиад байгаа шугам маань өөрөө ***-ийн байршиж байсан тухайн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байсан бөгөөд шаардлага тавьсан учраас хөрөнгийн асуудлыг мөн шийдвэрлэж өгнө гэсэн учраас өөрсдөөсөө зардлаа гаргаж уг ажлыг хийж гүйцэтгээд *** компанид хүлээлгэж өгсөн байдаг. Уг шугам сүлжээ нь 2011 он хүртэл *** компанийн эзэмшил ашиглалтад байж байгаад 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн өмчийн хорооны 61-р тогтоолоор Туул арвич өргөө гэдэг конторт шилжүүлж ашиглалт үйлчилгээг нь хариуцуулах болсон байгаа. Уг шугам сүлжээтэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хариуцагч компанийн зүгээс огт төлөөгүй. Уг төлбөрийг төлөх асуудлаар шаардлага тавьсаар ирсэн боловч үе үеийн удирдлагууд нь шийдэж өгнө гэж хүлээлгэсээр байгаад өнөөдрийг хүрсэн ийм нөхцөл байдалтай байна. Ийм учраас өөрсдөөсөө зардлаа гаргаж хийж гүйцэтгэж *** компанид шилжүүлсэн, түүнээс цаашлаад гуравдагч компани руу шилжсэн энэ ажлыг хийж гүйцэтгэсэн зардлыг нэхэмжилж байгаа. Талуудын хооронд ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Өөрийн хөрөнгөөр тухайн шугам сүлжээг хийж гүйцэтгээд мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгсөн, ийм зардал гарсан учраас үндэслэлгүй хөрөнгөжиж шугам сүлжээ хийлгэсэн *** компаниас 112,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно... гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа:.. хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2003-2006 оны үед дулааны үр ашгийн төслийн инженер нь хийж байсан. Нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 425 ширхэг халаалтын цогц төхөөрөмжийг хаана хаана нь байрлуулах вэ, ард нь ямар ямар хэрэглэгч орох вэ гэдэг юмнуудыг яг гардаж тооцоо юмнуудыг хийж байсан хүний хувьд энэ үр дүн үүсгэж байна. Нэгдүгээрт *** хоёр удаа техникийн нөхцөл авсан байдаг юм. Яг өөр лүүгээ татаж байгаа шугамуудаа тусдаа шугам татаад тоног төхөөрөмждөө тавиад ав гэдэг байдлаар, магадгүй яг тэр шугам татаж хийж байсан шугамаа төслийн шугамтай андуураад байж магадгүй байх. Дулааны үр ашгийн төслөөр юм хийхэд хэрэглэгчээр нь мөнгийг нь гаргуулаад дараа нь мөнгийг нь өгнө гэсэн огт тийм юм байгаагүй. Ямар асуудлууд гарч байсан гэхээр шинэ тоног төхөөрөмж тавилаа, ард нь холбогдсон барилга байшингууд бол өөр өөрсдийнхөө хөрөнгөөр шугамаа бүдүүсгэх арга хэмжээнүүдийг ав гэдэг байдлаар нь албан бичгүүдийг тухайн үед нь өгч байсан. ***-ийн нэр дээр ийм бичиг байхгүй байгаад байгаа. Шугам бүдүүсгэх гэдэг дээр би тухайн үед нь бас ажиллаж байсан юм. Тэгэхэд огноогүй *** гэж гарын үсэгтэй юм байгаад байна. Энэ ямар хүний гарын үсэг юм, тухайн үед нь яг шугам сүлжээ төсөл дээр дан ганц миний бие өөрөө хариуцаад явж байсан хүн байгаа юм. Тэгэхээр энэ бичгийг гаргаж ирж байсны хувьд огт байхгүй байгаа. Дараагийн асуудал нь төрийн өмчийн хорооны 61-р тогтоол байна. Тухайн хөрөнгө зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шилжүүлэх тухай хууль гэдэг нь 3 хавсралттай. Нийслэлийн өмчит харьяалалтай газруудаа Нийслэлийн өмч рүү нь шилжүүлээд, төрийн өмчит байгууллагуудынх нь төрийн өмчид нь шилжүүлээд, төрийн өмчийн бус хуулийн этгээдүүд дээр нь өөр өөрсөд дээр нь үлдэгдэл өртгийнх нь хамт шилжүүлж өгсөн байдаг юм. Тэгээд өөрөө өөрсдийнхөө 1999 онд авсан техникийн нөхцөлийнхөө дагуу хийсэн шугамаа дараа нь дулааны үр ашгийн төслийн шугам сүлжээ юмнуудтайгаа андуураад байна гэж би ойлгоод байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж байна...гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
зэрэг баримтууд
6. Шүүхээс бүрдүүлсэн
баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч 112 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ ...2002 оны 05 сард, 2005 оны 09 сард 166м 2ф50 шугамыг ф125 болгон өргөсгөх, ДХ-3-аас улсын архивын баруун тал хүртэлх 32 м дулааны шугам сүлжээ, тоноглолыг өөрийн хөрөнгө оруулалтаар шинээр угсарч, хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгч зардал гаргасан ба хариуцагч 112 0 сая төгрөг үнэ бүхий зардал хөрөнгөөр хөрөнгөжсөн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...тухайн ажлыг нэхэмжлэгч талаар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, тухайн хөрөнгө нь манай өмчид бүртгэлгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
3. Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2002-2004 оны хооронд Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын Дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төслийн хүрээнд дулаан хангамжийг сайжруулах, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх зорилгоор халаалтын системд халаалтын цогц төхөөрөмж суурилуулахаар төлөвлөгдсөний дагуу Сүхбаатар дүүрэг 8 хороо, Улсын төв архивын тал хаягт Дулааны 4-А магистралын ТК-415-р цэгээс баруун тийш гарсан салаа шугамын эхний худгаас тусдаа 32м салаа шугам татах /дулааны 4б магистралаас ТК-415 дугаар худгаас баруун тийш гарсан төв салааны 2 дах худгаас Хүмүүнлэгийн их сургуулийн худаг хүртэл 125мм голчтой 69м, 100мм голчтой 85м хос дулаан шугамыг шинээр тавьж суурилуулах/ ажлыг хийж гүйцэтгэх, тухайн ажлын хүрээнд харъяалах хэрэглэгч байгууллагын дулаан түгээх шугам хоолойг хэсэгчлэн бүдүүсгэх зайлшгүй шаардлагатай ажлыг /бүдүүсгэх шугамын цэг эхлэх 386-төгсгөл 385, одоо байгаа диаметр ф125-өргөтгөх диаметр ф150 урт 10м, бүдүүсгэх шугамын цэг эхлэх 385-төгсгөл 394, одоо байгаа диаметр ф80-өргөтгөх диаметр ф100 урт 62м, бүдүүсгэх шугамын цэг эхлэх 394-төгсгөл 393, одоо байгаа диаметр ф50-өргөтгөх диаметр ф70 урт 10м/ гүйцэтгэхээр болжээ.
Энэхүү дулааны шугам хоолой тоноглолыг шинээр суурилуулах ажлыг нэхэмжлэгч *** нь *** ХК-ийн зөвшөөрч баталсан зураг төсөл, төсвийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь *** ХК-ийн баталсан Техникийн нөхцөл №152 тоот баримт, *** ХК-ийн баталсан төсөвт өртөг 15 989 313 төгрөг бүхий ТК415 худгийн баруун салааны дулааны шугам өргөтгөлийн ажлын төсвийн гүйцэтгэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 66, 141-148 дугаар тал/
152 тоот Техникийн нөхцөл бичгийн баримтаар дээрх ажлыг *** гүйцэтгэхээр тохиролцсон ба ***-аас ***ХХК-аар ажлыг гүйцэтгүүлж, *** ХК 2006 оны 11 сарын 25-ны өдөр ажлын гүйцэтгэл үр дүнг ***-аас хүлээн авсан нь ажлыг хүлээлцсэн акт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 149 дүгээр тал/
4. Хариуцагч энэ ажлыг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй хүлээн аваагүй гэж маргаж байгаа боловч хариуцагчийн тайлбар татгалзал дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
5. ТК415 худгийн баруун салааны дулааны шугам суурилуулах өргөтгөлийн ажлын төсвийн гүйцэтгэл баримтаар ажлын төсөвт өртөг 15 989 313 төгрөг байхаар төсөвлөгдсөн, ажил хүлээлцсэн акт баримт 4. ...г. төсвийн гүйцэтгэл баримт бичгийг хавсаргасан гэх боловч “Төсвийн гүйцэтгэл” гэх нэр хаяг бүхий баримт байхгүй “Материал тээврийн зардлын тооцоо” гэх баримт /материал зардал нийт 9 537 190.00төг, тээврийн зардал нийт өртөг 352 895.26 төг/, Цалингийн зардал, механизмын зардлын тооцоо /нийт цалин 952 160.33 төг, нийт механизм 798 357.86 төг/ гэх баримт авагдсан ба дээрх 2 баримтаар нийт 11 640 598.44 төгрөгийн тооцоо баримт байна.
6. Хэргийн 86 дугаар талд авагдсан 2005.06.12-ны өдрийн №13 тоот ***-аас Газрын харилцаа геодези зураг зүйн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд хүрүүлсэн Бүртгүүлэх тухай албан бичиг баримтын ...гэрчилгээ олгож өгнө үү. Гэсэн бичилтийн ард гараар үнэ 54 000 000 төгрөг гэж бичсэн баримт авагдсан байна.
7. Гэрч*** ...шинээр тавьсан шугамын мөнгийг *** ТӨХК гаргасан... гэж мэдүүлжээ. /хэргийн 54 дүгээр тал ар тал/
Харин дээрх төслийн ажлын хүрээнд дулааны шугам хоолойг бүдүүсгэх ажлыг хэрэглэгчид өөрсдөө хийх ёстой, тухайн шугамаар дулаан дамжуулан хэрэглэгч нь *** албан бичиг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 68, 130-131, 133-134, 137 дугаар тал/
8. Дулааны шугам хоолойг бүдүүсгэх ажлыг ***-аас ***-аар гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь 2003 оны 06 сарын 28-ны өдрийн №12 тоот ***-ийн Шугам сольж шинэчлэх тухай албан тоот, 2002.02.08-ны өдрийн №108 ***-аас ***-д хүргүүлсэн дулааны шугамын санхүүжилтын тухай албан тоот бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 136-138 дугаар тал/
9. Дээрх баримтуудаар төслийн ажлын хүрээнд шугам хоолойг бүдүүсгэх ажлын зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй нь нотлогдохгүй байна.
10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 112 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийн үнэлгээчин **гийн гүйцэтгэсэн үнэлгээ баримтыг ирүүлжээ. /хэргийн 61-65 дугаар тал/
11. Үнэлгээчин “Үнэлгээний ажлын зорилго” ыг 2002-2007 онд байгуулсан Дулааны шугам, Цэвэр усны шугамын бодит үнэ цэнийг 2019 оны 02 сарын 19-ны өдрийн байдлаар тодорхойлов. Үнэлэгдэж буй байгууламж нь ***-ийн охин компани болох ***-ийн балансад бүртгэлтэй болно гэжээ.
Мөн “Үнэлгээний ажлын даалгавар, тайланд оруулах онцлох шаардлагууд” ыг 2002 онд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт техник нөхцөлийн дагуу баригдсан дулааны шугам нийт 110м урттай дулааны хос шугам, цэвэр усны шугамын хамт бодит үнэ цэнийг тодорхойлох гэжээ.
12. Дээрхээс үзэхэд тухайн үнэлгээ гүйцэтгэсэн үнэлгээчин 2019 онд үнэлгээ хийх эрхтэй байсан эсэх, ямар баримтад үндэслэж, ашиглаж үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй, “тус байгууллагын бохирын шугам нь харъяалах байгууллагуудаас авсан зааг эзэмшлийн зургаар баталгаажуулж үнэлгээг гаргалаа. Зааг эзэмшлийн зураглалыг хавсаргав” гэсэн боловч үнэлгээний баримтад ямар нэг зураг баримт хавсаргагдаагүй байна.
13. Иймд тухайн үнэлгээ баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл дээрх үнэлгээний баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж үзнэ.
14. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч 2 ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба төслийн хүрээнд хийгдсэн халаалтын цогц төхөөрөмж суурилуулах татах ажлыг хийж гүйцэтгэхэд хичнээн төгрөгийн хөрөнгө зардал гарсан, төслийн ажлын хүрээнд шугам хоолойг бүдүүсгэх ажлыг хийж гүйцэтгэхэд хичнээн төгрөгийн хөрөнгө зардал гарсныг зааглаж тусдаа гаргаагүй, ган хоолой ф57 99 376 200 төгрөг, ган шулуун оёдолтой ф80 12 707 200 төгрөг нийт 2 төрлийн хоолой хөрөнгийн бодит үнэ үнэлгээ 112 083 400 төгрөгөөр ажлын зардлыг тодорхойлсон нь ойлгомжгүй байна.
15. Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр дулааны шугам хоолой тоноглолыг шинээр суурилуулах өргөсгөх ажлыг Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын Дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төслийн хүрээнд дулаан хангамжийг сайжруулах, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх зорилгоор халаалтын системд халаалтын цогц төхөөрөмж суурилуулах төслийн хүрээнд гүйцэтгэхээр, 2004.06.15-ны өдрийн №7/396 тоот *** ХК-ийн “Шугам өргөтгөх тухай” албан бичиг, түүний хавсралт баримтаар халаалтын цогц төхөөрөмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхэд тухайн дулааны шугам хоолойг бүдүүсгэх зайлшгүй шаардлагатай ажлыг тухайн шугамаас дулаан хангамж авч буй хэрэглэгчид өөрсдөө хийж гүйцэтгэхээр байх ба нэхэмжлэгч энэхүү хоёр ажлыг өөрийн санхүү хөрөнгө зардлаар хийж гүйцэтгэсэн талаарх санхүүгийн тайлан баримт хэрэгт ирүүлээгүй.
16. 2002 оны 09 сарын 22-ны өдрийн Төсвийн дугаар 006/2002 у204 Ус сувгийн ангиас гарсан дулааны шугамын өөрчлөлтийн ажлын төсөв баримтаар нийт төсөвт өртөг 22 074 019 төгрөг, 2004 оны 11 сарын 07-ны өдрийн Төсвийн дугаар Код:d6 b Тунгалаг Эрдэнэ компани, ХИ Сургууль, Пума Империал зочид буудал, Кредит банк, Банк Санхүүгийн дээд сургуулийн барилгуудын дундын дулааны шугамын ажлын төсөв баримтаар нийт төсөвт өртөг 4 241 158 төгрөг гэх баримтууд авагдсан хэдий ч тухайн төсвийн дагуу хичнээн төгрөг хөрөнгө санхүүгийн зардал гарсан, зарцуулагдсан нь баримтаар нотлогдохгүй энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. /хэргийн 79, 84 дугаар хуудас ар тал/
17. 2018 оны 03 сарын 28-ны өдрийн №01 тоот Инженерийн байгууламж, эд хөрөнгө шилжүүлэх гэрээ, 2018 оны 04 сарын 03-ны өдрийн №50/18 тоот ***-ийн *** ТӨХК-д гаргасан хүсэлт, 2018 оны 04 сарын 03-ны өдрийн №153/2018 тоот ***-ийн *** ТӨХК-д гаргасан хүсэлт зэрэг баримтаар ус дулааны ТК415 шугам, дулаан дамжуулах халаалтын цогц төхөөрөмж хөрөнгүүд *** ХХК-аас ***-ийн эзэмшил ашиглалтад шилжсэн болох нь тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч хариуцагчаар *** ТӨХК-ийг тодорхойлсон нь ойлгомжгүй байна.
18. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасан хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
19. Дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төслийн хүрээнд дулаан хангамжийг сайжруулах, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх зорилгоор халаалтын системд халаалтын цогц төхөөрөмж суурилуулахаар төлөвлөгдсөний дагуу Сүхбаатар дүүрэг 8 хороо, Улсын төв архивын тал хаягт Дулааны 4-А магистралын ТК-415-р цэгээс баруун тийш гарсан салаа шугамын эхний худгаас тусдаа 32м салаа шугам татах /дулааны 4б магистралаас ТК-415 дугаар худгаас баруун тийш гарсан төв салааны 2 дах худгаас Хүмүүнлэгийн их сургуулийн худаг хүртэл 125мм голчтой 69м, 100мм голчтой 85м хос дулаан шугамыг шинээр тавьж суурилуулах/ ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн байх хэдий ч тухайн тоног төхөөрөмж хариуцагчийн өмчлөл, эзэмшил ашиглалтад байсан эсэх, өмчийн эзэн хэн болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч хариуцагч талтай амаар тохиролцсны үндсэн дээр техникийн нөхцөл авч хийж гүйцэтгэсэн атал өөрөө сайн дураар мэдэж буюу андуурч зардал гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
20. Эдгээрээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 469 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хэн нэхэмжлэгч хариуцагчийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан, хариуцагч үүний улмаас нэхэмжлэгчийн зардлаар, өөрийн хөрөнгийг хэмнэх байдлаар 112 000 000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэх үйл баримт хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан бэхжүүлсэн эргэлзээгүй үнэн зөв хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн шаардах эрх, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
21. 2005 оны 06 сарын 12-ны өдрийн 13 тоот Эд хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт баримт, 2006 оны 11 сарын 25-ны өдрийн ***-ийн багц 2-ын хүрээнд тк415-ын баруун салааны ялтсан бойлерын 2-р хэлхээний гадна дулааны шугам тавьсан ажлыг хүлээлцсэн акт баримтаар нэхэмжлэгчийн ажлын зардал мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
23. 2024.02.19-ний өдрийн дугаар 7/22 тоот нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэлээр, 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хариуцагчаас ***, .*** нарт тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3, 212 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч *** ТӨХК-д холбогдуулан гаргасан 112 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ