| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05953/И |
| Дугаар | 192/ШШ2025/00651 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00651
2025 01 27 192/ШШ2025/00651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ***нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***д холбогдох,
4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хариуцагч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ***тэй түц худалдах, худалдан авах гэрээ 2023 оны 3 сард байгуулан 35 сая төгрөг шилжүүлсэн боловч түц нь миний нэр дээр шилжиж ирээгүй. БЗД цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж хариуцагч нь хэрэг шалгагдаж байх хугацаанд 31 000 000 төгрөгийг буцаан өгсөн. БЗД прокурорын газраас хэрэг хаах тогтоол гаргасан. 4 сая төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байх тул ***эс гаргуулж өгнө үү... гэжээ.
3.Хариуцагч хариу тайлбартаа: ... 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн Алтанхуяг гэж хүн над руу холбогдоод ТҮЦ-ээ зарах сонирхол байгаа юу гэсэн. ***д байгаа ТҮЦ нь миний өөрийн эзэмшил, газар нь түрээсийн гэрээгээр түрээсэлдэг. Би ТҮЦ-ээ борлуулах сонирхолтой байгаагаа хэлсэн. 2023 оны 03 дугаар сард Алтанхуяг дахин над руу яриад “ямар үнээр худалдан борлуулах вэ” гэхэд нь би “25,000,000 төгрөгөөр худалдан борлуулна” гэж хэлсэн. Үүнээс 4, 5 хоногийн дараа “*** гэдэг хүн ***д өөрийнх нь хамаатан инженер хийдэг, тэр хүнээр дамжуулаад надтай холбогдсон, манай дээр худалдан борлуулах боломжтой 5 ТҮЦ-ийг үзэж байгаад танай ТҮЦ-ийг авъя гэж байна” гээд над руу ярьсан. Нотариат дээр гэрээ байгуулах үед *** болон түүний ээжтэй 1 удаа л уулзсан. Өмнө нэг ч удаа ***тай утсаар ярьж, уулзаж байгаагүй. Та “ТҮЦ-ийн талаар мэдээллүүдээ бүгдийг нь авсан уу, 12 дугаар сард шинэчлэгдсэн гэрээ хийгдэж, таны нэр дээр шилжиж очно, тэр болтол миний нэр дээр байгаа ТҮЦ дээр үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна шүү” гэж би ***д ойлгуулж хэлсэн. Нотариатч ч гэсэн хэлсэн “энэ нь зөвхөн ТҮЦ худалдах худалдан авах гэрээг зохицуулж байгаа, үл хөдлөхийн гэрчилгээгүй, газартай холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй шүү” гэж тайлбарласан. *** болон түүний ээж бид гурав хамт зогсож байгаад хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан. 07 дугаар сарын 26-ны өдөр *** над руу холбогдоод “ТҮЦ миний бодсон шиг ашиг орлоготой биш байна, тэгэхээр ТҮЦ-ийг буцаана” гэсэн. 2023 онд бороо ихтэй, гадаа үйл ажиллагаа явуулдаг учраас орлого муу байхыг үгүйсгэхгүй. Би “ТҮЦ-ийг буцаах боломжгүй, та надтай холбогдоогүй *** гэдэг хүмүүсээр дамжуулан холбогдож худалдан авсан учраас энэ асуудлаа тэр хүмүүстэйгээ холбогдож шийдвэрлүүлээрэй” гэж хэлсэн. 11 дүгээр сард намайг залилан мэхэлсэн хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт өгсөн байсан. 2024 оны 01 дүгээр сард би цагдаад очиж мэдүүлэг өгсөн. Шалгагдаж байх явцад би ***тай удаа дараа уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн. Түрээсийн төлбөр, ашиглалтын зардлуудыг бүгдийг нь би өөрөө төлөөд тойрох хуудсаа бичүүлж авсан. Цагдаагийн байгууллагаас ***гийн хуулийн хэлтэст нь мэдэгдэж, ***д 4-р сард очиход хэрэг чинь шийдэгдтэл үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг суутгаж авахаар тохиролцоод, үлдэгдэл 31,000,000 төгрөгийг нь шилжүүлээд гомдол санал гаргахгүй гэж *** бичиж өгөөд дууссан. ***гийн ТҮЦ ажиллуулж байх хугацааны түрээс болон ашиглалтын зардлуудыг би өөрөөсөө төлсөн, 2024 онд огт ажиллуулж чадаагүй ч түрээсийн төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ...гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар тал/
2024.08.29-ний өдрийн дугаар *** тоот Баянзүрх дүүргийн Прокрорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол /хэргийн 4-6 дугаар тал/
Хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 7 дугаар тал/
2024.08.13-ны өдрийн ***гийн БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 8 дугаар тал/
*** Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /9 дүгээр тал/
***гийн эзэмшлийн Дансны хуулга /хэргийн 10-13 дугаар тал/
2023.03.13, бд0209, Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 14-19 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлаа /хэргийн 33 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг баримтууд
6. Шүүхээс бүрдүүлсэн
2025.01.21-ний өдрийн гэрч ***ийн мэдүүлэг /хэргийн 65-69 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч ...4 000 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний үүргээс татгалзсан, гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийн үлдэгдэл 4000 000 төгрөг төлөөгүй үлдсэнийг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...худалдан авсан ТҮЦ ээ ажиллуулж байх хугацааны газрын түрээс тог цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан учир тэр тооцоонд оруулан харилцан тооцож 4000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 03 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчаас Баянзүрх дүүрэг, 26 хорооны нутаг дэвсгэр ***д үйл ажиллагаа явуулдаг 17 дугаартай Түргэн үйлчилгээний цэг /цаашид түц гэх/ хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь 2023.03.13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2024.08.29-ны өдрийн дугаар 1488 тоот Баянзүрх дүүргийн прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, талуудын тайлбар, баримтаар тогтоогдож байна.
4. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
6. Гэрээ болон хуулийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид биет байдлын болон эрхийн зөрчилгүй түц хөрөнгийг баримт бичгийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч түц хөрөнгийн үнийг төлж хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
7. Нэхэмжлэгч хариуцагчид 35 000 000 төгрөгийг түүний хаан банкны дансаар шилжүүлснийг хариуцагч хүлээн авч, түц хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.
8. 2024 оны 07 сард Түц хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хөрөнгийн үнэд шилжүүлэн авсан 35 000 000 төгрөгөөс 31 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч түц хөрөнгийг хариуцагчид буцааж хүлээлгэж өгсөн байна.
9. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
10.Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээний дагуу шилжүүлсэн зүйлсээ харилцан буцаах нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасанд нийцнэ.
11.Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой түц хөрөнгийн үнэд шилжүүлсэн 35 000 000 төгрөгөөс үлдэх 4000 000 төгрөгийг нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч түц ажиллуулж байх хугацаандаа төлөх газрын түрээсийн төлбөр, тог цахилгааны зардлыг төлөөгүй байсан учир 4000 000 төгрөгийг үүнд тооцохоор тохиролцсон ... гэж маргаж байна.
12.Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь тухайн түц хөрөнгө нь *** ОНӨТҮГ-ын эзэмшлийн газар үл хөдлөх хөрөнгө дээр байршин үйл ажиллагаа явуулдаг тул ОНӨТҮГ газрын түрээслэг, түц хөрөнгийн эзэмшигч өмчлөгч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтан нарын хооронд гурвалсан гэрээтэй, түц хөрөнгө эзэмшигч өмчлөгч газрын түрээсийн төлбөр, цог цахилгаан зэрэг ашиглалтын зардал төлбөр болох нь 2024.08.29-ны өдрийн дугаар 1488 тоот Баянзүрх дүүргийн прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, гэрч *** мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.
13.Нэхэмжлэгч түц хөрөнгийг 2023 оны 04 сараас 2023 оны 08 сар хугацаанд эзэмшиж ашиглан үйл ажиллагаа явуулсан, 1 сарын түрээсийн төлбөр төлж үлдэх түрээс болон ашиглалтын зардлыг хариуцагч төлсөн нь гэрч *** ...2023 оны 04 сард түц хөрөнгийг *** ажиллуулж байсан, ...1 сар л түрээсийн зардал төлсөн, сүүлд 10 сард тооцоо нийлсэн акт үйлдэхэд төлбөр гарч ирсэн. Тэгээд *** өөрийг нь дуудаж бүх тооцоог төлүүлсэн, ...ашиглалтын зардал бас л үлдэгдэлтэй байж байгаад ***эр өөрөөр нь төлүүлсэн... гэх мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.
14.Гэрчийн мэдүүлэг, прокурорын тогтоол, хариуцагчийн тайлбар баримтаар нэхэмжлэгч түц хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулсан хугацаандаа газрын түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
15.Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцагч ***эс түц хөрөнгийн үнэд буцаан шилжүүлэн авах 35 000 000 төгрөгөөс үлдэх 4000 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх дээрх үүрэгт тооцож дуусгавар болохоор тохиролцсон нь 2024.08.13-ны өдөр ***гийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан ...*** миний бие ***д гомдол гаргасан, одоо гомдол санал байхгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх өргөдөл, *** Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан ....35 000 000 төгрөг шилжүүлэн үлдсэн 4000 000 төгрөгийг 5 сар ажиллуулсан түрээсийн төлбөр суутган авч ямар нэг гомдол саналгүй болгосон тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлт, хариуцагчийн шүүхэд гаргасан ...*** нь түц ажиллуулж байх хугацаандаа газрын түрээс болон тог цахилгааны төлбөрөө огт төлөөгүй, цахилгааны утасны чанар муудан гал гарах аюултай нөхцөл байдал үүссэн байхад засаж сайжруулахгүйгээр үйл ажиллагаа эрхлэн орлого олсон мөртлөө хаяад явсан байсныг би өөрийн мөнгөөр төлж барагдуулан засаж сайжруулсан. Үүнийг цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу шалгагдаж байх хугацаанд өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байдаг... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна.
16.Иймд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгосон нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас 4000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
17. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхийг хангаж шийдвэрлэсэн тул дахин энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч ***д холбогдуулан гаргасан 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ