Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

С.Долгорт холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

          Прокурор                                                                                             Б.Төрболд

          Яллагдагч                                                                                           С.Долгор

          Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч                                          З.Мөнх-Эрдэнэ

          Яллагдагчийн өмгөөлөгч                                                                Б.Алтангэрэл

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                             А.Ванганжил

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч                  В.Содномцэрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/110 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч С.Долгор, яллагдагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлоор С.Долгорт холбогдох 22230010900059 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг, Нарлаг энгэр 103 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй,  Хув цагаан овогт Санжсүрэнгийн Долгор /регистрийн дугаар ИХ:95081608/

Яллагдагч нь С.Долгор  нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг 3 дугаар цэцэрлэгийн урд замд 52-77 ЗАВ улсын дугаартай “Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замаас гарч замын хажуугаар явж байсан явган зорчигч Б.Сайнбаярыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хув цагаан  овогт Санжсүрэнгийн Долгорт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Долгорт  авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын хуулийн тасагт 2 /хоёр/ жилийн хугацаагаар эмчлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Долгорт авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Долгорыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын хуулийн тасагт хүргэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Яллагдагч С.Долгор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Долгор Би 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Би 3 ах 1 эгчтэй айлын бага хүүхэд. Бид эхээс тавуулаа. Би 2003 онд Завхан аймгийн Улиастай сумын  2 дугаар 10 жилийн сургуульд элсэн орж 2013 онд 11 дүгээр анги төгссөн. МУИС-д банкны эдийн засагч нягтлан бодогч мэргэжлээр суралцаж 2017 онд бакалаврын дипломтой төгссөн дээд боловсролтой. Би Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг, Нарлаг энгэр, 103 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би нөхөр З.Мөнх-Эрдэнэтэй 2014 онд танилцаж 2015 оны 8 дугаар сарын 21-нд том хүү Хүрэл-Очир. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Бүрэнтөгс нарыг түрүүлсэн. Том хүү Хүрэл-Очир маань одоо Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар 10 жилийн сургуульд 2 дугаар анги төгссөн. Манай нөхөр З.Мөнх-Эрдэнэ эрхэлсэн ажилгүй. Гэртээ хүүхдүүдээ болон намайг асран хамгаалж, хувцас хунараа угаах, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх гээд гэрийн эзэгтэйн бүх ажлыг хийдэг. Намайг унах тохиолдолд анхан шатны тусламж үзүүлдэг. Нөхөр маань сайн асарч хамгаалдаг. Би 2019 оноос хойш олдвор уналт таталтын өвчтэй болж эмчийг хяналтат байдаг.2019 оноос хойш энэ өвчнийг эдгээх унаж татахаа зогсоох бүхий л эмчилгээг хийж ирсэн.Эмчлүүлээд эдгээж чадахгүй. Зөвхөн уналтын тоог багасгах унахаас өмнө цагийн горимоор уналтын эсрэг эм тогтмол ууж байна. Сэтгэцийн ЭМТ-ийн шүүгч  сэтгэц эмгэг судлалын хуулийн тасагт эмчлүүлэхэд ямар эмчилгээг хийлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дэглэм нь тодорхой биш байна. Би сэтгэцийн өвчтэй биш харин мэдрэлийн гарлын өвчинтэй. Уналт таталт өгдөг. Мэдрэлийн эмчийн хяналтад байнга байдаг. Мэдрэлийн эмчилгээг байнга хийлгэдэг. Би хэрэг гарснаас хойш ямар ч асуудал гаргаагүй. Бусдад аюул учруулахуйц үйлдэл гаргаж Байгаагүй тухай холбогдсон үед хэрэгт ч үйлдэл  үзүүлээгүй. Би альфа долгион эмнэлгийн мэдрэлийн эмч Баярмаа эмчийн хяналтад байдаг. Нөхөр маань намайг унах үед анхан шатны тусламж үзүүлдэг сайн асарч хамгаалдаг мөн  би бага насны 2 хүүхэдтэй Тул гэр орноосоо холдмооргүй байна. Иймээс Завхан аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/110 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, миний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр асран хамгаалагчид халамжлуулахаар  шилжүүлж өгнө үү. Би мэдрэлийн буюу уналт таталтын өвчтэй намайг сэтгэцийн өвчтэй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Долгорт холбогдох 22230010900059 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 2023/Ш3/110 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч С. Долгорын өмгөөлөгч Б.Алтангэрэл миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна С.Долгор нь Монгол Улсын Их Сургуулийг төгссөн, дээд боловсролтой, бага насны 2 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. 2019 оны олдвор уналт таталтын өвчинтэй болж мэдрэлийн эмчийн хяналтад очоод байдаг. Анх удаагаа хор уршигт болгоомжгүй хэлбэрээр ханддаг замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэгт холбогдох үедээ уналт таталтын эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй, гадаад орчинтой харьцаагүй (хагас үхлийн) байсан. Хэргийн байдал, гэм буруу маргахгүй, хэрэгт хариуцах чадваргүй гэх нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон боловч Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 2023/Ш3/110 дугаартай шүүгчийн захирамжаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын хуулийн тасагт 2 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Шүүх дараах 3 тохиолдол хангагдсан тохиолдолд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авна. Үүнд:

 1. Хэрэгт холбогдогч нь өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй буюу ял эдлүүлэх боломжгүй нөхцөлтэй

2. Нийгэмд буюу энгийн амьдралд байлгах нь бусдад аюултай (бусдыг үйлдлээрээ зодох цохих, алах, айлгах, сүрдүүлэх гээд идэвхтэй үйлдэл хийдэг) мөн өөртөө үйлдлээрээ аюул учруулдаг (өөрийнхөө эд эрхтэнг үйлдлээрээ гэмтээдэг)

3. Өвчний улмаас өөрийн идэвхтэй удирдан жолоодох чадваргүй үйлдлийг хийсэн байж буюу дээрх 3 нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хэрэглэнэ.

Гэтэл С.Долгор нь уналт таталтын эмгэг өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй боловч дээрх 2 шаардлагыг хангаагүй байна. С. Долгор нь нийгэмд аюултай өөрийн биеэр, өөрийн үйлдлээрээ хүн зодох, айлгах нь бүү хэл алгадаж ч үзээгүй эх хүн юм. Мөн бусдад аюул учруулахуйц үйлдэл гаргаж байгаагүй, тухайн холбогдсон хэрэг ч гэсэн үйлдэл үзүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл С. Долгор нь 2019 оноос хойш уналт таталтын өвчтэй болж голцуу шөнө, орой үдшийн цагаар уналт нь явагддаг байсан ба хэрэг болох өдөр нь өдрийн цагаар унасан байдаг. Хамгийн гол нь С Долгор нь ямар ч үйлдэл хийгээгүй байдаг. Машин бариад явж байсан нэг сэрсэн хүүхэд машины урд талын шалан дээр, нэг машин мөргөсөн байсан гэх мэт өөрийн үйлдэл байхгүй юм. Хагас үхлийн байдалтай байж байгаад буцаад сэргэсэн. Өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүйгээс гадна өөрийн биеэ удирдах, өөрийн ухаан санаагаа удирдах ямар ч боломжгүй ухаан алдаж унадаг өвчтэй хүн юм. Шүүхээс албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

С.Долгор нь 2019 оноос хойш өөрийн энэ өвчнийг эдгээх унаж татахаа зогсоолгох бүхий л эмчилгээг хийж ирсэн. Одоо ч хийлгэж байна. Энэ өвчин нь эдгэршгүй өвчиндөө ордог өвчин ба 2019 оноос хойш эмчилгүүлээд эдгээж чадахгүй зөвхөн уналтын тоог багасгах, унахаас нь өмнө цагийн горимоор уналтын эсрэг эм тогтмол ууж явж байна. Ийм өвчинтэйгөө тэнцэж байгаа эмчлүүлж байгаа хүний эмчилгээ хийлгэхээс татгалзсан мэтээр албадан буюу хүчээр эмчилнэ гэж шийдвэрлэсний хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм хүнийг идэвхтэй үйлдлээрээ хүнийг зодож гэмтэл учруулсан, хүний эд хөрөнгийг устгасан, дээрэмдсэн, залилсан хууль бус үйлдэл хийсэн сэтгэцийн өвчтэй, нийгэмд аюултай заавал бусдаас тусгаарлах шаардлагатай хүмүүстэй хамт байлгана гэдэг нь өөрөө бид бүхэнтэй адилхан ухаан санаа эрүүл хүнийг хэзээ ч засаршгүй сэтгэцийн өвчинтэй болгох нөхцөл байдал үүсэхээр байна. Үүнийг С. Долгор нь би тийм сэтгэцийн өвчтэй хүмүүстэй баймааргүй байна би айж байна тэгснээс тэр ялыг өгчих боломжтой бол хариуцлагаа хүлээгээд ялаа авмаар байна. Ядаж эрүүл хүмүүстэй цуг хоригдъё гэсэн саналыг тавьж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй гэж заасан ба С Долгор нь мэдрэлийн талын өвчтэй хүн. Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно" гэж мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө. эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно" гэж тус тус заасныг болон яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр, асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлж өгөх боломжтой.

Шүүхэд хэрэг ирсэн талаар миний бие мэдээгүй байхад шууд шүүх хуралдаан зарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Миний бие шүүхэд 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нараас албадан эмчилгээ гэж юу болох. С. Долгор нь албадан эмчилгээгээр уналт н эмчлэгдэх эсэх гэх мэт шинжээчийн дүгнэлтэд тодорхой нөхцөл байдлуудыг тодруулахаар шинжээч нарыг дүгнэлттэй холбогдуулан шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч шүүх ямар нэгэн үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг мөн хүлээн аваагүй гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Хэрэг хариуцах чадваргүй л бол шууд албадан эмчлэх заалттай гэх үндэслэлээр шийдвэрлэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Учир нь хууль тухайн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж, нийгэм аюул учруулахгүй гэж үзвэл эмнэлгийн байгууллагад эмчлүүлэх, ар гэрт нь асран хамгаалуулах зохицуулалт хуульд байгаа болно. Иймээс Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 2023/Ш3/110 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч С. Долгорын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр, ердийн журмаар эмчилгээ хийлгүүлэхийг даалгаж, асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ванганжил, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Долгор нь тухайн үед уналт таталтын улмаас өөрийн үйлдлийн шинж чанар аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай ба гадаад орчинтой харилцаатай байсныг тухайн үед камерын бичлэгт бичигдсэн байдаг мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байгаа.Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 22-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар С.Долгорыг СЭМҮТ-ийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасагт 2 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй Учир нь хэрэгт холбогдсон С.Долгор нь уналт таталтын улмаас хэрэг хариуцах чадваргүй буюу ял эдлүүлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүх дээрх буюу Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна гэж үзэн тайлбар гаргаж байна.

С.Долгор нь нийгэмд аюултай. Өөрийн биеэр машин жолоодох, хүний амь насыг хохироосон үйлдэл хийсэн байгаа. Талийгаачийг дайрсан үйлдэл хийсний дараа машинаа зогсоочхоод машинаас бууж машины нөгөө талаар хүүхдээ авсан үйлдэл болсныг нотолж байгаа юм. С.Долгор нь 2019 оноос хойш эмчлүүлсэн гэх боловч унаж татах өвчинд тохирсон эмийг жорын дагуу хэрэглэж байсныг нотлоогүй байна.

С.Долгорыг эмнэлгийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авч байгаа нь өвчнийг нь эдгээх зорилготой болохоос сэтгэцийн өвчтэй болгох зорилго агуулаагүй, хэрвээ С.Долгор нь эмчлүүлэхээс татгалзаж сэтгэцийн өвчтэй хүмүүстэй баймааргүй байна. Би айж байна гэж байгаа нь санаатай гэмт хэрэг үйлдсэн үйл явдлаа бүрэн нууж байгаа гэж ойлгохоор байна.

Өмгөөлөгч Б.Алтангэрэл нь С.Долгорт 2 дахь шинжээчийн дүгнэлт гарсныг танилцуулснаас  хойш гомдол, хүсэлт гаргах хугацаа хангалттай байсан ба шинжээч оролцуулах талаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх санал гаргаагүй. Зөвхөн шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаж байгаа нь хохирогч биднийг хүндэтгээгүй, С.Долгорын албадлагын арга хэмжээг эдлүүлэхийг хойшлуулж, нөхцөл байдлыг мартагдуулах гэсэн санаа гэж үзэж байна. С.Долгорын гаргасан гомдолдоо, ямар эмчилгээ, албадлагын арга хэмжээг хэрэглэх, дэглэм нь тодорхой биш байна. Тухайн СЭМҮТ нь тухайн байгууллагын журмаараа зохицуулагддаг байх учиртай. С.Долгор нь хувийн эмнэлгээр эмчлүүлсэн байгаа боловч Улсын бүртгэлтэй Монгол Улсын өндөр зэрэглэлийн эмнэлгээр тухайн өвчин байгааг тогтоолгоогүй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/110 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би С.Долгорын давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндсэн ял оногдуулах асуудыг өмгөөлөгчөөс гаргаж ирж тавьж байна. Эрхийг нь хасаагүй байна гэж ярьж байна. Энэ чинь ердийн журмаар шийдвэрлэж байгаа зүйл биш. Тусгай журмаар шийдвэрлэгдэж байгаа. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах журам гэж байгаа, энэ чинь тусгай журам. Тусгай журмаар шийдвэрлэж байна. Яагаад нэмэгдэл ялыг өгөөгүй юм бэ шүүх үүнийг захирамжаар шийдэх ёстой гэж ярьж байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюултай чанарыг ойлгох,  удирдан  жолоодох чадваргүй байсан нь 2 шатны дүгнэлтээр тогтоогдсон анхан шатны шүүхийн дүгнэлт гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нараас хоёулаа хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг бүрэн хангасны үүднээс үүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байна гэдэг нөхцөл байдлыг тодорхой тогтоосон. Мөн тусгай журмаар шийдвэрлэгдэж байгаа хэрэгт эрүүгийн хуулийн ердийн журмаар шийдвэрлэгддэг үндсэн ял, нэмэгдэл ялыг энд ярих боломжгүй юм. Хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Шүүхээс энэ хүнийг эмчлэх арга хэмжээ аваад байгаа тусгай журмын зүйл. Энэ хүнд ямар арга хэмжээ гээд албадлагын арга хэмжээ авч байгаа юм. Энэ хүнийг эмчлэх гээд байгаа арга хэрэгсэл. Мөн  эмчлүүлэх боломжтой байна асран хамгаалагчид нь өгье гэж яриад байна. Өмгөөлөгчийн зүгээс тодорхой сайн уншаарай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр тогтсон ойлголтыг бид мушгиж буруу тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлд тодорхой заасан. Тухайн Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэний дараа  Сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй байсан гэдэг зүйл гэж тогтсон ойлголтыг сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх эсвэл асран хамгаалагчид нь өгч болно гээд заагаад өгчихсөн нэг мөр тогтсон ойлголтыг бид буруу мушгиж ойлгож болохгүй. Мөн хүний зодож байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй энэ хүнийг холбож байна гэдэг. Бүхэл бүтэн хүний амь нас хохирсон үйлдлийг нийгэмд аюултай үйлдэл гэж үзэхгүй юм шиг байгаа юм. Гэмт хэрэг гэж юу юм бэ гэхээр нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гээд хуульд заасан байгаа. Энэ бол аюултай эс үйлдэхүй. Хүний амь нас хохирсон байхад үүнийг нийгэмд аюулгүй   гэж байгааг ойлгохгүй байна. 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн  дүгнэлт гаргаад өг гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан байгаа. Ямар эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа юм. Хэргийн материалтай өмгөөлөгч нар танилцсан байгаа. Тэгээд санал, хүсэлт байхгүй байна гээд гарын үсгээ зурсан байгаа. Тухайн үед саналаа гаргах боломжтой байсан. Гэхдээ хүсэлт гаргасан болгоныг санал гаргах гэж ойлгож болохгүй. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан зүйлийг харж үндэслэл байна уу, үгүй юу гэдэг дээрээс дахин шинжээч томилох асуудал яригдана. Шүүхээр нотлогдож батлагдсан зүйл дээр дахин шинжээч томилох боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон, хэрэгтэй холбоотой асуудлуудыг бүрэн дүүрэн тогтоосон. Прокуророос ирсэн саналын хүрээнд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн хүрээнд бодит байдлыг тогтоож, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ яллагдагч, түүний өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед оролцогчийн хуулиар олгосон эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Харин хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Яллагдагч С.Долгор нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг 3 дугаар цэцэрлэгийн урд замд 52-77 ЗАВ улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замаас гарч замын хажуугаар явж байсан явган зорчигч Б.Сайнбаярыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт нь

Гэрч М.Оюунцэцэгийн/хх-ийн 102-103/мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 000000032 дугаартай”...1.Амь хохирогч Ч.Сайнбаярын цогцост гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн цус хуралт, зүүн чамархайн хэсгийн няцрал, суурь ясны шугаман хугарал, зүүн талын 1-4-р хавирганы хугарал, зүүн мөр, зүүн бугалга, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт зулгаралт, зүүн ташаан толгой, зүүн өвдөгний урд хэсэгт зулгаралт гэмтэл байна. 2. Амь хохирогч Ч.Сайнбаярын цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Нас барсны дараа ямар нэгэн гэмтлүүд тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч Ч.Сайнбаярын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Амь хохирогч Ч.Сайнбаярын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Ч.Сайнбаяр нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж насбарсан байна...” гэсэн дүгнэлт,  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.” гэж, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр, энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Долгор нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй буюу өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан, Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эмгэгтэй байсан болох нь:

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаартай... С.Долгор нь сэтгэцийн хувьд F07.08 тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Дээрх эмгэгт өвчний, олон улсын 10-р ангилалд заалтаар үе шат, зэрэглэл байдаггүй болно. С.Долгор нь сэтгэцийн хувьд F07.08 тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант, бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна.

С.Долгор нь хэрэг үйлдэгдэх үед F07.08 Тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний, зан төрхийн бусад органик эмгэг, уналт таталтын хам шинжтэй байсны улмаас, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан байх боломжтой байна.

С.Долгор нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй,

С.Долгор нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй,

С.Долгор нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна.

С.Долгорт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаатайгаар авах шаардлагатай байна гэсэн дүгнэлт,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1146 дугаартай “...С.Долгор нь тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Зан төрхийн өөрчлөлт. Уналт таталт сэтгэцийн эмгэг нь удамшлын болон олдмол эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...С.Долгор нь хэрэг хариуцах чадваргүй байна, С.Долгорын сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй ...гэсэн дүгнэлтүүдийг дүгнээд, анхан шатны шүүхээс С.Долгорт  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэрэг хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, үнэлэхэд эргэлзээгүй байна.

Нэгэнт гэмт хэрэг үйлдэх үедээ С.Долгор нь хэрэг хариуцах чадваргүй байсан нь тогтоогдсон тохиолдолд  Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцохгүй, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх бөгөөд энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан тусгай журмыг хэрэглэх юм.

Ийм учраас анхан шатны шүүх С.Долгорт ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг  шүүгчийн захирамжаар авсан бөгөөд яллагдагч, түүний өмгөөлөгчийн “шүүх С.Долгорыг гэм буруутайд тооцож, эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх ёстой байсан, шийтгэх тогтоол гаргах ёстой байсан гэсэн агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн  эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын хуулийн тасагт 2 жилийн хугацаагаар авсан нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/110 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч С.Долгор, яллагдагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн sшийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Б.АРИУНБАЯР