Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/934

 

  2023             9             14                                         2023/ДШМ/934

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00038 0426 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Ч-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..................  төрсөн, ..настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “Н з б”-д ресейпшин ажилтай, ам бүл .., ....... нарын хамт ......................тоотод оршин суух хаягтай,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн, /РД: ................../;  

Шүүгдэгч Ч.Б нь  2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн 6 давхарт 602 тоот дэлгүүрээс иргэн Б.С-н эзэмшлийн нэхий энгэртэй, булган захтай хүрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 528.000 төгрөгийн,

2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “К” төвийн 20-00 дугаарын лангуун дээрээс хохирогч Д.Г-н эзэмшлийн шүрэн толгойтой, зааны ясан халбагатай, хажтай алтан нуухтай гартаам хөөргийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол,

2023 оны 2 дугаар сарын 11-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И м п” төвийн 3 дугаар давхарт байрлах WM хувцасны дэлгүүрээс 600 ам.доллар, чихэвч, картын гэр зэрэг эд зүйл бүхий цүнх хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Э.М-д 1.212.418 төгрөгийн хохирол,

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн 4 дүгээр давхрын 431 дүгээр павилионд байсан хохирогч Э.Э-н хүрэмний халааснаас биет 400.000 төгрөг, БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох 30.000 вон, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүүрсний карт бүхий хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 4.343.418 төгрөг, БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох 30.000 воны хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Ч.Б-г 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч, Ч.Б-н биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ........... нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, дахин гэмт хэрэгт холбогдохгүйн тулд хичээх болно. Би өрх толгойлсон эмэгтэй үр хүүхдүүдээ хоолонд хүргэхийн тулд Солонгосын виз найдвартай гаргаж өгнө гэсэн байгууллагад хандан өөрийн байрны ордероо банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 30 сая төгрөг авч Баярмаа гэх эмэгтэйд өгч залилуулж, би их хэмжээний өрөнд орсон. Банк бусын зээл өдөр тутам нэмэгдэж авсан цалин бүгд өрөнд явдаг болсон. Өөрийн болчимгүй зангаас болж ийм муухай хэрэг хийгээд байна. Тухайн хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулсан. Өмнөх тэнсэн харгалзах ялыг нэмж 1 жил 9 сар хорих ялаар шийтгэсэн нь маш харамсалтай байна. Энэ хугацаанд хүүхдүүд орон байргүй болж, хүүгийн минь амьдрал үнэ цэнэгүй болж, охины ирээдүй эрсдэлтэй нөхцөл байдалд орж, олон хүнд нөхцөлүүд үүсэх аюул учраад байгаа тул надад оноосон хорих ялыг өөр төрлийн ялаар сольж надад эцсийн удаа итгэл үзүүлж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Цаашид хуулийг дээдлэн шударга бус мөнгөний харилцаа үүсгэхгүй, үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөх болно. Өрх толгойлон амьдрах гэж зүтгэж, үр хүүхдийнхээ амьдралыг чиглүүлж яваа надад оногдуулсан ялыг өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ч.Б-д анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан тул ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Ч.Б нь 4 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь хорих ялын хамгийн бага хэмжээ нь 6 сар байгаа. Тэрээр өмнө гэмт хэрэгт холбогдож тэнссэн хугацаандаа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон өмнө тогтоолоор оногдуулсан ялыг хүчингүй болгож ял оногдуулан, уг ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сарын хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь  2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төв, “Корал” төв, “Их Монгол плаза” төвүүдэд иргэн Б.С, Д.Г, Э.М, Э.Э нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 4.343.418 төгрөг, БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох 30.000 воны хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.С-н “... Худалдагч Энхтуул бид хоёрыг шинээр ирсэн бараануудаа цэгцлээд завгүй байхад нэгэн үл таних эмэгтэй үүдний хэсэгт доголтой ханын ард өлгөөтэй байсан булган захтай, нэхий хүрэмийг хулгайлаад цүнхэндээ хийгээд гарч байгаа нь бичигдсэн байсан. ...” /1 хх 22/,

хохирогч Э.Э-н “... Би өөрийн өмсөж явсан гадуур хувцасныхаа дотор энгэрийн халааснаас түрийвчээ авах гэсэн боловч алга болсон байсан. ...” /1 хх 63/,

хохирогч Д.Г-н “... Би лангуун дээрээ ажлаа хийгээд байж байтал 40-45 орчим настай, богино цагаан шуба, годон гутал өмссөн үл таних эмэгтэй хүн орж ирээд бараа үзэж сонирхож байгаад манай лангуун дотор байсан шүрэн толгойтой, зааны ясан халбагатай, хажтай алтан нуухтай гартаам хөөргийг хулгайлаад гараад явсныг маргааш нь мэдсэн. ...” /1 хх 189/,

хохирогч Э.М-н “... Би хувцас үзэж байхдаа гадуур хувцас болон цүнхээ сандал дээр тавьсан. Хувцасаа үзэж дуусаад цүнхээ авах гэтэл байгаагүй. ...” /2 хх 2-3/, 

гэрч Б.Х-н “... Манай нөхөр Э.Эрдэнэбаатар нь ажил дээр ирээд миний ажилд тусалж байхад хулгайч орж ирээд шар өнгийн түрийвч авчихлаа гэсэн. Хяналтын камер шүүж үзтэл хар өнгийн куртик болон годон гуталтай, ноолууран малгайтай эмэгтэй хүн авсан байсан. ...” /1 хх 66/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 9-12, 81-82 182-183/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 13-15, 86-89/ дээрх ажиллагаануудыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 167, 201-202/,

“Дамно” ХХК-ийн хохирогчийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан  /1 хх 31-32, 197-198, 2 хх 10-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-г бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Ч.Б-г 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Б-н “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн давтамж болон түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс хорих ялын төрлийг сонгож хэрэглэн, уг хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэл  тогтоогдсонгүй.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР