Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0809/З |
Дугаар | 139 |
Огноо | 2019-05-06 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 139
“Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын
“Цэцэрлэгийн барилга, 200 ор, Сүхбаатар, Эрдэнэцагаан сум, ТӨБЗГ-2018/XIII.1.1.222” тоот
тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0113 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, Э.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.М,
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0113 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 56 дугаар зүйлийн 56.1-т” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Н.Т нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-т холбогдох, тус газрын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018\ХIII.1.1.222 тоот Тендерийн Үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 128\ШШ2018\0826 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0113 дугаар магадлалаараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 56 дугаар зүйлийн 56.1-т” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
6. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үнэлгээний хорооноос 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тендер шалгаруулалтад оролцсон 2 компанийн тендерийн баримт бичгийг үнэлж, “Х т” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзаж, “Х” ХХК-ийг шалгаруулан, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Уг үнэлгээний хорооны дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт” юм.
7. Нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн зүгээс үнэлгээний хорооны дүгнэлтэд холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д тус тус заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага буюу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан.
8. Сангийн яам гомдлыг хянан үзээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/5776 дугаартай “Гомдол хянан үзсэн тухай” шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан бөгөөд хувийг манай компанид хүргүүлсэн болно. Өөрөөр хэлбэл дээрх Сангийн яамны шийдвэр нь үнэлгээний хорооны шийдвэр гаргасан гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хариу юм.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг дурдаад ... “Х т” ХХК-иас гомдол гаргах боломжтой боловч хуульд тусгайлан заасан энэхүү зохицуулалтын дагуу Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яамнаас тендерийг хянан үзсэн шийдвэр хучин төгөлдөр болжээ. Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/ХIII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Сангийн яамыг хариуцагчаар татаагүй учир уг үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад тус урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж, үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Сангийн яам эрх хэмжээний хүрээнд хянаад эцэслэн шийдсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.” гэсэн дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хянах болохоос урьдчилан шийдвэрлэх ажиллагааны улмаас хянасан дээд шатны байгууллагын шийдвэрт дүгнэлт өгөхгүй, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
13. Харин Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас тендерийг хянан үзсэн Сангийн Яамны 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
14. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гарсан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад”... тендерийн үнэлгээний дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэж маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хянах болохоос урьдчилан шийдвэрлэх ажиллагааны улмаас хянасан дээд шатны байгууллагын шийдвэрт дүгнэлт өгөхгүй, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учраас давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв” гэсэн мөртлөө маргааны үйл баримт болох үнэлгээний хорооны дүгнэлтэд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр дутуу, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
16. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хавтаст хэрэгт, Үнэлгээний хорооны дүгнэлт, 2 удаагийн хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос баталсан тендерийн баримт бичиг (ТШӨХ, ТОӨЗ, Тендерийн маягт), нэхэмжлэгч “Х т” ХХК болон гуравдагч этгээд “Х” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтууд. Татварын ерөнхий газраас “Х” ХХК-ийн санхүүгийн чадавхийн талаарх баримт зэрэг бүхий хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан шүүх хуралдааны үеэр нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн, үндэслэлгүй болох нь тогтоогдсон юм.
17. Түүнчлэн “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн гэх “Х” ХХК нь маргаан бүхий тендерийн ТШӨХ, ТОӨЗ-д заасан нийт 47 (дөчин долоо) шаардлагаас 24 (хорин дөрөв) шаардлагыг огт хангаагүй болох нь тодорхой харагдаж байна. Тухайлбал:
17.1. Тендерт ирүүлсэн үнийн санал нь батлагдсан төсөвт нийцээгүй их хэмжээний зөрүүтэй тооцооллын илтэд алдаатай,
17.2. Төсөв нь маргаан бүхий тендер болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баригдах 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсвөөр бус хариуцагчаас сонгон шалгаруулалт явагдаж дууссан Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд баригдах 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын төсвийг ирүүлсэн.
17.3. Тендерийн баримт бичиг болон ТБОНӨХБАҮХАтХ-ын 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй. 2017 онд ашиггүй ажилласан.
17.4. Тусгай зөвшөөрлийн 4 заалт шаардсанаас 2 заалт байхгүй. 1 заалтанд туслан гүйцэтгэгчтэй гэх боловч гэрээний үнэ, хугацаа нь уг барилгатай таарахгүй.
17.5. Машин механизмууд нь бүгд 2018 оны техникийн үзлэгт ороогүй, татвараа төлсөн эсэх болон ажиллахад бэлэн эсэх нь тодорхойгүй.
17.6. ИТА-ууд ТШМ 2-9 маягтууд байхгүй. Гүйцэтгэх үүрэг, ажлын туршлага тодорхой бус. Материалууд нь дутуу. Холбооны инженер А.М, барилгын инженер П.П-ийн материал ор байхгүй. Нийгмийн даатгалын тайлангаас харахад үндсэн ажилчид байхгүй.
17.7. Гүйцэтгэсэн ижил төстэй 2 ажил бичсэнээс 1 нь л үнийн дүн хангах боловч, гэрээний үүргээ 1 жил шахам хугацаа хожигдуулсан.
17.8. Нийслэлийн ХААГ-аас 2018-06-19 өдөр 48-р сургуулийн спорт заалны барилгын ажилд шалгарсныгаа мэдүүлээгүй нуусан. Энэ ажилд ямар ИТА, ямар машин механизм давхардуулалгүйгээр ажиллуулж байгаа нь тодорхой бус байна.
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасан байдаг. Гэтэл дээрх зүйлүүдээс харахад “Х” ХХК нь маргаан бүхий тендерийн ТШӨХ, ТОӨЗ-д заасан нийт 47 (дөчин долоо) шаардлагаас 24 (хорин дөрөв) шаардлагыг огт хангаагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй байхад үнэлгээ хийн шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж,...”, гэж заасныг зөрчин Үнэлгээний хороо дүгнэлт гаргасан байна.
19. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн “хамгийн сайн үнэлэгдсэн” гэх “Х” ХХК нь маргаан бүхий тендерт тавигдсан 47 шаардлагаас 24 шаардлагыг огт хангаагүй гэх гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.” гэж хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн холбогдох нотлох баримтыг үнэлээгүй мөртлөө “...нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсантай нийцсэн гэж үзэхээр байна.” гэж “Х” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Эндээс харахад “Х” ХХК-ийн талаарх нотлох баримтаар авагдсан тендерийн бичиг баримтыг огт үнэлээгүй Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд “Х” ХХК-ийн тендер нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримтууд байсан гэж үзэхээр байна.
20. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тохиолдолд бүх тендерээс татгалзахаар заасан байна. Гэтэл Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч “Х т” ХХК-г шаардлагад нийцээгүй, “Х” ХХК-г шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэх үндэслэлээр “Х” ХХК шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой зөрчил байна.
21. Нэхэмжлэгч “Х т” ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/ХIII.1.1.222 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахих хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
22. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ- 2018/XIII. 1.1.222 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн “Х” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт нь хууль бус учраас “Хөххайрхан трейд" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа юм.
23. Нэхэмжлэгч “Х т” ХХК-ийг ТОӨЗ-д заасан ИТА болон техник тоног төхөөрөмжүүд давхацсан гэх үндэслэл тогтоогдохгүй, “Х т” ХХК-ийн зүгээс тендерт ирүүлсэн баримт бичгээс үзвэл ИТА болон техник төхөөрөмжийг дотоод зохион байгуулалт хийж, давхцуулахгүй байх арга хэмжээг авч, холбогдох тушаал, шийдвэр, гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж тендерийн материалд хавсаргасан. Гэтэл үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзвэл “Х т” ХХК-ийн тендерийн баримт бичгийн талаар огт дүгнэлт хийж ярилцаагүй болох нь тодорхой харагдаж байгаа болно.
24. Тендерийн бичиг баримтанд дүгнэлт хийсэн бол давхацсан гэх машин механизм, ИТА нь огт давхцаагүй, харин зохион байгуулалт хийсэн болох нь тодорхой харагдах юм. “Х т” ХХК нь машин механизмд дараах зохион байгуулалтыг хийсэн. Үүнд:
24.1. 1950 УБЛ дугаартай автокраныг Дарьгангаас цааш нь явуулж Эрдэнэцагаан суманд ажиллуулъя, харин Дарьганга суманд Сайншандаас 4923 ДГО дугаартай автокран ажиллуулахаар эзэмшигчтэй нь тухайн ажлын нэр заасан гэрээ хийгээд тендерийн материалд хавсаргасан.
24.2. 2356 УНЗ дугаартай автомашин бол барилгын материал тээвэрлэх гэрээтэй, 2 барилгын материалыг тээвэрлэх бүрэн бололцоотой бөгөөд энэ машиныг Эрдэнэцагаан суманд материал тээвэрлэнэ, гэхдээ хажууд нь 7760 УНБ, 1274 УНН дугаартай манай 2 автомашин ажиллана, харин Дарьганга суманд 5301 УНН, 0593 УБС гэсэн манай 2 автомашин ажиллана гэдгийг тодотгож тендерийн материалд хавсаргасан.
24.3. 9924 УН дугаартай ачигч Дарьганга суманд ажилласан хэвээр үлдээсэн, харин Эрдэнэцагаан суманд 4005 ДО дугаартай ачигч ажиллана гээд эзэмшигчтэй нь тухайн ажлын нэр заасан гэрээ хийгээд тендерийн материалд хавсаргасан.
25. Мөн ИТА-д өгсөн баримтуудад дүгнэлт хийсэн бол давхцаагүй болох нь тодорхой харагдах байлаа. 2018 оны 3 дугаар сард “Х т” ХХК нь өөр ажил гүйцэтгэж байгаагүй тул Дарьганга сумын тендерт 5 ажилтан (ерөнхий инженер 1, барилгын инженер 1, сантехникийн инженер 1, цахилгааны инженер 1, ХХАА хариуцсан ажилтан 1) шаардлагатайгаас өөрийн компанийн 8 хүнийг ажиллана гэж өгч байсан. Харин 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр болсон Эрдэнэцагаан сумын тендерт мөн 5 ажилтан (ерөнхий инженер-барилгын инженер 1, сантехникийн инженер 1 цахилгааны инженер 1, холбоо дохиоллын инженер 1, ХХАА хариуцсан ажилтан 1) шаардлагатай байсан. Иймээс манай компани ИТА-д дараах зохион байгуулалтыг хийсэн. Үүнд:
25.1. “Х т” ХХК-д барилгын инженер 3 хүн ажилладаг. Ерөнхий инженерээр Р.Б, барилгын инженер Ц.Г нарыг Дарьганга суманд ажиллуулна гэж Дарьгангын тендерийн тушаалд нэрийг нь заасан байсан. Харин Эрдэнэцагаан сумын тендерийн саналд барилгын инженер Ц.Г-ийг Дарьгангаас татаад Эрдэнэцагаан суманд ажиллуулъя, харин Дарьганга суманд ерөнхий инженерээр Р.Б, барилгын инженерээр Ц.Б нарыг үргэлжлүүлэн ажиллана гээд 3 хүний материалыг тендерийн материалд бүрэн хавсаргасан.
25.2. Дарьганга суманд ХХАА ажилтан 2 хүн, тухайлбал Б.Ө, Ц.Г нар томилогдсон байсан. Б.Ө-ыг Эрдэнэцагаан суманд ажиллуулъя, харин Дарьганга суманд ХХАА ажилтан Ц.Г-ийг үргэлжлүүлэн ажиллана гээд 2 хүний материалыг тендерийн материалд хавсаргасан.
25.3. Цахилгааны инженер О.Б-г Дарьгангаас татаж Эрдэнэцагаан суманд ажиллуулъя, харин Дарьганга суманд цахилгааны инженерээр Б.Ө ажиллана гээд 2 хүний материалыг тендерийн материалд бүрэн хавсаргасан.
26. Эдгээрээс харахад тендерийн шаардлагад барилгын инженер 1, цахилгааны инженер 1, ХХАА хариуцсан ажилтан 1 гэж эзэмшсэн мэргэжил талаас нь шаардлагатай мэргэжлийг тодорхойлон заасан болохоос биш “тэр овогтой тэр ажиллах ёстой” гэж заагаагүй билээ. “Х т” ХХК нь дотоод зохион байгуулалт хийж тухайн тендер бүрт шаардлагатай мэргэжил эзэмшсэн, тендерийн шаардлагыг хангасан ажилтнуудыг бүгдийг нь тодорхойлж тендерийн материалд үнэнч шударгаар хавсаргаж өгсөн болохоос биш ямар нэгэн хүн, машин механизмыг давхацуулж тендерийн материалд хавсаргаагүй юм.
27. Дээрх үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0826 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0113 дугаар магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
28. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
29. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “XIII.1.1.222 “Цэцэрлэгийн барилга, 200 ор/Сүхбаатар, Эрдэнэцагаан сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер зарлаж, тус тендерт “Х” ХХК, “Х т” ХХК-иуд тендер ирүүлжээ.
30. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “... “Х” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер” гэж үзсэн нь үндэслэлгүй...хамгийн сайн гэж үнэлэгдсэн “Х” ХХК-ийн тендерийн материал нь “Тендерт оролцогчдын өгөгдлийн хүснэгт” болон шалгаруулалтын маягтад заасан нийт 47 шаардлагаас 26 шаардлагыг нь огт хангаагүй байсан” гэж анхнаасаа маргасан байхад анхан шатны шүүх “Сангийн яамны тендерийг хянан үзсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ... тендер үнэлгээний дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй” хэмээн маргаж буй үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдолд хариу өгөх боломжгүй юм.
31. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөөгүй, нотлох баримт дутуу байхад дахин хэлэлцүүлэхээр буцаах байтал мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасныг үндэслэн өөрчлөлт оруулсан нь буруу байна.
32. Тодруулбал, нэхэмжлэгч нь анхнаасаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь тендерт оролцогчид тавигдах шаардлагыг хангаагүй байхад гуравдагч этгээдийг шалгаруулж, нэхэмжлэгчээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “тэгш боломж”-ийг зөрчсөн гэдэг үндэслэлээр маргасан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд тухай бүр дүгнэлт хийгээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН