Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 565

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би иргэн Г.Б*******ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Засаг даргад холбогдох “******* дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр А/268 дугаар захирамжийн иргэн Г.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Г.Б******* миний газар эзэмших эрхийг сэргээхийг ******* дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б******* нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... Г.Б******* би хариуцагч ******* дүүргийн Засаг даргатай эвлэрч 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан тул энэхүү эвлэрлийн гэрээг хүлээн авч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 01/08 дугаар “Эвлэрлийн гэрээ”-нд: 

“...2.2.1. А тал нь нэхэмжлэлийн шаардлага буюу эзэмшиж байсан 999 м.кв талбай газраас эрчим хүчний хамгаалалтын зурвастай давхцсан 139 м.кв газрын эзэмших эрхээс татгалзаж, үлдэх 860 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг Б тал сэргээхээр талууд харилцан тохиролцож, эвлэрч байгаагаа үүгээр баталгаажуулж байна.

2.2.2. Энэхүү эвлэрэлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарснаас хойш 21 хоногийн дотор энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т заасан А талын ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Амины орон сууц”-ны зориулалттай 860 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б тал гаргаж өгнө. 

2.2.3. Энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болохыг талууд үүгээр баталгаажуулж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

******* дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 999 м.кв газрыг эзэмших эрхийг Д.Г*******аас Г.Б******* шилжүүлэн авсныг тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/235 дугаар захирамжаар баталгаажуулсанаар Г.Б******* маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон байна.

Хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/268 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Г.Б*******ийн 999 м.кв газрын эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгч энэхүү А/268 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Г.Б******* болон хариуцагч ******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нар харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд  хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 01/470 дугаар албан бичгээр Б.О*******, Э.Э******* нарт “нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрх”-ийг тусгайлан заасан итгэмжлэлийг олгосон байна. 

Энэхүү “Эвлэрлийн гэрээ” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэсэн шаардлагыг хангасан, шүүхээс эвлэрлийг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна

Г.Б******* өөрийн эзэмшиж байсан 999 м.кв газраас эрчим хүчний хамгаалалтын зурвастай давхацсан 139 м.кв газрын эзэмших эрхээс татгалзаж, үлдэх 860 м.кв газрыг эзэмших, хариуцагч энэхүү 860 м.кв газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэрийг шүүхээс эвлэрлийг баталснаас хойш 21 хоногийн дотор гаргахаар харилцан тохиролцон бөгөөд үүний улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Б*******ийн хариуцагч ******* дүүргийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******той харилцан тохиролцон байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл 68.1, 68.2, 68.4-д заасныг тус тус үндэслэн Г.Б*******ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Засаг даргад холбогдох “...******* дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/268 дугаар захирамжийн иргэн Г.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Г.Б******* миний газар эзэмших эрхийг сэргээхийг ******* дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч ******* дүүргийн Засаг дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА