Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01228

 

Н.Отгонпунцагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02427 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1353 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Отгонпунцагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Баярмандахад холбогдох,

Өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн худалдах-худалдан авах гэрээний илүү төлсөн 15 000 000 төгрөг, хохирлыг 13 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Баярмандах, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болоод сонинд зар өгөөд Д.Баярмандах надтай ирж уулзсан. Тухайн үед сар бүр 1 140 000 төгрөгийг банкинд төлдөг байсан. Би дэлгүүрээ 40 000 000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Анх 5 000 000 төгрөг хийсэн, бид нар харилцан тохиролцоод 9-10 сард цалингийн зээл дуусахаар банкны 1 140 000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Сарын 1 140 000 төгрөг төлөөд нийтдээ 7 800 000-аад мянган төгрөг төлсөн. Үлдэгдэл 40 000 000 төгрөг өгөхдөө тооцоо нийлнэ гэж тохиролцсон. Илүү дутуу зөрүү гарсан зүйл байхгүй. Түүнээс гадна 26 000 000, 14 000 000 төгрөг миний дансанд орсон. Хамгийн сүүлд банкнаас 40 000 000 төгрөг миний дансанд орж ирэхэд Д.Баярмандахын данс руу 2 000 000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Одоо энэ хэрэгт байгаа олон баримтад надаар гарын үсэг зуруулсан. Банкны зээл авахаар хөөцөлдөж байсан тул би хэрэгтэй гэсэн баримтад нь гарын үсэг зурж байсан. Миний тооцоогоор бидний хооронд ямар нэгэн өр төлбөргүй, тооцоо дууссан тул намайг энэ хүнд өр төлбөргүй болохыг тогтоож өгнө үү....Гэхдээ дэлгүүрийн зөвшөөрөл өөр хүний нэр дээр байгаа гэдгийг би хэлсэн, өөрөө ч зөвшөөрсөн. 2014 оны 9 сард цалингийн зээл нь дуусахаар авна гэсэн. Манай хашаа байшинг сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр болсон, 7 сарын түрээсийн төлбөр нь 3 500 000 төгрөг болсон. Мөн дэлгүүрт байсан барааны мөнгө 6 800 000 төгрөг болсныг өгөх боломж байна уу гэхэд эхлээд 5 000 000 төгрөгийг нь өгчихье гэсэн. Тиймээс барааны үлдэгдэл 1 800 000 төгрөг байгаа. Би өөрөө бас банкинд зээлтэй байсан, энэ зээлийн хүүнд 1 140 000 төгрөгийг төлдөг байсан. Д.Баярмандах нь уг зээлийн хүү болох 1 140 000 төгрөгийг бас төлөөд явж байгаад зөрүү гарвал өгье гэж тохиролцсон. Бид 2014 оны 10 сард тооцоогоо нийлээд зөрүү 2 000 000 төгрөг байсан тул би уг 2 000 000 төгрөгийг Д.Баярмандахад шилжүүлээд тооцоо дууссан. Гэтэл надаас мөнгө зээлье гэхэд нь би чадахгүй гэсэн тул маргаан гарсан. Худалдах-худалдан авах гэрээний дагуу хашаа байшин дэлгүүрээ шилжүүлсэн, зөрүү мөнгө 2 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн тул одоо намайг өр төлбөргүй бидний хооронд тооцоо дууссан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын 11-ний Зар сонингоор найман нэрийн дэлгүүр компани зарна гэж байсан тул 99596552 дугаараар холбогдож, зээлээр авах боломжтой гэдгээ хэлээд эхлээд 30 000 000 төгрөгөөр тохирч байсан, Н.Отгонцунцаг нь 5 000 000 төгрөгийг түрүүлж байршуулж өгөөч гэсний дагуу шилжүүлсэн. Би энэ хүний банкны зээлийг чөлөөлөхийн тулд 10 дугаар хороололд байрлах зээл чөлөөлдөг газраас өдрийн 1 хувийн хүү төлж зээл авсан. Мөн 2014 оны 03 дугаар сарын 20-ноос 2014 оны 10 дугаар сарын 10-ны хооронд нийтдээ 14 030 000 төгрөг төлсөн. Би энэ хүний дэлгүүрийг авахаар 60 000 000 төгрөгний зээлийг банкнаас авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч 40 000 000 төгрөг Н.Отгонпунцагийн дансанд орсон. Энэ мөнгөнөөс 23 000 000 төгрөгийг л авах эрхтэй, бусад мөнгийг надад буцаан өгөхөөр тохирсон атлаа өгөөгүй. Мөнгөө нэхэхэд 2-3 хоног хүлээ гэсэн, бидний хооронд мөнгөний тооцоо байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, бид эхлээд хашаа байшин дэлгүүрээ 35 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцоод 5 000 000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. Энэ нь утасны ярианы бичлэгээр нотлогдоно. Гэвч нэхэмжлэгч 40 000 000 гэж маргаад байгаа болохоор 40 000 000 төгрөгөөр тохиролцсон гэдгийг зөвшөөрч байна. Үл хөдлөх хөрөнгө болох байшинг 40 000 000 төгрөг, газрыг нь 20 000 000 төгрөгөөр гэж гэрээ байгуулсан боловч уг гэрээг банкинд 60 000 000 төгрөгний зээл хөөцөлдөхөөр хийсэн юм. Мөн 1 000 000 төгрөг болон 1 500 000 төгрөгний гэрээ бол албан татвар бага төлөхөөр хийсэн хуурамч гэрээнүүд юм. Зээл эхлээд хөөцөлдөөд гарахгүй байсан. Н.Отгонпунцаг өөрөө надруу залгаж, банкны зээл болох 1 140 000 төгрөгийг төлөөд явж байгаад зээл орохоор үлдсэн мөнгийг нь төлөхөөр тохирсон. Миний хувьд мөнгийг төлж явж байгаад 2014 оны 10 сард зээл гараад Н.Отгонпунцагийн дансанд орсон. Гэтэл Н.Отгонпунцаг нь илүү төлсөн 17 000 000 төгрөгийг буцааж өгөх ёстой байхад өгөөгүй, өр төлбөргүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Миний бие зарын дагуу Н.Отгонпунцагтай уулзаж, уулзахад 30 000 000 төгрөгөөр хашаа байшин газрыг, найман нэрийн дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөлтэй компанитай цуг зарна гэсэн. Би цалингийн зээлтэй байсан болохоор бэлэн мөнгө байгаагүй, тиймээс худалдан авахаар зээл хөөцөлдөөд бүтээгүй юм.Гэтэл Н.Отгонпунцаг өөрөө залгаад чамд л дэлгүүрээ зарчихмаар байна, би цагдаагийн асуудалтай мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би зээл бүтэхгүй байна 9-10 сарын үед л цалингийн зээлээ төлөөд дуусахаар зээл авч мөнгөтэй болно гэсэн. Тэгэхэд Н.Отгонпунцаг нь би өөрөө банкинд миний өмнөөс төлж байгаад өөрсдийн зээл бүтэхээр үлдэгдэл банкны өрийг төлөөд хашаа байшин, 8 нэрийн дэлгүүрийг авчих, дээр нь нэмээд 5 000 000 төгрөгийг бэлнээр өгчих гэсэн. Ингээд 2014.03.20-нд Н.Отгонпунцагийн ХААН банкны дансанд 5 000 000 төгрөгийг Б.Анхзоригоор дамжуулж, урьдчилгаанд хийсэн. Мөн 9 030 000 төгрөгийг ХААН банкинд Н.Отгонпунцагийн зээлийн төлбөрт төлсөн. 2014 оны 03-дугаар сарын 20-ноос 2014.10.10-ны хүртэл нийт 14 030 000 төгрөг төлсөн. 2014 оны 9 сард үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар Төрийн банкнаас 60 000 000 төгрөгний зээл авахын тулд 2014.9.02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.Тухайн эд хөрөнгийг авахад 40 000 000 төгрөгний зээл хэрэгтэй байсан боловч зээлийн 30 хувийг урьдчилан байршуулах ёстой байсан тул Н.Отгонпунцагтай 40 000 000 төгрөгөөр хашаа байшин авах, 20 000 000 төгрөгөөр газар авах гэрээг хийсэн. Мөн Н.Отгонпунцагийн өмнөөс зээл төлөлт хийсэн баримт болох 14 030 000 төгрөгийг Төрийн банкны зээлийн урьдчилгаанд байршуулсан. Ингээд зээл авах баримтуудаа өгсний дараа 2014.10.10-ны өдөр Төрийн банкнаас зээл гарч шууд Н.Отгонпунцагийн дансанд орсон. Эхлээд 26 000 000 төгрөг, дараа нь 14 000 000 төгрөг зарцуулах эрх нь олгогдсон. Энэ мөнгөнөөс Н.Отгонпунцаг нь 23 000 000 төгрөгийг өөртөө аваад үлдэгдэл 17 000 000 төгрөгийг надад буцааж өгөхөөр харилцан тохиролцсон байсан боловч 2014.10.13-ны өдөр мөнгөө нэхэхэд 2 дахь өдөр данснаас мөнгө гаргамааргүй байна гээд 2 000 000 төгрөгийг нь надад буцаан шилжүүлсэн байсан. Үлдэгдэл мөнгийг нь асуухад зээл чөлөөлөхөд хэрэглэчихсэн, 2-3 хоног хүлээж бай гээд утсаа авахаа больсон. Хашаа байшин, газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан боловч 8 нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл нь өөр хүний нэр дээр байсан учраас шилжүүлж өгөхгүй, үлдэгдэл мөнгийг минь өгөхгүй байснаас миний байдал хүндэрч, банкны зээл шахагдаж үл хөдлөх хөрөнгө, хадам эхийн хашаа байшинг банкны зээлийн барьцаанд алдах дээрээ тулаад байна.Иймд Н.Отгонпунцагаас 15 000 000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Төрийн банкнаас авсан зээлийн мөнгө 40 000 000 төгрөг бүхэлдээ энэ хүний данс руу орсон, Н.Отгонпунцаг нь ярьж тохирсоноосоо буцаж одоо хүртэл үлдэгдэл 15 000 000 төгрөгийг надад гаргаж өгөхгүй байгаа юм. Төрийн банкнаас зээл төлөхийг шаардаж, би аргагүйн эрхэнд энэ хүнээс авсан хашаа байшингаа хямд зарсан. Одоо би орох оронгүй болж, айлын хашаа байшинг 250 000 төгрөгөөр хөлсөлж байгаа тул хохирлын 13 000 000 төгрөгийг нэмж нийтдээ 28 000 000 төгрөгийг Н.Отгонпунцагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Надад компани байгаагүй, би дэлгүүрийн зөвшөөрөлтэй гэж хэлээгүй. Анх Д.Баярмандахыг ирээд уулзахад нь дэлгүүрийн зөвшөөрөл өөр хүний нэр дээр гэж хэлж байсан. Гэтэл өөрөө зөвшөөрөөд хашаа байшин, дэлгүүрийг авахаар болж, 40 000 000 төгрөгөөр харилцан тохиролцоод зарсан, мөн барааны мөнгө түрээсийн мөнгө төлөгдөөд дансанд орж ирсэн мөнгөнөөс тооцоо нийлэхэд 2 000 000 төгрөг илүү төлөгдсөн болохоор нь буцааж өгсөн. Одоо бидний хооронд тооцоо байхгүй, хохирлын 13 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02427 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонпунцагийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонпунцагаас 9 280 350 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Баярмандахад олгож, Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.3-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 719 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонпунцагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Д.Баярмандахын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярмандахад олгож, хариуцагч Д.Баярмандах нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлөх 222 950 төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1353 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Отгонцунцагийн хариуцагчтай байгуулсан гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр өр төлбөргүй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонпунцагаас 9 280 350 төгийг гаргуулж, хариуцагч Д.Баярмандахад олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Баярмандахын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 18 719 650 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Отгонпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Отгонпунцагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 635 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шаардлагыг хангаагүй байхад уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлгүй хууль зөрчсөн. Шүүх хэрэг маргааныг дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн болохоо заагаагүй, түүнчлэн шүүхээс үндэслэх хэсэгтээ “...зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж дүгнэсэн боловч худалдах-худалдан авах гэрээ хэдийд байгуулагдсан, уг гэрээг ямар хэлбэрээр байгуулагдсанд дүгнэлт өгөөгүй хууль зөрчсөн байна. Нэхэмжпэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулахаар 2014 оны 03 дугаар сард зар өгсөн байдаг боловч зарын дагуу ирсэн хариуцагч Д.Баярмөнх нь тухайн үед цалингийн зээлтэй байгаа учраас одоо эд хөрөнгөө худалдан авах боломжгүй, 09 сард зээл бүтэхээр худалдаж авьяа, харин дэлгүүрийг чинь тэр болтол түрээслүүлж ажиллуульяа гэсэн саналыг тавьж уг саналын дагуу талууд дэлгүүрийг сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, дэлгүүрийн бараандаа тооллого хийн, 6 800 000 төгрөгийн барааны үнээс 5 сая төгрөгийн барааны үнэ Отгонпунцагийн дансанд 2014.03.20-ны өдөр шилжин орсноор тус түрээсийн харилцаа 2014.10.10-ны өдөр хүртэл үргэлжилсэн байдаг.Гэтэл шүүхээс “хариуцагч Д.Баярмандах нь 2014.03.20-ны өдөр Н.Отгонпунцагийн ХААН банкны дансанд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлсөн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчээс хашаа байшинг газрын хамт түрээслүүлсний 7 сарын төлбөрт 3 500 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, түрээсийн төлбөрийг төлж байсан гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч түрээсийн төлбөр биш зээлийн хүү гэж төлөлт хийгдсэн, Түрээсийн гэрээг нөхөж байгуулсан гэж зохигчид тайлбарласан тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна....Түрээсийн гэрээг нөхөж байгуулсныг түрээсийн гэрээ огт байгуулагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй талууд гэрээг нөхөж байгуулсан гэж тайлбарласан болохоос түрээсийн харилцаа байгаагүй гэж мэдүүлээгүй. Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй байсан боловч хожим хуульд нийцүүлэн нөхөн байгуулсан байдаг. Хариуцагчаас 2014.03.20-ны өдрөөс 2014.10.10-ны хооронд шилжүүлсэн мөнгө нь нэхэмжлэгчийн зээлийн хүүнд гэсэн гүйлгээний утгатай байх тул түрээсийн мөнгө гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Хариуцагчийн тайлбарласнаар анхнаасаа сард худалдах-худалдан авах зээлийн төлбөрт 1 140 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бол хариуцагч яагаад 570 000, 640 000, 550 000 гэх мэтээр төлбөр хийж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс гүйцээн төлж байсанд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй....Иймд анхан шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны үйл баримтын талаар бодит дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын залруулга хийсэн нь үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонпунцаг нь хариуцагч Д.Баярмандахтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон тул өр төлбөргүй болсныг тогтоолгохыг хүссэн бол хариуцагч Д.Баярмандах уг гэрээний дагуу илүү төлөгдсөн 15 000 000 төгрөгийг хохирлын 13 000 000 төгрөгийн хамт нэхэмжлэгчээс гаргуулахыг хүсчээ.

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 6 дугаар гудамж, 154а тоот, 270 мкв талбай бүхий, гэр бүлийн зориулалтын газрыг, 81 мкв талбай бүхий хувийн сууцыг 40 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцжээ. Гэрээний үнийн талаар талууд өөр өөрөөр тайлбарласан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үнийг 40 000 000 төгрөг гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээний худалдагч буюу нэхэмжлэгч Н.Отгонпунцаг нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч хариуцагч Д.Баярмандахад шилжүүлсэн ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид бэлнээр болон банкны зээлээр төлсөн төлбөрийн хэмжээг шүүх нотлох баримтын үндсэн дээр зөв тооцоолжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан боловч гэрээний талууд эд хөрөнгө түрээслэх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрээний зүйл болох газар, хувийн сууцны үнэ 40 000 000 төгрөг, нэхэмжлэгчээс буцаан авсан 2 000 000 төгрөгийг хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 51 280 350 төгрөгөөс хасч үлдэх 9 280 350 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. Хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн ба хариуцагч энэ талаар давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1353 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН