| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0017/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/026 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.От холбогдох 1714001410056 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Л.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.О нь 2017 оны 09 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-38-08а тоотод байх байшингаас иргэн Э.Бын эзэмшлийн хар өнгийн хаш хөөрөг, шар өнгийн дайлан зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.О нь 2017 оны 09 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-38-8а тоот хашаанд байх байшингаас Э.Бын эзэмшлийн хар өнгийн хаш хөөрөг, шар өнгийн дайлан зэргийг хулгайлж бусдад нийт 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Э.Бын ... Би 2017 оны 09 сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт найзынхаа хурим найранд ирээд Батдамба гэх айлд буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сум дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-38-8а тоотод ирээд 2017 оны 09 сарын 09-ний өдөр хурим найранд оччихоод буцаж найз болох Батдамбынд ирээд дээл хувцас тайлж тавиад хөөрөгөө малгайны хажуу талд шар өнгийн дайлантай хар хаш хөөрөг тавиад Өлзийт сумруу айлруу явсан. 2017 оны 09 сарын 11-ний өдөр 17 цагийн үед хөдөө байж байх үед Батдамбын охин Лхам-Осор надруу залгаж та хөөргөө авч явсан уу гэж надаас асуухад нь би хөөргөө авч яваагүй танайд тавьсан газраа байгаа гэж хэлсэн чинь хөөрөг чинь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би орой 21 цагийн үед найз Батдамбын гэрт иртэл цагдаа нар ирсэн байсан. Тэгтэл миний хөөргийг найз Батдамбынд байсан О гэх эмэгтэй хулгайлсан байсныг цагдаа нар олж тогтоож, уг О миний хөөргийг авсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Г.Лын ... Би өчигдөр буюу 2017 оны 09 сарын 11-ний өдөр Баян-Овоо сумруу яваад 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэр цоожтой байхаар нь түлхүүрээ хийдэг нэг газар байдаг тэр газраасаа аваад гэрээ онгойлгоод орсон чинь Оюунаа эгч манай гэрт унтаж байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Тэгээд гэртээ орчихоод эргээд гарах гэтэл манай Буяка гээд нэг дүү урдаас ороод ирсэн. Тэгэхээр нь би дүүгээ гэрээ цэвэрлэж бай гэж хэлчихээд ойрхон гараад эргээд орж иртэл Оюунаа эгч доод давхарт босчихсон сууж байснаа ахиад дээд давхарлуу гарч яваад эргэж бууж ирээд эгч нь эмээгийнд очлоо гээд гарсан. Тэгээд би удалгүй дээд давхарт гараад ахынхаа хөөргийг үзтэл байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Шүүгдэгч Л.Оийн … 2017 оны 09 сарын 09-ний өдөр найр хуримын ажилтай гэж Батдамба надад хэлээд чи ирээд хоол хийгээд өгөөрэй гэж байсан. Тэгээд тэднийд очсон. Тэднийд хоол унд хийж байгаад 2017 оны 09 сарын 11-ний өдөр болж, тэр өдөр Батдамба хөөрөгний эзэн зэрэг хүмүүстэй архи ууж нилээн согтсон байсан. Архи ууж согтсон байхдаа Э.Бын хар хаш хөөрөг, дайлан зэргийг хулгайлж авсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахин ийм муухай зүйл хийхгүй гэдгээ хуулийн байгууллагад амлаж байна. Би авсан хөөрөг дайланг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байгаа. Надад хохирогчид төлөх төлбөр байхгүй шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 5-9/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Оийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Э.Б нь алдагдсан эд зүйл болох хар хаш хөөрөг, шар өнгийн хөөрөгний дайлан зэргийг бүрэн бүтэн хүлээн авсан болох нь хэргийн 11 дүгээр хуудсанд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх ба шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг хэргийн 35 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч Л.Оийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Л.Оийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Оийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч Л.Оийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.От мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.О нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА