Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

Б.Цогтсайханд холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                                             Б.Төрболд

          Шүүгдэгч                                                                                             Б.Цогтсайхан

          Өмгөөлөгч                                                                                           Б.Баярцогт

          Хохирогч                                                                                             О.Төрмөнх

          Хохирогчийн өмгөөлөгч                                                                   Б.Энхжаргал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч О.Төрмөнх, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор Б.Цогтсайханд холбогдох 2323000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг баг, 3Алтантолгойн 303 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хатгин овогт Баярсайханы Цогтсайхан, /регистрийн дугаар ИЦ85091571/        

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.Төрмөнхийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч Хатгин овогт Баярсайханы Цогтсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч шүүгдэгч Б.Цогтсайхан нь хохирогч О.Төрмөнхөд 2,828,700 /хоёр сая найман зуун хорин найман мянга долоон зуу/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч О.Төрмөнх нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Цогтсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Шүүгдэгч Б.Цогтсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Төрмөнх болон түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Цогтсайханыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.Төрмөнх нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Цогтсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна. Гэтэл хохирогч О.Төрмөнх нь шүүх хуралдаанд хохирлыг бүрэн барагдуулаагүй нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүхэд хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Дээрх нөхцөл байдал нь шийтгэх тогтоолоор Б.Цогтсайханыг төлөх төлбөргүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогч О.Төрмөнхийн хувьд хуульд заасны дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс бүрэн арилгах боломжоор хангагдаагүй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Цогтсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хохирогч О.Төрмөнх нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Цогтсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Цогтсайхан нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.Төрмөнхийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цогтсайханыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.Төрмөнх нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Цогтсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Б.Цогтсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.Төрмөнхийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч О.Төрмөнхийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөнгөний хэрэг гараад гэрээсээ Идэр сумын төв орж ирээд Зоригоо гэх хүнээс хонины мөнгө болох 200.000 төгрөг авч Аюушжав гэх хүнд өрөө өгчихөөд Мөнх-Эрдэнэ, Цогтсайхан, Батмөнх, Шаравдорж гэх хүмүүстэй таараад сумын төвөөс зүүн зүгт голын захад 2 шил архи хувааж уусан. Би хөдөө гэр рүүгээ хүргүүлэхээр аймгийн төвөөс Даваасүрэн гэх найзыгаа утсаар дуудсан байтал 16:00 цагийн орчим ирсэн. Даваасүрэн ирээд удаагүй бид хоёр манайх руу явах гээд босох гэтэл Цогтсайхан ах нэг шил архи аваад өг гэхээр нь ах надад мөнгө алга би харилаа гэтэл Цогтсайхан ах миний зүүн эрүү хэсэг рүү цохисон санагдаж байна, би сайн санахгүй байна. Би эрүүндээ цохиулаад 10 орчим минут ухаангүй байсан. Гэтэл манай найз Даваасүрэн намайг машиндаа суулгаад манайх руу явсан. Маргааш, нөгөөдөр өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 8, 9-нд өвчин нь гайгүй болох байх гээд хөдөө гэртээ 2 хоноход өвчин намдахгүй хоол идэж болохгүй болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд 103-т үзүүлж рентген зураг авхуулахад зүүн талын эрүү хамгийн арын араа хэсгээр хугарсан байсан. ...Би тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Д.Цогтсайхан ахыг намайг цохих тэр үеийг л санаад байна.” гэх мэдүүлэг,

Гэрч С.Батмөнхийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр адуунд явах гээд сумын төвд явж байтал Төрмөнхтэй таараад сумын төвийн доод талд хүрээд ир гэхээр нь яваад очиход Цогтсайхан, Мөнх-Эрдэнэ, Төрмөнх, Шаравдорж, Төрмөнхийн найз Даваасүрэн гээд залуучууд байж байсан. Тэд нартай 1 шил архи, 2 сав пиво хувааж уугаад тарах гэж байтал Цогтсайхан Төрмөнх хоёр муудалцаж байгаад Цогтсайхан Төрмөнхийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохих шиг болсон. Төрмөнх хэсэг манарч байгаад босох шиг болсон.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Шаравдоржийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын төвд морь услах гээд явж байтал Төрмөнх ах таараад дэлгүүрээс 2 пиво, 1 шил архи аваад Төрмөнх ах, Мөнх-Эрдэнэ ах, Цогтсайхан ах, Батмөнх ах бид хэд сумын төвөөс зүүн зүгт голын захад очиж тухайн 2.5 литрийн савлагаатай сэрүүн нэртэй 2 сав пиво, ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уугаад 16 цагийн үед тарах гээд байж байтал Төрмөнх ах Цогтсайхан ах хоёр маргалдаад Цогтсайхан ах Төрмөнх ахыг гараараа нүүр лүү нь цохиход Төрмөнх ах архи уугаад тасарсан уу, ухаан алдсан уу сайн мэдэхгүй хэсэг хэвтэж байгаад босоод бид нар тарсан.” гэх мэдүүлэг,

Гэрч П.Мөнх-Эрдэнийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Мануустай багийн Ламхай аманд 4 адуугаа үзээд буцаад сумын төв рүү явж байтал Төрмөнх сумын төвийн голын захад уулзъя гэхээр нь би хүлээж байтал 15 цаг өнгөрч байтал Цогтсайхан ах, Шарав, Батмөнх ах, Төрмөнх нар ирсэн. Тэгээд ирэхдээ 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво авч ирээд бид хэд хувааж уусан. Төрмөнхийн найз Даваасүрэн аймгаас түүнийг хөдөө гэр нь хүргэж өгөхөөр ирсэн байсан. Цогтсайхан ахыг Төрмөнх чи гээд хэлтэл Цогтсайхан ах намайг та гэхгүй чи гэлээ гэх байдлаар маргалдаад бид хэд тойроод сууж байтал Цогтсайхан ах босож ирээд Төрмөнхийг баруун гараараа цохитол Төрмөнх унасан” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Цогтсайханы “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...тэгээд архи уугаад байж байтал Төрмөнх ирсэн машин дотроо суучихсан цонхоо онгойлгочихсон би машиных нь цонхны доор сууж байсан. Тэгтэл Төрмөнх миний толгойны орой руу хуруугаараа тоншоод Цогтсайхан чи намайг барахгүй шүү гэж хэлээд байсан. Тэгэхээр нь за ахын дүү чи намайг чи гэж хэлээд ахыгаа хүндлэхээ байчихжээ гэж хэлсэн чинь машинаасаа буугаад тойрч ирээд Цогтсайхан босоод ирээ гээд байхаар нь би босоод очтол би чамайг өдөр, шөнө ч зодно би самбо, жудогоор хичээллэж байсан гэхээр нь ахын дүү чи согтоод байгаа юм биш үү гэхэд над руу цохих гэж байгаа юм шиг ойртоод байхаар нь би баруун талын гараараа шанаа руу нэг л удаа цохисон. Тэгтэл Төрмөнх газар уначихсан. Тэгээд 1-2 минут орчим болж байгаад босож ирээд юм дуугарахгүй найзууд нь машиндаа суулгаад тэр газраас явцгаасан. ...Намайг цохих гэж байна бодоод өрсөөд нэг цохичихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.Базардаргиагийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000000142 дугаартай “...1. Иргэн О.Төрмөнхийн биед зүүн эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Зүүн доод 8-р шүдний уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 4.52.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 5%-р нөлөөлнө. Бусад гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Иргэн О.Төрмөнхийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт х.х-ийн 21-22-р хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, харин давхар нотолж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтын нотолсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Б.Цогтсайхан нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч О.Төрмөнхийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч Б.Цогтсайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй учраас хохирогч О.Төрмөнх нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б.Цогтсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Шүүх  шийтгэх тогтоолоор хохирол шийдвэрлээгүй учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Цогтсайхан нь бусдад төлөх өр төлбөргүй гэж дүгнэсэн нь хохирогчийн иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг хөндөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Төрмөнх, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын: ...шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Цогтсайханыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан хэсэгт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Төрмөнх, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                         Б.АРИУНБАЯР

                                                            Б.НАМХАЙДОРЖ