| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0048/З |
| Дугаар | 124/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 124/ШШ2025/0002
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, гишүүн Д.Д, Н.Ц, Д.Э, Ц.Н, Ш.О, Ж.Э нар,
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга
“Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/711 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, зөвлөлийн гишүүд Д.Д нарын өмгөөлөгч А.Б /цахим/, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, Д.Д нарын гишүүдээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/711 дугаартай захирамжаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргасан.Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу нэгдсэн эмнэлгийн удирдлагыг хэрэгжүүлж тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэгдсэн эмнэлгийн ТУЗ нь хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй болж байна. Мөн ТУЗ-ын гишүүд нь Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуульд заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгаа зөрчигдөж байна. Иймд бид тус эрх баталгаагаа хамгаалуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргав. Өөрөөр хэлбэл нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн хувиар болон ТУЗ-ийн гишүүн иргэний хувиар нэхэмжлэлийг гаргав.Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Увс аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох болно” гэв.
Нэхэмжлэгч талын өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, зөвлөлийн нэр бүхий гишүүдээс Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/711 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна.
Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/711 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 17 дугаар зүйлийн 17.11.8 дахь заалтыг тус тус баримтлан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгахаар шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тайлбар гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мт хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, зөвлөлийн гишүүд нарын гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/711 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох 124/2024/0048/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэгдэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ