Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

Б.*******д холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                                             Б.*******

          Шүүгдэгч                                                                                             Б.*******

          Өмгөөлөгч                                                                                           Б.*******

          Хохирогч                                                                                             О.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                                                   Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч О.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох 2323000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг, 3******* ******* тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы *******, /регистрийн дугаар /        

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.*******ийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч шүүгдэгч Б.******* нь хохирогч О.*******өд 2,828,700 /хоёр сая найман зуун хорин найман мянга долоон зуу/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна. Гэтэл хохирогч О.******* нь шүүх хуралдаанд хохирлыг бүрэн барагдуулаагүй нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүхэд хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Дээрх нөхцөл байдал нь шийтгэх тогтоолоор Б.*******ыг төлөх төлбөргүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогч О.*******ийн хувьд хуульд заасны дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс бүрэн арилгах боломжоор хангагдаагүй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.*******ийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Б.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.*******ийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч О.*******ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөнгөний хэрэг гараад гэрээсээ сумын төв орж ирээд оо гэх хүнээс хонины мөнгө болох 200.000 төгрөг авч гэх хүнд өрөө өгчихөөд , *******, , гэх хүмүүстэй таараад сумын төвөөс зүүн зүгт голын захад 2 шил архи хувааж уусан. Би хөдөө гэр рүүгээ хүргүүлэхээр аймгийн төвөөс гэх найзыгаа утсаар дуудсан байтал 16:00 цагийн орчим ирсэн. ирээд удаагүй бид хоёр манайх руу явах гээд босох гэтэл ******* ах нэг шил архи аваад өг гэхээр нь ах надад мөнгө алга би харилаа гэтэл ******* ах миний зүүн эрүү хэсэг рүү цохисон санагдаж байна, би сайн санахгүй байна. Би эрүүндээ цохиулаад 10 орчим минут ухаангүй байсан. Гэтэл манай найз намайг машиндаа суулгаад манайх руу явсан. Маргааш, нөгөөдөр өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 8, 9-нд өвчин нь гайгүй болох байх гээд хөдөө гэртээ 2 хоноход өвчин намдахгүй хоол идэж болохгүй болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд 103-т үзүүлж рентген зураг авхуулахад зүүн талын эрүү хамгийн арын араа хэсгээр хугарсан байсан. ...Би тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Д.******* ахыг намайг цохих тэр үеийг л санаад байна.” гэх мэдүүлэг,

Гэрч С.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр адуунд явах гээд сумын төвд явж байтал *******тэй таараад сумын төвийн доод талд хүрээд ир гэхээр нь яваад очиход *******, , *******, , *******ийн найз гээд залуучууд байж байсан. Тэд нартай 1 шил архи, 2 сав пиво хувааж уугаад тарах гэж байтал ******* ******* хоёр муудалцаж байгаад ******* *******ийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохих шиг болсон. ******* хэсэг манарч байгаад босох шиг болсон.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын төвд морь услах гээд явж байтал ******* ах таараад дэлгүүрээс 2 пиво, 1 шил архи аваад ******* ах, ах, ******* ах, ах бид хэд сумын төвөөс зүүн зүгт голын захад очиж тухайн 2.5 литрийн савлагаатай сэрүүн нэртэй 2 сав пиво, ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уугаад 16 цагийн үед тарах гээд байж байтал ******* ах ******* ах хоёр маргалдаад ******* ах ******* ахыг гараараа нүүр лүү нь цохиход ******* ах архи уугаад тасарсан уу, ухаан алдсан уу сайн мэдэхгүй хэсэг хэвтэж байгаад босоод бид нар тарсан.” гэх мэдүүлэг,

Гэрч П.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Мануустай багийн Ламхай аманд 4 адуугаа үзээд буцаад сумын төв рүү явж байтал ******* сумын төвийн голын захад уулзъя гэхээр нь би хүлээж байтал 15 цаг өнгөрч байтал ******* ах, , ах, ******* нар ирсэн. Тэгээд ирэхдээ 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво авч ирээд бид хэд хувааж уусан. *******ийн найз аймгаас түүнийг хөдөө гэр нь хүргэж өгөхөөр ирсэн байсан. ******* ахыг ******* чи гээд хэлтэл ******* ах намайг та гэхгүй чи гэлээ гэх байдлаар маргалдаад бид хэд тойроод сууж байтал ******* ах босож ирээд *******ийг баруун гараараа цохитол ******* унасан” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.*******ы “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...тэгээд архи уугаад байж байтал ******* ирсэн машин дотроо суучихсан цонхоо онгойлгочихсон би машиных нь цонхны доор сууж байсан. Тэгтэл ******* миний толгойны орой руу хуруугаараа тоншоод ******* чи намайг барахгүй шүү гэж хэлээд байсан. Тэгэхээр нь за ахын дүү чи намайг чи гэж хэлээд ахыгаа хүндлэхээ байчихжээ гэж хэлсэн чинь машинаасаа буугаад тойрч ирээд ******* босоод ирээ гээд байхаар нь би босоод очтол би чамайг өдөр, шөнө ч зодно би самбо, жудогоор хичээллэж байсан гэхээр нь ахын дүү чи согтоод байгаа юм биш үү гэхэд над руу цохих гэж байгаа юм шиг ойртоод байхаар нь би баруун талын гараараа шанаа руу нэг л удаа цохисон. Тэгтэл ******* газар уначихсан. Тэгээд 1-2 минут орчим болж байгаад босож ирээд юм дуугарахгүй найзууд нь машиндаа суулгаад тэр газраас явцгаасан. ...Намайг цохих гэж байна бодоод өрсөөд нэг цохичихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000000142 дугаартай “...1. Иргэн О.*******ийн биед зүүн эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Зүүн доод 8-р шүдний уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 4.52.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 5%-р нөлөөлнө. Бусад гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Иргэн О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт х.х-ийн 21-22-р хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, харин давхар нотолж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтын нотолсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Б.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч О.*******ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч Б.*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй учраас хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Шүүх  шийтгэх тогтоолоор хохирол шийдвэрлээгүй учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх өр төлбөргүй гэж дүгнэсэн нь хохирогчийн иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг хөндөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын: ...шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан хэсэгт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                         Б.АРИУНБАЯР

                                                            Б.НАМХАЙДОРЖ