Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/772

 

           

 

 

 

 

 

2023           7             27                                                          2023/ДШМ/772

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ш.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Бэд холбогдох 2302 00168 0151 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, Дүүлэн жигүүр ХХК-ний МРА агентлагт зураглаач ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 103 дугаар байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, -урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1556 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 10.5 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.   

Нийслэлийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бэд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар тооцсон 10.5 грамм хэмжээтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ш.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Шүүхийн тоггоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”...гэж заасан. Д.Бийн хувийн байдал нь ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 103 байрны 22 тоотод оршин суудаг. 2022 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Аялал зуучлалын ангийг төгссөн. Одоогоор “Дүүлэн жигүүр” ХХК-ийн хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын МРА.mn /Mongolian Press Agency/ агентлагт зураглаачаар ажиллаж байсан. Анх удаа хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж мөрдөн шалгах ажиллагааны эхнээс хэрэг үйлдсэн байдал, гэм буруугийн талаар маргаагүй. ...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр нийгмээс тусгаарлаж түүнд 1 жил 2 сарын хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байхад өмнө нь гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан гэх үндэслэлээр хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхгүй шийдвэрлэсэн нь Д.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг баримталж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, эмнэлгийн дараах эмчилгээ хийх, нийгмийн амьдралд эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргээсээ дахин алдахааргүйгээр том сургамж авсан бөгөөд шүүхээс түүнд боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байна. Давж заалдах шатны шүүх нь дээрх заалтыг үндэслэн шүүгдэгч Д.Бийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгон мансууруулах төрлийн бодисыг дахин огт хэрэглэхгүй байх болно гэдгээ байнга илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд нийгэмд эзэлсэн байр сууриа хадгалж нийгэмшээд явах боломж олгож өнгө үү. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дах заалтуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тоггоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж мөрдөн шалгах ажиллагааны эхнээс хэрэг үйлдсэн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдлээ үнэн зөв мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй оролцсон нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэг болон бусад эх сурвалжуудаар тогтоогдож байгаа нь өөрийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг илэрхийлж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатын шүүхээс хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэр гаргасан. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилгын” талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байсан. Гэтэл өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

Хэргийн бодит байдлыг тогтоосон ажиллагаа              

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.       

Хэргийн бодит байдлыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.    

Гэм буруу, хэргийн зүйлчлэл 

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.            

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 10.5 грамм хэмжээтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь :  

- 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, илтггэх хуудас /хх-5-6/,

- Д.Бийн биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол /хх-16-17, 9-10/,   

- Д.Бийн биед үзлэг хийж, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл: Түүний шортны халааснаас жижиг хэмжээтэй гялгар уут бүхий “өвс” мэт зүйлийг хурааж авсан. Жин 12.1644 гр болж байв” /хх-11, 35/,   

- шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1109 дугаартай  дүгнэлт: Ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлсээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 10.5 грамм байсан ба 0.1 граммыг шинжилгээнд зарцуулав” /хх-38-40/,

- шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2023.3.06-ны өдрийн 1108 дугаар дүгнэлт : Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Д.Б гэж, 2023.02.24 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” /хх 45-47/,

- шүүгдэгчийн Д.Бийн”...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед зүс таних “Ари “гэх фэйсбүүк найзаасаа “өвс байна уу” гэж чатаар асуухад Дөлгөөн нуурын Хийморь оффисын машины зогсоол дээр тавьсан байгаа тэндээс очоод авчих гэсэн. Би орой 20 цагийн үед ганцаараа автобусаар очиж тухайн өвсийг авсан. Гэртээ ирж байх замдаа гудманд тухайн өвснөөсөө анх удаа сонирхоод цаасанд ороож байгаад хэрэглэсэн...Би тухайн өвсийг нурууны өвчин намдаадаг тайвшруулдаг гэхээр нь хэрэглэсэн. Би өвсийг худалдаж аваагүй надад зүгээр өгсөн. Би Ари зүс таних хүнтэй 2023 оны 1 дүгээр сард бааранд танилцаж байсан, нэр, хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-59-60, 119-120/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-57-60, 61-62, 119-121/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувьд худалдаалахаас бусад сэдэлт зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан нь тогтоогдсон, тухайн 2 үйлдэл өөр хоорондоо салшгүй хамааралтай байхад прокуророос зөвхөн хадгалсан шинжээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэхгүйгээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ. 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийг “хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлагдаагүй “ашиглаж” гэх үйлдлийн шинжийг бичсэн нь буруу буюу Эрүүгийн хуулийн тусгай анги дахь “зүйлийн гарчиг ба тухайн гэмт хэргийн шинжийг тогтоосон диспозици шинж”-ийг өөр хооронд шууд хамтатгаж бичих нь буруу болно.          

  1. Эрүүгийн хариуцлагын талаар           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлийг хэрхэн сонгож, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.          

Шүүгдэгч Д.Б 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн боловч ял шийтгэлгүйд хамаарах баримтууд байх /хх-69-77, 89/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглэв. 

Харин шүүгдэгч нь сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, эд хөрөнгөгүй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларч /хх-29, 34, 54-55, 59-60, 78-82, 105-116/ судлагдсан, тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон баримтгүй ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд зураглаач ажилтай гэх МPА агентлагийн “2013.5.16”-ны өдрийн тодорхойлолтыг гаргасан байх боловч ажил байдлы гэрээ, олсон орлого зэрэгт хамаарах бодит эх сурвалжгүй байх тул тодорхойлолт дангаараа нотолгооны чадваргүй болно.    

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих цогц шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх ба түүнд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нарын гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                  

Шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт дахь...”хадгалж ашигласан” гэснийг ”...хадгалсан...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэгийн нарын гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

 

                                             ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР