Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А******* /РД:*******/                    

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: “******* *******” ХХК /РД:*******/

Гуравдагч этгээд: “******* *******” ХХК /РД:/ нарын хооронд үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****-******, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Н.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.А******* анх Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогду “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн[1]. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх нэхэмжлэгч Д.А******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/****дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 5.0 га газрыг эзэмшиж байсан.

2.2. Тус нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалын 1 дэх заалтаар ... 15861.9 м.кв газрын ашиглах эрхийг шүүхийн шийдвэрийн[2] дагуу хэсэгчлэн цуцалжээ.[3]

2.3. Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч 34148 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, ******* дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг шинэчлэн сунгуулж,[4] 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулжээ.[5]

2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.[6]

2.5. Дээрх тушаалын 1 дэх  заалтад “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ... Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогду Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.А******* багтжээ.[7]

2.6. Дээрх тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”[8] гэсний дагуу нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь Нийслэлийн газар нутагт хамаарах болжээ.

2.7. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  “…Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Ташгайн аманд байрлах 3,4 га газрыг  яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад гаргажээ.[9]

2.8. Дээрх хүсэлтэд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “…Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэгт шинээр газар эзэмших эзэмшүүлэхийг хориглосон байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

2.9. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин “газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргажээ.

2.10. Тус хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01-05/3435 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 21.1.4 дэх заалт, 21.4.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн шийдвэрлэдэг ... Иймд танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.[10]

2.11. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 01-05/4333 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.[11]

2.12. Харин гуравдагч этгээд “******* *******” ХХК-д шүүхийн шийдвэрийг[12] үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захирамжаар[13] Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 30000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж[14], 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ********* дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”[15] байгуулжээ.

2.13. Мөн гуравдагч этгээд “******* *******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар захирамжаар[16] Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 29000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж[17], 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ********* дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”[18] байгуулжээ.

2.14. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хандан газар эзэмших хүсэлт гаргасан тухайн газрыг гуравдагч этгээдүүдэд давхцу олгосон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/2069 дугаар “Нотлох баримт хүргүүлэх тухай” шүүхэд ирүүлсэн албан бичиг болон хавсралтаар тогтоогдож байна.[19]

2.15. Нэхэмжлэгчийн зүгээс “... Нэхэмжлэгчид 2008 онд олгогдсон байсан газрыг 2022 онд газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авсан. Эзэмшиж байсан газрын харьяаллын асуудлаас болж тухайн газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах болсон тул Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад хандсан боловч манай хүсэлтийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй үзүүлж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдүүдэд олгосонд гомдолтой байна. Цаг хугацааны хувьд манай хүсэлтийг түрүүлж шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрыг гуравдагч этгээдүүдэд давхардуулж олгосон нь тодорхой байгаа учраас гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актууд хүчингүй болох ёстой ..." гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.16. Хариуцагчаас “... Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтэд 2023 оны 12 дугаар сар болон 05 дугаар сард “газар эзэмших асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон 33 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх агуулгатай албан бичгээр хариуг хуулийн хугацаанд хүргүүлж байсан тул эс үйлдэхүй үзүүлсэн гэж маргах нь үндэслэлгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.17. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн зүгээс “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 570 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 705 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 504 дугаар тогтоолыг үндэслэж 2022 онд газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаж хоёр жилийн хугацаанд хөөцөлдсөний эцэст уг газрыг зохих хууль журамд заасны дагуу эзэмших эрхтэй болсон” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.18. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн зүгээс “... Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцсэн. “******* *******” ХХК-д газар эзэмшүүлсэн 2023 оны А/*** дугаар захирамжийг батлан гаргах үед тухайн газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяа газарт хамаарч байсан бөгөөд нэхэмжлэгч уг газрыг эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Их Хурлын Хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 03 тоот тогтоолын 1.4-т “Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс газрын эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2 байгууллагад газар нэмж олгосон асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгчийн газар дээр давхардуулж газар олгосон бөгөөд манай хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь тодорхой байна. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дүгээр тогтоолоор шинээр газар эзэмшүүлэхийг хориглосон учраас эцсийн шийдвэр гартал танайхыг шийдэхгүй гэдэг байдлаар хариу өгөөд хүлээлгээд байсан болохоос биш шийдвэрлэх боломжтой газрууддаа өөр газар давхардуулаад олгочихсон байна. Бидэнд эцсийн байдлаар хариу өгөхгүйгээр, одоохондоо шийдвэрлэх боломжгүй байна л гэдгээс биш газар олгохгүй гэж хэлээгүй юм. Мөн өөр газар олгосонтой холбоотой мэдээллийг бидэнд огт өгдөггүй. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Байнгын хорооны тогтоол гарснаас хойш Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хил заагийн маргаантай асуудал шийдэгдэж байгаа нь тодорхой байсан. Өөрөөр хэлбэл тухайн газрыг маргаантай гэдгийг хэн аль нь мэдэж байсан.

Гуравдагч этгээдүүдэд газар олгосон боловч өнөөдрийг хүртэл газраа хүлээж аваагүй, газар дээрээ очоогүй. Манай газарт харуул хамгаалалт, хашаа тэнд байна. Олгосон газарт нь өөр байгууллага, хашаа байхад энэ талаар гуравдагч этгээдүүд огт маргаагүй. Газар олгосон захирамж гарсан гэж байгаа боловч бодит байдал дээр газраа аваагүй. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “******* *******” ХХК-д, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “******* *******” ХХК-д газар олгосон. “******* *******” ХХК 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг гаргахдаа шинээр газар авах агуулгаар хүсэлт гаргасан болохоос биш шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой нэг ч үг, үсэг байхгүй байсан.

Хүсэлт гаргасан дараалалтай холбоотой асуудалд түрүүлж  хүсэлт гаргасанд нь олгоно  гэдэг асуудал яриад байна. Манайд 2008 онд олгогдсон байсан газрын тухайд 2022 онд шинэчлээд тушаал гарчихсан байгаатай холбоотой асуудлыг ярьж байна. Манай хүсэлтийг түрүүлж шийдвэрлэх ёстой байсан. Газар давхардуулж олгосон нь тодорхой байгаа учраас давхардуулж олгосонтой холбоотой захиргааны актууд хүчингүй болох ёстой.” гэжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***-****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Богдхан уулын дархан цаазат газрын хилийг тодруулах ажлын хэсэг удаа дараа хуралдсан. Үүний үр дүнд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хил, заагийг тодруулах, зурваслах, холбогдох мэдээллийн санд бүртгэх ажлуудыг зохион байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч Д.А*******т холбогдох газрын эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон захирамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлд заасны дагуу “******* *******” ХХК болон “******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгосон. Иргэдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэж газар олгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Мөн ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй үзүүлсэн зүйл байхгүй.” гэжээ.

3.4. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн иргэний хүсэлтэд 2023 оны 12 дугаар сар болон 05 дугаар сард “газар эзэмших асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон 33 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх агуулгатай албан бичгээр хариуг хуулийн хугацаанд хүргүүлж байсан. “Эс үйлдэхүй” гэдэг нь  захиргааны байгууллага ямар нэг шийдвэр гаргахаас татгалзсан эсхүл иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхисон байхыг хэлнэ. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хуульд заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэгчид хариу өгсөн. Эс үйлдэхүй үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.” гэжээ.

3.5. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“******* *******” ХХК нь 2006 онд ****** дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, ******* баруун талд байрлах “********”-ыг ажиллуулж эхэлсэн.  Тухайн үед газар түрээслэх гэрээ байгуулж “***********” ХНН-ийн газар гэж итгүүлсэн. Үүнээс 2 жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Г.М****** “***********” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгосноор бид тухайн газрыг “***************” ХНН-ийнх биш манай газар гэдгийг мэдсэн. Улмаар 2015 онд өөрийн давуу эрхээр уг газрыг эзэмших хүсэлтээ гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга олгох боломжгүй гэж хариу өгсөн. Бид Нийслэлийн Засаг даргын тус татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор маргаан бүхий газрыг “*********” ХНН-ийн эзэмшил бүхий газар гэж тогтоох боломжгүй, “******* *******” ХХК-ийн эзэмшлийн газар байна” гэж тогтоосон.

 2017 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар манай компани уг газрыг эзэмшихээр болсон боловч хяналтын шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдөөр батлуулаагүй байхад Нийслэлийн Засаг дарга С.Б****** манай газрыг “*********” ХНН-т олгосон. Хяналтын шатны шүүхээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах уг газрыг “******* *******” ХХК-д зохих журмын дагуу олгох шийдвэр гаргасан боловч “************” ХНН-д олгосон учраас 2022 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж хоёр жилийн хугацаанд хөөцөлдсөний эцэст уг газрыг эзэмшиж авсан” гэжээ.

3.6. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн хууль зүйн агуулга, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөв тодорхойлж, түүнийгээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байна. Зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутагт иргэн, хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар, түр хугацаагаар ашиглуулах зорилгоор 5, 10 жилийн хугацаатайгаар олгодог.  Нэхэмжлэгчид 10 жилийн хугацаатайгаар газар олгосон. Ашиглалтын хугацаа дуусах, газар ашиглах эрх олгосон субъектээс тухайн ашиглах эрхийг дуусгавар болгосон тохиолдолд газрыг анхны төрхөд нь ору чөлөөлж өгөх хууль зүйн үр дагавартай.

Гэтэл нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхээ Нийслэлийн газрын эзэмших эрхээр солиулах шаардлага тавьж шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсноос гадна анх газар олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй газарт олгосон учраас нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхол биш юм. Захиргааны байгууллагаас ашиглах эрхгүй газарт газар олгосон зэрэг асуудал байгаа бол Байнгын хорооны тогтоолд зааснаар газрыг нь өөр байрлалд шилжүүлэх гэх мэтээр эрх ашигт нь нийцүүлэн асуудлыг шийдэх боломжууд байдаг учраас дээрх асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандвал нааштай шийдэх боломжтой.

Харин газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогтоосон Улсын Их Хурлын 1995 оны тогтоол зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрх авсан газар нь анхнаасаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрх мэдэлд хамаарахгүй, газар ашиглах эрх олгох боломжгүй газар учраас тухайн газартай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд, хэргийн материалтай танилцахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн засаг даргаас хууль бус эс үйлдэхүй үзүүлсэн үйл баримт байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12, 05 дугаар саруудад Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, хот байгуулалтын албанд гаргасан өргөдлүүдэд тухай бүрд нь холбогдох хариуг өгсөн байсан.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд,  гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тухайн газрыг Д.А*******т олгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгосон. Газрын тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байсан иргэн тус газраа Нийслэлийн газар нутагт шилжүүлэн эзэмшиж болохоор заасан бол түүнийг хэрэгжүүлэх тухай асуудал яригдана. Нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын шийдвэр байгаа учраас нэхэмжлэгчид тухайн газартай холбоотой хуулиар хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй.

 Гуравдагч этгээд “******* *******” ХХК нь 2023 оны 08 дугаар сард газар эзэмших хүсэлтээ гаргаад, 09 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхээ авсан байсан. Харин нэхэмжлэгчийн хувьд 2023 оны сүүлээр хүсэлт гаргасан.” гэжээ.

3.7. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч Д.А*******ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байгаагаас гадна Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий, хуулийн зарчимд нийцсэн. “******* *******” ХХК-д газар эзэмшүүлсэн 2023 оны А/*** дугаар захирамжийг батлан гаргах үед тухайн газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяа газарт хамаарч байсан бөгөөд Д.А******* уг газрыг эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байсан.

Мөн нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж гаргаагүй байсан нь тогтоогдож байгаа тул хариуцагч захиргааны байгууллага бусдын газартай давхцу газар олгосон гэж үзэх үндэслэлгүй. Маргаан бүхий газрыг эзэмших эрх хууль, журамд зааснаар олгогдоогүй тул Ташгайн аманд байх тус газрыг нэхэмжлэгч эзэмших эрхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 тоот тогтоолын 1.4-т заасан нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 тоот тогтоолын 1.4-т заасан нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн талаар:

1.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, анх нэхэмжлэгч Д.А******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 5.0 га газрыг эзэмшиж байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/ дугаар тушаалын 1 дэх заалтаар түүний нэр дээр ашиглах эрхтэй байсан 5.0 га газраас 15861.9 м.кв газрын ашиглах эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хэсэгчлэн цуцалсан.

1.2. Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч 34148 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, ******* дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг шинэчлэн сунгуулж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулжээ.

1.3. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/**** дугаар тушаалаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.[20]

1.4. Дээрх тушаалын 1 дэх  заалтад “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ... Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогду Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.А******* багтсан байна.[21]

1.5. Дээрх тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”[22] гэсний дагуу нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь Нийслэлийн газар нутагт хамаарах болжээ.

1.6. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  “…Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Ташгайн аманд байрлах 3,4 га газрыг  яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад гаргасан.[23]

1.7. Дээрх хүсэлтэд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “…Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэгт шинээр газар эзэмших эзэмшүүлэхийг хориглосон байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

1.8. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин “газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан.

1.9. Тус хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01-05/3435 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 21.1.4 дэх заалт, 21.4.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн шийдвэрлэдэг ... Иймд танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.[24]

1.10. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

1.11. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 21.2.4 дэх заалтад “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх;” гэж зохицуулсан.

1.12. Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

1.13. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын үндсэн чиг үүргийн нэг байх бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн харьяаны Газар зохион байгуулалтын албаар дамжу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг сайтар судалж, тухайн өргөдөл, хүсэлтэд дурдсан шийдвэрлүүлэхийг хүсэж буй асуудлыг орхигдуулахгүйгээр хариу өгөх нь хариуцагч байгууллагуудын үүрэг байна.

1.14. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  “…Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Ташгайн аманд байрлах 3,4 га газрыг  яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад гаргасан, мөн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтэд хаяглан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогду миний төслийн эскиз зургийг 27-р нэгж хорооллын төлөвлөлтөд суулгаж өгнө үү” гэх агуулгаар хүсэлт гаргасан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин “газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хандаж гаргахдаа “... Миний хувьд барилгын зураг төслийг 2011 онд Нийслэлийн БХБТ-ийн газраар батлуулсан бөгөөд 27-р нэгж хорооллын санал авахад тухайн зургийг хэвээр үлдээх эсвэл өөрчилж болох тухай саналаа бичгээр өгсөн болно ...” гэх агуулгаар ханджээ.

1.15. Тодруулбал, нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад удаа дараагийн хүсэлтээр хандахдаа газар эзэмших эрх олгох, гэрээ байгуулах асуудлаар хандсанаас гадна 2011 онд хийлгэсэн барилгын эскиз зургийг хэрхэх талаар асуудал шийдвэрлүүлэхээр хандсан болох нь тогтоогдож байна.

1.16. Гэтэл өөр хоорондоо харилцан уялдаа бүхий эдгээр хүсэлтүүдийн агуулгыг хариуцагч нар сайтар судлахгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “…Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэгт шинээр газар эзэмших эзэмшүүлэхийг хориглосон байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01-05/3435 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 21.1.4 дэх заалт, 21.4.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн шийдвэрлэдэг ... Иймд танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх зэрэг хариуг өгсөн нь асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага ... шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар эс үйлдэхүй гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

1.17. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах.

Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” гэж заасан.

1.18. Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэжээ.

1.19. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот албан бичигт “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр ... газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье ...” гэсэн байна.

1.20. Дээр дурдсан Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол, албан бичигт “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын агуулгыг хангаж, энэ хүрээнд нэхэмжлэгч Д.А******* нь Нийслэлийн Засаг даргад хандан газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах буюу газар эзэмших, ашиглах эрх олж авах талаар хүсэлт гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас түүний гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад нийцсэнгүй.

1.21. Ийм учраас дээрх үндэслэлүүдээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв байна. Тодруулахад:

2.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд, гуравдагч этгээд “******* *******” ХХК-д шүүхийн шийдвэрийг[25] үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 30000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр **** дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

2.3. Мөн гуравдагч этгээд “******* *******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 29000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр **** дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хандан газар эзэмших хүсэлт гаргасан тухайн газрыг гуравдагч этгээдүүдэд давхцу олгосон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/2069 дугаар “Нотлох баримт хүргүүлэх тухай” шүүхэд ирүүлсэн албан бичиг болон хавсралт, түүнчлэн нэхэмжлэгчээс “******” ХХК-аар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн “Иргэн Д***** овогтой А******* /*******/-ийн ашиглаж байгаа газрын давхцалын байршлын кадастрын зураг”-аар[26] тус тус тогтоогдсон.

2.5. Мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дугаар тушаалаар үүссэн буюу гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн болох нь тогтоогдов.

2.6. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийн тухайд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болоогүй байхад[27] Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд болох “******* *******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газартай давхцу газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэнд нийцэж байгаа эсэх,

2.7. мөн нэхэмжлэгчээс гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  “…Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Ташгайн аманд байрлах 3,4 га газрыг  яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгох” тухай хүсэлтэд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “…Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэгт шинээр газар эзэмших эзэмшүүлэхийг хориглосон байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн атлаа гуравдагч этгээд “******* *******” ХХК-д мөн өдрөө буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон нь учир зүйн /логикийн/ хувьд ойлгомжгүй, түүнчлэн, хууль зүйн агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах шаардлагатай гэж шүүх үзлээ.

2.8. Гуравдагч этгээд “******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийн тухайд, хэдийгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсны дараа Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захирамжаар гуравдагч этгээд болох “******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгосон байх боловч шүүхийн шийдвэрийн дагуу тус компанид газар эзэмшүүлэх агуулга бүхий хүсэлт нь цаг хугацааны хувьд 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НГ/65 тоотоор[28] гарсан, түүнчлэн энэ хугацаанаас хойшоо газар эзэмших эрх олгох захирамж гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.А*******ээс газар эзэмших эрхийн талаар удаа дараа хүсэлт гаргаж маргаж явсан нөхцөл байдлуудыг хариуцагч нар мэдэж байсан атлаа гуравдагч этгээд “******* *******” ХХК-д газар давхцу олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэнд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн ... байх” зарчимд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах шаардлагатай.

2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гуравдагч этгээд “******* *******” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор[29] газар олгосон гэж тайлбарлаж байх боловч олгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай, энэ талаар маргаантай байхад газар олгосон нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зорилгод хэрхэн нийцэж байгааг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4 дэх хэсгийн “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэсэнд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах нь зүйтэй байна.

2.10. Нөгөө талаас хариуцагч дахин шинэ акт гаргахдаа буюу нэхэмжлэгчийн хүсэлтүүд болон гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг цогц байдлаар шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гуравдагч этгээдүүдийн хувьд хэрэгжих эсэхийг анхаарвал зохино.

2.11. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу энэхүү шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийх нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар газрын маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зөв юм.

2.12. Шүүхээс хариуцагчид дахин шинэ акт гаргах 6 сарын хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд  энэ шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдаж байна.

2.13. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 21.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А*******ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 тоот тогтоолын 1.4-т заасан нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай. 

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А*******ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад заасан шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд энэ шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан нэмж тодруулах ажиллагааг хариуцагч нар хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаартай захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг тогтоосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 140,400 төгрөгийн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, түүнээс үлдсэн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас, үлдэх 35,100 төгрөгийг хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 229-230 дахь тал

[2] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0798 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0256 дугаар магадлал.

[3] 1Хх 46 дахь тал

[4] 1Хх 7 дахь тал

[5] 1Хх 10-15 дахь тал

[6] 1Хх 34 дэх тал

[7] 1Хх 94 дэх тал

[8] 1Хх 40 дэх тал

[9] 1Хх 79 дэх тал

[10] 1Хх 77 дахь тал

[11] 1Хх 76 дахь тал

[12] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 570 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 705 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 504 дугаар тогтоол.

[13] 1Хх 159 дэх тал

[14] 1Хх 141 дэх тал

[15] 1Хх 169-172 дахь тал

[16] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 7-9 дэх тал

[17] 1Хх 180 дахь тал

[18] 1Хх 200-201 дэх тал

[19] 1Хх 137-138 дахь тал

[20] 1Хх 34 дэх тал

[21] 1Хх 94 дэх тал

[22] 1Хх 40 дэх тал

[23] 1Хх 79 дэх тал

[24] 1Хх 77 дахь тал

[25] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 570 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 705 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 504 дугаар тогтоол.

[26] 2Хх 73 дахь тал

[27] Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар тушаалаар дуусгавар болсон.

[28] 1Хх 164-166 дахь тал

[29] Энэ зорилгыг шүүх буруутгах үндэслэлгүй