Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00161

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00161

 

 

Б.Б-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШШ2020/00409 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-, Б.Д- нарт холбогдох

Өмнөөс нь төлсөн 41 162 356 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ь нь Дархан хотын Капитрон банкны салбарт захирлаар томилогдон ажиллаж байсан. Тухайн үед А.Д- нь Дарханы Монгол банкны захирал хийж байсан юм. Танай банк зээлийн ангилалыг шилжүүлэх ёстой шилжүүлээгүй байна гээд ихээхэн дарамт шахалт үзүүлж байсныг сүүлд Б.Б-ь хэлсэн. Дараа нь А.Д- нь надад зээл гаргаж өгөөч гэж хэлж байсан. Тэр үед Б.Б-ь захирал болоод удаагүй байсан тул саналыг нь зөвшөөрсөн. Зээлийг нь судалж журмаа зөрчин О.Даваа-Осорыг үндсэн зээлдэгчээр А.Д-ыг хамтран зээлдэгчээр оруулан зээл олгосон. О.Даваа-Осор, А.Д- нар авсан зээлээ төлөхгүй удааж, хуримтлагдсанаас болоод хүмүүсийн анхаарлыг татаж, Улсын төв аудитын газраас хяналт шалгалт ирэх үеэр захирлын суудлаас халагдана гэдгээс айгаад ах, дүү, найз, нөхдөөсөө мөнгө зээлэн А.Д-, Б.Д- нарын Капитрон банк ХХК-тай байгуулсан 3006012733 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 39 876 937,60 төгрөг, хүү 1 285 418,78 төгрөг, нийт 41 162 356 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан. Гэвч энэ асуудал нь төв салбарт мэдэгдэж 2018 онд Б.Б-ь нь ажлаасаа халагдсан. О.Даваа-Осор, А.Д- нар нь аваагүй гэж бие биерүүгээ буруутгаж байгаагаа хариу тайлбартаа ирүүлсэн байдаг. Иймд Б.Б-ь нь О.Даваа-Осор, А.Даваа-Ням нарын зээлийг төлж өгсөн гэх 41 162 356 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.Б-аас ямар нэгэн зээл аваагүй. Хэрэв зээл авсан гэж байгаа бол бидний хооронд байгуулсан гэрээг шүүхэд ирүүлэх ёстой. Намайг Дархан-Уул аймгийн Монгол банкны захирлаар ажиллаж байхад Б.Д- би Капитрон банкнаас зээл авах хүсэлт гаргасан юм. Хамтран зээлдэгч нь заавал Дархан-Уул аймагт оршин суудаг хүн байх ёстой гэж байна. Та хамтран зээлдэгч болж туслаач гэсний дагуу маягт бөглөж гарын үсэг зурсан. Би түүний авсан зээлээс мөнгө төгрөг аваагүй. Энэ зээл нь Капитрон банк ХХК болон Б.Д- нарын хооронд үүссэн тул нэхэмжлэгч хариуцагчийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Д-ын хүү н.Бат-Ирээдүй нь нагац эгч Т.Дөлгөөний байрыг түр хэрэглүүлээч, манай аав Дарханы Монгол банкны захирал мөнгийг бол дор нь гаргаад өгнө. Таны ордерыг харуулаад барьцаанд тавьж байгаа юм шиг болгоод хэдхэн хоноод л буцаагаад таны ордерыг гаргаад өгнө. Та ордероо түр өгөөч, надад итгэхгүй бол дүү Б.Д-ын нэр дээр итгэмжлэл хийгээд өгчих гээд итгэмжлэл миний нэр дээр хийлгэж авсан. Хариуцагч Б.Д- намайг А.Д-ын хүү н.Бат-Ирээдүй зээлээ авахдаа чи зүгээр л гарын үсэг зурчих, манай аав бас зурна. Санаа зоволтгүй гэсээр байгаад би гарын үсгээ зурсан. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч Б.Б-ь мэдэж байсан. Хариуцагч Б.Д-, миний нагац эгч Т.Дөлгөөн биднийг А.Д-, түүний төрсөн хүү н.Бат-Ирээдүй нар залилан мэхэлж 2016 оноос хойш 4 жилийн турш Чингэлтэй дүүргийн цагдаад шалгагдаж байгаад одоо хэрэг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Тус хэрэгт бид хохирогчоор тогтоогдож оролцож байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д-, Б.Д- нараас 41 162 356 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ьд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 364 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 364 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралд Б.Д-, Т.Дөлгөөн нарыг хохирогчоор тогтоосон тогтоол, Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэргийн 201201041945 тоот хэргээс гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хариуцагч нарт хурлын тов мэдэгдээгүй. Нэхэмжлэгчээс өөр н.Жаргалсайхан гэдэг хүн зээлийг хаасан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б-ь нь хариуцагч А.Д-, Б.Д- нарт холбогдуулан тэдний өмнөөс төлсөн 41 162 356 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Капитрон банк ХХК нь А.Д-, Б.Д- нартай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3006\2014\08 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.Д-, Б.Д- нарт Капитрон банк ХХК-аас 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон, уг зээлийг нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Капитрон банк ХХК-д үндсэн төлбөрт 39 876 937,60 төгрөг, хүү 1 285 418,78 төгрөг, нийт 41 162 356,38 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, орлогын баримт, зээлийн дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. / хх-11-15 /

 

Хариуцагч А.Д-, Б.Д- нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч тайлбар, татгалзлаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б-ийн ...Зээлийг нь судалж журмаа зөрчин О.Даваа-Осор, А.Д- нарт зээл олгосон. Хариуцагч нар авсан зээлээ төлөхгүй удааж, Улсын төв аудитын газраас хяналт шалгалт ирэх үеэр тэдний өмнөөс зээлийн гэрээний 41 162 356 төгрөгийг төлж барагдуулсан... гэж тайлбарласан ба түүний тайлбар нь гэрч Э.Энх-Эрдэнийн ...зээл хаагдах болсон үед А.Д-, Б.Д- нар зээлийг төлөхгүй алга болсон, манай банкинд шалгалт ирэх гээд Б.Б-ь захирал зээлийг хаахаас өөр аргагүй учраас зээлийн утга дээр гүйлгээний утгыг өөр хүний нэрээр бичиж оруулсан ... гэх мэдүүлэг, гэрч Н.Батзулын ...Б.Б-ь нь Б.Д- гэх хүний 40 гаруй сая төгрөгийн зээлийг төлж хаасан. Б.Б-ь үеэл ах болох н.Жаргалсайханы нэрээр зээлийг хааж, бичүүлсэн... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон байна. / хх-ийн 62, 63 /

 

Хариуцагч А.Д-, Б.Д- нарын Капитрон банк ХХК-аас авсан зээлийг нэхэмжлэгч Б.Б-ь тэдний өмнөөс зээлийг бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нь хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн ...анхан шатны шүүхээс хариуцагч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. / хх-ийн 71-77 /

 

Түүнчлэн, шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралд Б.Д-, Т.Дөлгөөн нарыг хохирогчоор тогтоосон тогтоол, Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэргийн 201201041945 тоот хэргээс гаргуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөний хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж / хх-ийн 46-49/ шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШШ2020/00409 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ