Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Д овогт Д-гийн Э,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 320/2025/00121/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д-гийн Э нь ***анд 1968 онд Д-гийн 7 дахь хүү болон мэндэлсэн. 1986 онд Мөрөн 2 дугаар 10 жилийн сургуулийг төгсөж, тухайн ондоо цэргийн албанд татагдан 1988 онд халагдаж ирсэн. 1988 оны 9 дүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны Спорт хүмүүжлийн төвд жижүүрээр ажиллаж байгаад байгууллага татан буугдаж 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол ажиллаж байсан хугацааны бичилт дутуу хийгдсэн, аймгийн архиваас халагдсан тушаал, цалингийн цэс олдохгүй байгаа зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан учраас 1990-1994 онуудад ажилласан хугацаагаа давхардуулан шүүхээр тогтоолгохгүй болно. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтнэй байна. Үүнд:

1.Г-гийн Б,

2.М-ийн Ч

Иймд Д.Э миний Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Спорт хүмүүжлийн төвд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Д овогт Д-гийн Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1994 оны даргын тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Д.Эад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/08 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 33 дугаартай зөвлөгөөний тогтоол, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 01 дугаартай тушаал түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Л-ын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэн Д.Э нь 1990 онд Хүүхдийн төлөө төв-д жижүүрийн ажил эрхэлж байсан бөгөөд түүний цалингийн цэсийг түүвэрлэн хүргүүлэв. гэх бичилт бүхий 07 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд ажиллаж байсан Д-гийн Эын цалингийн тодорхойлолт гэх 1990 оны 1-12 сард бичилт бүхий баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч-ын Г-гийн 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Төрөлтийн түүхийн хуулбарт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-10 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Б, Э.Г нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Эын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Д.Эын нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар болон Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Спорт хүмүүжлийн төв татан буугдсан тухай дээд газрын шийдвэр, мөн Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 13-21, 28-30, 39-43 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Спорт хүмүүжлийн төвд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Э нь Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Спорт хүмүүжлийн төвд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Д овогт Д-гийн Эын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай ...Зургаа. Соёл хүмүүжлийн төв ашиглалтанд орсонтой холбогдуулан сахиул Э.Гыг 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс дежурээр, мөн өдрөөс Г- овогтой Б, Д- овогтой Э нарыг дежурээр авч ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 33 дугаартай зөвлөгөөний тогтоол Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5-6, 29 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай ...Нэг. Аймгийн ХЗЭ-ийн Хорооны аппарат, спорт хүмүүжлийн төв, Мөрөн хамтлагийн ажилтан ажилчдын 1989 оны ээлжийн амралтыг хавсралт №01-ээр баталсугай. ... гэх бичилт бүхий тушаалын хавсралтын 0вог нэр гэх хэсэгт 30.С.Э, Албан тушаал гэх хэсэгт жижүүр, Үндсэн амралт гэх хэсэгт 15, Нэмэгдэл амралт гэх хэсэгт 7, Удаан жилийн нэмэгдэл гэх хэсэгт =, бүгд гэх хэсэгт 22, 1989 оны ээлжийн амралтын хугацаа эхлэх гэх хэсэгт VII/26 гэх бичилт бүхий 1989 оны ээлжийн амралтын тухай тушаал, түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

 

 

Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд ажиллаж байсан Д- овогтой Эын 1990 оны 1-12 дугаар сард авч байсан цалин хөлсний түүвэр (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Гэрч Г.Б-ын ...Би 1988 онд Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд цуг жижүүрээр нэг өдөр ажилд орж байлаа. Миний бие 1988 оноос 1994 оны сүүл хүртэл ажиллаж байгаад, ажлаас гарахад уг газартаа жижүүрээр ажиллаж байсан. ... Спорт хүмүүжлийн төв шинээр бий болж, баригдахад тухайн байгууллагын байранд нь Хувьсгалт залуучуудын хороо нүүж очиж үйл ажиллагаа явуулж байсан юм ... Миний хөдөлмөрийн дэвтэрт уг байгууллагад томилогдсон болон ажлаас чөлөөлсөн бичилт хийгдсэн байгаа. Үүнийг хуулбарлан өгье гэх мэдүүлэг,

Гэрч Э.Гын ...Би 1985 онд аймгийн Эвлэлийн хороонд сахиул, мужаанаар ажиллаж эхлээд, үүний дараа 1988 оны 9 дүгээр сард Хүүхдийн төлөө төв ашиглалтад ороход н.Б, Д.Э бид 3 уг газар цуг ажиллаж байсан. ... Миний бие 1988 оноос 1995 оныг хүртэл Хүүхдийн төлөө төвд ажилласан. Надаас 1 юм уу 2 жилийн өмнө уг байгууллагаас гарч байсан санагдаж байна. Д.Э нь хүүхдийн төлөө төвд сантехникч, жижүүрээр ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Спорт хүмүүжлийн төвд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Д.Эад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Д-гийн Эын Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Спорт хүмүүжлийн төвд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН