Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас *******т холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 171400000187 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* /*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А бид хоёр архи уусан. Спорт заалны орчимд ******* гэх залуутай тааралдаад А, Х /******* / хоёр маргалдаад байхаар нь салгах гэхэд салахгүй байсан. Тэгээд цагдаа дуудлаа гэж яваад буцаад иртэл А ухаан алдсан юм шиг газарт уначихсан байсан. Тэгээд би *******тэй маргалдаад хутгалсан... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 12 сарын 03-ны өдрийн 22 цагийн үед Нямбазарын гэрт *******,******* буюу нартай архи ууж байгаад /*******а/ гэрээс гарч явсан. Удалгүй Нямбазарын утас дуугарч утсаар яриад Нямбазар гарчихаад ирье гэхээр нь хамт гарахад Х /*******а / Атэй хамт байж байсан. Тэгээд А бид 2 маргалдахад А нь ирээд дундуур орж салгаад намайг хутгалсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гээд хувцсаа тайлж байхад архины шилээр миний толгой руу ******* цохисон. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр боолт хийлгүүлж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 18-22/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

…2017 оны 12 сарын 03-ны өдрийн орой хөдөөнөөс суманд ирж Б. Атай хамт архи уусан. Тэгээд бид 2 хөдөө явахаар болоод гэрээс гарч явж байгаад сумын спорт заалны хажууд Хтай /*******а/ таарахад Х /*******/ нь намайг суманд барах хүн байхгүй гээд над руу дайраад бид хоёр маргалдсан. Х /*******/ нь утсаар хүмүүс дуудаад та хоёрыг зодуулна гээд утсаар ярьсан. Тэр үед ******* нь цагдаа дуудна гээд яваад өгсөн. Удалгүй ******* ирээд чи яагаад байгаа юм гээд ******* бид хоёр барилцаж аваад зодоо хийхэд тэнд байсан хүмүүс салгаад намайг мөн цохиж аваад байсан. Би тэр үед ухаан балартсан байсан ба нэг сэрэхэд ******* хүн хутгалчихлаа гэж байсан…гэх мэдүүлэг/ хх-ийн 23- 25/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 12 сарын 03-ны өдрийн орой ******* бид хоёрыг манайд сууж байхад******* буюу Х утсаар яриад намайг хүмүүс зодох гээд байна гэхээр нь ******* бид хоёр яваад очтол *******, Х хоёр байж байсан. *******, ******* нар маргалдаад бие биенийгээ цохиж авахаар нь салгасан. Тэр үед цагдаа ирээд *******ийг яасан гээд байж байтал ******* нь мотоцикльтой ирээд *******ийг хутгалахад *******ыг цагдаа барьж авсан. Тэр үед ******* нь Бийн толгой руу мөн шилээр цохисон… гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 12 сарын 03-ны өдрийн 23 цагийн үед ******* нь ирж манай найз *******ийг банди нар зодох гээд байна гэсэн дуудлага өгөхөөр нь очиход ******* нь түрийлгээ хараад хэвтэж байхаар нь очоод татаж босгох гээд байж байхад ******* нь тэр хүмүүс дээр очоод маргалдаж байгаад хутга шөвөг гэхээр нь гүйгээд очиход ******* нь хутга барьсан байхаар нь хутгыг булааж авсан. Тэр үед ******* хутгалуулсан байсан. ******* нь *******ийг пивоны шилээр цохисон гэхээр нь тэр хавиар шил хайгаад олоогүй... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №06 дугаартай:

1.*******ийн биед зүүн чамархай, зүүн бугалганы нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн бугалганы нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, харин зүүн чамархайн шарх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 34-35 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-14 /, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.12.11-ний өдрийн 159 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 45/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ... би *******тэй маргалдаад хутгалсан... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/ ,

хохирогч *******ийн... А бид 2 маргалдахад А нь ирээд дундуур орж салгаад намайг хутгалсан, яаж байгаа юм гээд хувцсаа тайлж байхад архины шилээр миний толгой руу цохисон, нэг мэдэхэд эмнэлэг дээр боолт хийлгүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22/,

гэрч *******ийн... ******* бид хоёр барилцаж аваад зодоо хийхэд тэнд байсан хүмүүс салгаад намайг мөн цохиж аваад байсан, би ухаан балартсан байсан ба нэг сэрэхэд ******* хүн хутгалчихлаа гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

гэрч *******ямбазарын... ******* нь *******ийг хутгалсан, толгой руу мөн шилээр цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

гэрч эрэннадмидын.. ******* нь тэр хүмүүс дээр очоод маргалдаж байгаад хутга шөвөг гэхээр нь гүйгээд очиход ******* нь хутга барьсан байхаар нь хутгыг булааж авсан, ******* хутгалуулсан байсан., ....*******ийг пивоны шилээр цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №06 дугаар “...*******ийн биед зүүн чамархай, зүүн бугалганы нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлол. Дээрх зүүн бугалганы нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, харин зүүн чамархайн шарх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ”... гэх дүгнэлт / хх-ийн 22-23/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн... ******* нь 2130толгой малтай ...тодорхойлолт, хувийн байдал, хувьд ногдох хөрөнгө /мотоцикль, 4 ханатай гэрийн/ , бусад орлого олох боломж болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 1350000 төгрөгийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

Шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******т оногдуулсан нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА