Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ/2025/0025

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******-*******” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “******” ХХК /РД:*******/ нарын хооронд үүссэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “********” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг, 1-р хороо, гудамж *******-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, *******-******* СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*******-*******” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “****** ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг, 1-р хороо, гудамж *******-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, *******-******* СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. “*******-*******” СӨХ нь ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн гудамж ******* дугаар байрны оршин суугчдын 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр байгуулагдаж, ******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, дугаартай гэрчилгээ авсан.

2.2. “*******” ХХК нь 2008 онд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “******* цогцолбор”-ыг барьж, 1 дүгээр давхрын 50 м.кв талбайг худалдан борлуулж “******” ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 28-нд 1 давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж №, №******* тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

2.3. Нэхэмжлэгчээс “******” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан.

2.4. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/8311 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгчээ.

2.5. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. “*******-*******” СӨХ нь ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн гудамж ******* дугаар байрны оршин суугчдын 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр байгуулагдаж, ******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, дугаартай гэрчилгээ авсан.

3.2. Ингээд ******* дүүрэг 1 дүгээр хороо, гудамж ******* дугаар байрны 1 давхарт тус СӨХ үйл ажиллагаагаа явуулах гэтэл тус давхрын 50 м.кв талбай нь тэр чигтээ “******” ХХК-ийн өмчлөлд буюу 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд, мөн давхрын 30 м.кв талбай нь эрхийн Ү- дугаарын бүртгэлд тус тус бүртгэгджээ.

3.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж маш тодорхой зааж өгчээ.

3.4. Энэ талаар “*******-*******” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гаргахад тус газраас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6/8311 дугаартай хариу өгөхдөө “*******” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр албан шаардлага хүргүүлсэн.

3.5. Хэрэв та дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэсэн хариу өглөө.

3.6. Нэгэнт 2 хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар үзсэн бол өөрийн эрх хэмжээний хүрээнд шууд л хүчингүй болгох ёстой байтал зөвхөн албан шаардлагаар хязгаарлаж байгаад гомдолтой байгаа бөгөөд арга буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

3.7. Иймд “******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг       1 дүгээр хороо, ******* дугаар гудамж ******* дугаар байр, 1 дүгээр давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэл, мөнх давхрын 30 м.кв талбайтай эрхийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, “*******-*******” СӨХ-ны нэр дээр бүртгэж өгөхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Нэхэмжлэлд дурдагдсан ******* дүүргийн 1 дүгээр хороо 40, 50 мянгат хороолол, гудамж, ******* дугаар байрны 1 дүгээр давхрын хэсэг тоот хаягт байршилтай 30, 20 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж, “*******” ХХК нь “******” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээ, эд хөрөнгийг план зураг, фото зураг, уг барилгыг хүлээн авсан Улсын комиссын акт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаарт бүртгэж №, ******* тоот гэрчилгээнүүдийг тус тус “******” ХХК-ны өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон байна

4.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. Нэхэмжлэгч “*******-*******” СӨХ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой гомдол мэдээлэл гаргасны улмаас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас тус эд хөрөнгүүдийн бүртгэлд хяналт шалгалтын ажиллагаа хийж, Захиргааны ерөнхий хуулийн *******, 27 дугаар зүйлийг үндэслэн “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, Б.Б******* “*******-*******”         СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Ч******* нарыг оролцуулан сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №34 тоот Хяналтын улсын байцаагчийн шаардлага гарсан байна. Уг шаардлагад эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлсэн 1 дүгээр давхрын хувьд нийтийн эзэмшлийн талбай орж хэмжилтэд алдаа гарсныг хүлээн зөвшөөрснийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдэд бүртгэлийн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүртгүүлж зөрчил арилгах албан шаардлага гаргасан байна. Дээрх шаардлагын хүрээнд уг эд хөрөнгийн өмчлөгч нартай холбогдож зөрчил арилгах талаарх нотлох баримтыг цуглуулж ажиллаж байна.

4.3. “*******-*******” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-, У- дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөгчийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах шаардлага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, Мөн зүйлийн 6.6-д “энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасныг тус тус зөрчиж байна. Иймээс “*******-*******” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Тав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

5.1. "*******" ХХК-ийн захирал Ц.Э******* миний бие Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* зүүн талын байршилд "******* цогцолбор"-ыг 2006 оноос барьж 2008 онд ашиглалтад оруулсан.

5.2. Энэхүү орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг төлөвлөх, барих, комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулах, ашиглах болон тэдгээртэй холбоотой бүх асуудлыг өмчлөгч "*******" ХХК-ийн төлөвлөлт, захиалгаар хийж, "*******" ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан хувийн өмч юм. Үүнээс аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эзэмшил, өмчлөлд зохих хууль тогтоомжийн дагуу зарим хэсгийг худалдан борлуулсны үндсэн дээр шилжүүлсэн.

5.3. Өөрийн эзэмшлийн "********" ХХК-ийн өмчлөлд 2014 оны 04 дүгээр сарын 28-нд тус байрны 1 давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан болно.

5.4. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний бие "*******” ХХК-ийг 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан болно. Одоо уг барилгын зоорины давхарт граж, 1-4 дүгээр давхарт оффис, худалдаа үйлчилгээний байгууллагууд, 5-14 дүгээр давхар нь орон сууцны зориулалтаар ашиглагддаг.

5.5. Гэтэл "*******-*******" СӨХ, түүний гүйцэтгэх захирал С.Ч******* нь сүүлийн үед манай компани, гэр бүл, бусад оршин суугчид, ажиллагсдын биед халдах, өмчид халдах, гүтгэн доромжлох, нэр хүндийг гутаах, худал мэдээлэл тараах, үндэслэлгүй мөнгө шаардах, оршин суугчид болон аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллагуудын эрх ашгийг хохироох, үйл ажиллагааг хязгаарлах, элдвийн шахалт хавчилт үзүүлэх болон бусад байдлаар зохиомол бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

5.6. Одоо бүр хэрээс хэтэрч энэ байдлаа шүүх, хууль хяналт, төрийн байгууллагууд, Орон сууцны корпорац руу хандаж, тэднийг ч хэвийн үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй, хүндрэл учруулж байгаад харамсаж байна. "*******-*******" СӨХ /Гүйцэтгэх захирал С.Ч*******/ миний болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, хувийн өмчийг хууль бус хэмээн гүтгэн зарлаж, сүүлийн үед элдэв асуудлыг сөхөн тавьж байгаа нь хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд энэ санаархлаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллага, Үл хөдлөх хөрөнгийн газарт дарамт шахалт үзүүлж, өөрийн хууль бус санаархлаа биелүүлэхэд дэмжлэг авахыг оролдож байгаа нь мөн хууль бус явдал юм.

5.7. Энэ явдал 2022 оны 06 дугаар сарын орчмоос буюу С.Ч******* нь тус байрны СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноос хойш эхэлсэн бөгөөд, тэр урьд байгаагүй тун хачирхалтай зан ааш гаргадаг болсон. "*******" ХХК болон миний зүгээс тухайн орон сууцны байрны зураг төслийг мэргэжлийн байгуулаагаар хийлгэж, тухай зураг төслийн дагуу эрх бүхий байгууллагуудын хяналтад барих ажлыг хариуцан гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Зурагт тусгагдсанаар уг өрөөнүүд нь өөр өөрсдийн зориулалттай байгаа ба энэ талаарх зургийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авч шүүх хуралдаанд ашиглах хүсэлтэй байна.

5.8. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “***** ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг, 1-р хороо, гудамж *******-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох “*******-******* СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэг. “****** ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг, 1-р хороо, гудамж *******-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

1.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “*******-*******” СӨХ нь ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн гудамж ******* дугаар байрны оршин суугчдын 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр байгуулагдаж, ******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, дугаартай гэрчилгээ авчээ.[1]

1.2. Ингээд ******* дүүрэг 1 дүгээр хороо, гудамж ******* дугаар байрны 1 давхарт тус СӨХ үйл ажиллагаагаа явуулах гэтэл тус давхрын 50 м.кв талбай нь бүхэлдээ “******” ХХК-ийн өмчлөлд буюу 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд, мөн давхрын 30 м.кв талбай нь эрхийн Ү- дугаарын бүртгэлд тус тус бүртгэгдсэн байжээ.

1.3. Тус орон сууцны барилгыг “*******” ХХК нь 2008 онд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “******* цогцолбор” нэртэйгээр барьж, 1 дүгээр давхрын 50 м.кв талбайг “*****” ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 28-нд худалдан борлуулснаар 1 дүгээр давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж №, №******* тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.[2]

1.4. Нэхэмжлэгч “*******-*******” СӨХ-оос 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “Бүртгэлээс хасуулах тухай” гомдол гаргасан[3] бөгөөд Улсын бүргэлийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6/8311 дугаартай албан тоотоор[4] хариу өгөхдөө “*********” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр албан шаардлага[5] хүргүүлсэн талаар дурдсан.

1.5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:” гээд, 15.1.1 дэх заалтад “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;” гэж заажээ.

1.6. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн[6] 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд, 13.5.5 дахь заалтад “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна.” гэж зохицуулжээ.

1.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, улсын бүртгэгч нь аливаа өмчлөх эрхийн бүртгэлийг хийхдээ мэдүүлэг гаргагчаас хавсарган ирүүлсэн барилга байгууламжийн план зургийг нягтлах, өөрөөр хэлбэл, тухайн зурагт зурагдсан талбай нь ямар зориулалттай талбай болохыг тодруулах үүрэгтэй байна.

1.8. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг гаргагч “******” ХХК-аас мэдүүлэгтээ хавсарган өгсөн “1-р давхрын байгуулалт М1:100” план зурагт[7] маргаан бүхий 1 дүгээр давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн талбайнуудын зориулалт нь “үйлчилгээний бус”, харин “шатны хөндий, лифт, зочны өрөө” буюу нийтийн эзэмшлийн зориулалттай талбай байхад улсын бүртгэгч түүнийг анхааралгүй бүртгэлийг хийж, үйлчилгээний зориулалтаар “*****” ХХК-ийн өмчлөлийн Ү- болон Ү- дугаарт бүртгэн бүртгэл хийсэн нь хуульд нийцээгүй байна.

1.9. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

1.10. Харин бүртгэл хийх тухайн цаг мөчид буюу 2014 онд мэдүүлэг гаргагч “*****” ХХК-аас мэдүүлэгтээ хавсарган өгсөн “1-р давхрын байгуулалт М1:100” план зургийг[8] улсын бүртгэгч нягтлах үүрэгтэй байсан тул энэ тохиолдолд Үндэсний төв архиваас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/1196 тоот албан бичгээр ирүүлсэн[9] “1-р давхрын тоног төхөөрөмжийн байгуулалт” зураг нь талбайн зориулалт, хуваалтын хэмжээний хувьд зөрүүтэй байгаа нь энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй буюу хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

1.11. Мөн 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:” гээд, 14.1.8 дахь заалтад “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол;” гэж зохицуулжээ.

1.12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, улсын бүртгэгч нь аливаа эрхийн бүртгэлийг хийхдээ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах учиртай байна.

1.13. Хавтаст хэрэгт авагдсан барилгыг барьж ашиглалтад оруулсан “*******” ХХК болон гуравдагч этгээд “*****” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Талбай захиалгаар барих гэрээ”-нүүдийн[10] 2.1-д “... үйлчилгээний зориулалттай талбай болно.” гэж, мэдүүлэг гаргагч “*****” ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүдийн[11] “Эд хөрөнгийн зориулалт” гэсэн хэсэгт мэдүүлэг гаргагчаас “Орон сууц” гэж хийсэн хэлцлээсээ агуулгаараа илт зөрөөтэй бол мэдүүлгийг гаргасан байхад мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, буцаахгүйгээр эд хөрөнгийн эрхийг бүртгэсэн нь хуульд нийцээгүй байна.

1.14. Мөн хавтаст хэрэгт авагдсан “******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн” болохыг тогтоосон хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр албан шаардлага нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсныг тэмдэглэх нь зүйтэй.

1.15. Иймд эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн хийсэн бүртгэлүүд хууль бус, түүний улмаас нэхэмжлэгч “*******-*******” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг, 1-р хороо, гудамж *******-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн Ү- дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. “*******-******* СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:

2.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:” гээд, 15.1.1 дэх заалтад “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;” гэж зохицуулжээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг гаргагч “*******” ХХК-аас мэдүүлэгтээ хавсарган өгсөн “1-р давхрын байгуулалт М1:100” план зурагт[12] маргаан бүхий 1 дүгээр давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн талбайнуудын зориулалт нь анхнаасаа “үйлчилгээний бус”, харин “шатны хөндий, лифт, зочны өрөө” буюу нийтийн эзэмшлийн зориулалттай талбай байсан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нийт хэмжээгээрээ 50 м.кв хэмжээтэй[13] тухайн талбай нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хууль зүйн агуулгаараа хамаарч байх тул энэхүү талбайд хэн нэгний хувийн өмчлөлийн эд хөрөнгийн эрх бүртгэгдэх үндэслэлгүй.

2.3. Тиймээс хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй.

2.4. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:

3.1. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой маргаан гэсэн тайлбарыг хэлсэн.

3.2. Шүүх энэхүү тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

3.3. Учир нь, энэхүү маргаанд Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэгчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг, тодруулбал, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт нийцсэн эсэхийг дүгнэн маргааныг шийдвэрлэх учиртай, өөрөөр хэлбэл, энэ нь нийтийн эрх зүйн харилцаанд хамааралтай буюу түүнтэй холбоотой эрх зүйн маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.1.1 дэх заалт, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 13.5.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.8 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “*******-*******” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, “******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дүүрэг, 1-р хороо, гудамж *******-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “*******-******* СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 5 дахь тал

[2] Хх 16-61 дэх тал

[3] Хх 72 дахь тал

[4] Хх 4 дэх тал

[5] Хх 70-71 дэх тал

[6] Маргаан бүхий бүртгэлүүдийг хийх цаг хугацаанд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль мөрдөгдөж байсан тул шүүх энэхүү хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэнэ.

[7] Хх 35, 59 дэх тал

[8] Мөн тэнд

[9] Хх 118, 121 дэх тал

[10] Хх 22-23, 46-47 дахь тал

[11] Хх 17, 39 дэх тал

[12] Хх 35, 59 дэх тал

[13] Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******” ХХК-ийн хийсэн талбайн хэмжилтээр нийт ашигтай талбай 48.62 м.кв /Хх 140 дэх тал/ боловч энэ нь одоогийн байдлаар гуравдагч этгээд “*******” ХХК-ийн ашиглаж байгаа талбайн хүрээнд хийгдсэн хэмжилт болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд тайлбарласан болно.